Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 383

 

 

Г.Цоггэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2016/01223 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Цоггэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК, хамтран хариуцагч “Мфикскапитал” ХХК-д тус тус холбогдох

 

“Мфикскапитал” ХХК болон “Улаанбаатар хотын банк” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 тоот зээлийн болон барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue sky хотхоны 46А байрны 22 тоот 4 өрөө, иргэн Г.Цоггэрэлийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтамир,

Хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал, Б.Анирмаа нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Цоггэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Мфикскапитал” ХХК-тай №120 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах гэрээг байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 46А байрны 22 тоотод байрлах 176 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг, 46А байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолуудын хамт захиалсан. Ингээд орон сууц болон авто зогсоолын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно. Үүний дагуу “Мфикскапитал" ХХК-иас орон сууц болон авто зогсоолуудын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч миний нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул миний бие Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Blue sky хотхоны 46А байрны 22 тоот, 176 м.кв талбай бүхий орон сууц, мөн байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолууд болон 4,5 м.кв талбайтай харанхуй өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч “Мфикскапитал” ХХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4553 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Миний бие дээрх 4553 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн, үнэ төлбөрийг нь бүрэн төлж, худалдан авсан орон сууц болон авто зогсоолуудын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандсан боловч бүртгэлийн газраас орон сууц болон авто зогсоол нь “Мфикскапитал” ХХК, “Улаанбаатар хотын банк” ХХК болон Капитрон банк ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй байна гэх үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан. Ингээд миний зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 530 тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоны 46А байрны 22 тоот орон сууц болон мөн байрны 5, 6 тоот авто зогсоолууд болон 4,5 м.кв талбайтай харанхуй өрөөний хууль ёсны өмчлөгчөөр Г.Цоггэрэлийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж, шийдвэрлэсэн бөгөөд орон сууцны өмчлөх эрхийг иргэн миний нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013783 дугаарт бүртгэж, 000451205 дугаартай гэрчилгээг олгосон. Ийнхүү миний өмч хөрөнгөөр баригдаж, 2009 онд төлбөрийг нь бүрэн төлж, өмчлөх эрх нь үүссэн үл хөдлөх эд хөрөнгийг “Мфикскапитал” ХХК нь хууль бусаар өөрийн нэр дээр бүртгүүлж, улмаар “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн зээлийн барьцааны гэрээнд барьцаалуулсан байх ба тухайн үед орон сууц захиалсан иргэд нь өөрсдийн орон сууцанд нүүж орсон байхад “Мфикскапитал” ХХК болон “Улаанбаатар хотын банк” ХХК нь хууль ёсны өмчлөгчид нь мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Зээлийн барьцааны гэрээ байгуулж, барьцаалсан байна. Гэтэл миний хувьд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн өмнө аливаа үүрэг, хариуцлага хүлээгээгүй, “Мфикскапитал” ХХК болон “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн хооронд үүссэн зээлийн харилцаанд огт хамааралгүй этгээд атал миний өмч хөрөнгийг дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн дээрх үйлдэл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг зөрчиж, иргэн миний эрх ашгийг ноцтой хохироосон үйлдэл юм.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан, “Мфикскапитал” ХХК болон “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн хооронд 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ЗБГОООЗ/100519 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 46А дугаар байрны 22 тоот 4 өрөө иргэн Г.Цоггэрэлийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улаанбаатар хотын банк нь “Мфикскапитал” ХХК-тай 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 3 158 000 еврогийн зээлийг олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан Зээлийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн барьцааны гэрээг байгуулах үед нэхэмжлэгчийн маргаж буй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Blue Sky хотхоны 46А байрны 22 тоот 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр “Мфикскапитал” ХХК-ийг бүртгэн, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байсан. Улаанбаатар хотын банк нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн уг 22 тоот орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлийн байгууллагад барьцааны эрхээ бүртгүүлж, баталгаажуулсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу нэхэмжлэгч Г.Цоггэрэл нь улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байсан бөгөөд хууль ёсны өмчлөгчөөр “Мфикскапитал” ХХК-ийг бүртгэсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр байсан. Иймд зээлийн барьцааны гэрээг байгуулах үед барьцаа хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь “Мфикскапитал” ХХК байсан, нэхэмжлэгч Г.Цоггэрэл нь уг орон сууцны өмчлөгч болоогүй байсан тул өмчлөгч бус этгээдээс зөвшөөрөл авах шаардлагагүй учир зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхгүй юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь тухайн хөрөнгийн өмчлөгч солигдсон эсэхээс үл хамааран хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ. Иймд тус заалтаар зохицуулсан салгаж үл болох эрх нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн дагуу барьцааны эрх юм. “Мфикскапитал” ХХК нь барьцааны зүйлийн өмчлөлийг иргэн Г.Цоггэрэлд шилжүүлсэн, нэхэмжлэгч нь өмчлөгч болсон гэсэн үндэслэлээр барьцааны эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэлгүй юм. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу нэхэмжлэгч Г.Цоггэрэл нь барьцааны зүйл болох орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан эсэхээс үл хамааран уг орон сууцанд бүртгэгдсэн барьцааны эрх хэвээр хадгалагдана. Иймд иргэн Г.Цоггэрэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хамтран хариуцагч “Мфикскапитал” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Г.Цоггэрэл нь "Мфикскапитал" ХХК-тай 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 120 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Blue Sky хотхоны 46А байрны 22 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг тус байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолуудын хамт захиалан бариулсан. Ингээд орон сууц болон авто зогсоолуудын төлбөрийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Нэгэнт уг хөрөнгө нь иргэн Г.Цоггэрэлийн хөрөнгөөр бий болсон учраас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4553 тоот захирамжаар түүнийг тухайн эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 530 тоот шийдвэрээр өмчлөгчөөр бүртгэхээр шийдвэрлэсэн. "Мфикскапитал" ХХК нь 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар Улаанбаатар хотын банкнаас 3 150 000 еврогийн зээл авч зээлийн гэрээний хугацааг сунгахдаа банкнаас тавьсан шаардлагын дагуу 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр орон сууц болон авто зогсоолыг иргэн Г.Цоггэрэлийн захиалгаар барьж дууссаны дараа, төлбөрийг төлж дуудсаны дараа банкинд барьцаалсан юм. Ийнхүү банкнаас тавьсан хатуу шаардлагын улмаас захиалагч нь төлбөрөө бүрэн төлсөн орон сууцны өмчлөгч иргэний хууль ёсны өмч хөрөнгийг өөрсдийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах замаар банкны өмнө хүлээсэн зээлийн үүргийн гүйцэтгэлд Г.Цоггэрэлийн өмчлөлийн эд хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр барьцаалсан нь бидний буруу гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ банк тухайн үед зээлийн барьцаа хөрөнгийг нягтлан шалгах үүргээ биелүүлэлгүйгээр барьцааны гэрээг байгуулсан. Хэдийгээр манай байгууллага болон Улаанбаатар хотын банк нарын хоорондын зээлийн өр төлбөрийн асуудал нь энэхүү иргэний хэрэгт огт хамааралгүй боловч бидний хувьд Улаанбаатар хотын банкинд төлбөл зохих зээл хүүгийн төлбөрийг төлж дуусгасан. Бид Улаанбаатар хотын банктай зээлийн гэрээ байгуулах үед Капитрон банк нь Улаанбаатар хотын банк дахь өөрсдийн хадгаламжийн дансны үлдэгдлээр манай авсан зээлийг батлан даасан ба манай банкны зүгээс Улаанбаатар хотын банкнаас авсан зээл, хүүгийн төлбөрийг төлж барагдуулсаар үлдэгдэл 800,0 сая орчим төгрөгийг Капитрон банктай төлбөр барагдуулах гэрээ байгуулж үнийн дүнд дүйцэхүйц үл хөдлөх эд хөрөнгийг тухайн банкны өмчлөлд шилжүүлэх замаар тус банкны хадгаламжийн дансны үлдэгдлээс суутгуулсан. Иймд манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзах зүйл байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК, “Мфикскапитал” ХХК-иудад холбогдох “Мфикскапитал” ХХК болон “Улаанбаатар хотын банк” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 тоот зээлийн болон барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue sky хотхоны 46А байрны 22 тоот 4 өрөө, иргэн Л.Цоггэрэлийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Г.Цоггэрэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх иргэн Г.Цоггэрэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4553 дугаартай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 530 дугаар шийдвэрийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлснээр орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон хэмээн үзэж, нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь нэхэмжлэгч болон "Мфикскапитал" ХХК-ийн хооронд байгуулагдсан "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-ний 4.6, 5.7-д зааснаар талууд орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн үед орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасан эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзэх үндэслэлтэй. Ийнхүү иргэн Г.Цоггэрэл нь орон сууц, автозогсоолуудын төлбөр болох 200 000 ам.долларыг "Мфикскапитал" ХХК-д 2009 оны 2 дугаар сарын 02-ны өдөр төлж дуусгаснаар нэхэмжлэгчийн өмчлөх эрх үүссэн болохыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4553 дугаартай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 530 дугаар шийдвэрээр тус тус тогтоосон байна. Гэтэл дээрх үйл баримтаас хойш бүтэн нэг жилийн дараа буюу 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр "Мфикскапитал" ХХК нь өөрийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлж, улмаар 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр "Улаанбаатар хотын банк" ХХК-тай "Зээлийн барьцааны гэрээ" байгуулан, бусдын өмчлөлийн эд хөрөнгөд барьцааны үүрэг ногдуулсан байдаг. Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 530 дугаар шийдвэрээр "Мфикскапитал" ХХК-ийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгч бус этгээд нь орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар бүртгүүлсэн болохыг тогтоосон тул барьцаалуулагч болох "Мфикскапитал" ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалуулах эрхгүй этгээд байхаас гадна уг хууль бус бүртгэл дээр үндэслэсэн барьцааны гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус юм. Анхан шатны шүүх 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр "Мфикскапитал" ХХК-ийг орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан гэж үзэж, банкны "Зээлийн барьцааны гэрээ"-ний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр гэж дүгнэн, Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалт нь нэхэмжлэгчид өмчлөх эрх үүсэхээс өмнө хүчин төгөлдөр барьцааны эрх талуудын хооронд үүссэн тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь заалтыг баримтлан "Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно" гэж дүгнэсэн атлаа барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байх тохиолдолд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 9 дүгээр зүйлийн 9.2-д тус тус заасан өмчлөгч этгээдээс зөвшөөрөл авахтай холбогдох хуулийн зохицуулалтыг огт хэрэглээгүй нь буруу байна. Анхан шатны шүүх банкны барьцааны эрхийг хүчин төгөлдөр гэж дүгнэснээр Зээлийн гэрээнд огт хамааралгүй иргэн Г.Цоггэрэлд "Мфикскапитал" ХХК-ийн хүлээсэн зээлийн үүргийг хамаатуулж, түүний хөрөнгө оруулалтаар баригдсан орон сууцнаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, улмаар нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг шууд зөрчигдөх үр дагаврыг үүсгэж буйг шүүхээс анхаарна уу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Г.Цоггэрэл хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК, “Мфикскапитал” ХХК-д тус тус холбогдуулан “Мфикскапитал” ХХК болон “Улаанбаатар хотын банк” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 тоот зээлийн болон барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue sky хотхоны 46А байрны 22 тоот 4 өрөө, иргэн Г.Цоггэрэлийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл байх хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Мфикскапитал” ХХК-д 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 4 өрөө орон сууц, 2 авто зогсоол захиалж, 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 200 000 ам.долларыг бүрэн төлж дуусгаад, 2010 онд захиалсан орон сууцандаа нүүн орж, өнөөг хүртэл амьдарч байгаа гэтэл “Мфикскапитал” ХХК уг  захиалсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг тус компанийн нэр дээр 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гаргаж, 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Улаанбаатар хотын банк” ХХК-тай зээлийн барьцааны гэрээ байгуулж, дээрх орон сууцыг зээлийн барьцаанд бариулсан нь хууль зөрчсөн, уг орон сууцыг зээлийн барьцаанд бариулахдаа зээлдүүлэгч банкны эрх бүхий хүмүүс газар дээр нь очиж шалгаагүйгээс миний эрх ашиг хохирч байна гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч Г.Цоггэрэл нь хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийг барьцааны зүйлийг өөр этгээд эзэмшиж, ашиглаж байгааг мэдэх боломжтой байсан гэх үндэслэлийг зааж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 530 дугаар шийдвэрийг үндэслэл болгожээ.

 

Хэргийн 14-18 дугаар талд авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 530 дугаар шийдвэрт “Мфикскапитал” ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013783, Ү-2206014261, Ү-2206014262 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн 000107540, 000107541, 000103727 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue sky хотхоны 46А байрны 22 тоотын 176 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, тус байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоол, 4,5 м.кв талбай бүхий харанхуй өрөөний өмчлөгчөөр иргэн Г.Цоггэрэлийг бүртгэж, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хууль бус болохыг тогтоон, Г.Цоггэрэлийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue sky хотхоны 46А байрны 22 тоотын 176 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, тус байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоол, 4,5 м.кв талбай бүхий харанхуй өрөөний хууль ёсны өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Өөрөөр хэлбэл, дээрх орон сууцыг барьцаалуулсан “Мфикскапитал” ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх ёсгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн нь хууль ёсны өмчлөгч Г.Цоггэрэлийн эрхийг зөрчсөн тул улсын эрхийн бүртгэлийг хүчингүй болгожээ. Харин “Улаанбаатар хотын банк” ХХК болон “Мфикскапитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүйд тооцоогүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Цоггэрэл нь нэхэмжлэлийн шаардлагаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue sky хотхоны 46А байрны 22 тоот 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Г.Цоггэрэл тул уг 4 өрөө орон сууц нь барьцаанд байх ёсгүй гэсэн агуулгаар тайлбарласан байна.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийг “Мфикскапитал” ХХК болон “Улаанбаатар хотын банк" ХХК-иудын хооронд байгуулагдсан 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 тоот зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, үр дагавар арилгуулах шаардлага гаргасан уу, эсхүл барьцааны эрх дуусгавар болсон тул барьцааны зүйлийг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай шаардлага гаргасан уу гэдгийг тодруулах байжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсанаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжтой, тодорхой болсноор нотлох баримтын талаар талуудын үүргийн хувиарлалт, нотлох баримтын үнэлгээ, маргааны талаарх шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ зөв болох учиртай. Энэ талаар шүүх тодруулж хэргийг шийдвэрлээгүй нь буруу болжээ.

 

Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2016/01223 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Цоггэрэлийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ