Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2015/0477

 

2015 оны 10 сарын 14 өдөр        Дугаар 221/МА2015/0477

 

Д.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, А.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нарыг оролцуулан хийж, ДАУ  дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 34 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Д-ийн нэхэмжлэлтэй, ДУАЗД-д  холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ДУАЗД-ын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 258 дугаар захирамжийн НИТ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ДУАЗД-ын 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр захирамжийг үндэслэн 2004 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ олгосон нь хууль бус болсон. Учир нь захирамж 2 жилийн хугацаатай байсан, өөрөөр хэлбэл хугацаа нь дууссан байхад гэрээ байгуулсан. Хүчин төгөлдөр гэрээ байгуулахын тулд хугацаа нь дууссан аймгийн Засаг даргын захирамжийг шинээр гаргаж хугацааг сунгах шаардлагатай байсан. 2003 онд 396000 төгрөг төлсөн гэдэг нь тусдаа Ацетлиний үйлдвэрийн газрын төлбөр юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. НИТ ХХК нь 2010 оны 10 сард С.О-оос худалдаа үйлчилгээний зориулалттай 3800 м.кв газрыг худалдан авсан бөгөөд . тухайн үед С.О аймгийн Засаг даргын 2010 оны 154 дүгээр захирамжийн дагуу газрыг эзэмшиж байсан. Улмаар биднийг хүсэлт гаргасны дагуу 2011 оны 450 дугаар захирамжаар газрыг нэг жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шилжүүлсэн. Тухайн газар нь Жигүүр цогцолбор сургуулийн газартай 19 м.кв давхцсан тул тухайн газрыг шилжүүлэн өгч 3264 м.кв газрыг эзэмших болсон. Иргэний хуульд зааснаар манай компани нь шударга эзэмшигч болж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

ДАУ  дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 34 дүгээр шийдвэрээр: Газрын тухай /1994 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 2-ын 4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны баримтлан Д.Д-ийн нэхэмжлэлтэй ДУАЗД-д  холбогдох ".ДУАЗД-ын 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 258 дугаар захирамжийн "НИТ " ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах"-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолдоо: Үүнд: 1. Шүүхээс ДУАЗД-ын 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр захирамжийг хуульд нийцээгүй гэж дүгнэж, уг захирамжийг үндэслэн хийсэн 0008080 дугаартай гэрчилгээг үндэслэн ДУАЗД-ын 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 258 дугаар захирамжаэр "НИТ " ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх зүйтэй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хуульд нийцээгүй дүгнэлт гэж үзэх байна.

 

Иргэн З.М-ын газар эзэмших 0008080 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцсон ямар ч эрхзүйн акт байхгүй юм.

Харин З.М-ын газар эзэмших гэрээ хүчин төгөлдөр байхад уг газрын иргэн С.О д давхар эзэмшүүлсэн байна. " НИТ " ХХК нь иргэн С.О-оос 2010 оны 10 дугаар сард Дархан сумын 5 дугаар багийн Жигүүр цогцолбор сургуулийн хашаанд1 байрлах 3800 квадрат метр газрыг худалдаа үйлчилгээний знориулалтаар эзэмшихээр худалдан авсан нь "НИТ " ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбар, албан тоотоор нотлон тогтоогддог. Энэ нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгагдсан байна. Газрын тухай хуулийн 33, 36 дугаар зүйлд зааснаар газрыг зөвхөн дуудлага худалдаагаар зарах эрхийг тухайн шатны Засаг даргад олгогдсон байна. Иргэн С.О нь газрыг гэрээний үндсэн дээр үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан. тул уг газрыг зарах эрхгүй юм.: Гэтэл "НИТ " ХХК нь уг газрыг хууль зөрчин иргэн С.О-оос худалдан авсан нь тогтоогдсоор атал шүүх энэ байдалд дүгнэлт хийлгүй шударга эзэмшигч 3. М-ын 0008080 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

 

2. Иргэн З.М-ын эзэмшлийн газар, гуравдагч итгээд "НИТ " ХХК-ийн эзэмшилд байгаа газрын кадастрын зургийн байршил нь нэг бөгөөд нэхэмжлэгч нь уг газрыг "НИТ " ХК-д эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулахаар" маргаж байгаа болно гэж шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт дурьдсан байгаа тул иргэн З.М ад газар эзэмшүүлэхээр олгосон 0008080 дугаартай эрхийн гэрчилгээг хүчинтэй байгааг шүүх хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэж байна.

Гэтэл шүүхээс зөвхөн өөрийн санаачлагаар 2015 оны.06 дугаар сарын 22-ны өдрийн 2/161, 2/160 дугаартай албан бичгээр гаргуулсан Дархан -Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 40 дугаартай, 2015 оны 06 дүгаар сарын 29-ны өдрийн 3/1222 дугаартай албан бичгүүдийг үндэслэн хувийн хэрэгт байгаа материал бүрэн биш гэсэн үндэслэлээр З.М ад газар эзэмших эрхийн гэрчилгээ, түүнийг олгосон гэрээ, Засаг даргын захирамжийг хууль зөрчсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

 

3. Иргэн З.М-ын газар эзэмших эрхийн 0008080 дугаартай эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Засаг даргын захирамж гараагүй, бүртгэлээс хасаагүй байхад уг газрыг иргэн С.О д давхардуулан олгосон, С.О нь хууль зөрчин төрийн өмчийн газрыг НИТ эд зарсан үйлдэлд шүүх яагаад дүгнэлт хийхгүй байгаад гомдолтой байна.

Хорвоогийн мөнх бусыг үзсэн хүүгийнхээ газар эзэмших эрхийг өвлөх эрхийг эдлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нь Захиргааны хэргийн анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн үхсэн хүний хохь болж, амьд яваа арга, зальтай,.хөрөнгө мөнгөтэй иргэн, хуулийн этгээд нь хууль бусаар ч байсан бусдын эрхийг зөрчиж болно гэдгийг шүүх дэмжиж байгаа юм байна гэж нэхэмжлэгч Долгорсүрэн нь. маш их гомдолтой байгаа болно,

Төрийн мэдлийн, зөвхөн гэрээний үндсэн дээр эзэмших газрыг хууль зөрчин ашиг хонжоо олох зорилгоор худалдсан, худалдан авсан этгээдэд олгогдсон гэрчилгээг хүчинтэй гэж шүүх үзэж, харин З.М-ын газар эзэмших гэрчилгээг хувийн хэрэгт байгаа материал дутуу гэсэн үндэслэлээр гэрчилгээг хууль зөрчиж авсан гэж шүүх дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хувийн хэрэгт материал дутуу байгаа нь газар эзэмшигчийн буруу биш бөгөөд тухайн ажлыг хариуцаж буй, эрх бүхий албан тушаалтны ажилдаа хайнга хандсан, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн үр дагавар юм. Бусдын алдаа дутагдлын улмаас шударга эзэмшигч хохирч үлдэх нь байж боломгүй, шударга бус асуудал юм.

Иймд Дархан Уул аймгийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 258 дугаар захирамжийн, "НИТ " ХХК-д холбогдох хэсгийн1 хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж 114/2015/0028/3 хэргийн индекс хэргийг хянан шийдвэрлээд гаргасан ДАУ  дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж буйг хүлээн авна уу . гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

 Хариуцагчаас 2 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн бөгөөд хугацаа нь дууссаны дараа гэрээ байгуулж гэрчилгээ авсан нь хууль бус гэж тайлбарлаж байгаа бөгөөд анхан шатны шүүх мөн адил дүгнэжээ. Гэтэл анх газар эзэмшүүлсэн захирамжинд ямарваа нэгэн хугацаа заагаагүй байх бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан 1994 оны Газрын тухай хуулийн Газар эзэмшүүлэх хугацаа гэсэн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн өмчийн газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 60 жил хүртэл хугацаатайгаар гэрээгээр эзэмшүүлж болно гэж заажээ. Дээрх заалтаас үзэхэд хугацааг гэрээгээр тогтоож болохоор зохицуулсан байх бөгөөд талуудын байгуулсан газар эзэмшүүлэх тухай гэрээнд хугацаа 15 жил гэж заасан байна.

 

ДУАЗД-ын 2002 оны 04 дүгээр захирамжийн хавсралтанд барилга байгууламжийг ашиглалтанд оруулах хугацаа 2 жил гэж заасан байх бөгөөд энэхүү 2 жил гэсэн хугацаа нь тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшсэн байх 2 жилийг тогтоож өгсөн заалт эсхүл тухайн газрыг эзэмшүүлэх нийт хугацаа юу гэдэг нь тодорхойгүй, энэ талаар анхан шатны шүүх нотлох баримтанд тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Нөгөө талаар Захирамжийн хавсралтанд дурьдсан 2 жил-ийн хугацаа болон гэрээнд заасан 15 жил-ийн хугацааны аль нь хүчинтэй болох талаар дүгнэлт хийгээгүй орхижээ.

 

Иймд тухайн үед ДАУ т бүх захирамжийг 2 жил-ийн хугацаатай газар эзэмшүүлж гаргадаг байсан эсэх, эсхүл захирамжинд хугацаа заалгүй гэрээгээр хугацааг тогтоодог байсан эсэхийг шалган тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

 

Түүнчлэн анх эзэмшүүлсэнээс хойш 13 жил гаруй хугацаа өнгөрсөн байх бөгөөд энэ хугацаанд газар эзэмших эрх дуусгавар болсон эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.

 

Мөн нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд төрийн өмчийн газрыг худалдсан гэсэн /давж заалдах гомдолдоо мөн дурьдсан/ тайлбарыг анхаарч дээрх газрын хууль бус наймаа явагдсан эсэх, С.О-оос тухайн газрыг худалдсан гэх үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн эсэх талаар дүгнэлт хийх, С.О той холбоотой баримтыг гаргуулж хэрэгт хавсаргах шаардлагатай гэж үзлээ. Мөн нэхэмжлэгч тухайн газар давхцаж байгаа гэж, хариуцагч тухайн газар давхцалгүй гэж тайлбарлаж байх ба газар давхацсан эсэх талаар дүгнэлт хийх хэрэгтэй. Анхан шатны шүүх энэ талаар ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. ДАУ  дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР