Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00161

 

   Б.Ундармаа,******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02028 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2004 дүгээр магадлалтай,

 Б.Ундармаа,******* нарын нэхэмжлэлтэй,

Тэнгэр даатгал ХХК-д холбогдох,

36 184 378.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугардалайн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 Нэхэмжлэгч Б.Ундармаа,******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-24-31 тоотод оршин суух Боржигон овгийн Цагааны Оюун ээж маань 2019 оны 03 сарын 19-ний 6:35 цагийн үед Нарийн гэдэсний түгжрэл өвчний улмаас Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт нас барсан билээ. Бидний ээж Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Засвар механикийн заводод 2003 оноос хойш өрөмчнөөр ажиллаж байсан. Эрүүл мэндийн хувьд архаг хууч өвчингүй байсан. Анх 2019 оны 03 сарын 11-нд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн халдвартын сувиллын тасагт хэвтэн эмчлүүлж байх явцад гэнэт бие нь өвдөж мэс заслын тасаг болоод ЭХО-д хархад Хэвлий шингэнээр дүүрсэн, маш их хэмжээний дүүрэнгитэй болсон байна гэж эмч нар оношилж эмчилгээ хийж хагалгаанд оруулсан боловч ээж минь амь насыг аварч чадалгүй мөнх бусыг үзсэн юм. Бидний ээж гэнэтийн өвчний улмаас амь насаа алдаж бидэнд маш их гарз хохирол тохиож уй гашуудал учирсан билээ. Ээж маань Орхон аймаг дахь Хас банкны салбараас 2016 оны 07 сарын 06-нд 1130037544 тоот гэрээгээр 38 500 000 төгрөгийг 192 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй орон сууцны зээл авч зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6 д заасны дагуу******* ХХК-тай гэрээ байгуулж гэрээний үүргээ насан эцэс болтлоо биелүүлж зээл болон даатгалын хураамжаа цаг тухай бүрт нь төлж байсан тул төрсөн охин болох Б.Ундармаа миний бие******* ХХК-аас даатгалын гэрээний нөхөн төлбөр 33 869 825.83 төгрөгийг гаргуулахаар өргөдөл гаргаж нотлох баримтаа өгсөн боловч 2019 оны 04 сарын 22-нд нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр гаргаж ирүүлсэн. Гэвч Ц.Оюун миний ээж худалдан авсан орон сууц болон зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийг эрсдэлээс хамгаалах зорилгоор 2016 оны 07 сарын 06-нд Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1601281007302 тоот гэрээ-г******* ХХК-тай 1 жилийн хугацаагаар байгуулж, орон сууцыг 35 350 427.27 төгрөгөөр үнэлж, хураамжид 38 885.47 төгрөгийг тус тус сар бүр төлж байсан. Мөн даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг хүлээхээр тохиролцсон дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3-т, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасанд нийцсэн, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байдаг. Мөн гэрээний хугацаанд буюу 2019 оны 03 сарын 19-ний өдөр даатгуулагч болох ээж минь гэнэтийн өвчний улмаас Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт амь насаа алдаж бидэнд маш их гарз тохиосон, энэ нь даатгалын гэрээний 1.3 дугаар зүйлийн 1.3.9-д заасан даатгалын тохиолдол бий болсон бөгөөд даатгуулагч Ц.Оюуны Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан өвлөгч нь бид билээ. Даатгуулагчийн хууль ёсны өвлөгч бид Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаар******* ХХК-аас даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж нөхөн төлбөр болох 33 350 427.27 төгрөг, хүү 1 319 664.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 888 төгрөг, замын зардал 1 000 000 төгрөг, нийт 36 184 378.39 төгрөгийг шаардаж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч Ж.Мөнхсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ундармаа,******* нарын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

Тэнгэр даатгал ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хас банк ХХК-ийн зээлдэгч Ц.Оюунтай 160128100730 тоот ипотекийн зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг 1 жилийн хугацаатайгаар, гэрээ дуусгавар болох үед талуудын аль нэг нь санал гаргаагүй бол тухайн гэрээ жил бүр шинээр сунгагдах нөхцөлтэй байгуулсан. Өөрөөр хэлбэл, даатгуулагч Ц.Оюуны даатгалын гэрээ нь жил бүрийн 07 дугаар сарын 06-ны өдөр сунгагдаж, даатгуулагч нь даатгалын гэрээний хураамжийг сар бүр хуваан төлж тодорхой төрлийн эрсдэл /гэнэтийн осол/-ээс хамгаалж даатгуулахаар харилцан тохиролцсон.

Ингээд******* ХХК нь 160128100730 тоот даатгалын гэрээний сунгалтыг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр даатгуулагч Ц.Оюунтай хийж 1601281007302 тоот Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ-г байгуулан тодорхой төрлийн гэнэтийн ослын улмаас даатгуулагч нас барсан нөхцөлд гэрээнд заасан нөхцөлөөр даатгалын нөхөн төлбөр олгохоор тохиролцож байгуулсан байдаг. Энэхүү гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд буюу 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр даатгуулагч Ц.Оюун нь өвчний улмаас нас барсан боловч 1601281007302 тоот Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ-ний дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүхий дараах нөхцөл байдал бий болсон. Үүнд:

1. Даатгуулагч Ц.Оюунтай 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1601281007302 тоот Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ-г сунгаж байгуулагдсан даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2-д Зээлийн төлбөр тасалдлын хувьд дараах эрсдэлээс даатгана. Үүнд: гээд 2.1.2.1-д Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсаны улмаас зээлийн төлбөр тасалдах эрсдэл гэж даатгалын гэрээний эрсдэлийг заасан бөгөөд энэхүү гэнэтийн ослын эрсдэл гэдэгт юуг хамааруулан ойлгож үзэхийг даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.9-д Гэнэтийн осол гэж даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан урьдчилсан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй дараах хүчин зүйлийг ойлгоно. Үүнд: гэж тодорхойлоод дараах байдлаар нарийвчлан заасан: 1.3.9.1-д Ахуйн осол /гэр ахуйн болон гудамж талбайд явганаар зорчих, г.м үед тохиолдсон осол/; 1.3.9.2-д Зам тээврийн болон бусад тээврийн хэрэгслийн осол; 1.3.9.3-д Даатгуулагчийн ажлын байранд үүргээ гүйцэтгэх үед учирсан осол, гэмтэл; 1.3.9.4-д Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн осол; 1.3.9.5-д Гуравдагч этгээдийн буруутай үйлдэл гэж тус тус заажээ.

Мөн даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.6-д Зээлийн төлбөр тасалдал гэж даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах... гэж заасан гэнэтийн ослын улмаас зээлийн төлбөр тасалдах эрсдэл үүсээгүй болно.

Харин даатгуулагч Ц.Оюун нь Хэвлийн хөндийн наалдац, түгжрэл, мухар олгой, олон эрхтний дутагдал өвчний шалтгаантай нас барсан болох нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ипотекийн цогц даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт дахь Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний их эмч Б.Батбаярын бичгээр гаргасан тодорхойлолт, даатгуулагчийн төрсөн охин Б.Ундармаагийн бичгээр өгсөн тайлбар, Орхон аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, даатгуулагчийн төрсөн охин Б.Ундармаагийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн бичгээр гаргасан өргөдөл зэрэг баримтаар нотлогддог. Нөхөн төлбөр шийдвэрлэлтийн явцад даатгуулагчийн охин Б.Ундармаа нь даатгуулагчийг даатгалын гэрээний 1.3.9.1-1.3.9.5-д заасан ямар гэнэтийн ослын улмаас нас барсан болохыг нотлох баримт гаргаж өгөөгүй.

Гэтэл даатгуулагч Ц.Оюун нь өвчний улмаас нас барсан явдал нь даатгалын гэрээнд тухайлан заасан урьдчилсан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй хүчин зүйл болох гэнэтийн осол (Даатгалын гэрээний 1,3.9.1-1.3.9.5-д нарийвчлан заасан)-ын эрсдэлд хамаарахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, даатгуулагч өвчний улмаас нас барах тохиолдол нь даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.5-д Даатгалын тохиолдол гэж энэхүү гэрээнд заасан нөхцлийн дагуу даатгуулсан зүйлд учирсан хохирол, даатгалын гэрээнд тохиролцсон нөхцөл бүрдэхийг гэж заасан даатгалын тохиолдолд хамаарахгүй юм.

Дээр дурдсан үйл баримтуудаас харвал даатгуулагч Ц.Оюун нь 1601281007302 тоот Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ-ний 2.1.2.1-д заасан гэнэтийн ослын эрсдэл болон 1.3.9.1-1.3.9.5-д заасан гэнэтийн ослын улмаас нас бараагүй харин өвчний улмаас нас барсан болох нь холбогдох нотлох баримтаар нотлогдож байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гээд 8.5.3-д Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж болон даатгалын гэрээний 3.1.9-д Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол гэж тус тус заасныг үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан болно.

Мөн 2016 онд даатгуулагч Ц.Оюунтай анх байгуулсан даатгалын гэрээний нөхцөл нь тухайн даатгалын гэрээ сунгагдах тухай бүр өөрчлөгдөж байгаагүй болно.

2. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 тоот тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана гээд 2.2.1-д Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид гэнэтийн осол гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэснээс харвал ердийн даатгалын компани нь даатгуулагчид учирсан зөвхөн гэнэтийн ослын эрсдэлийг даатгахаар журамлагдсан. Мөн журмын 2.2.2-д урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгаанаар нас барах эрсдэл буюу өвчний улмаас нас барах эрсдэлийг даатгахаар зохицуулсан.

Харин******* ХХК-ийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 58 тоот тогтоолоор Ердийн даатгалын үйл ажиллагаа явуулах ТЗ 201/12 тоот тусгай зөвшөөрлийн дагуу зөвхөн ердийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг даатгагч юм. Мөн Даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Зохицуулах хороо урт хугацааны болон ердийн даатгалын үйл ажиллагааг нэгэн зэрэг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй гэж заасны дагуу ердийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг компани нь урт хугацааны даатгалын үйл ажиллагаа давхар эрхлэхийг хязгаарласан байдаг.

Дээрхээс харвал******* ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд нийцүүлэн ипотекийн зээлдэгчийн амь насанд гэнэтийн ослоос үүдэн учрах эрсдэлийг даатгаж ажилласан.

3. Талууд харилцан тохиролцож байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 160128100730 тоот Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ-ний 7 дугаар зүйлд гэрээний хугацаа, түүнийг сунгах, дуусгавар болох нөхцөлийг дараах байдлаар зохицуулсан. Үүнд: Гэрээний 7.2-д Гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг цуцлах болон дуусгавар болгох талаар аливаа санал гаргаагүй тохиолдолд гэрээний хугацаа дахин 1 жилээр ижил нөхцөлөөр сунгагдсан тооцно гэж; Гэрээний 7.3-д Энэхүү гэрээний 7.2-т зааснаар гэрээг хэдэн ч удаа сунгаж болно гэж, Гэрээний 7.4-д Даатгуулагч даатгалын хураамжийг зээлийн эргэн төлөлттэй хамт хэсэгчлэн төлж болно гэж тус тус заасан.

Дээрх даатгалын гэрээнд заасан нөхцөлийн дагуу даатгуулагч Ц.Оюуны даатгалын гэрээ жил бүрийн 07 дугаар сарын 06-ны өдөр 1 жилийн хугацаатай, өмнөх гэрээтэйгээ ижил нөхцөлөөр сунгагдаж явсан байдаг. Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээ дуусах тухай бүр нь даатгагч болон даатгуулагч нарын аль нэг нь гэрээг дуусгавар болгох, өөрчлөх санал гаргаж байгаагүй бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1601281007302 тоот гэрээ нь энэхүү журмаар сунгагдаж байгуулагдсан. Мөн даатгалын гэрээг сунгах бүрт даатгуулагч нь даатгалын гэрээний сунгалтыг хүлээн зөвшөөрч даатгалын гэрээний нөхцөлийг өөрчлөх санал гаргалгүйгээр даатгалын хураамжийг үндсэн зээлийн төлбөртэй хамт сар бүр хэсэгчлэн төлсөн байдаг.

4. Санхүүгийн зохицуулах хороо нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 9/2678 тоот албан бичгээр Даатгуулагчаар мэдүүлгийн маягт бөглүүлж сонголт хийх эрхийг даатгуулагчид олгоогүй гэж дүгнэсэн нь дараах үндэслэлээр үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй. Үүнд:

4.1. Ердийн даатгалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй******* ХХК нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.2.1 -д заасан зөвхөн гэнэтийн ослын эрсдэлийг даатгахаар журамласан бөгөөд харин журмын 2.2.2-д заасан урт хугацааны даатгалын үйл ажиллагаа явуулдаг даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас нас барах эрсдэлийг даатгахаар байна. Өөрөөр хэлбэл ипотекийн даатгалын үйл ажиллагаа явуулах журмын дагуу ямар ч тохиолдолд******* ХХК нь гэнэтийн ослын эрсдэлээс өөр төрлийн (өвчний улмаас нас барах) үндсэн эрсдэлийг даатгах боломжгүй юм. Үүнээс харвал******* ХХК нь өөрийн явуулах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагааг явуулаагүйн төлөө даатгуулагчийн нөхөн төлбөрийг хариуцах үндэслэлгүй бөгөөд даатгуулагчийн өвчний улмаас нас барах эрсдэлийг даатгуулагчид санал болгож /сонголт олгох боломж бий болгох/ даатгах боломжгүй юм.

4.2. Даатгагч нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах гэснийг хэрэгжүүлээгүй гэж үзэхэд учир дутагдалтай байна. Учир нь даатгуулагч нь Ц.Оюун, хамтран зээлдэгч Б.Ундармаа нар нь 2016 оны 07 дугаар сарын 06-нд анх даатгалын гэрээ байгуулахдаа даатгалын гэрээний бүх нөхцөлтэй танилцсан гэдгээ илэрхийлж гарын үсгээ даатгалын гэрээнд зурсан байдаг. Тэрхүү байгуулагдсан даатгалын гэрээний нөхцөлийн дагуу даатгалын гэрээг 3 жил дараалан сунгах явцад даатгуулагч гэрээний нөхцөл, хугацаанд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй бөгөөд сайн дурын үндсэн дээр даатгалын хураамжаа даатгагчид шилжүүлэн даатгуулж байсан зэргээс харвал даатгуулагч Ц.Оюун нь даатгалын гэрээг өөрчлөх, дуусгавар болгох өөрийн эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан ч хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

4.3. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 сарын 06-ны 210 тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3 дугаар хавсралтаар батлагдсан Мэдүүлгийн маягтын загвар-ыг харвал агуулга нь талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд бүрэн тусгагдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, даатгалын зуучлагч нь энэхүү мэдүүлгийн маягтын дагуу даатгуулагчаас холбогдох мэдээллийг авсны үндсэн дээр даатгалын гэрээнд тусгаж даатгалын гэрээ байгуулагдсан байдаг. Тухайлбал даатгалын гэрээнд үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч, зээлийн мэдээлэл, ямар эрсдэл даатгагдсан, даатгалын хураамжийг хэрхэн төлөх нөхцөл зэрэг мэдээлэл бүрэн тусгагдсан. Иймээс даатгуулагчийн мэдээллийг аваагүйгээс даатгуулагчийн эрх ашгийг хохироосон гэж үзэхэд учир дутагдалтай байна.

4.4. Маргааныг урьдчилан шийдвэрлэсэн Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 9/2678 тоот албан бичиг нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Бүрэн эрхийнхээ хүрээнд Хорооны гаргасан шийдвэр тогтоол хэлбэртэй байна гэснийг зөрчсөн хууль бус шийдвэр болсон. Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь даатгагчид даатгалын нөхөн төлбөрийг олгохыг үүрэг болгох эрх хуулиар олгогдоогүй.

5. Нэхэмжлэгч нь зээлийн хүү 1 319 664.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 888 төгрөг нэхэмжилсэн нь 1601281007302 тоот даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын дараах тохиолдлуудын шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй. Үүнд: гээд 3.2.13-д Зээлийн хүү, торгууль, алданги гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарна. Мөн замын зардал 1 000 000 төгрөг нэхэмжилсэн нь даатгалын тохиолдолтой холбоо хамааралгүй зардал байна.

Иймд даатгуулагч Ц.Оюун нь даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас нас барсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон, мөн ердийн даатгалын компани нь аливаа өвчний улмаас үүссэн эрсдэлийг даатгах боломжгүй буюу хариуцах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Ундармаа,******* нарын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан******* ХХК-иас нөхөн төлбөр болох 33 350 427.27 төгрөг, хүү 1 319 664.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 888 төгрөг, замын зардал 1 000 000 төгрөг, нийт 36 184 378.39 төгрөгийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02028 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч хариуцагч******* ХХК-аас 16,941,770.11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ундармаа,******* нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 19,242,608.28 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нараас 2020 оны 02 сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,890 төгрөгийн 338,872 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 18 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч******* ХХК-аас 242,659 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ундармаа,******* нарт олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2004 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 658.86 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугардалай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч******* ХХК-иас 16 941 770.11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ундармаа,******* нарт олгохоор шийдвэрлэсэн магадлалыг Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг бүрэн олгохоос татгалзаж байгаа тул 2004 тоот магадлалыг хүчингүй болгож, ИХШХШ тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэг. Даатгалын гэрээний нөхцөлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар.

Талуудын хооронд байгуулагдсан 1601281007302 тоот даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2.1-д Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсаны улмаас зээлийн төлбөр тасалдах эрсдэл гэж заасныг тайлбарлахдаа гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.6-д Зээлийн төлбөр тасалдал гэж даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах эсвэл гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу түүнээс дээш хувиар алдсаны улмаас зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөх чадваргүй болохыг гэж, 1.3.9-д Гэнэтийн ослын эрсдэл гэж даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан урьдчилан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй дараах хүчин зүйлийг ойлгоно. Үүнд: гээд гэрээний 1.3.9.1-1.3.9.5-д тухайлан тодорхойлж заасан гэнэтийн ослын эрсдэл үүссэн эсэхийг харгалзан үзэж дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн төлбөр тасалдлын эрсдэл нь гэнэтийн ослын улмаас үүсэх, гэнэтийн осол нь 5 төрлийн гэнэтийн осол байх талаар гэрээгээр тохиролцож гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.9-д хоёрдмол утгагүйгээр гэнэтийн осол нь урьдчилан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй байхаас гадна энэхүү шинжийг агуулсан 5 төрлийн хүчин зүйл /эрсдэл/ байна гэж тодорхой заасныг анхаарч үзээгүй.

Гэтэл шүүх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.9-д заасныг тайлбарлахдаа Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасныг хэрэглээгүй, зөвхөн гэрээний заалт /1.3.9/-ын толгой хэсгийн эрсдэлийн шинжийг заасан хэсгийг иш татан тайлбарласан нь учир дутагдалтай болсон. Өөрөөр хэлбэл, гэрээний 1.3.9-д заасан таслалаар зааглаагүй ...шинжтэй дараах хүчин зүйлийг ойлгоно. Үүнд: гэсэн нөхцөлийг шууд хасаж гэрээний заалтыг тайлбарласан нь илтэд хууль зүйн үндэслэлгүй болсон. Үүнээс харвал шүүгч талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээгээр хэлэлцэн тохирсон гол нөхцөл болох даатгалын эрсдэлийн төрлийг огт харгалзан үзээгүй гэж үзэхээр байна.

Хоёр. Даатгагчийн хуулиар олгогдсон эрхийг үгүйсгэж, хуулийг буруу тайлбарласан.

Даатгагчийн зүгээс Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Даатгагч дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ гээд 9.1.1-д Энэ хуулийн 8.5-д заасан үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах гэж заасныг үндэслэн даатгагч нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гээд 8.5.3-д Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасныг баримтлан даатгалын нөхөн төлбөр олгохоос бүрэн татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд өвчний /Гэнэтийн ослоос бусад шалтгаанаар/ улмаас нас барах эрсдэлийг тухайлан зааж даатгагч хариуцахаар заагаагүй байдаг тул даатгагч нь энэ төрлийн даатгалын эрсдэлийг хариуцах үндэслэлгүй буюу даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж үзнэ.

Гэтэл шүүх дүгнэхдээ хуульд заасан зохицуулалтыг даатгагч даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг буюу тохиолдлуудын жагсаалтад заавал тусгах, хэрэв тусгаагүй бол даатгагч нь нөхөн төлбөр хариуцах үндэслэлтэй гэдэг байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь гэрээ байгуулагч талууд нэгэнт хуулиар тодорхойлсон нөхцөлийг гэрээндээ заавал тусган оруулах шаардлагагүй, мөн гэрээгээр тохиролцоогүй эрсдэлийг даатгагч хариуцахгүй юм. Энэхүү нөхцөл байдал талуудын байгуулсан гэрээний малгай хэсэгт ...даатгалын гэрээг Даатгалын тухай хуулийг тус тус удирдлага болгон дараах нөхцөлүүдийг харилцан тохиролцож байгуулав гэж зааснаас тодорхой харагдана.

Гурав. Даатгуулагчийн нас барсан шалтгаан нь Даатгалын тухай хууль болон даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй.

Даатгуулагч Ц.Оюун нь Хэвлийн хөндийн наалдац, түгжрэл, мухар олгой, олон эрхтний дутагдал өвчний шалтгаантай нас барсан болох нь 2019 оны 3 дугаар сарын 27- ны өдрийн ипотекийн цогц даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт дахь Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний их эмч Б.Батбаярын бичгээр гаргасан тодорхойлолт, даатгуулагчийн төрсөн охин Б.Ундармаагийн бичгээр өгсөн тайлбар, Орхон аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, даатгуулагчийн төрсөн охин Б.Ундармаагийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн бичгээр гаргасан өргөдөл, хэрэгт авагдсан Орхон аймаг дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн өвчний түүх, гэрчээр асуугдсан эмч нарын мэдүүлэг зэрэг баримтаар нотлогддог.

Даатгуулагч Ц.Оюун нь өвчний улмаас нас барсан явдал нь даатгалын гэрээнд тухайлан заасан хүчин зүйл болох гэнэтийн осол (Даатгалын гэрээний 1.3.9.1-1.3.9.5-д нарийвчлан заасан)-ын эрсдэлд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, даатгуулагч өвчний улмаас нас барах тохиолдол нь даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.5-д Даатгалын тохиолдол гэж энэхүү гэрээнд заасан нөхцөлийн дагуу даатгуулсан зүйлд учирсан хохирол, даатгалын гэрээнд тохиролцсон нөхцөл бүрдэхийг гэж, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д Даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг гэж тус тус заасан даатгалын тохиолдолд хамаарахгүй.

Дээр дурдсан үйл баримтуудаас харвал даатгуулагч Ц.Оюун нь 1601281007302 тоот Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ-ний 1.3.9.1-1.3.9.5-д заасан гэнэтийн ослын улмаас нас бараагүй харин өвчний улмаас нас барсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гээд 8.5.3-д Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасныг баримтлан даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Дөрөв. Шүүгч ИХШХШ тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийг зөрчсөн талаар.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг үндэслэн талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан байдаг.

Гэтэл шүүх Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт заасан бусдад ашигтайгаар хийгдсэн даатгалын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ундармаа,******* нарт даатгалын баталгаа олгогдоогүй, энэ талаарх баримт хэргийн материалд авагдаагүй юм. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.2 дахь хэсэгт заасан гэрээний харилцаа үүсээгүй.

Мөн шүүх хэргийн материалд даатгуулагч Ц.Оюуныг гэнэтийн ослын улмаас нас барсныг нотлох баримт байхгүй байхад, түүнийг гэнэтийн ослын улмаас нас барсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасанд нийцэхгүй байна. Тухайлбал, хэрэгт авагдсан Орхон аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний нас барсан хэлбэр хэсэгт Өвчнөөр гэж тэмдэглэгдсэн гол баримт, нотолгоог авч үзээгүй. Гэрчээр асуугдсан мэс заслын их эмч Л.Төгөлдөрийн тайлбарт даатгуулагч Ц.Оюуныг гэдэсний түгжрэлээс гадна биеийн ерөнхий хордлого гэсэн давхар оношоор нас барсан болохыг дурдсан, бусад гэрч нарын тайлбарт даатгуулагчийг дан ганц гэдэсний түгжрэл бус хордлого, хагалгааны дараах хүндрэл зэргээр нас барсан зэрэг үйл баримтад дүгнэлт өгөөгүй. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс харвал нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар хариуцагч талаас тавьсан асуултад хариулж чадаагүй буюу даатгуулагчийг даатгалын гэрээнд заасан аль эрсдэлийн улмаас нас барсан болохыг үндэслэл бүхий тайлбарлаж, нотлоогүй/

Дээрхээс харвал шүүх талуудын хоорондын гол тохиролцоо болох урьдчилан мэдэх боломжгүй, гэнэтийн шинжтэй тухайлан заасан 5 төрлийн үйл явдал үүссэн эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасны дагуу үндэслэл бүхий дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл, даатгуулагч нас барсан байхаас гадна уг хохирол нь юунаас шалтгаалсан гэдгийг үндэслэл бүхий дүгнэж чадаагүй гэж үзэхээр байна.

Тав. Даатгуулагчийн хууль ёсны өв залгамжлагч нарыг бүрэн тогтоож чадаагүй талаар

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно гэж заасан.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гээд 520.1.1-д Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заажээ. Хэргийн материалд даатгуулагч Ц.Оюуны төрсөн болон үрчилсэн эцэг, эх байдаг эсэх, тэдгээр нь өв хүлээн авах эрхээсээ татгалзсан эсэх асуудал тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл, даатгуулагч Ц.Оюуны нөхөр, хүүхэд нарын хамт адил тэгш өвлөх эрхтэй этгээдийн эрх ашиг зөрчигдсөн байна.

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж заасан өвлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Ундармаа,*******, Б.Агиймаа нарын алинд ч олгогдоогүй буюу хэргийн материалд авагдаагүй. Мөн даатгуулагч Ц.Оюунд гэрээслэлээр өв залгамжлагч байсан эсэх асуудал ч тодорхойгүй байгааг давж заалдах шатны шүүх зөв дүгнээгүй.

Иймээс нэхэмжлэгч Б.Ундармаа,*******, Б.Агиймаа нарыг даатгуулагчийн хууль ёсны өв залгамжлагч гэж үзэх үндэслэлгүй байна. Хэрэв өв залгамжлагч биш тохиолдолд хуульд заасан даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй этгээд нар биш юм.

Зургаа. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын хүрээнд даатгалын үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдлыг зөв дүгнээгүй.

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 210 тоот тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана гээд 2.2.1-д Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид гэнэтийн осол гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэснээс харвал ердийн даатгалын компани нь даатгуулагчид учирсан зөвхөн гэнэтийн ослын эрсдэлийг даатгахаар журамлагдсан. Мөн журмын 2.2.2-д Урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж урт хугацааны даатгагч аливаа шалтгаанаар нас барах эрсдэл буюу өвчний эрсдэлийг даатгахаар журамлажээ.

Харин******* ХХК-ийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 58 тоот тогтоолоор Ердийн даатгалын үйл ажиллагаа явуулах ТЗ 201/12 тоот тусгай зөвшөөрлийн дагуу зөвхөн ердийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг даатгагч юм. Мөн Даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Зохицуулах хороо урт хугацааны болон ердийн даатгалын үйл ажиллагааг

нэгэн зэрэг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй гэж заасны дагуу ердийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг компани нь урт хугацааны даатгалын үйл ажиллагаа давхар эрхлэхийг хязгаарласан байдаг. Үүнээс харвал******* ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2 дугаар зүйлийн 2.2.1-д заасны дагуу ипотекийн зээлдэгчийн амь насанд зөвхөн гэнэтийн ослоос үүдэн гарах эрсдэлийг даатгаж ажилладаг байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүх нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгагч хэлэлцэн тохирсон нөхөн төлбөр олгох, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 болон мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д тус тус заасан даатгагчийн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02028 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2004 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Б.Ундармаа,******* нар******* ХХК-д холбогдуулан 36 184 378.39 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх хариуцагчаас 16 941 770.11 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, үлдэх 19 242 608,28 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугардалай 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хяналтын журмаар гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдах явцад буюу 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийг батлуулахаар 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хүсэлт гаргажээ.

 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02028 тоот шийдвэрээр хангагдсан 16 941 770.11 төгрөгөөс 2 941 770.11 төгрөгийг татгалзаж, үлдэх 14 000 000 төгрөгийг хариуцагч төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 Гэрээний дагуу хариуцагч******* ХХК 14 000 000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Б.Ундармаагийн Хас банк ХХК-ийн 5001031980 дугаарын дансанд шилжүүлсэн болох нь цахим гүйлгээний баримтаар тогтоогджээ.

 Зохигчийн эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг батлах үндэстэй байна.

 Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрч, Эвлэрлийн гэрээ байгуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар Б.Ундармаа,******* нарын нэхэмжлэлтэй******* ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02028 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2004 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ундармаа,******* нар нь даатгалын нөхөн төлбөрт хариуцагч******* ХХК-иас 14 000 000 төгрөгийг авах, хариуцагч******* ХХК нь 14 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлөхөөр харилцан тохирч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Б.Ундармаа,******* нарын нэхэмжлэлтэй******* ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242 658.86 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН               Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧ               Х.ЭРДЭНЭСУВД