Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 0127

 

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2018/00127

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Х.Э /РД: ................/-ын К Э А И ХХК болон захирал Л Бийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Хүрэлбаатарын Эрдэнэчимэгээс 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр К Э А И ХХК-тай автомашины зогсоолын гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 1.4, 1.5-д заасан үнэ төлөх үүргийг Худалдан авагчаас бүрэн гүйцэтгэсэн. Үүний дагуу худалдагчаас нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 95 дугаар байрны 13 дугаартай автомашины зогсоолын эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг гүйцэтгээгүй тул тус үүргийг гүйцэтгэхийг шаардсан мэдэгдэлийг түүний нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр Дөчин мянгат, 40 дүгээр байр, 36 тоот хаягт шуудангаар илгээсэн боловч заасан хаягт К Э А И ХХК байрладаггүй гэсэн үндэслэлээр тус шуудан буцаж ирсэн байна. Мөн худалдагчид холбогдуулж гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн хэргийг К Э А И ХХК нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр Дөчин мянгат, 40 дүгээр байр, 36 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаггүй нь тогтоогдсон тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/шз2017/16549 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн байна. Иймд худалдагч К Э А И ХХК-ийг эрэн сурвалжлуулах шаардлагатай болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг тус хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасны дагуу гаргаж байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Э нь К Э А И ХХК болон захирал Лью Бингийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх ба шүүх дээрх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь К Э А И ХХК болон захирал Лью Бинг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь автомашины зогсоолыг захиалгаар бариулах гэрээ, төлбөр төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт, кассын орлогын ордерууд зэргээр нотлогдож байна.

К Э А И ХХК болон захирал Лью Бингийн оршин байрлаж байгаа хаяг тодорхойгүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2017/16549 дүгээр захирамжаар тогтоогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох К Э А И ХХК болон захирал Лью Бингийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.Эийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Батмөнх нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар К Э А И ХХК болон захирал Лью Бингийг эрэн сурвалжилсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар К Э А И ХХК болон захирал Лью Бингийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

4. К Э А И ХХК болон гүйцэтгэх захирал Лью Бинг нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр Дөчин мянгат, 40 дүгээр байрны 36 тоотод байрлаж байсан болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР