Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 0069

 

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2018/00069

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалынтын говь 16 дугаар гудамжны 14 тоотод оршин суух Баачууд овогт Нандавсүрэнгийн Нямсүрэн /РД: ХЙ62120978/-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Н шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1989 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хүнсний барааны бөөний худалдааны газар ажилд орж, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус байгууллагын салбар замын вагоны зүтгүүрийн зааврын машинистаар томилогдож 2008 он хүртэл ажилласан болно. Уг байгууллага 1992 онд Хүнс трейдХК болж нэрээ сольсон бөгөөд 2003 онд хувьчлагдсан. Хөдөлмөрийн дэвтэрт миний ажилд орсон тушаал дээр ажлын нэрийг дипловозын жолооч гэж буруу бичсэн, мөн Хүнс трейдХХК-д тасралтгүй ажиллаж байхад зарим жил нэг сар, хоёр сараар тасарчихсан мэтээр бичигдсэн, 1995 онд нээсэн нийгмийн даатгалын дэвтрээ гээгдүүлсэн зэргээс болоод эдгээр нөхцөл байдлыг нийгмийн даатгалын байгууллага тогтоох боломжгүй тул шүүхээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд миний биеийг Худалдаа, бэлтгэлийн яамны харьяа Хүнсний барааны бөөний худалдааны газарт 1989 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл механик, Худалдаа, бэлтгэлийн яамны харьяа Хүнсний барааны бөөний худалдааны газар болон Хүнс трейдХК-нд зүтгүүрийн зааврын машенистаар 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Хэдийгээр Хүнс трейдХХК-ийн тушаалаар миний бие 2010 онд ажлаас чөлөөлөгдсөн боловч миний бие 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2 ажил гаруй ажилгүй байж байгаад 2010 онд 08 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаал гаргуулсан болно гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Нгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзлээ.

Учир нь хүсэлт гаргагч Н.Н нь Худалдаа, бэлтгэлийн яамны харьяа Хүнсний барааны бөөний худалдааны газарт 1989 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл гараажийн эрхлэгч, механикчаар, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зүтгүүрийн зааварлагч машинистаар, Хүнс трейдХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1998 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зүтгүүрийн зааварлагч машенистаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1989 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр олгогдсон №247089 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тухай лавлагаа, Худалдаа, бэлтгэлийн яамны харьяа Хүнсний барааны бөөний худалдааны газрын даргын 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ажилд томилох тухай 045 дугаар тушаалын хуулбар, Хүнс трейдХХК-ийн 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Н.Нд ээлжийн амралт олгох тухай 05/36 дугаар тушаалын хуулбар, 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Н.Нг ажлаас чөлөөлөх тухай 0801 дүгээр тушаалын хуулбар, Ц.Цамба, Ч.Бадарч нарын нарын тодорхойлолт, Хүнс трейдХК-ийн 1994 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн мэндчилгээ, гэрэл зургууд зэрэг бичмэл нотлох баримтууд болон гэрч Ц.Цамба, Ч.Бадарч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.

            Хүсэлт гаргагч Н.Нгийн хөдөлмөрийн дэвтэрт 1990 онд Худалдаа, бэлтгэлийн яамны харьяа Хүнсний барааны бөөний худалдааны газрын гараажийн эрхлэгч механикийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал, 1992 онд Хүнс трейдХК-нд ажилд орсон тушаал тус тус бичигдээгүй байх бөгөөд ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг архивын баримтуудаас шүүлгэсэн боловч олдоогүй болох нь Үндэсний төв архивын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1777 дугаар тодорхойлтоор тогтоогдож байна.

            Хүсэлт гаргагч Н.Нгийн ажиллаж байсан Худалдаа, бэлтгэлийн яамны харьяа Хүнсний барааны бөөний худалдааны газар нь 1992 онд Хүнс трейдХК болон нэр, хэлбэрээ өөрчилсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн лавлагаагаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Н.Нг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хүнс трейдХК-нд зүтгүүрийн зааварлагч машинистаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

            Хэдийгээр Хүнс трейдХК-иас хүсэлт гаргагч Н.Нг 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн боловч нэхэмжлэгч 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан, 2 жил гаран ажилгүй байж байгаад 2010 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа гаргуулсан гэж тайлбарлаж байх тул хүсэлт гаргагчийн тайлбарыг үнэн зөвд тооцсон болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Нгийн ажиллаж байсан байдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар тогтоох нь зүйтэй бөгөөд ажиллаж эхэлсэн хугацааг хүсэлт гаргагчийн 1989 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хугацаагаар, ажиллаж дууссан хугацааг хүсэлт гаргагчийн тайлбар болон Хүнс трейдХХК-ийн захирлын 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 0801 дүгээр тушаалд бичигдсэн хугацаагаар тус тус тооцож тогтоосон болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Баачууд овогт Нандавсүрэнгийн Нямсүрэнг 1989 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Худалдаа, бэлтгэлийн яамны харьяа Хүнсний барааны бөөний худалдааны газарт гараажийн эрхлэгч, механикчаар, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зүтгүүрийн зааварлагч машинистаар, Хүнс трейдХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1998 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зүтгүүрийн зааварлагч машенистаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Нгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР