Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 0031

 

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2018/00031

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Орчлон 84-06 байрлах Т Б К ХХК/РД: 5302277/-ийн З.Нг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн З.Н нь тус компанийн оруулан ирж худалдан борлуулдаг Кирби Сентриа хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болно. Уг гэрээний үнэ 5.700.000 төгрөг ба худалдан авагч нь урьдчилгаа 500.000 төгрөг төлж үүнээс хйш сар бүр 216.670 төгрөгөөр тооцоо хийж 24 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан болно. Одоогоор хариуцагч нь урьдчилгаатайгаа нийлээд нийт 3.539.000 төгрөг төлсөн. Мөн үндсэн төлбөрийн үлдэгдэл 2.161.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх өртэй болно. Улмаар төлбөрөө барагдуулахаар нэхэмжлэлийг холбогдох шүүхэд гаргасан боловч хариуцагч нь гэрээ хийхэд өгсөн буюу оршин суух хаягтаа байдаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 07292 дугаартай шүүгчийн захирамжаар тодорхой болсон. Иймд хариуцагч хаана байгаа мэдэгдэхгүй, оршин суух хаяг тодорхойгүй байх тул хариуцагч З.Нг эрэн сурвалжилж өгнө үү... Т Б КХХК-ийн З.Нг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие оролцох боломжгүй байх тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Т Б К ХХКнь З.Нг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх ба шүүх дээрх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь З.Н нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, худалдах, худалдан авах гэрээ, эргэн төлөлтийн хуваарь зэргээр,

З.Нгийн оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/шз2017/07292 дугаар захирамжаар тус тус тогтоогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Нг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгч Т Б КХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар З.Нг эрэн сурвалжилсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар З.Нг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

4. З.Н /РД: ШВ71041406/ нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ХД 28-18 тоот хаягт сүүлд бүртгэлтэй байсан, 99017120, 94017120 дугаарын утастай болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР