| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2017/03081/и |
| Дугаар | 182/ШШ2018/00342 |
| Огноо | 2018-02-23 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2018/00342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, дугаар байр тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, хороо, өөрийн байранд байрлах, Т банк ХХК-д холбогдох
Урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,041,050 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О шүүхэд болон төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1752 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1406 дугаартай магадлалаар Н.Оийг Т банк ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн Зохицуулалт хариуцсан мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,193,188 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Т банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1721 тоот тушаалаар Н.Оийг ажилд эгүүлэн тогтоосон. Иймд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,041,050 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгөхийг хүсч байна. Цалин хөлстэй тэнцэх олговорт 1,872,390 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Ажилгүй байсан хугацааны цалингаас 2,041,050 төгрөгийг хасч эвлэрэх боломжгүй гэв.
Хариуцагч Т банк ХХК-ийн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т банк ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1721 тоот тушаалаар Н.Оийг Т банк ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн Зохицуулалт хариуцсан мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн томилж, цалин хөлстэй тэнцэх олговорт 6,193,188 төгрөгийг олгож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Н.О нь мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцээгүй үндэслэлээр ажлаас халагдсан тул 3,000,000 төгрөг төгрөг төлөхийг зөвшөөрч, 2,041,050 төгрөгийг хасч эвлэрэх хүсэлттэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.О хариуцагч Т банк ХХК-д холбогдуулан урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,041,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,872,390 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хариуцагч Т банк ХХК нь ажилтан Н.О мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцээгүй халагдсан тул цалин хөлстэй тэнцэх олговорт 3,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2,041,050 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.
Т банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1752 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаан үүсч, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/00895 дугаартай шийдвэрээр Н.Оийг Т банк ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн Зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1406 дугаартай магадлалаар ”Шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Оийг Т банк ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн Зохицуулалт хариуцсан мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,193,188 төгрөгийг хариуцагч Т банк ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Н.От олгож, түүний Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01210 тоот тогтоолоор “Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1406 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учир Н.О Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1406 дугаартай магадлал гарсан өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардаж 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд ханджээ.
Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хуацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар олгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.
Хариуцагч Т банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1721 тоот тушаалаар Н.Оийг Т банк ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн Зохицуулалт хариуцсан мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн томилсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Ажилтан ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргаснаас үүсэх эрх зүйн үр дагавар мөн тул ажилтны ажлаас халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байна.
Иймд 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /цалин сард 1,032,195:21,5=өдөрт 48,009 төгрөг 105 өдрөөр тооцож/ 5,041,050 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Н.От олгох үндэстэй.
Нэхэмжлэгч Н.Оийн Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг ажил олгогчид даалгаж, цалин хөлстэй тэнцэх олговорт 1,872,390 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзсан тул хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Хариуцагч Т банк ХХК-ийн төлөөлөгч Д.Н нь цалин хөлстэй тэнцэх олговорт 3,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2,041,050 төгрөгийг хасч эвлэрэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Буянхишиг зөшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Т банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/670 дугаартай албан бичгээр төлөөлөгч Д.Н-д олгосон итгэмжлэлд эвлэрэх эрх олгогдоогүй бөгөөд дээрх хүсэлт нь шүүх хуралдааны хойшлуулах үндэслэлд хамаарахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбоотой бол түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1406 дугаартай магадлалд 1,032,195 төгрөгөөр сарын дундаж цалин хөлсийг тогтоосныг баримталж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т банк ХХК-иас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,041,050 /таван сая дөчин нэгэн мянга тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,872,390 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Т банк ХХК-нд даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,810 төгрөгийг Улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж Н.От олгож, хариуцагч Т банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 95,610 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгосугай.
4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ