| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2016/01589/и |
| Дугаар | 330 |
| Огноо | 2017-02-02 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 330
“Хүннүмолл” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01497 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Хүннүмолл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Сөүл” ХХК-д холбогдох
3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд, О.Мягмарсүрэн,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг,
Хариуцагчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүннүмолл” ХХК нь “Сөүл” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 255/15 тоот Хүлээн авалт зохион байгуулах гэрээ байгуулж, гэрээний үүргийн дагуу гэрээний баталгаажилт болох 3 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Сөүл” ХХК-ийн данс болох Голомт банкны 2105017273 тоот дансанд тушаасан. Гэвч манай байгууллагын дотоод зохион байгуулалттай холбоотойгоор шинэ жилийн арга хэмжээг өөрийн цогцолборт зохион байгуулах болсон бөгөөд “Сөүл” ХХК-тай байгуулсан хүлээн авалт зохион байгуулах гэрээг цуцлах талаарх мэдэгдлийг манай компанийн зүгээс албан бичгээр хугацаа алдалгүй 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн бөгөөд уг албан бичигт мөн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн урьдчилгаа төлбөрийг буцаан өгөхийг хүссэн. Харин “Сөүл” ХХК-ийн зүгээс уг албан бичгийн хариу болгон ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 226 тоот албан бичигтээ ...Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хүлээн авалт зохион байгуулах гэрээний 5.1 дэх заалтын дагуу гэрээ баталгаажуулснаас хойш захиалагч тал буюу “Хүннүмолл” ХХК-ийн зүгээс гэрээг цуцлах тохиолдолд урьдчилгаа болгож шилжүүлсэн төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд гүйцэтгэгч тал буюу “Сөүл” ХХК-д учирсан хохирлыг төлөх үүргийг хүлээсэн байгаа... гэж үзэн төлөхөөс татгалзсан болно. Энэхүү 255/15 тоот гэрээний хувьд хэт нэг талын ашиг сонирхлыг илүүд үзсэн бөгөөд нөгөө талыг хохироосон байгаа нь илт хууль зүйн үндэслэл бүхий байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дахь хэсэгт ...Стандарт нөхцлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээнзөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ... гэж заасан байдаг ч манай “Хүннүмолл” ХХК-ийг хохироогоод зогсохгүй ямар нэгэн үйлчилгээ үзүүлээгүй байж урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй гэж хариу хүргүүлж байгаа нь өөрөө шударга ёсны зарчимд харш байна. Манай компаниас гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн урьдчилгаа төлбөр болох 3 000 000 төгрөгийг төлөхийг хүссэн хүсэлт бичгээр хүргүүлсэн боловч “Сөүл” ХХК нь өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй нэхэмжлэгчийг чирэгдүүлсээр байна. Иймд “Сөүл” ХХК-иас Хүлээн авалт зохион байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн урьдчилгаа төлбөр болох 3 000 000 төгрөгийг хууль тогтоомжийн дагуу буцаан гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сөүл” ХХК нь ресторан, нийтийн хоолны үйлчилгээ явуулдаг үйл ажиллагааны хүрээнд “Хүннүмолл” ХХК-тай байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хүлээн авалт зохион байгуулах гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байгаа бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн дагуу талууд хуулийн хүрээнд гэрээнийхээ агуулгыг өөрсдөө тодорхойлж гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг хангаж байгуулсан гэрээ юм. Учир нь энэхүү гэрээг байгуулахад нэхэмжлэгчийн зүгээс гэрээний зохицуулалттай холбоотой аливаа санал, гомдол гаргаагүйн зэрэгцээ эрх бүхий этгээд болох Гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, компанийн тамгаар баталгаажуулсан байдаг.
Бидний хувьд талуудын байгуулсан хүчин төгөлдөр гэрээнд тусгагдсан нөхцлийн дагуу урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй байх эрхээ эдэлж үүнийгээ илэрхийлсэн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 226 тоот албан бичгийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 55 минутад хүргүүлсэн. Дээрх албан бичгийг хүргүүлснээс хойш нэхэмжлэгч талаас 2016 оны 9 сар хүртэл ямар нэг хариу ирүүлээгүй атлаа манай байгууллагыг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байна гэх зэргээр илт гүтгэн доромжилсон утгатай 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 473/16 тоот албан бичгийг ирүүлсэн.
Нэхэмжлэгчээс ирүүлсэн 473/16 тоот албан бичигт талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1 дэх заалтыг хууль зүйн хувьд илт үндэслэлгүй гэж үзэж байгаа шалтгаанаа тодорхойлоогүй байна. Ингэж тодорхойлох ч боломжгүй юм. Учир нь талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээ цуцлахтай холбоотой асуудлыг дээрх гэрээгээр тодорхойлж өгсөн. Мөн түүнийхээ дагуу бид урьдчилгаа төлбөрийг буцаан олгохоос татгалзсан. Мөн Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасны дагуу гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэсэн байдаг ба өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний зохицуулалтыг шууд анхаарна гэсэн үг юм. Талуудын хооронд үүсээд байгаа асуудал нь Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах зохицуулалттай холбоогүй бөгөөд гэрээ цуцлах тухай хууль зүйн үр дагаврын хувьд тэс өөр ойлголт юм. Талуудын хооронд үүссэн асуудал нь гэрээ цуцлахтай холбоотой болохыг ч нэхэмжлэгчээс ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 515/15 тоот албан бичигтээ тодорхой тусгасан.
Гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гарах үр дагаврыг талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-т тусгасан ба мөн иргэний хуулийн 355.6 дахь заалтын дагуу Захиалагч гэрээг ажил гүйцэтгэхээс өмнө цуцалсан тохиолдолд ажил гүйцэтгэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэсэн байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэхэмжлэгч цуцлаагүй бол манай байгууллагад орох байсан орлогыг бид нэхэмжлэгчээс гаргуулах бүрэн эрхтэй. Учир нь гэрээг цуцлахад манай байгууллагаас шалтгаалсан ямар нэг гэрээний үүргийн зөрчил гараагүй атал нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр гэрээгээ цуцалсан. Үүнээс шалтгаалж манай байгууллага тухайн өдөр олох ёстой байсан орлогоо олж чадаагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1 дахь заалтын дагуу урьдчилгаа төлбөрийг буцаан олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 233 дугаар зүйлийн 233.3 дахь заалтыг тус тус баримтлан “Сөүл” ХХК-иас 3 000 000 төгрөг гаргуулах тухай “Хүннүмолл” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: "...Энэхүү гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу “Сөүл” ХХК нь “Хүннүмолл” ХХК-д гэрээнд заасан бараа, ажил үйлчилгээг нийлүүлэх, “Хүннүмолл” ХХК нь бараа, ажил үйлчилгээг авч үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.." гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байх ба шүүхийн зүгээс талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд байгуулсан "...Хүлээн авалт зохион байгуулах тухай..." гэрээний үүргийн харилцаа, гэрээний үндсэн шинж нь ажил гүйцэтгэх, туслалцаа үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт багтаж байгаа бөгөөд гэрээний үндсэн зорилго нь үйлчилгээ авах зорилгыг агуулж байхад шүүх гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээнээс 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр татгалзаж байгаагаа хариуцагчид бичгээр мэдэгдсэн талаарх болон хариуцагч татгалзлыг хүлээн авч гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан олгохгүй гэсэн хариуг өгсөн үйл баритмаас үзэхэд талууд гэрээнээс татгалзаж байна гэж үзэхээр байна. Мөн талууд гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар нь, мөн гэрээ биелснээс олсон ашигийг харилцан буцааж өгөх үүргийн дагуу "Хүннүмолл" ХХК-иас авсан урьдчилгаа хөлсийг хариуцагч "Сөүл" ХХК нь буцаан өгөх үүрэгтэй байхад шүүх буруу дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглсэн гэж үзэх ба маргааны үйл баримтыг илт үгүйсгэсэн хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн буруу байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь заалтад гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдзэ үүргийн гүйцэтгэлд дэчинг оролцуулаагүй бол үүрэг гүйтцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө гэж заасан байна. Дээрх заалтын дагуу заасны дагуу гэрээг цуцалсан байх шаардлагатай бөгөөд "Хүннүмолл" ХХК-ийн зүгээс гэрээг цуцлах тухай саналыг "Сөүл" ХХК-д тавихдаа гэрээний үүргийн зөрчил, бараа ажил үйлчилгээний доголдол, хүндэтгэн үзэх үндэслэл зэрэг нөхцөл байдал буюу хуульд заасан үндэслэл байхгүй байхад гэрээг цуцлах санал гаргаж, гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй байх бөгөөд “Хүннүмолл” ХХК-ийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан бараа, ажил үйлчилгээг авч, үнийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ ...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байхаас гадна ойлгомжгүй, тодорхойгүй байна.
Учир нь талууд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах тухай гэрээгээр нэг тал нь үйлчилгээ авах, нөгөө тал нь үйлчилгээ авсны төлөө харилцан тохирсон хөлс төлөх үүргийг хүлээсэн бөгөөд нэхэмжлэгч "Хүннүмолл" ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж үндсэн үүргээ хэсэгчлэн биелүүлж урьдчилгаа 3 000 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргахгүй гэж ойлгож байна. Гэтэл анхан шатны шүүх "Хүннүмолл" ХХК ажил, үйлчилгээний үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болжээ. "Хүннүмолл" ХХК нь "Сөүл" ХХК-иас гэрээний дагуу ямар нэгэн үйлчилгээ аваагүй бөгөөд гэрээнээс татгалзсантай холбогдуулан урьдчилан төлсөн хөлсөө буцаан шаардаж байгаа юм. Анхан шатны шүүх гэрээний гол үүргийн төлбөр төлөх үүргийг буруу тайлбарлаж үүргийн гүйцэтгэлийг хангах аргатай хольж хутган хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Талуудын хооронд үүссэн маргаанаас хариуцагч "Сөүл" ХХК нь үндэслэлгүйгээр 3 000 000 төгрөгөөр хөрөнгөжсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдоно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч зохигчдын хооронд үүссэн харилцаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.
Нэхэмжлэгч “Хүннүмолл” ХХК хариуцагч “Сөүл” ХХК-д холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй гэж заасан тул 3 000 000 төгрөгийг буцаан олгохгүй, тус компани гэрээний үүрэг зөрчөөгүй байхад үндэслэлгүйгээр гэрээг цуцалсан гэж маргажээ.
Хэргийн 6-9 дүгээр талд талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан журмын дагуу бичгийн хэлцэл хийж байгуулсан Хүлээн авалт зохион байгуулах гэрээ /хх-6-9/ авагдсан байх бөгөөд уг гэрээний агуулгаас үзвэл хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн шинэ жилийн хүлээн авалтыг зохион байгуулах, нэхэмжлэгч хариуцагчид үйлчилгээний хөлс төлөх үүрэг хүлээж тохиролцсон байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.
Гэрээний эрх зүйн нь тодорхой эд хөрөнгө, эрхийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх болон бараа бэлтгэн нийлүүлэх талаар заагаагүй тул уг гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр буруу байна.
Талуудын хоорондын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дээрх хүлээн авалт зохион байгуулах гэрээ байгуулагдахад, нэхэмжлэгч нь уг захиалгыг баталгаажуулж төлбөр тооцооны урьдчилгаа болгон 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт хэргийн 18 дугаар талд авагдсан төлбөрийн даалгавар баримт, талуудын тайлбараар тогтоогдсон байна.
Талуудын хоорондын гэрээний нийт үнэ, түүнээс урьдчилгаа төлбөр ямар хэмжээтэй байх талаар талууд тухайлан заагаагүй байх тул уг 3 000 000 төгрөгийг гэрээний дагуу буцаан шаардах эрхгүй төлсөн төлбөр гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн төлсөн 3 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан талуудын хооронд байгуулагдсан гэрээний нотолгоо болгон 3 000 000 төгрөгийг “дэнчин”-д төлсөн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцалсан, эсхүл үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй тохиолдолд дэнчин авсан тал буюу хариуцагч дэнчинг нэхэмжлэгч буюу дэнчин тавигчид буцааж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч “Хүннүмолл” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 515/15 тоотоор гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хариуцагч “Сөүл” ХХК-д хүргүүлсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан болох нь зохигчдын хэн алины тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.
/хэргийн 10-11 дүгээр тал/
Иймд талуудын хоорондын гэрээний үүрэг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон гэж үзнэ. Хариуцагч нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор өөрт нь хохирол учирсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт зааснаар дэнчинг өөртөө үлдээх боломжгүй юм.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгч нь урьдчилгаанд 3 000 000 төгрөг төлсөн үндэслэлээ нотолсон тул Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар дэнчингийн мөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй тул хариуцагч “Сөүл” ХХК-иас 3 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хүннүмолл” ХХК-д олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай болно.
Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх залруулав.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01497 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Сөүл” ХХК-иас 3 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хүннүмолл” ХХК-д олгосугай”,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “Сөүл” ХХК-иас 62 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хүннүмолл” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хүннүмолл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболдын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ