Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2015/1361

 

2015 оны 8 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2015/1361

Улаанбаатар хот

 

Мын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баясгалан нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэртнэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Мын нэхэмжлэлтэй, Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсийн санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Р, тус газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч М нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М миний бие 2009 оноос 2012 оны 10 сар хүртэлх хугацаанд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийн байцаагчаар ажилласан. 2014 оны 4 дүгээр сард Мэргэжлийн хяналтын газраас Нийгмийн даатгалын хэлтэс дээр 2014 оны төлөвлөгөөт шалгалт хийсэн. Шалгалтын үеэр миний хариуцаж байсан ажлын хүрээнд 3 хүний тахир дутуугийн тэтгэвэртэй холбоотой нийт 14,7 сая төгрөгийн төлбөрийн акт тавьж, нэр бүхий 3 даатгуулагчийн тэтгэврийг зогсоож, даатгуулагчдыг хохироож байна гэж үзэж байна.Нийгмийн даатгалын ерөнхий газраас манай хэлтэс дээр шалгалт ирж уг актыг үзүүлж зөвлөгөө авсан бөгөөд шалгалтын бүрэлдэхүүн дахин нягталж үзээд эдгээр 3 хүний тэтгэврийг Нийгмийн даатгалын хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар тогтоож олгон тавигдсан актын зөрүүгээр нь төлбөрийг нь барагдуулахаар байна гэж зөвлөсөн. Мөн энэ шалгалтын хүмүүс Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актыг бид хүчингүй болгох эрх байдаггүй тул та Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан ёсоор хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх шаардлагатай гэж зөвлөсний дагуу 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүсэлт гаргаж 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхийгазар давхар хүсэлт явуулсан. 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шүүхээр шийдвэрлүүлэх боллоо гэсний дагуу Захиргааны анхан шатны 3 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.Иргэн хүн ажил хөдөлмөр хийх бүрэн эрхтэй хуулиар хөдөлмөрлөхийг зөвшөөрсөн. Ажил хөдөлмөр хийж шимтгэл төлж болох, үгүйг Мэргэжлийн хяналтын байгууллага хориглох эрх байхгүй. Миний бие М, Хяналт шалгалт хариуцсан улсын байцаагч О, Ц нар хянаад Нийгмийн даатгалын байгууллагад бүрдүүлж өгсөн өргөдөл, даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, түүний хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын тогтоосон сүүлийн акт, Нийгмийн даатгалын хуулийн дагуу гэрээгээ хийж шимтгэлээ төлж баталгаажуулсан нийгмийн даатгалын дэвтэр бусад баримтыг үндэслээд халамжийн сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад зогсоогдсон байсан 3 иргэнийг нийгмийн даатгалын сангаас хуулийн дагуу тэтгэвэр авах эрх нь нээгдэж хуульд заасан болзолыг хангасан гэж үзсэн учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн дагуу тахир дутуугийн тэтгэврийг тогтоож, тэтгэврийг даатгалын сангаас олгосон. Хөдөлмөрийн чадвараа алдсанаас өмнөх хугацааны 5 жилийн дотор нийтдээ 36 сар буюу 3 жил шимтгэл төлсөн бол гэсэн хуулийн зүйл заалт байхгүй. Хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуу болсноос өмнөх хугацааны 5 жилийн дотор нийтдээ 36 сар буюу 3 жил шимтгэл төлсөн бол түүнд тахир дутуугийн бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ гэж заасан байдаг. Хөдөлмөрийн чадвараа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагч, иргэн насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй байна гэж байхгүй, хөдөлмөрийн чадвар алдалт нь эдгэрээд өөр өвчнөөр дахин хөдөлмөрийн чадвараа алдаж болно, хэдэн ч удаа алдаж болно, энэ тохиолдолд дараагийн тогтоосон актад заасан хугацааны өмнөх нийт хугацааны шимтгэл төлсөн байдлыг харгалзан үзэж тэтгэврийг бодож олгоно. Иргэн, даатгуулагч аль төрлийн тэтгэврээ сонгон авах эрх нь нээлттэй. Манай дээд шатны байгууллага миний бодсон тэтгэврийг хянаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт актыг хүчингүй болгох хүсэлт гаргаж байхад аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь хөгжлийн бэрхшээлтэй дээрх 3 иргэнийг даатгалын сангаас тэтгэврийг нь олгохгүй зогсоож нийгмээс ялгаварлан үзэж байгаа нь хуулиа зөрчиж байна. Иймд 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 0 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч М шүүхэд урьд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэр бүхий 3 иргэнд нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр олгох эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Нийгмийн даатгалын тухай хуульд тэтгэвэр гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийгтахир дутуугийн тэтгэвэр гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагч иргэнд өнгөрсөн хөдөлмөрийн үйл ажиллагаанаас хамааралтайгаар авч ирсэн цалин хөдөлмөрийн хөлснөөс тооцож тэтгэврийн даатгалын сангаас түүний хөдөлмөрийн чадваргүй байгаа хугацаанд буюу хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгө гэж заасан. Гэтэл дээрх иргэд нь ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж байх үедээ уг өвчнөөр өвчилж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоолгоогүй, харин нийгмийн халамжийн тэтгэвэр авч байх хугацаандаа шимтгэлийг сайн дураараа төлж нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авсан байна. Иргэн Н нь хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу бүрэн алдсан, Б нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй , сунгалт хугацаагүй, А нь хүнд хэлбэрийн түр зуурын муужралт өгдөг хөгжлийн бэрхшээлтэй байх тул Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтаар нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авах нь зүйтэй гэж үзсэн. Мөн шалгалтын нэгдсэн дүнг нийгмийн даатгалын хэлтсийн удирдах албан тушаалтнууд, нийт байцаагчдыг байлцуулан хурлаар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хэлэлцүүлж, дээрх иргэдтэй холбоотой 05-06-016/80 тоот актыг албан тушаалтнууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр акт юм гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.7, 10дугаар зүйлийн 10.12.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 29 дүгээр 29.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан "Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 05-06-016/08 дугаар актыг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтуудаар тэтгэвэр тогтоох эрх үүсээгүй... гэсэн үндэслэл тавьсан байхад шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 гэсэн байгаа нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн болохыг нотолж байна Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах онцгой эрхийг шүүх үгүйсгэх, өөрчлөх эрхийг эдлэхгүй юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй даатгуулагч хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгааг би хориглох эрх байхгүй, бүрдүүлсэн баримтын хүрээнд шийдвэр гаргадаг бөгөөд миний энэ шийдэл яг ямар хуулийг зөрчсөн болохыг би ойлгохгүй байна. Хуульд заасан баримтыг бүрдүүлээд ирж байгаа иргэнийг та яах гэж ажил хөдөлмөр эрхэлсэн юм, орлогоосоо шимтгэл төлөхөө боль гэх эрх хэнд ч байхгүй билээ. Хэрэв миний буруу юм бол гуравдагч этгээдүүдээс авсан шимтгэлийг тухайн үед нь авахгүй байх ёстой байтал намайг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Мэргэжлийн хяналтын шалгалт явагдаж байх үед би жирэмсний амралттай, хөдөлмөрийн хуулийн дагуу хүүхдээ асарч байсан тул ямар нэг тайлбар гаргах эрх эдлээгүй учраас өрөөсгөл дүгнэлт гарсан гэж үзэж байна. Шүүх бүх баримтыг цуглуулж шийдвэр гаргах үүргээ биелүүлсэнгүй. Даатгуулагч Ад 7.1 заалтаар бүрэн тэтгэвэр тогтоох, Н Б нарт 7.2 заалтаар хувь тэнцсэн тэтгэвэр тогтоож олгох үндэстэй гэж үзэж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү хөдөлмөрийн нийгмийн хамгааллын хэлтсээс тавьсан 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 тоот актыг хүчингүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн үйл баримтанд дүгнэлт өгсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсийн дарга Р, Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч М нар тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Тэтгэврийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлт, зарцуулалтад 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийсэн хяналт шалгалтаар Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч М нь иргэн Б, Н, А нарт нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгох эрх үүсээгүй байхад тахир дутуугийн тэтгэвэр олгосон зөрчил илэрсэн гэх үндэслэлээр 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 05-06016/08 тоот акт үйлдэж нэхэмжлэгч Маар 14.787.050 төгрөгийн төлбөрийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрхи улсын байцаагчийн актыг нэхэмжлэгч М эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахдааХөдөлмөрийн чадвараа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагч хэдэн ч удаа хөдөлмөрийн чадвараа алдаж болох ба энэ тохиолдолд дараагийн чадвар алдалтыг тогтоосон актад заасан хугацааны өмнөх шимтгэл төлсөн байдлыг харгалзан үзэж тэтгэврийг бодож олгох ёстой тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн дагуу тахир дутуугийн тэтгэврийг тогтоож, тэтгэврийг даатгалын сангаас олгосон гэж маргасан.

 

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн акт үндэслэлтэй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараахь хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заажээ.

Дээрхи хуулийн шаардлага хангагдаагүй тул иргэн Бд 2010 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал, иргэн Ад 2010 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал, иргэн Нд 2010 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2011 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоон олгож байсан байна.

Гэтэл нэр бүхий иргэд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгон, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр авч байхдаа нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж иргэн Б 4 жил 9 сар 30 хоног, иргэн А 3 жил 3 сар 28 хоног, иргэн Н 3 жил 30 хоног тус тус шимтгэл төлсөнийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн1 дэх хэсэгт заасан тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсч байна гэх үндэслэлээр Бд 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, Ад 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдөр, Нд 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдөр бүрэн тэтгэвэр тогтоосон нь дээрхи хуулийг зөрчсөн зөрчил болно.

Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн1 дэх хэсэгт заасан тахир дутуугийн тэтгэвэрийг хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдахаас өмнөх 5 жилийн 3 жилд төлсөн даатгуулагчид олгох зохицуулалт бөгөөд хөдөлмөрийн чадвараа алдсанаас хойш сайн дураараа даатгуулж шимтгэл төлсөн хугацааг хамааруулах боломжгүй юм.

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангаагүй даатгуулагч нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоож авах эрхтэй гэснийг даатгуулагч хөдөлмөрийн чадвар алдахаас өмнөх 5 жилийн 3 жилд шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй ч нийт 3-аас доошгүй жил шимтгэл төлсөн байвал хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрхийг хуульчилсан байх бөгөөд энэ нь гагцхүү хөдөлмөрийн чадвар алдахаас өмнө шимтгэл төлсөн байх хуулийн шаардлага гэж ойлгогдоно.

Иймд нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар даатгуулагч Ад бүрэн тэтгэвэр тогтоох, 7 дугаар зүйлийн 2-т зааснаар Н Б нарт хувь тэнцсэн тэтгэвэр тогтоох үндэстэй гэсэн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Нэр бүхий иргэдийг хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон хугацаа дуусаад дахин хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдох хугацаанд шимтгэл төлсөнийг хамааруулан үзсэн гэх гомдлын тухайд:

Анх иргэн Н 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 70 хувиар, иргэн Б 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 60 хувиар, иргэн А 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 60 хувиар тус тус хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон байх ба Засгийн Газрын 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 304 дүгээр тогтоолоор батлагдсан Эмнэлэг-Хөдөлмөрийн магадлах комиссын дүрэмд заасны дагуу Н, А нарын хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа хэд хэдэн удаа сунгагдаж, Бы хөдөлмөрийн чадвар алдалтыг хугацаагүйгээр тогтоосон, эдгээр иргэд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаагаа цуцлуулж байгаагүй нь баримтаар тогтоогджээ.

Гэвч нэр бүхий иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацаа дууссанаас дараагийн хугацаагаа сунгуулах хоорондох шимтгэл төлөлт 3 жил хүрэхгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН