Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Б.Соёлмаа,

хохирогч С.Мөнхбаатар,

шүүгдэгч Б.Насанбат,

шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ, тэдгээрийн өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Хэрэйд овогт Болдын Насанбат, Соёолон бор овогт Цасанцэцэгийн Бат-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201626030811 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1.Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Уул уурхайн хүнд машин механизмын ашиглалтын засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх , дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 0-24 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хэрэйд овогт Болдын Насанбат /РД:УП96062439/,  

 

2.Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Дээд сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 13-605а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Соёолон бор овогт Цасанцэцэгийн Бат-Эрдэнэ /РД:УУ95041915/

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Насанбат, Ц.Бат-Эрдэнэ нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, иргэн С.Мөнхбаатарыг онцлох шалтгаангүйгээр зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэг бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч С.Мөнхбаатарын: “...2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 7 дугаар байранд найз Сайнаагийн гэрт байсан. Сайнаагийн гэрээс шөнө 02 цаг өнгөрч байхад гарсан. ...Байрнаас гараад явж байхад хойно хүмүүс орилоод шуугилдаад байсан. Тэгсэн чинь хойноос цохиод куртикнээс гуд татаж газар унагасан. Тэгээд өшиглөж эхэлсэн. Ямар ч үг яриа болоогүй. Цохиод эхэлсэн. Та нар яаж байна” гээд нүүрээ дараад байж байсан. Хоёр талаас чөлөө завгүй өшиглөөд байсан. Нэг чөлөө гарангуут нь би босоод зугтаасан. Би зугтаад 30 метр орчим газар гүйхэд хойноос ирээд түлхэж татаад унагаагаад дахиад өшиглөсөн. Дахиад  босоод зугтаасан. Тэгээд тал талаас өшиглөөд байсан. Миний куртикнээс чирээд дэлгүүрийн хажуу талын гражны үүдэнд авчраад өшиглөсөн. Миний гар утас газар унахад утсыг нь ав гээд утас авч үзэнгүүтээ над руу шидсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 Гэрч М.Жигүүрийн “...2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр манай дүү Мөнхтөмөр нь Бээжингээс ирсэн гээд намайг дуудсан. Мөнхтөмөртэй 7 дугаар сургуулийн хажууд уулзаад явж байхдаа Бат-Эрдэнэ, Насанбат хоёртай таарсан. Тэгээд хамт 64 дүгээр байрны урд талын саравчинд сууж байсан. Бат-Эрдэнэ цаашаа 7 дугаар байрны тийшээ хүнтэй уулзаад ирье гээд явсан. Бат-Эрдэнэ 7 дугаар байрны орцны цонхноос Насаа нааш ир гээд орилсон. Насанбат тийшээ гүйгээд явсан. Мөнхтөмөр бид 2 араас нь очсон. Бид нар очиход 7 дугаар байрны хэддүгээр билээ нэг орцны гадаа үүдэнд байсан. Тэнд Насанбат нэг ахыг татаж унагасан гэсэн. Намайг харахад нэг ах газар хэвтэж байсан. Хажууд нь Насанбат тэр хүнийг нилээн хэд өшиглөсөн. Бат-Эрдэнэ бас өшиглөсөн. Тэр ах босоод цаашаа гүйгээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Э.Мөнхтөмөрийн “... 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Бээжингээс Монголд ирээд 5 дугаар сарын 31-ний өдөр Нисэхэд Жигүүртэй уулзах гэж ирсэн. Жигүүр бид хоёр Буянт-Ухаа 1 хороолол дахь манай гэрт байж байгаад ойрхон тийшээ гарч 7 дугаар сургуулийн талбайд очсон. Тэндээс явж байх замдаа Бат-Эрдэнэ, Насанбат нартай таарсан. Уулзаад 64 дүгээр байрны тэнд очсон. Урд талын саравчинд юм ярьж сууж байгаад Бат-Эрдэнэ нь Оросын байрны хамгийн захын орцонд охинтой уулзах гэж орсон. Тэгээд орцны цонхоор наадах хоёроо бариад ав гэж хэлээд буцаад орсон. Тэгсэн чинь Насанбат түрүүлж гүйж очоод нэг хүнийг нь татаж унагаад унагаасныхаа дараа тэр хүнийг Насанбат цохьсон. Бат-Эрдэнэ орцноос гарч ирж байсан. Жигүүр бид хоёр очиж юу болсон, яасан гэж салгасан. Бат-Эрдэнэ та хоёр ойлгохгүй, холдож бай гээд тэр хоёр хүнийг зодсон. Тэр хоёр 7 дугаар байрны 5 билүү 6 дугаар орцны үүдэнд зодож байсан. Жигүүр бид хоёр салгачихаад АПУ-гийн дэлгүүрийн тийшээ явсан. Бат-Эрдэнэ, Насанбат хоёр зодчихоод тэр хүн зугтаад явахад араас нь гүйгээд явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Б.Эрдэнэчимэгийн: “...Мөнхбаатар  нь орой 21 цагийн үед ганцаараа хүнтэй уулзана гээд гарсан. Тэр шөнө 4 цагийн үед гэртээ ирсэн. Мөнхбаатар гэрт ирэхэд хаалга нүдэхээр нь хаалга тайлж оруулсан. Тэгэхэд нүүр нь нил цус болсон байсан. Би түргэн дуудсан. ...Тэгэхэд Мөнхбаатарын зүүн талынх билүү, нэг талын нүдний дээд талд хөмсөг нь язарсан, хамараас нь цус гоожсон, доод уруулын дотор тал язарсан, шанаа нь хөх няц, нэг талын чих хавдаад дотор талаас нь цус гарч байсан. Мөн хувцас нь тоос шороо болсон, чирсэн бололтой, куртикны ханцуй, суга нь урагдсан байсан. Мөнхбаатараас юу болсон талаар асуухад Оросын байрны тэнд явж байгаад зодуулчихлаа гэсэн. Яагаад зодуулсан гэхэд 7 дугаар орцноос гараад явж байсан чинь хойноос хүүхдүүд пижигнээд гүйгээд явсан. Хажуугаар өнгөрөх болов уу гэсэн чинь араас цохиж унагаагаад тал талаас өшиглөсөн гэсэн. Миний утас муу нокио байсан юм чинь утсыг аваагүй. Алаад хаячих гээд зодоод байсан. Нэг хүүхдийг нь таньсан гэж хэлсэн. Босоод зугтах гэхэд дахиж барьж аваад зодоод байсан гэсэн. Намайг зодох гээд чирсэн. Нэг хүүхэд нь Цасангийн хүүхэд болов уу гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Э.Энхжаргалын “...Манай 1 дүгээр байр нь 7 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талд байдаг. Манай өрөөний цонх долдугаар байр руу харсан байдаг. Шөнө 2 цаг өнгөрөөд 3 цагийн үед унтаж байгаад сэрсэн чинь гадаа эмэгтэй хүн болиоч ээ гэж хэлэх шиг болсон. Цонхоор харсан чинь долдугаар байрны гол хавьцаа гадаа нэг хүн газар унасан, хоёр хүн тэр хүнийг дэвсэж байсан. Энэ зодож байсан хоёр хүний цаад талаас Мөнхтөмөр нэг бандитай хамт 2 метрийн зайтай зогсож байсан. Тэд зодож байсан хоёр бандийг салгасан. Мөнхтөмөр хажуудаа цуг яваа бандитай хамт хойшоо явсан. Нөгөө хэвтэж байсан согтуу хүн босоод урд зүг рүү явсан. Зодож байсан хоёр залуу тэр хавьд үлдсэн. Тэдний зодож байсан газрын хажууд саравчны гэрэлтүүлэг байдаг юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 07-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №7641 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. С.Мөнхбаатарын биед тархи доргилт, дух, зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, хүзүүний зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алим, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 38 дугаар хуудас/

 

-2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

-2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Хэрэг учрал болсон газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Б.Насанбат мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Бид нар Нисэхийн 7 дугаар байрны гадна талын цэцэрлэгт саравчинд сууж байсан. Ба-Эрдэнэ 7 дугаар байрны орцны тэнд утсаар ярих гээд очсон байсан. Бат-Эрдэнэ намайг наадахаа барьж бай гэж орилсон. Би очоод хохирогч Мөнхбаатар гэгчийг татаж унагаад нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд тэр хүн зугтаад явсан. Би тэр хүнийг танихгүй, ямар нэгэн шалтгаангүй зодсон. Мөнхбаатар нь Бат-Эрдэнэтэй муудалцсан гэж бодоод тэгээд түүнийг татаж унагаад зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “..Сайн санахгүй байна. Бид Нисэхийн 64 дүгээр байрны тэнд саравчинд сууж байсан. Тамхи татаад, ундаа уугаад сууж байсан. Би утсаар ярих гээд явсан. 7 дугаар байрны хамгийн баруун талын захын орцны үүдэнд утсаар ярьж байсан. Согтуу хоёр хүн өнгөрсөн. Би юу гэж хэлснээ санахгүй байна. Мөнхбаатар билүү тэр хүнтэй маргалдсан. Юу гэж маргалдсан гэдгээ мэдэхгүй байна. Юу ч гэж хэлснээ мэдэхгүй байна. Би Мөнхбаатарыг цохьсон. Мөр рүү нь цохьсон. Тэр маргалдаад зугтаад явсан. Би Насаа барь гэж орилсон. Насанбат түүнийг татаж унагаад өшиглөсөн. Тэгээд тэр хүн зугтаад явсан. ...Таарамжгүй харьцаа байхгүй. Харьцаж байгаагүй. Ямар нэгэн шалтгаангүй, маргалдсаны улмаас зодсон. Би утсаар яриад байж байсан чинь муухай юм хэлсэн. Юу гэж хэлсэн гэдгийг нь санахгүй байна. Би зүгээр байгаарай гэж хэлсэн. Тэр хүн согтуу өөдөөс юм ярьсан. Согтуу болохоор нь юу гэж хэлснийг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Б.Насанбатаас “Бид нар Нисэхийн 7 дугаар байрны гадна талын цэцэрлэгт саравчинд сууж байсан. Бат-Эрдэнэ 7 дугаар байрны орцны тэнд утсаар ярих гээд явсан. Удаагүй Бат-Эрдэнэ намайг “наадахаа барьж бай” гэж орилсон. Би очоод хохирогч Мөнхбаатарыг цохьсон. Би тухайн үед Бат-Эрдэнэтэй муудалцсан гэж бодоод хохирогчийн зодсон.  Уучлал гуйж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнээс “Бид Нисэхэд байрны гадаа саравчинд тамхи татаад, ундаа уугаад сууж байсан. Би утсаар ярих гээд явсан. Тэгээд 7 дугаар байрны хамгийн баруун талын захын орцны үүдэнд утсаар ярьж байгаад хохирогч Мөнхбаатартай таараад маргалдаад зодсон. Гэтэл хохирогч Мөнхбаатар зугтаахаар нь Насанбатыг “бариад ав” гэж орилсон. Тэгээд Насанбат өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчоос уучлал гуйж байна” гэв.

Хохирогч С.Мөнхбаатараас “2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Нисэхийн 7 дугаар байранд найзынхаа гэрт байж байгаад шөнө 02 цаг өнгөрч байхад гарсан. Гэтэл байрны гадаа хүмүүс шуугилдаад сууж байсан. Гэнэт миний араас цохиод татаж газар унагаад өшиглөж эхэлсэн. Би арай хийж зугтаад найзынхаа гэрт орсон. Тэгээд манай найз цагдаад мэдэгдсэн. Тухайн үед Насанбат, Бат-Эрдэнэ нартай маргалдсан зүйл байхгүй. Ямар ч шалтгаангүйгээр намайг зодсон. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл  байхгүй” гэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 67, 72 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 69-81 дүгээр хуудас/

Гэрч Б.Цасанцэцэгийн “...Бат-Эрдэнэ нь зан байдлын хувьд даруухан зантай. Хүнээс үг сайн сонсоно. Хэлсэн болгоныг сайн биелүүлнэ. Сэтгэлийн хөөрөлгүй. Үг яриа бага, их яриад байдаггүй. Хурдан уурлаж бухимдаад байдаггүй, тайван зантай. Бусадтай нийтэч бүрэг ичимхий биш, хөдөлмөрч, ажилд сайн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас

Гэрч О.Оюунмаагийн “...Миний хүү Насанбат нь төлөв даруу зантай, ээж аавынхаа үгэнд сайн ордог, сэтгэлийн хөөрөл бага, хурдан уурлаж бухимдаад байдаггүй. Ажил төрөл сайн хийдэг. Огцом зан байхгүй, тайван. Сэтгэн бодох чадвар хурдан. Ангийнхаа хүүхэдтэй эвсэг, нийтэч байсан. Архи дарс уудаггүй. Тамхи татдаг. Сагсан бөмбөг тоглох дуртай. Насанбат нь чөлөөт цагаараа компьтерээр сагсан бөмбөг тоглоод л сууж байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

Шүүгдэгч Б.Насанбат, Ц.Бат-Эрдэнэ нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр  бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, иргэн С.Мөнхбаатарыг онцлох шалтгаангүйгээр зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогч С.Мөнхбаатарын мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч М.Жигүүрийн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,  гэрч Э.Мөнхтөмөрийн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

гэрч Б.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Э.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 07-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №7641 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч  Ц.Бат-Эрдэнэ, Б.Насанбат нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ, Б.Насанбат нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг шалтаг шалтгаангүйгээр зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ, Б.Насанбат нар нь эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 500.000 төгрөгийг хохирогч С.Мөнхбаатарт төлсөн байна.  

 

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ, Б.Насанбат нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ Б.Насанбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.