| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2017/0610/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/522 |
| Огноо | 2017-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2017/ШЦТ/522
2017 12 11 522
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч Г.Э....... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хулгар овогт Г.......ийн Э.......ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0109 80215 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хулгар овогт Г.......ийн Э......., Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, талбайн инженер мэргэжилтэй, “Миксэл” ХХК-нд худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн ....................., урьд
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 01 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 01 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Г.Э....... нь 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ........ тоотод найз эмэгтэй болох иргэн Х.Ж........г хардалтын улмаас марган зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э....... мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Х.Ж........гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр...найз залуу Г.Э.......ийн хамт найз У........, Н... нарын хамт...караоке орсон. Тэнд байхад нэг танихгүй залуу Н...гийн утасны дугаарыг асуухаар нь би түүнд манай найз хүүхэдтэй шүү гэсэн чинь за за гээд яваад өгсөн. Тэгээд бид нар У........, Н... нарын гэрт очиж пиво ууж хоносон. 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр манай гэрт Г.Э....... бид хоёр очсон. Гэтэл өчигдрийн болсон явдал буюу надаас Н...гийн дугаар асуусан залуутай Г.Э....... хардаж “чи түүнтэй алцганасан биз” гээд уурлаад эхэлсэн. Би хувцасны шүүгээний хажууд хувцсаа солих гэтэл над руу дайраад байхаар нь би өмдний тэлээгээр цохиход...намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би тольтой шүүгээн дээр байсан тос аваад Г.Э....... рүү шидсэн чинь оноогүй. Тэгтэл Г.Э....... босч ирээд миний барьж байсан тэлээг булааж аваад гэдэс рүү өшиглөсөн. Дээр суучихаад хоолой боогоод шанаадаад зодсон. Намайг орилж байтал урд талын айлын эгч орж ирээд салгасан... надад одоо санал хүсэлт байхгүй...эмчилгээний төлбөрт Г.Э.......эээс 200.000 төгрөг гаргуулж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 21 дэх тал),
“...Г.Э....... миний найз залуу бид хоёр цаашдаа хамт амьдраад гэр бүл болох гэж байгаа. Г.Э....... цагаан сарын үеэр манай гэрийнхэнтэй танилцсан. Тэр цагаас хойш бид хоёр дотно харьцаанд орсон, бид хоёр үерхэж, цаашдаа хамт амьдарна манай хоёр гэрийнхэн бид хоёрыг мэднэ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63, 64 дэх тал),
2. Гэрч Б.Я...ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчим ...намайг гэртээ байж байхад манай дүүгийн хоёр хүүхэд орж ирээд Ж........ эгч гэртээ орилоод байна гэж хэлэхээр би тэдний гэрт нь ороход Ж........г найз залуу нь зуухны хажууд шалан дээр хэвтүүлсэн, толгой руу нь гараараа 2 удаа цохиод авахаар нь чи болиоч гэхэд намайг тоохгүй байсан. Ж........гийн найз залуу нь босч ирээд Ж........гийн бөгс рүү 2 удаа, бас нуруунд нь 1 удаа өшиглөөд, өвдгөн дээр нь 2 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал),
3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 10090 дугаар шинжээчийн дүгнэлтэнд
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун өвдөгний дотор хэсэгт 2.5х2.0см, зүүн өвдөгний гадна хэсэгт 2.0х1.0см, баруун гуяны гадна дээд хэсэгт 4.0х2.0см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай. Зүүн чихний дэлбэнд 2.0х1.0см ягаан өнгийн цус хуралттай. 2017.08.04-ны “IMAGE” КТГ-ийн хариунд: ....субарахнойд зай дух хэсгээр бага зэрэг өргөссөн...онош: Тархи доргилт, тархины даралт ихсэлт гэжээ. ДҮГНЭЛТ:
1. Х.Ж........гийн биед тархи доргилт, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27),
4. Шүүгдэгч Г.Э.......ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Х.Ж........ бид хоёр үерхдэг юм. Цаашдаа гэр бүл болохоор төлөвлөж байгаа. Хоёр талын эцэг, эхчүүд мэддэг. Бид хоёр нэг нэгнийхээ гэрээр орж, гарч хонож өнждөг. 2017 оны цагаан сарын үеэр бэлгийн харьцаанд орж илүүл дотноссон. 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр бид хоёр Ж........гийн найзын гэрт очиж хоносон. Тухайн үед Ж........ согтоод найзуудтайгаа нэг залуугийн талаар яриад байсан. Маргааш нь бид хоёр Ж........гийн гэрт очоод би түүнээс ярьж байсан залуугийн талаар асуухад над руу орилж чарлаад...аяга таваг баахан зүйл шидээд байсан. Намайг сууж байхад ирээд тэлээгээр ороолгохоор нь түүний гарнаас нь зуураад хальтарч хамт газарт унасан. Хоёр гарыг нь зөрүүлээд барихад миний гарнаас хазаад байсан. Би Ж........г түлхээд түрүүлээд боссон. Тэгээд намайг цохиод байхаар нь би 2 удаа алгадсан юм. Тухайн үед маргалдаад ноцолдсон болохоор би бухимдсан байсан. Тэр үед урд айлынх нь эгч ороод ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60),
5. Гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл, гэрэл зураг (хавтаст хэргийн 8, 9), шинжээч эмч М.Золжаргалын мэдүүлэг (хавтаст хэргийн 67),
- хохирлын талаарх баримт (хавтаст хэргийн 69), хохирогчийн мөрдөн байцаалтад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 83)
- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 34, 30), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 74) хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 35, 36, 38-47), “Миксэл” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 81) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Э.......эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Э.......ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Г.Э....... нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 8 дугаар гудамжны 34 тоотод, 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий Х.Ж........г цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
- Хохирогч Х.Ж........гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.Э....... хардаж “чи түүнтэй алцганасан биз” гээд уурлаад эхэлсэн. ...босч ирээд миний барьж байсан тэлээг булааж аваад гэдэс рүү өшиглөсөн. Дээр суучихаад хоолой боогоод шанаадаад зодсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 21 дэх тал),
- Гэрч Б.Я...ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би Ж........гийн гэрт нь ороход Ж........г найз залуу нь зуухны хажууд шалан дээр хэвтүүлсэн, толгой руу нь гараараа 2 удаа цохиод авахаар нь чи болиоч гэхэд намайг тоохгүй байсан. Ж........гийн найз залуу нь босч ирээд Ж........гийн бөгс рүү 2 удаа, бас нуруунд нь 1 удаа өшиглөөд, өвдгөн дээр нь 2 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 10090 дугаар шинжээчийн дүгнэлтэнд (хавтаст хэргийн 27),
- Шүүгдэгч Г.Э.......ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг сууж байхад ирээд тэлээгээр ороолгохоор нь түүний гарнаас нь зуураад хальтарч хамт газарт унасан. Хоёр гарыг нь зөрүүлээд барихад миний гарнаас хазаад байсан. Би Ж........г түлхээд түрүүлээд боссон. Тэгээд намайг цохиод байхаар нь би 2 удаа алгадсан юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60)-ээр буюу хэрэг цугларсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Э....... нь хохирогчтой гэр бүлийн хамаарал бүхий болох нь
- Хохирогч Х.Ж........гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.Э....... миний найз залуу бид хоёр цаашдаа хамт амьдраад гэр бүл болох гэж байгаа. Г.Э....... цагаан сарын үеэр манай гэрийнхэнтэй танилцсан. Тэр цагаас хойш бид хоёр дотно харьцаанд орсон, бид хоёр үерхэж, цаашдаа хамт амьдарна манай хоёр гэрийнхэн бид хоёрыг мэднэ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63, 64 дэх тал),
- Шүүгдэгч Г.Э.......ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Х.Ж........ бид хоёр үерхдэг юм. Цаашдаа гэр бүл болохоор төлөвлөж байгаа. Хоёр талын эцэг, эхчүүд мэддэг. Бид хоёр нэг нэгнийхээ гэрээр орж, гарч хонож өнждөг. 2017 оны цагаан сарын үеэр бэлгийн харьцаанд орж илүүл дотноссон...” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 59-60) тогтоогдсон ба дээрх нөхцөл байдалаас дүгнэвэл шүүгдэгч, хохирогч хоёр нь хуульд заасны дагуу гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцогдоно. Мөн хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Э.......ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Э.......ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулын ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Э....... нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохиролыг төлсөн, хохирогчийн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.
Тодруулбал шүүгдэгч Г.Э....... нь эрхэлсэн тодорхой ажилтай болох нь хавтаст хэргийн 81 дэх талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуульд зааснаар 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
III. Бусад асуудлаар
Хохирогч Х.Ж........ нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болох эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг хүлээж авсан, шүүгдэгч Г.Э.......тэй сайн дураараа эвлэрч гэрээ байгуулж байгаа тул эвлэрлийг баталж өгнө үү (хавтаст хэргийн 82) гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1708 0109 80215 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хулгар овогт Г.......ийн Э.......ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Г.Э.......ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э....... нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ