Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/562

 

 

 

 

 

 

   2017          12           19                                        562

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Т.Б......л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Шовх овогт Т.....лийн Б......лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708003650059 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 11 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шовх овогт Т.....лийн Б......л, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1996 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй,  яс үндэс халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Ар дөт” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .........................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Т.....лийн Б......л нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Б.М.........лыг “хардаж араас дагалаа” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж  эрүүл мэндэд нь дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б......л мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.М.........лын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сараас эхлэн нөхөр Т.Б......л гэртээ ирж хонохоо больж тусдаа амьдрах болсон. 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр учраа олох гээд нөхөр Т.Б......лийг ажлынх нь гадаа хүлээсэн, тэгээд 20 цагийн үед Т.Б......л гарч ирэхээр нь уулзаад хаана амьдарч байгаа талаар нь асуухад цааргалаад харь, гэр лүүгээ яв гэж хэлсэн. Тэгэхээр нь заавал очиж үзнэ гээд дагаж явсан. Бид 2 хэрэлдэж маргалдаж явсаар байгаад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Дүүргийн автобусны буудал дээр ирэхэд шөнийн 00 цаг болж байсан ...тэгтэл Т.Б......л уурандаа миний нүүр ...рүү 2-3 удаа гараараа цохиод ...миний уруул хэсэг хавдаж хөхөрсөн. Өмнө нь Т.Б......л намайг цохиж зодож байсан асуудал байхгүй. Бид 2 хааяа гэр бүлийн асуудлаас болж хэрэлдэж маргалддаг байсан. Т.Б......л гэр бүлдээ агсам согтуу тавьдаггүй, архи уудаггүй хүн байгаа юм. Т.Б......л намайг цохих үед буудлыг эсрэг талд танихгүй ганц 2 хүн автобус хүлээгээд зогсож байсан, өөр хүмүүс байгаагүй. Т.Б......лтэй гэрлэлтээ цуцлуулах талаар шүүхэд өргөдөл өгсөн албан ёсоор цуцлагдаагүй байгаа. Миний биеийн байдал одоо хэвийн байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй, миний хувьд зодуулсандаа гомдолтой байгаа....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8490 дугаартай дүгнэлтэнд

“...Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулын зүүн талд дотор салстад 0.8х0.5см хэмжээтэй цайвар ногоон өнгөр бүхий язарсан шархтай, тойроод 1.7х1.0 см хэмжээтэй хүрэн өнгийн цус хуралттай, бага зэрэг хаван хавдартай... ДҮГНЭЛТ:

1. Б.М.........лын биед дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27),

3. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 68-70),

4. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн “Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 93),

5. Шүүгдэгч Т.Б......лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие эхнэр М.........лтай 2007 онд танилцаад гэр бүл болсон. Бид хоёрын дундаас 5 хүүхэдтэй, албан ёсны гэр бүл юм. Миний бие гэр бүлийн хамт 2017 оны 01 сар хүртэл хамт амьдарч байгаад тусдаа амьдрах болсон. Учир нь миний бие өөр эмэгтэйтэй уулзах болсон. 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Таван шарын орчимд байх ажлаа 21 цагийн орчим тараад Драгоны автобусны буудлаас автобусанд суух гэтэл буудал дээр М.........л зогсож байсан. М.........л нь намайг ажлаас гарахад л араас дагасан юм билээ. Автобусны буудал дээр М.........лтай уулзтал “миний байгаа газрыг мэдэж авна хамт явна” гээд байсан. Би М.........лыг гэр лүүгээ харь гэж шаардлага тавьсан. Тэгээд би намайг дагаад салахгүй болохоор нь Ханын материалын зүг алхсан. Тэгтэл араас дагаад байсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонгинохайрхан дүүргийн гэх буудал орчим ирээд одоо цаг орой болсон байна гэртээ харь гэтэл үг авахгүй болохоор нь баруун гараараа нүүрэн тус газар нь 2 удаа алгадсан. Тэр үед М.........лын хамар амнаас цус гараагүй хэвийн байсан. Тухайн үед цаг 23 цаг өнгөрч байсан гэж бодож байна. М.........лыг өөр цохиж зодоогүй. Бид хоёрыг маргалдаж байхад өөр танихгүй хүмүүс байсан. Миний бие Б.М.........лын биед учирсан дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг гараараа 2 удаа алгадаж учруулсан. Миний бие өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46),

6. Хохирогч, шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 59-62),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 77), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36), “Ар дөт” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 52), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 54, 55, 57, 79-81) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав: Шүүхээс шүүгдэгч Т.Б......лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Б......лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно. 

Шүүгдэгч Т.Б......л нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр, 2017 оны 6 дугаар сарын 28-ны шөнө 24 цагийн орчим, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, эхнэр Б.М.........лыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь;

- Хохирогч Б.М.........лын мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Дүүргийн автобусны буудал дээр ирэхэд шөнийн 00 цаг болж байсан байх, тэгтэл Т.Б......л уурандаа миний нүүр хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхэд нь миний уруул хэсэг хавдаж хөхөрсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8490 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27),

- Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн “Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 93),

- Шүүгдэгч Т.Б......лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би М.........лыг гэр лүүгээ харь гэж шаардлага тавьсан. ...Тэгтэл араас дагаад байсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонгинохайрхан дүүргийн гэх буудал орчим ирээд одоо цаг орой болсон байна гэртээ харь гэтэл үг авахгүй болохоор нь баруун гараараа нүүрэн тус газар нь 2 удаа алгадсан. ...Тухайн үед цаг 23 цаг өнгөрч байсан. ...Миний бие Б.М.........лын биед учирсан дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг гараараа 2 удаа алгадаж учруулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба тэрээр тус зүйл хэсэгт зааснаар “...5-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр” торгох ял шийтгүүлэх зохицуулалттай буюу 1.200.000 төгрөгөөс 4.800.000 төгрөгөөр торгох ялтай байсан бол 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуульд түүний үйлдсэн гэмт хэрэг нь тус хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарагдахаар байна. Тус зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага нь “...450 нэгжээс 1350 нэгж буюу 450.000 төгрөгөөс 1.1350.000 төгрөгөөр ” торгох ял оногдуулахаар хуульчлагдсан байна.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Т.Б......лийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Нөгөөтэйгүүр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд гарсан тул түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй юм.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Б......лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Б......лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 750 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулын ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б......л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг шүүхээс 450 нэгж төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хувийн байдал буюу 2009, 2010, 2014 онд төрсөн 03-08 насны 5 хүүхэдтэй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн болно.

Иймд Т.Б......лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

III. Бусад асуудлаар

Хохирогч Б.М.........л нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлтгүй тухай мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэхдээ болон хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд тус тус илэрхийлсэн байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1708 0036 50059 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шовх овогт Т.....лийн Б......лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

2. Т.Б......лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б......л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, нэхэмжлэх зүйлгүй,  шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ