Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/568

 

 

                          

 

 

 

    2017           12           20                                        568

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Орхон,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Х.Т..........р, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1697) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Еншүү овогт Х.........нгийн Т..........рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2017 2601 0262 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Еншүү овогт Х.........нгийн Т..........р, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Шилүүстэй суманд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүчит зам” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ........................ оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Х.Т..........р нь 2017 оны 01 дүгээр сарын 12-наас 13-нд шилжих шөнө 03 цагийн үед өөрийн автомашинд зорчиж явсан иргэн М.Т.........хыг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэст аваачин гэдсэн тус газар нь цохиж хүч хэрэглэн түүний зүүж явсан монетан ээмэг, бөгж, гинж, Cамсунг глакси Жи-5 маркийн гар утсыг дээрэмдэн авч 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Х.Т..........р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны  01 дүгээр сарын 12-ны орой би таксинд явж байгаад Их нарангаас нэг хүн аваад Орчлон хороолол хүргэж өгөхөөр явсан. Тэгээд Орчлон хорооллын гадна ирээд хүнээ буулгах гээд зогсож байтал нэг эмэгтэй хүн машины хойд талын хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэгээд машин суугаад хурдан яваарай хойноос цагдаа нар хөөгөөд байна гэж хэлсэн. Тэгээд миний машинд байсан хүн бууж амжаагүй байхад хохирогч Т.........х нь цагдаа нар ирсэн үү гээд байсан. Гэтэл миний машинд сууж явсан залуу буухдаа ямар ч цагдаа нар алга гэж хэлчихээд буугаад явсан. Тэгээд хохирогч Т.........х нь “Хангай” хороолол орно гэж хэлсэн. Мөн надаас тамхи асуухаар нь би түцнээс бууж тамхи авч өгсөн. Гэтэл хохирогч Т.........х нь чамд маш их баярлалаа би сая машинаа журмын хашаанд хийсэн тэгээд цагдаа нар намайг хамт архи ууя гээд байхаар нь хамт архи ууж байгаад зугтаад гараад ирсэн талаараа надад яриад байсан. Тэгээд хохирогч Т.........х нь уух зүйл авахгүй юм уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн хажууд архи зардаг зочид буудлаас очиж “том савтай пиво” аваад “Хангай хороолол” дээр ирэхэд энд хэрэггүй, хүүхэд гараад ирнэ, өөр газар очъё гэж хэлсэн. Тэгэхээр би “Ханын материалын” эцсийн буудлаас хойшоо яваад “Ган хийц” орсон. Тэгээд хохирогч Т.........х нь пиво уугаад сууж байхад утас нь байнга дуугараад байсан. Мөн хохирогч Т.........х нь утсаар ярьж байхдаа та нар намайг олж чадахгүй, би Зайсанд явж байна гээд 2-3 удаа утсаар ярьсан. Гэтэл хохирогч Т.........хын гар утасны цэнэг нь дуусаад унтарсан. Мөн хохирогч Т.........х нь пиво ууж байгаад машины сандалыг хойш нь болгоод унтаад өгсөн. Тэгэхээр нь би түүний эд зүйлийг авсан нь үнэн...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч М.Т.........хын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр найз Батмөнх манай гэрт ирээд...орой түүнийг гэрээсээ гаргаж өгөөд “Орчлон” хороолол хүрээд салцгаасан. Ингээд би Орчлон хорооллын урд зогсож байтал “Sonata” маркийн такси хүн буулгахаар нь зөрж суусан юм. Жолоочид Хайрхан хороолол явна гэж хэлтэл жолооч өөр замаар яваад байхаар нь “хаашаа яваад байгаа юм” гэхэд “хүнээс юм авчихаад цаашаа явъя” гэсэн. Тэгээд дүүргийн автобусны буудал дээр зогсоод жолооч машинаас буугаад буцаж ирэхдээ тээшиндээ нэг юм хийгээд хөдөлсөн. Жолоочийг “Хайрхан” хороолол өнгөрөөд явчихаар нь би түүнд “та хэтэрчихлээ хаашаа яваад байна” гэхэд “Ханын эцэст хүнд юм өгчихөөд, буцахдаа таныг буулгая” гэсэн. Машин явсаар байгаад Ганхийцээс хойшоо...нилээд явж байгаад зогсоод тээшнээсээ юм аваадъя гээд жолооч буусан. Тэгтэл тээшнээсээ тортой юм авч машинд суусан. Торноосоо пиво гаргаж ирээд намайг шахаад хоёр аягыг уулгасан. Үлдсэн пиво өөрөө ууж дуусгасан. Тэгтэл торноосоо дахин шилтэй архи гаргаж ирээд ганцаараа уугаад байсан. Тэгээд надтай бэлгийн харьцаанд орох гэж оролдоод, намайг хувцсаа тайл дуртайдаа дагаж ирсэн биз дээ гэх зэргээр хэлж доромжилсон. Тэгэхээр нь би түүнд хүүхэдтэй, сарын тэмдэг ирсэн талаараа хэлтэл оролдож байгаад мэдсэн. Тэгснээ миний ээмэг, гинж, бөгж, гар утас зэргийг авчихаад намайг машинаасаа буулгаад явчихсан. ...тэр хүн миний дух руу цохисон мөн хувцас тайлах гэж оролдож байхдаа элэгдсэн. ...намайг 170 см өндөр, 35-40 орчим насны, махлагдуу, буржгар үстэй, бор царайтай, аман дээрээ сахалтай, онигор нүдтэй залуу дээрэмдсэн. Тэр хүн хар юүдэнтэй куртик, хагас цахилгаантай бор ноолууран цамц, хар хилэн өмд өмссөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13),

 “...Тэр хүн өөрөө архи уучихаад намайг уу гэхээр нь би уугаагүй юм. Тэгээд намайг ээмэг, гинж, бөгжөө тайлаад, гар утсаа өг гэсэн. Миний эд зүйлсийг авахаасаа өмнө миний гэдэс рүү хоёр удаа гараа элэгдэж цохисон. Үг хэлээрээ айлгаж дарамталсан. ...Би тухайн хүнийг харвал зааж өгч чадна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49, 50),  

 2. Гэрч Б.А.........нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 1 дүгээр сард манай ээж Т.........х 21 дүгээр хороолол орчмоос таксинд суугаад жолоочид нь дээрэмдүүлсэн гэж хэлсэн. ...Тэр шөнө ээж утсаар эхэлж ярихад 21 дүгээр хороололд харихаар явж байна гэсэн. Дахин залгахад утас нь холбогдохгүй байсан. ...Тухайн үед ээжийн маань нүүр хавдчихсан байсан санагдаж байна, төмсөөр жин тавиад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),

3.Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд “...2 гэж дугаарласан хүн намайг дээрэмдсэн хүн мөн байна. ...Тухайн үед энэ 2 гэж дугаарласан зурган дээр байгаа хүний машинд сууж явж байсан болохоор сайн санаж байна. Түүний царай төрхөөр нь таньж байгаа учир мөн...”, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 46-48),

4. Мөрдөн байцаагчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7, 8),

5. Эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 9),

6. Шүүгдэгч Х.Т..........рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэр эмэгтэйгээс ганц пиво уух уу гэхэд надад мөнгө байхгүй гэсэн. Тэгээд би 1 том пиво авсан. Тэр эмэгтэй утсаар хашхирч яриад байсан. Тэгээд түүний гар утасны цэнэг дуусаад голын хайрцаг дээр гар утсаа тавьсан. Би түүнийг тасарчихаар нь чихнээс нь ээмэг, хүзүүнээс нь гинжийг нь, хамгийн сүүлд гарт нь байсан бөгжийг нь авсан. Тэгээд зогсож байсан газраасаа Ханын материалын эцэс рүү доош уруудаж жаахан явж байгаад түүний эд зүйлсийг өөртөө авч үлдээд, түүнийг машинаас буулгаад явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 76, 60), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 79), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 61-63), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 78), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 124, 166) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Т..........рд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Т..........рийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Х.Т..........рийн холбогдсон гэмт хэрэг нь 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө гарсан. Өөрөөр хэлбэл 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна. Иймд миний үйлчлүүлэгчид 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж тохирох зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд довтлогч этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаарддаг ба Х.Т..........рийн хувьд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор идэвхтэй үйлдэл хийгээгүй болох нь хохирогчийн болон түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Х.Т..........рийн удаа дараа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт “...хохирогчийг согтоод унтчихаар нь ээмэг, бөгжийг нь тайлж аваад түүнийг орхиод явсан...” гэдэг буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талын шинж байхгүй байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ”  гэсний дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн тохирох зүйл, хэсгээр зүйлчилж өгнө гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт доорхи байдлаар үгүйсгэгдэн няцаагдаж байна. Үүнд

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасан байна.

Х.Т..........р нь 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө хохирогч М.Т.........хын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэм буруутай үйлдлийн шинж нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан ба тус зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь 3-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бол 2015 оны Эрүүгийн хуульд түүний гэм буруутай үйлдлийг тус хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр хуульчилж, тус зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар зохицуулагджээ. Өөрөөр хэлбэл улсын яллагчаас шүүгдэгч Х.Т..........рд оногдуулж болох эрүүгийн хариуцлага хүндэрсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлд заасан булаах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчийн мэдэлд байгаа эд зүйлс, өмч хөрөнгийн ил аргаар хохирогчийн нүдэн дээр харсаар, үзсээр байтал шунахайн сэдэлтээр шууд санаатайгаар эд зүйлс, өмч хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр булаан авах шинжийг агуулдаг. Гэтэл хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтоосон хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Х.Т..........р нь хохирогчийн эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж, заналхийлэн хохирогчийн эд зүйлсийг авсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцох боломжгүй юм.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Т..........рийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг болгож, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэн  тус, зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Х.Т..........р нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэс орчим, өөрийн тээврийн хэрэгсэл дотор, 2017 оны 1 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шунахайн сэдэлтээр, иргэн М.Т.........хын эд хөрөнгийг авах зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хүч хэрэглэж, хохирогчид 950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 - Хохирогч М.Т.........хын мөрдөн байцаалтад өгсөн: “...тэр хүн миний дух руу цохисон мөн хувцас тайлах гэж оролдож байхдаа элэгдсэн. ...намайг 170 см өндөр, 35-40 орчим насны, махлагдуу, буржгар үстэй, бор царайтай, аман дээрээ сахалтай, онигор нүдтэй залуу дээрэмдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13),

 “...Тэр хүн өөрөө архи уучихаад намайг уу гэхээр нь би уугаагүй юм. Тэгээд намайг ээмэг, гинж, бөгжөө тайлаад, гар утсаа өг гэсэн. Миний эд зүйлсийг авахаасаа өмнө миний гэдэс рүү хоёр удаа гараа элэгдэж цохисон. Үг хэлээрээ айлгаж дарамталсан. ...Би тухайн хүнийг харвал зааж өгч чадна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49, 50), 

- Гэрч Б.А.........нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед ээжийн маань нүүр хавдчихсан байсан санагдаж байна, төмсөөр жин тавиад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд “...2 гэж дугаарласан хүн намайг дээрэмдсэн хүн мөн байна. ...Тухайн үед энэ 2 гэж дугаарласан зурган дээр байгаа хүний машинд сууж явж байсан болохоор сайн санаж байна. Түүний царай төрхөөр нь таньж байгаа учир мөн...”, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 46-48),

- Мөрдөн байцаагчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7, 8),

- Эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 9) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Т..........рийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт үйлдэлд нь 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Х.Т..........р анх удаа хүндэвтэр гэмт хэрэг холбогдсон, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Х.Т..........рд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Т..........р нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг шүүхээс хөнгөрүүлж, оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авч 2002 оны Эрүүгийн хуульд заасан гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар ял оногдуулан, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч 950.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Х.Т..........р нь М.Т.........ход 1.200.000 төгрөг төлсөн болох нь (хавтаст хэргийн 124, 166) дахь талд авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Х.Т..........р нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс (хавтаст хэргийн 144, 147, 150) мөн оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 10 (арав) хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурдаж, Эрүүгийн 201726010262 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Еншүү овогт Х.........нгийн Т..........рийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т..........рд 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т..........рд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Т..........рийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шүүгдэгч нь 10 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурдсугай.

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Т..........рд оногдуулсан 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсогсоноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыш шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ