| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2017/0620/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/537 |
| Огноо | 2017-12-12 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., 11.7.1.2., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2017/ШЦТ/537
2017 12 12 537
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч П.Болормаа,
хохирогч Р.Б........д,
шүүгдэгч Ч.Т..........р, түүний өмгөөлөгч Ц.Бямбасүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0207) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Цэнхэр овогт Ч.......тын Т..........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0152 90185 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Цэнхэр овогт Ч.......тын Т..........р, Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хашаат суманд 1977 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, 40 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дотоодын цэргийн дугаар ангид харуулын ахлах ахлагч ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн .............................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Ч.Т..........р нь согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 26 дугаар гудамжны 15 тоотод гэр бүлийн хамаарал бүхий Р.Б........дийг 2012 оноос 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд байнга зодож, харгис хэрцгий харьцаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т..........р мэдүүлэхдээ: “...Би хохирогч Р.Б........дтай 2008 онд анх танилцаад гэр бүл болох талаар ярилцсан. Би өмнө амьдрал зохиож өмнөх эхнэр болох Сэлэнгээ бид хоёрын дундаас нэг хүүхэдтэй болсон юм. Би энэ талаараа Р.Б........дад хэлж байсан. Тэгээд хэрвээ намайг хардаад байх юм бол цаашдаа амьдрал болохгүй гэж хэлэхэд Р.Б........д нь тийм зүйл байхгүй, хамт амьдарч чадна гэж хэлээд бид хоёр хамт амьдрахаар болсон. Тэгээд 2009 оны 4 сард манай охин М.Алтаншагай төрсөн. Тухайн үед би Архангай аймгийн цагдаагийн газарт жижүүрийн цагдаагаар ажиллаж байсан. Тэгээд намайг ажил хийж байх хугацаанд мөн ажил хийлгэхгүй байнга хардаж сэрддэг байсан. Тэгээд би ажлаасаа чөлөөлөгдөж Р.Б........дийн ээж Б........нгийн гэрт хамт амьдрах болсон. Тэгээд хадам ээжийн гэрт 1 жилийн хугацаанд хамт амьдарахдаа байнга хардаж сэрдэж хэрүүл маргаантай байсан. Мөн 2012 оны 5 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх 403 дугаар ангид ажиллаж байхад намайг албан хаагч нартай хардаж мөн л хэрүүл маргаан гарсан. Тэр үед Б........дийг үсдэж чирсэн зүйл байхгүй, энэ талаар Б........д хүртэл өөрөө мэдэж байгаа. Мөн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн орчимд мөн маргаан болсон үнэн, харин үсдэж чирсэн зүйл байхгүй. Харин алгадах, түлхэх үйлдэл хийсэн нь үнэн. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр намайг гэрт ирэхэд Б........д хардаж сэрдсэнээс болж маргаан гарсан байгаа. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хоёр охинтойгоо уулзахаар ирэхэд Б........д намайг янхан минь зайл гэж хэлээд хоёр хүүхэдтэйгээ уулзахаар ирэхэд Б........д гэртээ ороод хаалгаа цоожлоод оруулахгүй байсан. Тэгээд манай охин гэрийн хаалга онгойлгож өгсөн. Тэгээд намайг гэрт ороход Б........д уурлаад байхаар нь би орон дээр түлхэж унагаагаад хөл рүү нь хоёр удаа өшиглөөд гараад явсан. Б........д бид хоёр хардалтаас болж салсан байгаа. Мөн хоёр хүүхдийн эрх зөрчигдөж байна. Б........дийн санаа нь гэр бүл толгойлсон эмэгтэйд хорооноос үнэгүй хүнсний зүйл өгдөг юм байна. Тэрийг авах зорилготой байсан гэж бодож байна. Мөн Б........д нь надад хэлэхдээ чамайг байгаа болохоор надад ийм зүйлийг өгөхгүй байна гэж хэлж байсан. Б........д бид хоёрын маргаан нь хардалтаас болж байсан. Надад түлхэх алгадах зүйл байсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Б........д мэдүүлэхдээ: “...Т..........р бид хоёр 2007 онд нэг гэрт орж 2008 онд гэрлэлтээ батлуулж байсан. Т..........р нь надтай суух үедээ Архангай аймагт цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2009 онд Өгийн нуур суманд цагдаагаар очсон. Тэгээд 2009 оны 4 сард манай охин Алтаншагай төрсөн. Т..........р цагдаагаар ажиллаж байхдаа хэсгийнхээ төлөөлөгчтэй өдөр шөнөгүй архи уугаад ажил төрлөө хийж байгаа нь мэдэгдэхгүй алга болдог байсан. Мөн 2012 оны 5 дугаар сард хорих 403 дугаар ангид ажиллаж байхдаа Т..........р нь нэг өглөө ажилдаа явах гэж байхдаа намайг үсдэж унагаагаад цэргийн хадаастай хар гутлаар миний нуруу, гэдэс, хөл, гар руу өшиглөж байгаад явсан. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би савны гадуур жирэмслэлт гээд хагалгаанд ороод 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр эмнэлгээс гараад хоёр хүүхэд дуудаад байсан болохоор гэртээ очиход Т..........р ажлаасаа бууж таарсан байгаа. Тэгээд гэртээ ирээд байж байгаад Т..........р ирэхгүй байхаар нь утсаар залгаад хаана байгаа юм гэхэд согтуу надтай ярьсан, тэрнээс хойш утсаа авахгүй байхаар нь би залгаад байсан чинь нэг эмэгтэй хүн Т..........рын утсыг аваад Т..........рыг өмдөө татаач гэж хэлсэн. Тэрнээс хойш 2 цагийн дараа Т..........р гэртээ ирэхээр нь бид хоёр маргалдсан. Гэтэл Т..........р намайг гартаа таарсан зүйлээрээ цохиж аваад байсан. Тухайн үед Т..........рын ээж нь манай хажууд байсан учраас бид хоёрыг салгасан. Мөн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Т..........р согтуу ирээд намайг үсдээд зодсон. Тэгээд би цагдаад дуудлага өгч явуулсан. Гэтэл Т..........р нь торгуулиад гараад ирсэн байсан. 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Т..........р нь мөн л ажлаасаа ирэхгүй архи уугаад яваад байсан. Тэгээд гэрт ирээд намайг дахиад зодсон. Тэгэхээр би цагдаад дуудлага өгч Т..........рыг цагдаа нар авч явсан. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Т..........р нэг хүүхэн дагуулсан гэрт ирсэн. Тэгээд гэрт орж ирээд намайг зодож цохиж байгаад гараад явсан. Би хоёр хүүхдийнхээ нэрийг бодоод гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Р.Б........дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие Архангай аймгийн Хашаат суманд амьдарч байхдаа Ч.Т..........ртой 2007 онд танилцаж улмаар 2008 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүлээ батлуулсан. Бид хоёр дундаасаа...хоёр охинтой. ...Ч.Т..........р архи уухаараа зан ааш нь эвдэрч миний эрх чөлөөнд халдах явдал олон удаа гаргасан ба,
2012 оны 5 дугаар сарын сүүлээр Ч.Т..........р нь намайг зодсон, зодохдоо намайг үсдэж чирсэн. Энэ явдалд нь би гомдоод түүнээс сална гээд охин Алтаншагайгаа дагуулаад хотод ээж Б........нгийнд очиж 1 жил орчим амьдарсан....тэгээд буцаад нийлсэн...
2015 оны 5 дугаар сарын 02-нд гэрт Ч.Т..........р нь согтуу 12 цаг өнгөрч байхад хүрч ирээд гэр орны эд зүйлсийг шидэж агсам тавиад...улмаар намайг үснээс чирсэн, мөн нуруу, бөөр рүү 2-3 удаа өшиглөсөн...Ингэж зодоход нь миний бие 89994898 дугаарын утаснаас 102 дугаарын утсанд дуудлага өгч...цагдаад өгөөд явуулсан. Энэ тухайгаа би өөрийн төрсөн эгч А...........гт хэлэхэд намайг гэрээс ирж авч ээжийнд хүргэж өгч байсан...
2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ч.Т..........р согтуу 14 цагийн орчим харуулын ажлаасаа бууж ирээд надтай хэрүүл өдөж улмаар маргалдан намайг үсдэж газар дараад бөөр нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. Ингэж зодохоор нь мөн л 102 луу дуудлага өгч...цагдаад өгч байсан...Маргааш нь Ч.Т..........рыг дүү А...........г нь цагдаагаас авсан гэж дуулсан...
2017 оны 01 дүгээр сарын 29-нд байх Ч.Т..........р нь 17 цагийн орчим гэртээ ирэхдээ согтуу ирээд маргаан үүсгээд үсдэж дараад намайг унасан байхад хоёр гуя руу 2-3 удаа өшиглөж зодоход манай хоёр охид маань ааваа, ээжээ болиоч гэж хашгирч байгаад салгасан. ...ингэж удаа дараа намайг харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байхаар нь ...шүүхэд гомдол гаргасны дагуу...Сонгинохайрхан дүүргийн шүүхээс 5 дугаар сарын 09-нд гэр бүл цуцлах хурал болж Ч.Т..........р бид хоёр гэр бүлээ цуцлуулж хоёр охинд тэтгэмж олгохоор шийдвэр гарсан...
2017 оны 9 дүгээр сарын 01-ний орой 21 цаг өнгөрч байхад Ч.Т..........р гэрт хүрч ирээд маргаан үүсгээд үсдэж дараад толгой руу 1 удаа гараараа цохиж зүүн хөлний шилбэ рүү 2-3 удаа өшиглөж зодоод гэрээс гараад явахаар нь ...дуудлага өгсөн. Ийм байдлаар байнга буюу 4 удаа зодсон асуудалд би гомдолтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-50),
2. Гэрч Р.А...........гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Р.Б........д Ч.Т..........р нар нь 2007 оноос хойш гэр бүл болоод хоёр охинтой хүмүүс юм. Манай дүү Р.Б........дийн ярьж байгаагаар бол нөхөр байсан Ч.Т..........р нь архи уусан болон эрүүл байхдаа манай дүүг үсдэж зоддог гэсэн ...дүү Р.Б........д нөхөр Ч.Т..........ртоо зодуулчихлаа гэж утсаар хэлдэг байсан. ...миний санаж байгаагаар 2015 оны 4 дүгээр сарын сүүлээр манай дүү Р.Б........д нь Эх нялхасын эмнэлэгт савны гадуур жирэмсэн гэсэн оношоор эмнэлэгт хэвтэж хагалгаанд ороод гэртээ гарсан чинь нөхөр Ч.Т..........р гэртээ согтуу ирэхдээ агсам тавьж гэрийнхээ хамаг эд зүйлийг шидэж, манай дүүг үсдэж зодоод байна гэж намайг утсаар дуудахаар нь би гэрт нь яваад очиход гэрийнх нь эд зүйлс болох хөнжил гудас, хувцас зэрэг зүйлсийг газар шидэж ундуй сундуй, хамаг эд зүйлээ шалаар тараасан байдалтай байснаас гадна Р.Б........дыг зодсон бололтой гар хөл нь шиг санагдаж байна хөхөрсөн байсан. Би энэ байдлыг хараад Р.Б........дийн нөхөр Ч.Т..........рт “яагаад эхнэрээ зодоод гэрийнхээ эд зүйлийг эвдээд байдаг юм бэ” гэхээр чамд хамаагүй янхан минь гээд тоохгүй өөдөөс минь хэрэлдээд байхаар нь миний дүү Р.Б........д нь цагдаад дуудлага өгөхөд...авч явсан. Би дүү Р.Б........дийг хоёр охиных нь хамт аваад ээж Б........нгийнд хүргэж өгсөн. Тэндээ 1 сар гаруй болсон чинь Ч.Т..........р араас нь очиж дахин ийм асуудал гаргахгүй гэсээр байгаад хамт амьдрахаар гэртээ авч очсон. Гэсэн ч Ч.Т..........р хэлсэн үгэндээ хүрэхгүй дахин дүү Р.Б........дийг 2-3 удаа зодоод сүүлд нь шүүхээр гэр бүлээ цуцлуулсан юм. Ер нь гэр бүлийн хүчирхийллийг дахин дахин гаргаад байдаг... Гэр бүлийн ялимгүй маргаан гарахаар хэн хэн нь үг даахгүй байдлаас болж зодоон болдог байх, яг зодуулсан үед нь хажууд нь хэн ч байхгүй байж таардаг юм байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53),
3. Гэрч Б.А...........ггийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 26-ийн 5а тоотод оршин суух иргэн Р.Б........даас 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн байсны дагуу очиж ажиллаж байсан. Тухайн өдрийн 14 цаг 20 минутад дээрх хаягаар очиход Цагдаагийн ерөнхий газрын Хамгаалалтын 2 дугаар газар харуулын цагдаагаар ажилладаг Ч.Т..........р нь эхнэрийн хамт гэртээ байсан ба ямар асуудлаар цагдаад хандах болсон талаар тодруулахад эхнэр нь гэх эмэгтэй манай нөхөр согтуу өнөө өглөө ажлаасаа бууж ирээд хэл ам хийгээд амраахгүй байна гэж хэлсэн. Үүний дагуу нөхөр Ч.Т..........роос ямар асуудал болсон талаар асуухад гэр бүлийн ялимгүй маргаан болсон юм гэсэн тайлбар хэлсэн. ...Тэгээд гэр бүлийн маргаантай гэсэн учраас Ч.Т..........рыг хэлтэс дээр авчраад...гэр бүлийн маргаанаас үүсэж болох гэмт хэргийн талаар ярьж ойлгуулан сануулж...дүү А...........гт өгч явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66),
4. Гэрч Г.Ц...........ний мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үүрэг гүйцэтгэж байхад Ачит-10-аас 16 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 26-15 тоотод оршин суух иргэн Р.Б........даас Ч.Т..........рыг агсам тавиад байна гэсэн дуудлага мэдээлэл аваад уг хаягийн дагуу очиход Төмөр очир гэгч нь согтуу хүүхдийнхээ хамт гэртээ байсан. Дуудлага өгсөн утсаар залгаж Р.Б........дтай ярихад би ойрхон байна, манай нөхөр Ч.Т..........р согтуу ирээд агсам тавиад байсан юм гэж хэлсэн. Ингээд Ч.Т..........рыг аваад хэлтэс дээр авчирч түүнтэй ярилцаж байгаад хүргэн дүү Бургадагбаатарт нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62),
5. Гэрч М.Бургадагбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын сүүлээр оройхон гэртээ байхад утсаар “Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс буюу Баянхошууны цагдаагийн хэлтсээс аваач” гэж ярихад нь ...цагдаа нар “танай хамаатан Ч.Т..........р эхнэрийнхээ эрх чөлөөнд халдаж хэрүүл маргаан үүсгэгдсэн асуудлаар 102-ын дуудлагаар хүргэгдэж ирсэн, согтуу нь гайгүй байна, та хүлээгээд авчих” гэхээр нь би ах Ч.Т..........рыг хүлээж аваад өөрийн гэртээ авчирсан болно. Тэрээр эхнэр Р.Б........даас 2017 оны 5 дугаар сард шүүхээр ороод салсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65),
6. Гэрч М.Чимэгсанаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр манай дүүгийн эхнэр Р.Б........д над дээр ирээд өчигдөр Ч.Т..........р гэрт орж ирээд зодчихоод явчихлаа, би цагдаа дуудаад бариулчихлаа гэж хэлсэн. Р.Б........даас яаж зодсон юм бэ гэж асуухад “үснээс зулгаагаад, хоёр шилбэ рүү өшиглөж зодсон” гэж ярьсан. Тэгээд толгой тархи өвдөөд байна гэж уйлаад нүд нь бүлцийчихсэн байсан. Өмнө нь надад 4-5 удаа Р.Б........д Ч.Т..........рт зодуулчихаад аймаар хэцүү байна, ингэж зодлоо тэгж гэрээс хөөгөөд байна. Байнга толгой руу цохиж үснээс зулгааж зодлоо гэж хэлдэг байсан. Ихэнхдээ байнга архи уучихаад согтуу зоддог байсан гэж хэлж байсан. 2014 оноос эхлээд Р.Б........д Ч.Т..........р зоддог талаар ярьж эхэлсэн. Ер нь Р.Б........д Ч.Т..........рт зодуулчихаад өмнө нь цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа хандаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14, 103),
7. Гэрч Б.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр намайг Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 26 дугаар гудамжны 15 тоот гэртээ байж байтал хажуу хөрш айл буюу Р.Б........дийн гэрт нь хэрүүл маргаан болоод байсан. Би маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Р.Б........дтай уулзахад өчигдөр нөхөр Ч.Т..........р ирээд мөнгө төгрөгний асуудлаас болж намайг зодож өшиглөж бас толгой руу цохисон гэж хэлж байсан. Р.Б........д надад Ч.Т..........рт зодуулж байсан гэж 2-3 удаа ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),
8. Гэрч Э.Үүрийнзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нийгмийн ажилтнаар ажиллаад 8 сар болж байна. Манай хорооны Баянхошууны 26 дугаар гудамжны 15а тоотод оршин суугч иргэн Рагчаа овогтой Б........д нь эмзэг бүлэгт хамаарагдаж байдаг... Тус хорооны иргэн Р.Б........д нь Ч.Т..........р гэх цагдаагийн албан хаагчтай гэр бүл болж хоёр хүүхдийн эцэг эх болсон боловч гэр бүлийн таарамжгүй байдлын улмаас 2017 оны 5 дугаар сард шүүхийн шийдвэрийн дагуу гэр бүлээ цуцлуулсан байдаг юм. Иргэн Р.Б........д нь хороогоор ирэх бүртээ нөхөр Ч.Т..........ртоо зодуулсан талаар...надтай уулзаж ярьдаг. ...Өөрөө ярихдаа нөхрийгөө толгой тархи руу гараараа цохидог гэдэг юм. Би үүний дагуу нөхөртэй нь уулзахаар утсаар нь залгасан боловч Ч.Т..........р нь утсаа ер авахгүй байх юм билээ. Р.Б........дийн ярьж хэлж байгаагаар бол түүний нөхөр Ч.Т..........р нь архи уусан, уугаагүй үедээ гэр бүлийн ялимгүй маргааны улмаас дандаа түүнийг зоддог...хэзээ орж ирээд зодох бол гэсэн байнга айдастай амьдарч байсан гэдэг. Энэ хүчирхийлэл 2009 оноос эхэлсэн гэх юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60),
9. Шүүгдэгч Ч.Т..........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай эхнэр байсан Р.Б........д бид хоёр 2017 оны 5 дугаар сарын 09-нд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан. ...2017 оны 9 дүгээр сарын 01-нд хоёр охинтойгоо уулзахаар очиход гэртээ оруулахгүй гэснээс маргаан үүссэн... 2015 оны 5 дугаар сарын 02-нд ...Р.Б........д надаас хэрүүл өдөөд үндэслэлгүй хардаад байхаар нь орондоо ороод хэвтсэн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс цагдаа нар ирж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст авчраад дүү А...........гт хүлээлгэж өгсөн. ...2017 оны 01 дүгээр сарын 29-нд эхнэр Р.Б........д хэрүүл өдөөд байхаар нь гэрээс гараад Тэргэл бааранд 2 шил пиво уугаад буцаад 17 цагийн орчим очиход дахин хэрүүл өдөөд байсан учраас Р.Б........дийг ор руу түлхэж унагаахад цагдаад дуудлага өгсөн...манай дүү Бүргэдбаатарт хүлээлгэж өгсөн. Би харамсаж байна, гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108-110),
11. Зөрчлийн хэргийг харъяалалын дагуу шилжүүлсэн прокурорын тогтоол (хавтаст хэргийн 40-41), Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ, дүгнэлт, хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 17-31), Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлага мэдээлэл хүлээн авсан бүртгэлийн хуулбар (хавтаст хэргийн 74), Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 6, 7), гэрч Б.Зоригоо, С.Түвшинтөгс нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 55, 57),
- хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 130-131),
- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 83), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 75-81, 86-96) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Т..........рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Т..........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Ч.Т..........р нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 26 дугаар гудамжны 15а тоотод, 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий Р.Б........дыг байнга зодож, харгис хэрцгий харьцаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь
- Хохирогч Р.Б........дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын 02-нд гэрт Ч.Т..........р нь согтуу 12 цаг өнгөрч байхад хүрч ирээд гэр орны эд зүйлсийг шидэж агсам тавиад...улмаар намайг үснээс чирсэн, мөн нуруу, бөөр рүү 2-3 удаа өшиглөсөн... 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Т..........р согтуу 14 цагийн орчим харуулын ажлаасаа бууж ирээд надтай хэрүүл өдөж улмаар маргалдан намайг үсдэж газар дараад бөөр нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. ...2017 оны 01 дүгээр сарын 29-нд байх Ч.Т..........р нь 17 цагийн орчим гэртээ ирэхдээ согтуу ирээд маргаан үүсгээд үсдэж дараад унасан байхад хоёр гуя руу 2-3 удаа өшиглөж зодоход манай хоёр охид маань ааваа, ээжээ болиоч гэж хашгирч байгаад салгасан. ...2017 оны 9 дүгээр сарын 01-ний орой 21 цаг өнгөрч байхад Ч.Т..........р нь гэрт хүрч ирээд маргаан үүсгээд үсдэж дараад толгой руу 1 удаа гараараа цохиж зүүн хөлний шилбэ рүү 2-3 удаа өшиглөж зодоод гэрээс гараад явахаар нь ...дуудлага өгсөн. Ийм байдлаар байнга буюу 4 удаа зодсон асуудалд би гомдолтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-50),
- Гэрч Р.А...........гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 4 дүгээр сарын сүүлээр...Ч.Т..........р гэртээ согтуу ирэхдээ агсам тавьж гэрийнхээ хамаг эд зүйлийг шидэж, манай дүүг үсдэж зодоод байна гэж намайг утсаар дуудахаар нь би гэрт нь яваад очиход гэрийнх нь эд зүйлс болох хөнжил гудас, хувцас зэрэг зүйлсийг газар шидэж ундуй сундуй, хамаг эд зүйлээ шалаар тараасан байдалтай байснаас гадна Р.Б........дыг зодсон бололтой гар хөл нь шиг санагдаж байна хөхөрсөн байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53),
- Гэрч Б.А...........ггийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б........даас 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн байсаны дагуу очиж ажиллаж байсан. ...ямар асуудлаар цагдаад хандах болсон талаар тодруулахад эхнэр нь гэх эмэгтэй манай нөхөр согтуу өнөө өглөө ажлаасаа бууж ирээд хэл ам хийгээд амраахгүй байна гэж хэлсэн. Үүний дагуу нөхөр Т..........роос ямар асуудал болсон талаар асуухад гэр бүлийн ялимгүй маргаан болсон юм гэсэн тайлбар хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66)
- Гэрч Г.Ц...........ний мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үүрэг гүйцэтгэж байхад Ачит-10-аас 16 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 26-15 тоотод оршин суух иргэн Б........даас Т..........рыг агсам тавиад байна гэсэн дуудлага мэдээлэл аваад уг хаягийн дагуу очиход Төмөр очир гэгч нь согтуу хүүхдийнхээ хамт гэртээ байсан. ...манай нөхөр Т..........р согтуу ирээд агсам тавиад байсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62),
- Гэрч М.Бургадагбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын сүүлээр...цагдаа нар “танай хамаатан Т..........р эхнэрийнхээ эрх чөлөөнд халдаж хэрүүл маргаан үүсгэгдсэн асуудлаар 102-ын дуудлагаар хүргэгдэж ирсэн, согтуу нь гайгүй байна, та хүлээгээд авчих” гэхээр нь би ах Т..........рыг хүлээж аваад өөрийн гэртээ авчирсан болно....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65),
- Гэрч М.Чимэгсанаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр манай дүүгийн эхнэр Б........д над дээр ирээд өчигдөр Т..........р гэрт орж ирээд зодчихоод явчихлаа, би цагдаа дуудаад бариулчихлаа гэж хэлсэн. Б........даас яаж зодсон юм бэ гэж асуухад үснээс зулгаагаад, хоёр шилбэ рүү өшиглөж зодсон гэж ярьсан. Тэгээд толгой тархи өвдөөд байна гэж уйлаад нүд нь бүлцийчихсэн байсан. Өмнө нь надад 4-5 удаа Б........д Т..........рт зодуулчихаад аймаар хэцүү байна, ингэж зодлоо тэгж гэрээс хөөгөөд байна. Байнга толгой руу цохиж үснээс зулгааж зодлоо гэж хэлдэг байсан. ...2014 оноос эхлээд Б........д Т..........р зоддог талаар ярьж эхэлсэн. Ер нь Б........д Т..........рт зодуулчихаад өмнө нь цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа хандаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14, 103),
- Гэрч Б.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр...хажуу хөрш айл буюу Б........дийн гэрт нь хэрүүл маргаан болоод байсан. Би маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Б........дтай уулзахад өчигдөр нөхөр Т..........р ирээд мөнгө төгрөгний асуудлаас болж намайг зодож өшиглөж бас толгой руу цохисон гэж хэлж байсан. Б........д надад Т..........рт зодуулж байсан гэж 2-3 удаа ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),
- Гэрч Э.Үүрийнзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Р.Б........д нь хороогоор ирэх бүртээ нөхөр Ч.Т..........ртоо зодуулсан талаар...надтай уулзаж ярьдаг. ...Өөрөө ярихдаа нөхрийгөө толгой тархи руу гараараа цохидог гэдэг юм. ...түүний нөхөр Т..........р нь архи уусан, уугаагүй үедээ гэр бүлийн ялимгүй маргааны улмаас дандаа түүнийг зоддог...хэзээ орж ирээд зодох бол гэсэн байнга айдастай амьдарч байсан гэдэг....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60),
- Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлага мэдээлэл хүлээн авсан бүртгэлийн хуулбар (хавтаст хэргийн 74) зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ч.Т..........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Т..........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 8 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Т..........р нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж Ч.Т..........рт оногдуулсан улсын яллагчийн шүүгдэгчид хорих ял оногдуулах ялын хүлээн авч, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнссэнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ч.Т..........рт мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах...сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэхийн зэрэгцээ мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах буюу Р.Б........дтай харьцахыг хязгаарлах” албадлыг арга хэмжээ тус тус хэрэглэхээр шийдвэрлэв.
III. Бусад асуудлаар
Хохирогч Р.Б........д нь энэ гэмт хэргийн нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1708 0152 90185 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цэнхэр овогт Ч.......тын Т..........рыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, харгис хэрцгий хандсан гэм буруутайд тооцсугай.
2. Ч.Т..........рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Ч.Т..........рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хохирогч Р.Б........дтай уулзах хязгаарлал тогтоох арга хэмжээ авсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Т..........рын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Р.Б........д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний, өмгөөлөгч өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ