| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2017/02044/и |
| Дугаар | 2684 |
| Огноо | 2017-12-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2684
| 2017 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2017/02684 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах П АХХК /РД: ....................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах ДЖХХК-нд холбогдох
ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4.756.696 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч П АХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: ДЖХХК болон П АХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, манай компани хариуцагч ДЖХХК-ийн захилгаар Хан-Уул дүүрэг, Нисэхэд байрлах дэлгүүрт нь металл хаалга, шилэн ханыг хийж гүйцэтгэсэн. Хариуцагч байгууллага нь бид найдвартай мөнгөө цагт нь төлнө гэж гуйсан тул гэрээт ажлын нийт дүн 3.328.000 төгрөг болсоноос 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр урьдчилгаа 500.000 төгрөгийг аваад, үлдэгдэл 2.828.000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1.414.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1.414.000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй болно. Манайхаас үлдэгдэл төлбөрөө нэхсэн боловч маргааш, нөгөөдөр, дараа гэсээр өнөөдрийг хүртэл элдэв шалтаг тоочсоор төлбөрөө төлөхгүй байна. Иймд ДЖХХК-иас хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 2.828.000 төгрөгийг алданги 1.928.696 төгрөг, нийт 4.756.696 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг хариуцагч ДЖХХК-ийн захирал О.Жаранбаярт мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч П АХХК нь хариуцагч ДЖХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4.756.696 төгрөг гаргуулахаар аас 2.828.000 төгрөгийн шаардлагыг хангаж, 1.928.696 төгрөгийн шаардлагыг .
Зохигчдын хооронд 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, нэхэмжлэгч П АХХК нь хариуцагч ДЖХХК-ийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх, 62 дугаар байрны 2 тоотод байрлах дэлгүүрийн зориулалттай барилгад 4.94 м.кв шилэн хана, 8.06 м.кв металл хаалгыг тус тус хийж гүйцэтгэх, хариуцагч ДЖХХК нь ажлын хөлсөнд 3.328.000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан захиалгын хуудас болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогд байна. /хх-8/
Хариуцагч байгууллага ажлын хөлсөнд урьдчилан 500.000 төгрөг төлж, үлдэгдэл 2.828.000 төгрөгийг 2 хуваан 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1.414.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1.414.000 төгрөг тус тус төлөх үүрэг хүлээжээ.
Гэвч хариуцагч ДЖХХК-иас хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 2.828.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгч П АХХК-иас гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн байна.
Иймд нэхэмжлэгч П АХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажлын хөлсний үлдэгдэл 2.828.000 төгрөгийг хариуцагч ДЖХХК-иас шаардах эрхтэй байна.
Харин талууд ажил гүйцэтгэх гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй, алданги тооцох талаар тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар анз шаардах эрхгүй учир нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1.928.696 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нөгөөтэйгүүр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 2.828.000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 60.198 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ДЖХХК-иас 2.828.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П АХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.928.696 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 91.060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДЖХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 60.198 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П АХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР