Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 111/2015/0017/З |
Дугаар | 221/МА2016/0110 |
Огноо | 2016-02-05 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2016/0110
2016 оны 2 сарын 05 өдөр | Дугаар 221/МА2016/0110 | Улаанбаатар хот |
Т.Э-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Т.Э-н нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга болон Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Э миний бие 2013 оны 01 дүгээр сараас эхлэн Өлзийт сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 15 дугаар хуралдааны 04 дүгээр тогтоолоор сумын Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан тухай шийдвэр гаргаж улмаар аймгийн Засаг даргад хүргүүлж, аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 272 тоот захирамжаар хууль бусаар үүрэгт ажлаас огцруулсан байна. Дээрх шийдвэрүүд нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтыг үндэслэсэн нь хууль бус үндэслэл байна.
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ гэжээ. Энэхүү заалтаас харахад миний бие ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор шийтгэгдэж байгаагүй, мөн хууль тогтоомж зөрчсөн аливаа үйлдлээр арга хэмжээ авагдаагүй, ямар нэг байгууллага албан тушаалтан нотлоогүй асуудлаар шийдвэр гаргажээ. Миний хувьд үйл ажиллагаандаа мөрдөгдөж буй бүхий л хууль тогтоомжийг дээдлэн, хуулиар олгогдсон чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаж байгаа гэж үзэж байна.
Нөгөөтээгүүр сумын Засаг даргыг хэрхэн ажиллаж байгаа талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хангалттай гэсэн үнэлгээ өгсөн нь дээрх хуулийн заалт болон тогтоол, захирамжийн үндэслэлтэй зөрчилдөж байгаа тул Баянхонгор аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15/04 тоот тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 272 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн Т.Э 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: Миний бие Э нь Өлзийт сумын Засаг даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 272 тоот захирамжаар үүрэгт ажлаас огцорсон. Дээр шийдвэрийн талаар нэхэмжлэл гаргасан. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш даруй 2 сар болох гэж байгаа тул 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс хойших ажилгүй байгаа хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна. гэжээ. Хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ө миний бие 2009 оны 09 дүгээр сарын 23-аас өнөөг хүртэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.14 дүгээр заалтын дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар татагдсан.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 15 дугаар хуралдаанаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 05 дугаар тогтоол хүчингүй болгох /сумын Засаг даргыг томилсон/, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15/03 дугаар тогтоолоор 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Засаг даргыг огцруулах санал хураалтын дүнг үндэслэсэн тогтоолыг хүчингүй болгох, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15/04 дүгээр тогтоолоор сумын Засаг даргыг огцруулах шийдвэрүүд гарчээ. Засаг даргыг огцруулах үндэслэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн гэжээ. С.Н нь сумын Засаг дарга Т.Э-н гэр бүлийн хүн бөгөөд орон нутгийн сонгуулиар төлөөлөгчөөр сонгогдсон. Анхдугаар хуралдаанаар Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байна. Анхдугаар хуралдаанаар сумын Засаг даргыг сонгоход төлөөлөгч С.Н санал өгсөн, Засаг даргыг огцруулах санал хураалтад оролцож санал өгсөн нь үндэслэл болжээ. 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Засаг даргыг огцруулах эсэх асуудлаар санал хураалгахад олонх огцруулах асуудлыг хүлээж аваагүй шийдвэр гаргасан. Энэ асуудлаар дахин шийдвэр гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.8 дугаар заалтыг зөрчиж байна. Тэргүүлэгч, төлөөлөгч С.Н-с гаргасан тайлбар мэдэгдлийг хүлээн авч Үндсэн хуульд заасан хүний эрх, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12.1.1, 12.1.2 дугаар заалтад заасан бүрэн эрхийг хүндэтгэж санал хураалтад оролцох шийдвэрийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга баталгаажуулсан болно. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга миний бие 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны төгсгөл үед хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд суугаагүй, шийдвэр гаргахад оролцоогүй. Иймд хурал даргалсан, шийдвэрт гарын үсэг зурсан А.М-г хариуцагчаар татаж өгөхийг хүсье. гэжээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ө, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, А.М нар шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Өлзийт сумын Засаг дарга асан Т.Э-ыг огцруулах болсон шалтгаануудын талаар Нэг. Хууль зөрчсөн талаар 1. Т.Э нь ажилд орсон цагаасаа хойш Тамгын газрын дарга, бичиг хэргийн эрхлэгч, Засаг даргын орлогч зэрэг хүмүүсийг хууль бусаар ажлаас нь халж шүүхийн шийдвэрээр Тамгын газрын дарга М.Б, Засаг даргын орлогч М.З нар ажилдаа эргэж ороод байгаа ба энэ асуудлаас болж орон нутгийн төсвийн орлого 10 сая гаруй төгрөгөөр хохирсон нь Төсвийн тухай хуулийн 6-гийн 2.3, 2.5 -р заалтуудыг зөрчсөн. Тайлбар: И компаниас сумын орон нутгийн орлогод тушаах ердийн ашиг малтмал ашигласны төлбөр 5.600.000 төгрөгийг дансаар дамжуулалгүй хувиараа авч М.Б-д төсөвт тодотгол хийлгэхгүйгээр өгүүлсэн. Тухайн жилийн төсөвт тусгагдаагүй зардлыг дараа жилийн төсөвт тусган хэрэгжүүлэх заалт зөрчсөн. 2. Өлийн давааны замыг засахдаа зориулалтын бус техник ажиллуулж замыг засах биш эвдсэний улмаас дараагаар нь машин явах боломжгүй болж хажуугаар нь давхар зам гарган явж байгаа ба үүнд 4.800.000 төгрөгийн, Цэцэрлэгт хүрээлэнгийн анхны хийхээр туршлагатай М гэдэг компани зураг төслөө ирүүлсээр байтал уг ажилд тухайн ажлыг гүйцэтгэх зураг, төсөв, төсөл байхгүй туршлага муутай хүмүүс оруулж ажиллуулсны улмаас ажлын гологдол гаргаж 3.200.000 төгрөгийн үргүй зардал тус тус гаргаж мөн дээрх ажлуудыг хийлгэх, уг ажлыг гүйцэтгэхэд хяналт тавих ямар ч комисс томилоогүй ба төсвийг үр ашиггүй зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 6.4.1 төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах гэсэн заалт зөрчигдсөн. Дараа жил нь дахин тендер зарлаж М компаниар хийлгэсэн боловч урьд жил нь гологдол гаргасан ажлыг дахин хийсний үнэ хөлсийг өгөөгүй байгаа. 3. Ахмадын өргөөг барих тухайн жилийн батлагдсан төсөв 37.000.000 төгрөг байтал 60739.000 төгрөгийн гүйцэтгэлээр санхүүжүүлж 23.7сая төгрөгөөр тухайн жилд батлагдсан төсвийг хэтрүүлэн зарцуулж тухайн жилд хийгдэхээр төсөвт тусгагдан батлагдсан бусад ажлыг орхигдуулсан нь Төсвийн тухай хуулийн 6.6.6 дугаар заалт зөрчсөн. Засаг дарга тухайн жилд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан төсвийн хүрээнд л ажлаа гүйцэтгэх ёстой. Зайлшгүй шаардлага гарвал Иргэдийн төлөөлөгчдийн хуралд асуудал оруулан төсөвт тодотгол хийлгэж болно. 5. Ахмадын өргөөг барихад батлагдсан төсвөөс 23.3 сая төгрөгийн илүү зардал гаргасан, хууль бус шийдвэр гаргаж иргэдийг ажлаас халж 10.6 сая төгрөгийн зардал гаргасан нь Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6 Орон нутгийн иргэдийн санал аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ ... гэсэн заалтыг зөрчсөн хууль тогтоомж зөрчсөн байна гэж үзсэн. 6. 2013 онд батлагдсан төсөв Өлийн давааны зам засварт 6000000 төгрөг, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад 2013 онд 20.000.000 төгрөг, Засаг дарга гэрээ байгуулсан 18.000.000 төгрөг, Цэнгэлдэх хүрээлэнгийн 10.000.000 төгрөгийн ажлыг хийхэд тус тус сонгон шалгаруулалт явагдаагүй нь төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4 дүгээр заалтыг зөрчсөн.
Чиг үүргийн талаар 1. Их богд зам компанийн ердийн ашигт малтмал ашигласны төлбөр 5.600.000 төгрөгийг Өлзий гэдэг хүнээс авч дансаар дамжуулахгүйгээр М.Б-д шүүхийн шийдвэрийн төлбөрт өгсөн нь Аудитын шалгалтаар Ө гэдэг хүнээс хувиараа зээлсэн гэж хэлж шалгалтын дүгнэлтийг буруу гаргуулсан. 2. Сумын 90 жилийн хурдан морины хураамж 2.000.000 төгрөгийг ойн санхүүгийн тайланд оруулж тооцоогүй байсан энэ талаар тодорхой мэдээлэл санхүүгээс өгөөгүй байгаа. 3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын Засаг дарга өөрийн биеэр өргөн барих эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг албан ёсоор томилж томилогдсон хүн өргөн барих хуулийн дагуу энэ асуудлыг шийдвэрлэж итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж өгөөч гэж утсаар хүсэлт тавихад наад 21 малд чинь би тийм бичиг гаргаж өгөх хүн мөн үү гэж доромжилсон, мөн малчидтай зүй бусаар харьцаж байсан зэрэг удирдах ажилтан хүнд баймгүй авир гаргасан. 4. Сонгуулиар та нарыг ялбал ажилд оруулна гэж амласан хүмүүсээ ажилд оруулахын тулд бичиг хэргийн эрхлэгчийг халж Ү.Ц-г Тамгын газрын даргыг халж сумын эрүүл мэндийн төвд нийгмийн эрүүл мэндийн ажилтан хийж байсан М.П нарыг хууль бусаар авч ажиллуулсан. Дараа нь энэ хоёр хүнээ ажлаас нь халсан. Тамгын газрын дарга шүүхийн шийдвэрээр эргэн ажилдаа орсны улмаас М.П ажилгүй болж олон сар ажилгүй хохирсон. 5. Манай сум сүүлийн 10 гаруй жил ажлын үзүүлэлтээр аймагтаа эхний 5 дотор байр эзэлж, 2011 онд аймгийн жишиг сумаар шалгарч байсан. Гэтэл одоо сумуудын ажлыг дүгнэх аймгийн мониторинг үнэлгээгээр 2013 онд 8 дугаар, 2014 онд 10 дугаар байр эзэлж сумын ажлын үзүүлэлт ихээхэн буурсан байдаг. Тэр дундаа Засаг даргатай холбоотой үзүүлэлтүүд ихээхэн доогуур үзүүлэлттэй байгааг баримтаас үзнэ байх. 2014 онд аймгийн Засаг даргатай гэрээ байгуулаагүй нь төсвийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3 дугаар заалтыг зөрчсөн. Мөн сумын албан байгууллагын дарга эрхлэгч нар болон багийн Засаг дарга нартай гэрээ хийгээгүй ажилласан зэрэг нь ЗЗНДНТУ-ын тухай хуулийн 32.2 дугаар заалтын чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн заалтаар огцруулах үндэслэл байна гэж үзсэн.
Цаашид энэ хүн сум удиран авч явах боломжгүй болоод байгаа яагаад гэвэл албан газруудын дарга нартайгаа таарамж муутай, Тамгын газрын дарга, орлогч дарга нараа ажлаас нь хууль бусаар халсны улмаас албан ажлын хүрээнд хэл амаа ололцоод сум орны эрх ашгийн үүднээс ажил явуулах боломжгүй, зэрэг байдлаас хийхэд энэ хүн эргэж ажилдаа тавигдах юм бол цаг агаар ихээхэн хүндрэх төлөвтэй байгаа энэ үед сум орон ард иргэдийн эрх ашиг ихээхэн хохирч үлдэнэ байх.
Дээрх байдалд дүгнэлт хийж нэг хүний эрх ашгаас нийт ард иргэд, сум орны эрх ашгийг дээгүүрт үзэж шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. ЗНДНТУ-ын тухай хуулийн 23-р зүйл, 23.1, хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байна гэсэн заалт 23.7....сум ... Хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэсэн заалт, 25-р зүйл, 25.1 Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар тус тус батална гэсэн заалт, эдгээр заалтуудыг үндэслэн Засаг даргыг огцруулсан хурлын хуралдааны тогтоол шийдвэр нь хуулийн хүчинтэй гэж үзэж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хуралдааныг хурлын дарга Б.Ө даргалан хуралдаан үргэлжилж байх явцад хуралдаан даргалагч хуралдааныг орхин гарсны улмаас хуралдааныг үргэлжлүүлэх даргыг төлөөлөгчдийн олонхын саналаар сонгон хуралдааныг үргэлжлүүлж хэлэлцэх асуудлыг дуусгасан болно. Мөн хурлын хуралдааныг төлөөлөгч удирдахыг хориглосон заалт байхгүй тул хурал олонхын саналаар шийдвэр гаргадаг хуулийн заалтын дагуу төлөөлөгч А.М-р хуралдааныг удирдуулах шийдвэр гаргасан. гэжээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Т.Э-н нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль-ийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15/04 дугаар тогтоолыг ирүүлж, аймгийн Засаг дарга дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд огцруулсан. Иймд иргэн Т.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад ирүүлсэн тайлбартаа: Иргэн Т.Э-с ирүүлсэн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 15/04 дугаар Засаг даргыг огцруулах тухай тогтоол гарч тус сумын Засаг дарга Т.Э-ыг огцруулахаар аймгийн Засаг даргад уламжилсан. Аймгийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль-ийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь заалтын дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд Т.Э-ыг огцруулж, Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 16/01 дугаар Засаг дарга томилуулахаар уламжлах тухай тогтоол ирүүлсний дагуу Л.Ц-г томилсон. Иймд Иргэн Т.Э-аас ирүүлсэн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Э-н нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлтгүй байна. Иймээс захиргааны хэргийн анхан шатны хурлаас чөлөөлж өгнө үү. гэжээ. Гуравдагч этгээд Д.Ц шүүхэд дахин ирүүлсэн тайлбартаа: Миний бие Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар Өлзийт сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Нэхэмжлэгч Т.Э-н нэхэмжлэлтэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргад тус тус холбогдох нэхэмжлэлд Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр хууль, хууль бусыг сайн мэдэхгүй. Миний бие Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг 100 хувь хүлээн зөвшөөрнө. Сумын Засаг даргын үүрэгт ажлаас буухад нөлөөлөх хүчин зүйл үгүй болно. Шүүх хуралд оролцохгүй. гэжээ.
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар шийдвэрээр:Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15/04 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 272 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Өлзийт сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан Т.Э-н ажилгүй байсан хугацааны цалин 5.622.023 /Таван сая зургаан зуун хорин хоёр мянга хорин гурван/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргаас /Засаг даргын Тамгын газар/ гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, А.М нар давж заалдах гомдолдоо: ... Дээрх нэхэмжлэлтэй холбоотой хэргийн нотлох баримтыг цуглуулахдаа зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс хандсан байна гэж үзэж байна.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хуралдааны үйл явцын талаар гэрчийн мэдүүлгийг хоёрхон хүнээс авсан байдаг. Төлөөлөгч Ж.М энэ хүний авгай нь Т.Э-тай төрсөн эгч дүүсийн хүүхдүүд, С.Л найз нь энэ хоёр хүн Засаг даргыг огцруулах асуудлыг эсэргүүцэж байсан хүмүүс. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хариуцагчийн төлөөлөл энэ хүн Засаг даргыг огцруулах асуудлыг эсэргүүцэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дугаар заалтыг зөрчин хуралдаанаа хаяж гарсан байгаа. эдгээр хүмүүс нэхэмжлэгчийг хамгаалах үүднээс хандах нь мэдээж. Ийм хүмүүсээс мэдүүлэг тайлбар авсан нь Засаг даргыг огцруулах болсон шалтгааны талаар үнэн зөв мэдээлэл авч чадахгүй нь ойлгомжтой байсан тул хариуцагчийн төлөөллийг нэмж оруулсан. Мөн хариуцагчийн талаас гэрчийг нэмж, мэдүүлэг өгүүлэх хүсэлт тавьсан боловч шүүх хүлээж аваагүй.
Шүүгч хуралдааны тэмдэглэл хангалтгүй бичигдсэн байна гэж дүгнэсэн атлаа хуралдааны үйл ажиллагааг бичсэн соронзон бичлэгийг уншуулаагүйгээр Засаг даргыг огцруулах болсон шалтгааны талаар хуралдаан дээр яригдаагүй байна гэж дүгнэсэн нь хуралдааны талаар нотлох баримтыг хангалтгүй авсан. Огцруулах шалтгааны талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсан бичигт Засаг даргыг огцруулах болсон шалтгаануудыг бичсэн, үүнийг төлөөлөгчдөд уншиж танилцуулсан байтал хуралдаан дээр яригдаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах ёстой. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн бичигт Засаг даргыг огцруулах санал хураалт явуулахад Засаг даргын авгай нь санал өгсөн нь ашиг сонирхлын зөрчил үүссэн байна гэж үзсэн байх тул Хурал хууль зөрчиж буруу гаргасан шийдвэрээ өөрөө хүчингүй болгох хуулийн дагуу уг зөрчлийг арилгаж дахин санал хураалт явуулж шийдвэр гаргах үүднээс санал хураалтын дүнгийн талаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгож хуулийн дагуу санал хураалтыг дахин явуулж төлөөлөгчдийн олонхын саналаар Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан нь 15 дугаар хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулж ирсэн шинэ асуудал биш 14 дүгээр хуралдаанаар хэлэлцсэн асуудлаа хуулийн дагуу баталгаажуулсан үйлдэл юм. Уг асуудал нь нэг хоногийн өмнө байтугай хэдэн сарын өмнө хуралд тавьсан асуудал юм.
... Нэхэмжлэгч Т.Э шүүх хуралдаан болохоос олон хоногийн өмнө шүүхийн шийдвэр миний талд гарна гэсэн, миний эсрэг баримт өгсөн хүнтэй тооцоо хийнэ гэж Тамгын газрын албан хаагчдыг дарамталсан байгаа. Энэ үйлдэл нь шүүхийн байгууллагын нэр хүндийг иргэдийн дунд унагаан улмаар шүүгчтэй урьдчилан үгсэн тохирсон байж магадгүй гэсэн хардлагыг төрүүлж байна.
Т.Э нь нэхэмжлэлдээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас миний хийсэн ажлыг хангалттай гэж үнэлсэн би хийж байгаа ажлынхаа хүрээнд хууль зөрчөөгүй гэж бичсэн байгаа. Гэтэл Засаг даргын мөрийн хөтөлбөр болон хийсэн ажлын тайланг хурлаар авч хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгсөн асуудал байхгүй.
Иймд, нэхэмжлэгч Т.Э-н нэхэмжлэл болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ө нь Засаг даргыг огцруулах асуудал яригдахад бид ийм зүйл хийж болохгүй хэлэлцэхээр байвал тухайн эзнийг нь байлгаж байж ярилцах ёстой гэсэн зарчмын санал гаргаж хурлыг орхин явсан байдаг. 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үгсэн хуйвалдсан төлөөлөгчид хурлаа үргэлжлүүлэн шөнөдөө тогтоолоо үйлдэж, маргааш нь буюу 2015 оны 05 дугаар сарын 05-ны өглөө аймгийн Засаг даргад танилцуулж шийдвэрлүүлсэн. Энэ үйл явц нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасан заалтыг зөрчсөн. Хурлын даргын санал болгосноор аль нэг тэргүүлэгч удирдах ёстой байтал төлөөлөгч хурлыг удирдсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар хориглоогүй бүхнийг хийнэ гэснээр хуулиас давсан дүрэм гарган мөрдөж байгааг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээс буруутгасан байна.
Гомдолд дурдсанаас харахад шүүх хурал дээр ярьж байсан худал хуурмаг, гүтгэлгийн олон зүйлийг бичсэн байгаад харамсаж байна.
Иймд, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэжээ.
Баянхонгор аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15/04 дүгээр тогтоолоор сумын Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэж, уг тогтоолыг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 272 дугаар захирамжаар Т.Э-ыг сумын Засаг даргын албан тушаалаас нь огцруулсан байна.
Нэхэмжлэгч Т.Э нь дээрх маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... миний бие ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор шийтгэгдэж байгаагүй, мөн хууль тогтоомж зөрчсөн аливаа үйлдлээр арга хэмжээ авагдаагүй, ямар нэг байгууллага, албан тушаалтан нотлоогүй асуудлаар шийдвэр гаргасан гэж тодорхойлон маргажээ.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх хамтын удирдлага бүхий байгууллага хэдий ч түүний шийдвэр гаргах процесс ажиллагаа нь хуулийн дагуу явагдахыг шаардана.
Баянхонгор аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолд зааснаар ээлжит бус 15 дугаар хуралдаанаар 1.Газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, 2.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн тодотгол батлах тухай, 3.Хүний эрхийг хангах салбар хороог байгуулах, 4.Анхдугаар хуралдааны сумын Засаг даргыг томилох, 14 дүгээр хуралдааны санал хураалтын шийдвэрийг хэлэлцэх болон бусад гэсэн 5 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх байжээ.
Гэтэл хариуцагч нь хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй, Хурлын төлөөлөгч нарт хуралдаанаас өмнө урьдчилан мэдэгдэж, холбогдох судалгаа баримтыг хүргүүлээгүй асуудал болох Сумын Засаг даргыг огцруулах тухай хэлэлцэн шийдвэрлэж, хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байна.
Мөн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 15 дугаар хуралдаанаар хуралдаан даргалагч Б.Ө албан ёсоор хурлыг орхисноор Монгол Ардын намын бүлэг 3 хоногийн завсарлага авч, ээлжит бус 15 дугаар хуралдааныг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хуралдааныг үргэлжлүүлэхдээ хуралдаан даргалагч эзгүй байх тул төлөөлөгч А.М-г даргалагчаар сонгож, хуралд хэлэлцүүлэхээр урьдчилан оруулаагүй асуудал болох Засаг даргыг огцруулах асуудлыг шийдвэрлэжээ.
Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар Хурлын төлөөлөгч нь асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, ингэхдээ мөн зүйлийн 24.3-т заасны дагуу тухайн саналд холбогдох баримт, судалгаа, гарах шийдвэрийн төслийн хамт хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгч нарт тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна.
Ингэснээрээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд сумын Засаг даргыг огцруулах талаар урьдчилан мэдээлэлтэй болох, түүнд судалгаа хийх, үүнтэй холбогдуулан үзэл бодлоо илэрхийлж үндэслэл бүхий тайлбар гаргах, бусад төлөөлөгч нар өөрийн нэрийг дэвшүүлэх зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломжийг бодитоор олголгүй, гэнэтийн байдлаар асуудлыг шийдсэн нь хуулийн дээрх шаардлага, зорилгод нийцээгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... Засаг дарга хууль зөрчсөн нь Төсвийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах нөхцөл бүрдсэн тул огцруулна ... хэмээн тайлбар гаргаж байгаа хэдий ч хурал уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон журмын дагуу хууль дээдлэх зарчмыг баримтлах ёстой.
Шүүх хуульд заасан журмыг зөрчиж гарсан тогтоолыг үндэслэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 272 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь зөв, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ