Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
Хэргийн индекс | 186/2016/0156/э |
Дугаар | 147 |
Огноо | 2016-10-06 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Н.Энхтуяа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Х.Түмэнчимэг, улсын яллагч Н.Энхтуяа, шүүгдэгч Б.Нямдаваа, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Батчулууны Нямдаваад холбогдох эрүүгийн 201625031100 дугаартай, 186/2016/0146/э индекстэй хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сары 05-ны өдөр Сэлэнгэ аймаг, Зүүнхараа суманд төрсөн, 35 настай, халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, согоотын 78 дугаар гудамж, 1085 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигин овогт Батчулууны Нямдаваа / РД:МЗ81100575 /,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Нямдаваа шунахайн сэдэлтээр 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн орчим Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, согоотын 78 дугаар гудамжны 1085 тоотод оршин суух хохирогч Б.Сарантуяагийн эзэмшлийн гэрийн үүдний таамбарыг хөдөлгөн гэрт нэвтрэн орж угаалгын машин хулгайлж, нийт 380.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Нямдаваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй учир нь мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм хэрэгт холбогдохгүй гэв
Хоёр: Шүүгдэгчийг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Сарантуяагийн:...Миний бие 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр эгч Мягмарсүрэнгийн хашаа болох Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Согоотын 78-1085 тоот хашаанаас нүүсэн. Нүүхдээ хашаан доторх монгол гэрээ буулгаж чадаагүй үлдээсэн. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээ янзалж дотор нь үлдээсэн угаалгын машин болон бусад зүйлээ авах гэж ирэхэд гэрт байсан угаалгын машин алаг болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай гэрийн түлхүүр надаас өөр хүнд байхгүй. Манай гэрийн үүдний таамбар болон дотор талын гэр хоёулаа цоожтой байсан юм. Хулгайч гадна талын таамбарыг хөдөлгөөд гэрийн цоожинд түлхүүр тааруулаад орсон юм шиг байсан. Гэрийн цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй мөртлөө онгойлгоод буцааж хаагаад цоожийг өлгөчихсөн байсан. Манай гэрээс бүрэн автомат цагаан өнгийн 3,5 кг хувцас угаах хүчин чадалтай угаалгын авто машин алдагдсан байсан. Одоогоос 4 жилийн өмнө “Номин” худалдааны төвөөс 600,000 төгрөгөөр худалдаж авсан одоо тухайн үнээр нь үнэлж байна. Түүнээс гадна монгол гэрийн брезент алга болсон байсан. Уг брезент нь хэрэглэж байсан хуучин зүйл байгаа. 100,000 төгрөгөөр үнэлж гэх мэдүүлэг, /хх 19-20/,
2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бат-Өлзийгийн:..2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байх 12 цагийн үед гудамжинд машинтайгаа явж байгаад манай найз Нямжаргалын ах болох Нямдаваатай тааралдсан тэгээд Нямдаваа ах надад ахыгаа буудал хүргээд өг гэхээр нь за гээд суулгасан, чинь машинд суусны дараа гэрээс юм аваад Нарантуул-2 зах хүргээд өг гэхээр нь найзын ах болохоор нь за гэж хэлээд гэрт нь ирээд хашааны үүдэнд тавьсан байсан жижиг цагаан өнгийн угаалгын машиныг миний машины багаажинд хийгээд Нарантуул зах дээр аваачиж буулгасан. Тэгээд Нямдаваа ах Болдсайхан ах хоёр нөгөө машинаа зарах гэж хүмүүсээс асуухад авахгүй байхаар нь надад ахын дүү зарагдахгүй юм байна буцаж хүргээд өгчих гэхээр нь за гэж хэлээд буцаж суулгаж аваад явж байхад замд Нямдаваа ах надад “ахын дүү нэг шил архины мөнгө хэрэгтэй байна чи 7000 төгрөгөөр худалдаад авчих” гэхээр нь би 7000 төгрөг өгөөд худалдаад авсан. Нямдаваа ахаас архи үнэртэж байсан гэхдээ тийм их согтуу байгаагүй. Тухайн үед Нямдаваа ах өөрийнхөө хуучин угаалгын машин гэж хэлсэн.Өөрийнхөө хашаанаас гаргаад ирсэн. Би тухайн үед хулгайн эд зүйл гэдгийн мэдээгүй. Нямдаваа ах өөрийнхөө хашаанаас гаргаж ирсэн. Тэр угаалгын машин нь хуучивтар нэг талын булан нь эвдэрхий байсан. Би таксинд явж байгаад нэг эмэгтэй хүнийг суулгаад явж байхад нөгөө эмэгтэй утсаар “ би байранд орсон одоо угаалгын машин авахаас” гэж ярихаар нь би манай гэрт зарах угаалгын машин байгаа гэж хэлээд гэрлүүгээ дагуулж ирж угаалгын машиныг үзүүлэхэд орой ирж авъя гэж явсан. Тэгээд орой нь цагаан өнгийн жижиг тэрэгтэй ирж 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр худалдаж аваад явсан. Тухайн үед ирсэн машины улсын дугаарыг нь хараагүй. Тэр хүнийг танихгүй миний машинд суугаад хүргүүлж явсан явуулын хүн байсан юм утасны дугаар, хаягийн мэдэхгүй байна гэх мэдүүлэг./хх 32-33/,
2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Энхсайханы:.. Нямдаваатай 2012 онд танилцаж байсан. Нэг гэрт ороод 3 жил болж байна ажиллаж байгаад танилцаж байсан. Тухайн үед Нямдаваа уурхайд хамгаалагч хийж байсан. 1981 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. Ямар боловсрол эзэмшсэн хаана сургууль сурсан талаар нь сайн мэдэхгүй байна. Манай нөхөр айлын дээрээсээ хоёр дахь хүүхэд юм. Аав нь нас барсан гэсэн юм надтай гэр бүл болохоос өмнө ээж, ах дүү нарын хамт амьдардаг байсан. Одоо бид нар бүгдээрээ Нямдаваагийн ээжийнхэн гэрт амьдарч байна гэх мэдүүлэг./хх 34-35/,
2.4. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Мягмарсүрэнгийн:...Манай хүү Нямдаваа 1981 оны 10 дугаар сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. Миний 2 дахь хүү байгаа юм. 8 нас хүртэл цэцэрлэгт хүмүүжсэн. Тэгээд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар арван жилд боловсрол эзэмшсэн бүрэн бус дунд боловсролтой. Тэгээд манай нөхөр Батчулууны ах болох Шаравдорж гэх хүний гэрт мал маллаж байсан. Манай хүүд тодорхой мэргэжил байхгүй одоо барилгын ажил хийдэг. Аав нь 1999 онд нас барсан, эхнэрийг нь Энхсайхан гэдэг одоо 9 сартай жирэмсэн бид нартай хамт амьдарч байна. Өмнө гэрлэж байгаагүй. Одоогоор гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй байгаа. Бид нар бүгд цуг амьдарч байна. Албан ёсны хаяг нь ЧД-ийн 16 дугаар хороо Согоотын 78-1085 тоот, манай хүү урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. /хх 36-37/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6/, хэргийн газрын схем зураг /хх 7-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-11/, эд зүйлийн үнэлгээ /хх-15/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-30/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-31/, Б.Нямдавааг сэжигтнээр тооцсон тогтоол болон байцаасан тэмдэглэл /хх 49-51/, Б.Нямдавааг яллагдагчаар татсан тогтоол, тэмдэглэлүүд /хх 52-54/, гэрлэлт бүртгүүлсэн тухай лавлагаа /хх-56/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-62/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.
Шүүгдэгч Б.Нямдаваа нь шунахайн сэдэлтээр 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн орчим Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 78 дугаар гудамжны 1085 тоотод оршин суух хохирогч Б.Сарантуяагийн эзэмшлийн гэрийн үүдний таамбарыг хөдөлгөн гэрт нь нэвтрэн орж “ Samsung” брэндийн угаалгын машин хулгайлж, нийт 380.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Сарантуяа, гэрч Ц.Цэрэн-Өлзий, Г.Энхсайхан, Н.Мягмарсүрэн нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Нямдаваагийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.
Шүүгдэгч Б.Нямдаваа нь хэргийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нямдаваад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Нямдавааг бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Б.Нямдаваагийн буруутай үйлдлээс хохирогч Б.Сарантуяад 380.000 /гурван зуун наян мянган/ төгрөгний хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээгээр /хх-15 / тогтоогдож байна. Хохирогч Б.Сарантуяа нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: “ Миний бие шүүгдэгч Нямдаваагаас хохирол 380.000 төгрөгийг бүрэн буцааж авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно гэсэн тул шүүгдэгч Б.Нямдавааг бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Нямдаваагийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тул эд хөрөнгө хураах ял шийтгэл оногдуулах боломжгүй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Батчулууны Нямдавааг бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Нямдавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураагүйгээр, 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Нямдаваад эд хөрөнгө хураагүйгээр, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Нямдавааг эд хөрөнгө хураагүйгээр, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
5. Шүүгдэгч Б.Нямдаваа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Нямдаваад бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ