Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 286

 

 

“Янгирт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2016/0973 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Янгирт” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК, "Инүэт" ХХК, Монгол Улсын Сангийн яам, "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ТББ-д тус тус холбогдох

 

Гэм хорын хохиролд "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-иас 30 000 000 төгрөг, "Инүэт" ХХК-иас 962 245 төгрөг, Сангийн яамнаас 1 000 000 төгрөг тус тус гаргуулах, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай мэдэгдлийг Сангийн яаманд хүргүүлэхийг "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ТББ-д даалгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч “Янгирт” ХХК-ийн захирал Д.Бямбасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,

Хариуцагч "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхболд,

Хариуцагч “Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн өмгөөлөгч Б.Ариунболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Янгирт” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК нь Баянгол дүүргийн шүүхээс 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1997 дугаар захирамжийн дагуу томилогдон Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 89-2 байрны Караоке бааранд хийсэн хөрөнгө оруулалтанд дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлт нь Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1565 тоот шийдвэрийн үндэслэл болж "Янгирт" ХХК-д 58 083 998 төгрөгийг төлөхийг даалгасан шийдвэр гаргасан. "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 232 тоот шинжээчийн дүгнэлт нь Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн яамны Барилгын төсөв өртгийг тодорхойлох дүрмийг зөрчиж гаргасан болно. Монгол Улсын Дэд Бүтцийн Хөгжлийн яамны сайдын 1998 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 тоот нэмэгдэл зардал, ашгийн жишиг норм тогтоох тухай тушаалын 2-р хэсэгт заахдаа, зам, тээврийн барилга угсралтын 58,4 хувиар /бусад шууд зардал/, орон сууц иргэний барилгын угсралтын 57 хувиар /нэмэгдэл зардал/, барилга угсралтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгжид 95 хувиар /төлөвлөгөөт хуримтлал/ тус тус тооцохоор тогтоосон байхад барилгын тусгай зөвшөөрөлгүй компани барилгын заслын ажлын батлагдсан зураггүй ажил гүйцэтгэсэн байхад барилга угсарсан зардлаар тусгай зөвшөөрөлтэй компанид хамаарах зардлуудыг гүйцэд хасч тооцолгүй, элэгдэл хорогдол бодолгүй, засварын ажил хийхдээ барилгын шал шатны боржин чулуунуудыг ихээхэн хэмжээгээр гэмтээснийг, барилгын стандарт нормыг зөрчиж чанарын шаардлага хангаагүй засвар хийснийг 58,4 хувь, 57 хувь, 95 хувиар тооцож байгаа нь бусдыг хохироосон хууль бус дүгнэлт гарах үндэс болсон байна. Учир нь "Инүэт" ХХК нь барилгын ямар ч зөвшөөрөлгүй, магадлал хийсэн засварын ажлын зураггүйгээр Барилгын тухай хуулийг бүхэлд нь зөрчиж барилгын засварын ажил хийсэн нь үйлчилгээний газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага, МНС 4946:2005 стандартыг зөрчсөн болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн улсын байцаагчийн албан шаардлага бүхий албан бичиг, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн улсын байцаагчийн дүгнэлтээр тодорхой харагдана. Тус шүүхэд нэхэмжлэл гаргаад маргаан хянагдаж байх үед нэхэмжлэгч “Янгирт” ХХК нь Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд  хандаж гомдол гаргахад "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн үнэлгээчин Д.Энхтуяа, Р.Зоригт нарт сануулах шийтгэл ногдуулсан арга хэмжээ бүхий 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 02 тоот тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл мэргэжлийн алдаа гаргасан болохыг тогтоож өгсөн. Улмаар гомдлыг шалгаад "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг хянуулахаар БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төв, түүний төсвийн мэргэжлийн комисс хянаж дүгнэлт гаргадаг" гэж зөвлөсөн. Үүний дагуу "Янгирт" ХХК-ийн хүсэлтээр зөвлөх эдийн засагч, барилгын инженер эдийн засагч Т.Норовжав 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр экспертиз хийж дүгнэлт гарган Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт орших "Янгирт" ХХК-ийн барилгын засварын ажлын гүйцэтгэлд 26 121 753 төгрөгийн засвар тохижилтын зардал гаргасан байна гэдгийг тогтоосон. Мөн "Бэсгэ" ХХК-ийн тэргүүлэх төсөвчин Д.Санж 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 22 тоот дүгнэлт гаргаж Барилгын тусгай зөвшөөрөлгүй компаниар ажил хийлгэсэн, чанаргүй гүйцэтгэсэн ажилд гологдол ажлын үнэлгээг тусгаагүй буруутай болохыг тогтоож өгсөн. "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК нь зөвлөх эдийн засагч Т.Норовжавын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт, "Бэсгэ'' ХХК -ийн тэргүүлэх төсөвчин Д.Санжийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 22 тоот дүгнэлтэд гомдол гаргаж, тайлбар өгөөгүй бөгөөд хөндлөнгийн шинжээч томилуулах талаар санаачлага гаргаагүй байгаа нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнтэй утга нэг гэж ойлгож байна. Иймд энэхүү хөдлөнгийн хараат бусаар хийгдсэн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах хэлбэрээр тодорхойлж байна. "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2 дахь заалт, Мэргэшсэн үнэлгээчдийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх заалтыг ноцтой зөрчиж шударга бодитой байх ёс зүйн зарчим, хэм хэмжээг мөрдөөгүй, төсвийн аргаар хийсэн тооцоололд хэрэглэгдэх норм дүрмийг мөрдөөгүй, төсвийн аргаар хийсэн тооцоололд хэрэглэгдэх норм дүрмийг буруу баримталсан, удирдлагын зүгээс тайланг зохих түвшинд хянаагүй, үндэслэлгүй гарсан энэ дүгнэлтээс болж "Янгирт" ХХК нь бусдад их хэмжээний өр төлбөр төлөх болсон тул 30 000 000 төгрөгийн гэм хохирол нэхэмжилж байна.

"Инүэт" ХХК нь шүүхэд хэрэг маргаан хянагдаж байх үед өөрийн алдаа, гэм бурууг ухаарсан бөгөөд бусдын гуйлтаар /"Кей Ти Эл" ХХ-ийн захирал Ч.Хонгорзул/ 90 000 000 төгрөгийн баримтыг хуурамчаар бүрдүүлж өгсөн тухай тайлбарласан. Үүний дагуу Татварын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын газарт шалгагдаж 21 826 000 төгрөг улсад төлөхөөр болж хүнд байдалд орж аргагүй эрхэнд үнэн зөв баримт болох "Инүэт" ХХК нь хуурамч баримт бүрдүүлж өгсөн гэх 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг, захиалгат ажил тавилгатай нь 47 000 000 төгрөгт батгаан гүйцэтгэх тухай 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээ, хамтран ажиллахаар тохирсон ажлууд 2012 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр материал болон ажлын хөлс 19 500 000, нэмэгдэл 6 241 300 төгрөгийн олох ашиг, Хаан банкны дансны хуулгууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгч "Янгирт" XXК-ийн нэхэмжлэлд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заагдсан баримтуудыг өөрөө сайн дураар гаргаж өгсөн тул гэм хорын хохиролд 962 245 төгрөгийг нэхэмжилж байна.

Сангийн яам нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16.1.1-д заасан Хөрөнгийн үнэлгээний тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүйгээс мөн Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын үндсэн ажил үнэлгээчдийг сургаж боловсруулах үйл ажиллагаанд хяналт тавих эрхээ хэрэгжүүлээгүй буруутай тул гэм хорын хохиролд 1 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт нь өөрт олгогдсон эрх болох Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.6-д заасан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай саналыг Санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байтал өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгохоор саналаа хүргүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК нь удаа дараа зөрчил гаргаад байхад арга хэмжээ аваагүй байна.

Иймд "Хөрөнгийн үнэлгээний төв " ХХК нь мэргэжлийн алдаа гаргаж “Янгирт” ХХК-д гэм хор учруулсны хохиролд 30 000 000 төгрөгийг гаргуулах, "Инүэт" ХХК-иас гэм хорын хохиролд 962 245 төгрөг гаргуулах, Сангийн яамнаас 1 000 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай, "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай мэдэгдлийг Сангийн яаманд хүргүүлэхийг “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт” ТББ-д даалгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК нь Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1997 дугаартай захирамжийн дагуу "Янгирт" ХХК-ийн нэхэмжлэлтэй "Кей Ти Эл"-д холбогдох хэрэгт шинжээчээр ажилласан. Шинжээчээр ажиллахдаа Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах үйлчилгээний 1 дүгээр давхар, подвалын давхар, 2 дугаар нийт 3 давхар барилгад хийсэн засвар, хөрөнгө оруулалтын ажлын үнийг ажлыг хийж гүйцэтгэсэн. Барилгад хийсэн засварын ажлыг зардлын хандлагын аргаар буюу төсөв зохиож гаргасан. Төсвөөр уг засварын ажлын дүн 66 271 944 төгрөг гарсан болно. Энэ дүнд зохих тохируулгыг хэрэглэж, тухайн засварын ажлыг гүцэтгэсэн компани тусгай зөвшөөрөлгүй зэргийг харгалзан үзэж барилга угсралтын ажлын дүнг 58 083 998 төгрөгөөр тооцож дүгнэлтээ гаргасан. Манай компанийн гаргасан дүгнэлт нь үнэн зөв бөгөөд энэ дүгнэлтийг шүүх зөвшөөрч "Янгирт" ХХК-д 58 083 998 төгрөг төлөхийг шүүхийн шийдвэр гарсан. Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу шинжээчийн ажлыг гүйцэтгэхдээ маргалдагч 2 талыг байлцуулан хөрөнгийн байдалтай танилцан үнэлгээ хийсэн. Үнэлгээний гарсан үр дүнг ч "Янгирт" ХХК болон "Кей Ти Эл" ХХК-д танилцуулж тайлбарласан. Энэ үед ч "Янгирт" ХХК-ийн захирал Д.Бямбасүрэн шинжээчийн гаргасан дүгнэлттэй танилцсан. Бидний дүгнэлт гаргах ажлын явцтай Д.Бямбасүрэн байнга танилцаж, тухайн үед өөрөө хүлээн зөвшөөрч байсан хүн одоо ийм гомдол гаргах үндэслэлгүй. Шүүгчийн гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол дээд шатны шүүхэд давж заалдах эрх нээлттэй байсан.

Барилга засварын ажлын нийт төсөвт өртөг 66 271 944 төгрөг гарсан. Барилгын засвар хийсэн компани нь барилгын тусгай зөвшөөрөлгүй компани гэх мэдээлэлтэй байсан тул нормчлолын сан, техник хяналтын зардлыг оруулаагүй. Эдгээр зохицуулалтыг хийж барилгын засварын дүнг 58 083 998 төгрөг буюу 8 187 498 төгрөгөөр бууруулж тооцсон. Барилга төсөв зохиох зааварт эдгээрийг тооцож авах ёстой гэж заасан. Бусад шууд зардалд ажилчидтай холбоотой зардал, тухайлбал Нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хөдөлмөр хамгааллын зардал зэргийг тусгадаг, үүнийг оруулахгүй ажилчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөх эх үүсвэргүй. Нэмэгдэл зардалд удирдлагын зардал, багаж хэрэгсэлийн зардал, зохион байгуулалттай холбоотой зардлууд ордог. Барилга засварын ажил хийсэн компани зохих хэмжээний ашигтай ажиллах, зохих хуримтлал үүсгэхгүй бол компани гэж ажиллах шаардлагагүй. Иймд энэ зардлыг цалингийн 95 хувиар тооцож авдаг заавартай. Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Инүэт" ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Инүэт" ХХК нь "Кэй Ти Эл" ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барилгын засварын ажил хийсэн. "КТЛ" ХХК буюу "Хатанжаргал" ХХК-ийн захирал Ч.Хонгорзулын гуйлтаар хуурамч гэрээ, албан тоот бичиг, баримтуудыг надаар хийлгүүлсэн болно. Үүнийг шүүхэд ашиглах гэж байгааг огт мэдээгүй. Эдгээр хуурамч баримтуудаас Татварын алба, цагдаа, шүүхэд дуудагдан их чирэгдэл учирсан тул жинхэнэ үнэн баримтыг "Янгирт" ХХК-ийн захирал Д.Бямбасүрэнд гаргаж өгсөн болно. Миний бие хуурамч баримт бичиг хийсэн буруугаа бүрэн хүлээж байгаа болно. "Янгирт" ХХК-ийн захирал Д.Бямбасүрэнд өгсөн баримтуудаар үндэслэн хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Хариуцагч Сангийн яам шүүхэд гаргасан тайлбартаа: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд үнэлгээчний сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид тавих шаардлагыг тодорхойлсон ба энэхүү шаардлагыг хангасан иргэн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн тохиолдолд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 3-аас доошгүй жилийн хугацаагаар олгоно. Мөн хуулийн 9.2-т хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг тодорхой зааснаар хөрөнгийн үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх хөрөнгийн үнэлгээ хийх явц дахь хөрөнгийн үнэлгээний стандарт, дүрэм, журам, норм нормативыг зөрчсөн аливаа тохиолдлын талаар тэмдэглэсэн байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байхыг хуульчилсан. Хөрөнгийн үнэлгээчин нь тодорхой шаардлагыг ханган сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг авдаг бөгөөд өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учруулсан бол хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Сангийн яам нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог. Иймд хөрөнгийн үнэлгээчдийн үүрэгтэй холбоотой асуудалд хамаарах хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээчний ёс зүйн дүрмийн биелэлтэд хяналт тавих үнэлгээчний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бүрэн эрхтэй Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага буюу Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт хариуцлага хүлээх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт” ТББ шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт” ТББ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлэгч Мэргэжлийн байгууллага мөн бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй боловсролын хүрээнд үнэлгээчдийг сургалтад сайн дурын үндсэн дээр хамруулах, хэлэлцүүлэг явуулах, шинээр хөрөнгийн үнэлгээний эрх олгох сургалт явуулах, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт төрийн болон төрийн бус аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран сургалтыг явуулдаг. "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК, түүний үнэлгээчин Р.Зоригт, Д.Энхтуяа нар нь тодорхой зарим сургалтуудад хамрагдаж байсан. Мэргэжлийн хувьд Р.Зоригт нь 1997 онд, Д.Энхтуяа нь 2007 тус тус хөрөнгийн үнэлгээ хийх эрхийг авсан мэргэшсэн үнэлгээчид бөгөөд олон жилийн, тодорхой туршлага хуримтлуулсан үнэлгээчид юм. "Янгирт" ХХК-ийн нэхэмжилж буй хэрэгтэй холбоотой гүйцэтгэлийн үнэлгээг барилгын гүйцэтгэлийн төсвийн аргаар төсөвчний эрхтэй мэргэшсэн үнэлгээчин хийсэн бөгөөд хэрэглэсэн төсвийн тооцооллын үнэн зөвийг бид шийдэхгүй, холбогдох байгууллага болох Барилгын хөгжлийн төвд хандах нь зүйтэй гэдэг талаар бидний дүгнэлтэд дурдсан байдаг. Тус дүгнэлтийн дагуу "Янгирт" ХХК нь тус байгууллагаар эксперт томилуулан дүгнэлт гаргуулсан. Бидний Сангийн яамнаас томилогдсон шинжээч, барилгын зөвлөх инженер, норм нормативийн зөвлөх Д.Санжийн эксперзийн дүгнэлт, тус үнэлгээний тайланд хийсэн тооцооллын талаар зарим мэргэжлийн холбогдох хүмүүсээс авсан асуулгад дэслэн дүгнэлтийг гаргасан. Энэ тухай дүгнэлтэд дурдсан. "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн үнэлгээчин Д.Энхтуяа, Р.Зоригт нар нь манай улсад анх хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа үүссэн цагаас хойш ажиллаж байгаа анхны үнэлгээчдийн нэг бөгөөд үнэлгээний олон жилийн туршлага зэргийг нь үндэслэн, мөн "удаа дараа алдаа дутагдал гаргасан" нь нотлогдоогүй байхад шууд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг цуцлалгүйгээр Мэргэшсэн үнэлгээчдийн Ёс зүйн дүрмийн 8.1(а)-д заасны дагуу "3 сарын хугацаатай алдаа зөрчлийг арилгах даалгавар"-ыг өгч, сануулах шийтгэлийг ногдуулах тохиромжтой гэж шийдвэрлэн “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт” ТББ-ын мэргэжлийн хариуцлагын хорооноос дүгнэлтийг гаргасан. Удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан нь баримтаар батлагдаж, нотлогдоогүй байхад эцсийн арга хэмжээ болох "тусгай зөвшөөрлийг цуцлах" арга хэмжээг авалгүй шат дараалалтай арга хэмжээ ногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Харин шүүгчийн зүгээс "Янгирт" ХХК-д учруулсан хохирлын хэмжээ, гаргасан алдаа дутагдал нь "хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлагатай, хангалттай үндэслэл юм" гэж тогтоовол Мэргэжлийн байгууллагын зүгээс "хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг цуцлуулах" саналыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 26.1.7, Ёс зүйн дүрмийн 8.1 б, 8.1(в)-д заасны дагуу Сангийн яаманд хүргүүлэн шийдвэрлүүлэх бүрэн боломжтой, татгалзсан зүйлгүй. Дээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-иас 30 000 000 төгрөг, "Инүэт" ХХК-иас 962 245 төгрөг, Сангийн яамнаас 1 000 000 төгрөгийг тус тус гаргуулах, "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай мэдэгдлийг Сангийн яаманд хүргүүлэхийг "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ТББ-д даалгуулахыг хүссэн "Янгирт" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Янгирт” ХХК-ийн захирал Д.Бямбасүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-д зааснаар "... түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал" гэсэн үндэслэлээр татгалзсан болно. Мөн шүүх, нийт шүүгч, Ерөнхий шүүгчээс татгалзсаар байтал хүчээр хурал хийсэн. Хэрэв тухайн шүүхээс болон нийт шүүгч, ерөнхий шүүгчээс татгалзвал шүүх хуралдаан үргэлжлэх боломжгүй бөгөөд тухайн шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр татгалзлыг шийдвэрлэх ёстой. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гараагүй болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Янгирт” ХХК нь хариуцагч "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК, "Инүэт" ХХК, Монгол Улсын Сангийн яам, "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ТББ-д тус тус холбогдуулан гэм хорын хохиролд "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-иас 30 000 000 төгрөг, "Инүэт" ХХК-иас 962 245 төгрөг, Монгол Улсын Сангийн яамнаас 1 000 000 төгрөгийг тус тус гаргуулах, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай мэдэгдлийг Сангийн яаманд хүргүүлэхийг "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ТББ-д даалгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасны дагуу шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.        /хэргийн 40 дүгээр тал/

 

Дээрх хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан атлаа шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг шийдвэрлэсэн талаарх уг захирамж хэрэгт авагдаагүй тул татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлээгүй гэж дүгнэхээр байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, нийт шүүгч, Ерөнхий шүүгчээс татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт заасны дагуу шүүх шийдвэрлээгүй гэж давж заалдах гомдол гаргасан боловч шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй тул тус шүүх болон нийт шүүгч, Ерөнхий шүүгчээс татгалзсан гэж үзэх боломжгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлээ татан авч байгаа гэх боловч үндэслэлээ эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй холбон тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан үндэслэл заахгүйгээр нэхэмжлэлээ татан авахтай нийцээгүй байна.

 

Иймд шүүгчээс татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй холбоотой нэхэмжлэлийг татан авах эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахтай холбоотой асуудлыг анхан шатны шүүх хянан шийдвэрлэх боломжтой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2016/0973 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Янгирт” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

 

                             ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ