Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар  2021/ШЦТ/1253

 

 

 

 

 

 

 

     2021          12           14                                       2021/ШЦТ/1253

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

хохирогч Х.Ц.........д,

шүүгдэгч П.Ц.........х, түүний өмгөөлөгч А.Очбадрал (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Харчин овогт П.......вийн Ц.........хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2103 0021 50293 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харчин овог П.......вийн Ц.........х, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Сант суманд 1979 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 42 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Конфрейт Агент” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .............................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч П.Ц.........х нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 18 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Товчооны зам “Веллмарт” дэлгүүрийн урд замд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.6 промилли согтолттой үедээ Toyota Prius-20 маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 10.4-т заасан “жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ”, 11.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тул орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас Д.Д...........нгийн жолоодон явсан “Toyota Land Cruiser 80” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Х.Ц.........дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч П.Ц.........х мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

2. Хохирогч Х.Ц.........д мэдүүлэхдээ: “...8 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд нөхрийн хамт явж байгаад осолд орсон. Гэмтэлд үзүүлэхэд зүүн гар хугаралтай байна хагалгаа хийнэ гэж хэлсэн. Маргааш нь эмч нарын зөвлөгөөнөөр ороход хагалгаа хийх шаардлагагүй болсон байна, таны яс бутарсан байна гэж хэлсэн. Сүүлд үзүүлэхэд баруун гар хугарсан байсан. Би 4 сар нөхрийнхөө асрамжид байсан. Одоогоор миний гар гүйцэд эдгээгүй байгаа. Гадаад явж эмчилгээ хийлгэх хүсэлттэй байна. Миний хувьд гомдолтой байна. Би тэтгэврийн хажуугаар нөхрийн хамт бизнес эрхэлдэг байсан. Энэ ослын дараа нэг ч удаа тэр ажлаа хийж чадаагүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд; Үүнд

1. Улсын яллагчаас: “...Хавтаст хэргийн 5-12, 91, 24-25, 26-28, 30-33, 40-46, 50-51,

73-74, 126-128, 101-102, 114-116, 108-109, 74, 76, 194, 142, 145, 147...” дахь талд авагдсан,

2. Хохирогч: “...Хавтаст хэрэгт шинээр гаргаж өгсөн 13 хуудас баримтыг...”,

3. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч: хавтаст хэргийн 143, 152-153, 177-180, 194 талд нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан ба шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг болно.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Ц.........ход холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч П.Ц.........х нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 18 цаг 11 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /1.6 промилли/ үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй “Toyota Prius-NHW20” маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байгаад тус зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд хөдөлгөөнд оролцож байсан Ш.А.........нын жолоодсон “Howo Sinotruk” маркийн ZZI257 моделийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун гар талын урд буферийг шүргэж цааш яваад эсрэг урсгалын 3 дугаар эгнээнд буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй Б.Б........гын жолоодсон “Toyota Prius-41” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талын буфер, зүүн талын толь, зүүн урд, хойд хаалга, хойд буфер зэргийг шүргээд цааш явахдаа тус эгнээнд явсан Д.Д...........нгийн жолоодсон “Тoyota Land cruiser-80” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талаас “Well Mart” дэлгүүрийн урд замд мөргөж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.Ц.........дын биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь

- Замын цагдаагийн газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСМН14846245 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: 89859990, ...Дуудлага хүлээн авсан: 2021-8-17 18:16:57, ...Дуудлагын утга: машины осол хүн гэмтсэн байна...” гэх баримт (хавтаст хэргийн 04),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “22 товчооны замд Well mart” хүнсний дэлгүүрийн урд замд гарсан байв ...эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, эгнээний тоо 6... Toyota Prius 20 маркийн ...... дугаартай автомашин...ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд хөдөлгөөнд оролцож яваад ...... улсын дугаартай автомашины баруун урд хэсгийг шүргэж, урсгал сөрөн ........ улсын дугаартай автомашины баруун урд хэсгийг шүргэж, урсгал сөрж замын 3-р эгнээгээр явж өөдөөс ирж явсан ......... улсын дугаартай автомашиныг мөргөж зогссон байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-12, 16-17),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Камерын бичлэгт ...2021.08.17 18:09:59 гэсэн тэмдэглэгээтэй байна. Тухайн бичлэгийн 18:11:06 секундэд дэлгэцийн зүүн талаас зорчих хэсгийн 2 дугаар эгнээнээс цайвар өнгийн суудлын автомашин 3 дугаар эгнээ рүү орж цайвар өнгийн ачааны автомашины урдуур гарч улмаар эсрэг урсгалд орж урсгал сөрж 3 дугаар эгнээгээр явсаар хар өнгийн суудлын жийп автомашины урдаас мөргөж байгаа бичлэг бичигдсэн байна...” гэх баримт (хавтаст хэргийн 24-25),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 3781 дүгээр дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд ирүүлсэн “П.......в Ц.........х” гэж хаягласан цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байна. 3. Цусанд илэрсэн 1.6 промилл нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 90-92),

 

- Гэрч Х.Долгионы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед Өлзийт хорооллоос хашаа ачаад хүй долоо худаг орох гээд Сонгинохайрхан дүүргийн нутаг хуучин 22 товчооны замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд ... Sinotruk маркийн ...... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод замын 3-р эгнээгээр 60 км цагийн хурдтай явж байхад миний баруун гар талаар буюу замын 2-р эгнээнээс нэг цагаан өнгийн Toyota Prius маркийн автомашин зүүн гар тийшээ дарж орж ирээд миний машины урд буферын баруун талыг шүргээд цаашаа яваад эсрэг урсгалд ороод өөдөөс ирж байсан эсрэг урсгалын 3-р эгнээгээр явж байсан Toyota Prius-41 маркийн машины зүүн талыг шүргээд тэр чигээрээ урсгал сөрж явсаар байгаад эсрэг урсгалын 3-р эгнээгээр явж байсан Toyota Land cruiser 80 маркийн машины халз урдаас нь мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52),

- “Алхана Трейд” ХХК-ий албан бичигт: “Алхана трейд” ХХК-ийн жолооч ...Г.Долгион ...нь Howo маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй... зам тээврийн осолд холбогдсон... хэрэгт Ш.А.........ныг иргэний нэхэмжлэгчээр оролцоно...” гэх баримт (хавтаст хэргийн 48),

- Иргэний нэхэмжлэгч Ш.А.........нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орсны дараа жолооч Долгион Sinotrack маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд холбогдсон тухай хэлсэн. 2 их гэрлийн хүрээ хагарсан байсан, эвдрэлийн үнэлгээгээр 380.000 төгрөг, үнэлгээний хөлсөнд 32.000 төгрөг нийт 412.000 төгрөгийн хохирол учирсан. Дээрх хохирлыг буруутай жолоочийн зүгээс төлж барагдуулсан тул манай байгууллагад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46)

- Тээврийн хэрэгслийн лавлагаанд: “...Sinotruck маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн...эзэмшигч “Алхана трейд” ХХК...” гэх баримт (хавтаст хэргийн 54),

- Иргэний нэхэмжлэгч Б.Б........гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед өөрийн эзэмшлийн Toyota Prius-41 маркийн ........ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Сонгинохайрхан дүүргийн нутаг 22-н товчооны зам Well mart дэлгүүрийн урд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд замын 3-р эгнээгээр 20-30 орчим км цагийн хурдтай явж байхад миний өөдөөс буюу эсрэг урсгалын 3-р эгнээгээр нэг крантай ачааны машин явж байсан тэрний баруун гар тад буюу 2-р эгнээгээр нь нэг цагаан өнгийн Toyota Prius-20 маркийн машин явж байгаад шууд зүүн гар тийшээ жолоогоо дараад нөгөө крантай машины урдуур нь ороод урд буферыг нь шүргээд тэр чигээрээ урсгал сөрөөд миний урдаас гараад ирэхээр нь би мөргөлдөхгүй гээд жолоогоо баруун гар тийш нь дарсан чинь миний машины зүүн талын урд буфер, зүүн талын толь, зүүн талын урд, хойд хаалга, хойд буфер зэргийг шүргээд тэр чигээрээ цаашаа урсгал сөрж явсаар байгаад миний араас замын 3-р эгнээгээр явж байсан Ланд-80 маркийн автомашинтай мөргөлдөөд зогссон. ...Урсгал сөрж явсан Toyota Prius маркийн машины жолооч нь согтуу машин дотроо ухаангүй сууж байхаар нь татаж гаргаад газарт хэвтүүлсэн...Урд буфер, зүүн талын толь, урд хойд хаалга, хойд буфер зэрэг эд зүйл эвдэрсэн хохирлын үнэлгээ хийлгэсэн 1.343.000 төгрөгийн хохирол гарсан байгаа...үнэлгээгээр гарсан хохирол болох 1.343.000 төгрөг болон үнэлгээний хөлс болох 84.000 төгрөг, нийт 1.427.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40),

- Иргэний нэхэмжлэгч Б.Б........гын жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 41), согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 15), Тээврийн хэрэгслийн лавлагаанд: “...Toyota Prius Alpha маркийн 0579 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн...эзэмшигч Б.Б........га...” гэх баримт (хавтаст хэргийн 43),

 

- Иргэний нэхэмжлэгч Д.Д...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгаас 11 цагийн үед Тoyota Land-80 маркийн ......... улсын дугаартай автомашин худалдаж аваад итгэмжлэл хийлгэж нотариатаар батлуулаад ...эхнэр Ц.........дын хамт гарсан. Тэгээд 18 цагийн үед Улаанбаатар хотод орж ирээд 22-н товчооны “МТ” ШТС-ын урд замд ертөнцийн зүгээр баруун талаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байх... үед эхнэр хойд талаас “өөдөөс чинь” гээд дуугарахаар нь урагш хартал өөдөөс цагаан өнгийн Рrius маркийн машин мөргөсөн. ...тэр машины жолоочийг хүмүүс нийлж байгаад машинаас нь гаргасан чинь ямар ч ухаангүй шууд газарт хэвтээд өгсөн. Машинаас нь утаа гарахаар нь тэнд хүмүүсийг арыг нь онгойлгоод аккумляторыг нь салгаадах гэж хэлээд салгуулсны дараа машиных нь доороос гал гарахаар нь би өөрийнхөө 91917290 дугаарын утсаар 101-т дуудлага өгсөн...Гомдолтой байна, эвдрэлийн үнэлгээгээр гарсан 4.846.500 төгрөг, эвдрэлийн

үнэлгээний төлбөр 201.000 төгрөг, ачлага, журмын хашааны 230.000 төгрөг, эмнэлэгт үзүүлсний 300.000 төгрөг буюу нийт 5.577.500 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),

- Иргэний нэхэмжлэгч Д.Д...........нгийн жолооны үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34), согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 14), Тээврийн хэрэгслийн лавлагаанд: “...Toyota Land-80 маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн...эзэмшигч Т.Баатархүү...” гэх баримт (хавтаст хэргийн 36), Архангай аймгийн тойргийн нотариатчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0556 дугаартай итгэмжлэл баталсан баримт (хавтаст хэргийн 38),

 

- Хохирогч Х.Ц.........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 17-ны 11 цагийн үед Архангай аймгийн төвөөс нөхөр Д...........нгийн хамт тухайн өдөр нөхрийн худалдаж авсан Тoyota Land-80 маркийн ......... улсын дугаартай автомашинтай хөдөлсөн. Тэгээд 18 цагийн орчимд Улаанбаатар хот руу орж ирээд товчооны замаар баруунаас зүүн чиглэлийн замаар 3 дугаар эгнээгээр явж байтал нэг цагаан өнгийн суудлын автомашин урсгал сөрж бид нарын явж байсан эгнээгээр урдаас ирж харагдсан тэгээд дугарч амжаагүй байхад миний зорчиж явсан машины эгц өмнөөс мөргөсөн. Тэгээд манай нөхөр машинаас буугаад цагдаа, түргэн дуудсан...баруун гарын бугалга хугарсан, яс нь бутарсан, тархи хөдөлсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 806 дугаартай дүгнэлтэд

...Нэмэлт ирүүлсэн материалаас: Дүрс оношилгооны хариунд: 2021.10.01-ны баруун мөрний MRI /СD 1ш/-р: баруун атгаал ясны толгойн их төвгөрийн /tuberculum majus/ гадна ар хэсгийн гадаргууд шахагдсан, сэлтэрсэн хугаралтай, тэр хэсэгт ясны хэмт эдэд хавантай. Mus.supraspinatus et infraspinatus булчингуудын атгаал ястай бэхлэгдэх хэсгийн шөрмөсөнд дохионы эрчим ихсэн /хаван, суналт/. Субакромиал бурсад бага зэргийн шингэтэй. Дүгнэлт бичсэн эмч О.Оюунбаясгалан 2021.11.01...гэжээ...ДҮГНЭЛТ

1. Х.Ц.........дын биед баруун атгаал ясны толгойн шахагдсан, сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу авто ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хуцаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 183-184),

- Хохирогч Х.Ц.........дын өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 203-208),

- Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Мөрдөгчийн 97 дугаар магадалгаад

1. Toyota Prius маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч П.Ц.........х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.4 Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ. 11.5 Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 126-127) зэрэг нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Х.Ц.........х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.4 Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ. 11.5 Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулжээ.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэх шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас

- Иргэний нэхэмжлэгч “Алхана трейд” ХХК нь “Howo Sinotruk” маркийн ZZI257 моделийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлүүлэхэд 32.000 төгрөг (хавтаст хэргийн 100), “Виннэрвэй” ХХК-н 2021 оны 6168 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгсэлд 380.000 төгрөг (хавтаст хэргийн 101-102) буюу нийт 412.000 төгрөгийн зардал,

- Иргэний нэхэмжлэгч Б.Б........га нь “Toyota Prius Alpha” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлүүлэхэд  84.000 төгрөг (хавтаст хэргийн 107), “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 565 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгсэлд 1.343.000 төгрөг (хавтаст хэргийн 108-109) буюу нийт 1.427.000 төгрөгийн зардал,  

- Иргэний нэхэмжлэгч Д.Д...........н нь “Toyota Land Criuser 80” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болон бусад төлбөрт 611.000 төгрөг (хавтаст хэргийн 163-164), “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 9737 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгсэлд 4.846.500 төгрөг (хавтаст хэргийн 114-115) буюу нийт 5.457.500 төгрөгийн зардал,

- Хохирогч Х.Ц.........д нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролтой холбоотойгоор баримттайгаар 510.240 төгрөг (хавтаст хэргийн 167-171)-ийн зардлыг шүүгдэгч П.Ц.........хоос нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч П.Ц.........х нь иргэний нэхэмжлэгч болон хохирогч нарын баримттай хохирол, хор уршгийг бүрэн барагдуулсан (хавтаст хэргийн 174-176, 194) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Ц.........д нь “атгаал ясны толгойн шахагдсан, сэлтэрсэн хугарал...” нь бүрэн эдгэрээгүй цаашид Бүгд Найрамдах Солонгос Улс явж эмчилгээ хийлгэнэ гэж, шүүгдэгч нь хүндэвтэр гэмтэлтэй холбоотой цаашид гарах хор уршгийн зардлыг төлөхөө илэрхийлж байх тул хохирогчийн хүндэвтэр хохиролтой холбоотой цаашид гарах хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Х.Ц.........хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулах дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Энэ гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг хэрэг. Хэрэгт хөнгөрүүлэн үзэх 2 нөхцөл байдал байна. Үүнд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Мөн хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэж хэлж байна. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болон.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Ц.........х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн.” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Х.Ц.........хыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх байдлыг үндэслэн улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж мөн зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах...” үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авч шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Ц.........х нь хувийн байдлын хувьд Улаанбаатар хотод байнга оршин суух бүртгэлтэй (хавтаст хэргийн 144), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (хавтаст хэргийн 143), тэрээр “Конфрейт Агент” ХХК-д хөдөлмөр эрхэлдэг (хавтаст хэргийн 152), ам бүлийн хувьд эхнэр Э.Цэцэгбилэг, 2010 онд төрсөн охин Ц.Тунгалагтамир, 2013 онд төрсөн ихэр хүү Ц.Шаравдорж, Ц.П.......вдорж  нарын хамт амьдардаг (хавтаст хэргийн 140-145), бусдад учруулсан баримттай хохирол, хор уршгийг төлж барагдуулсан (хавтаст хэргийн 174, 176, 194) байх тул шүүхээс дээрх ялыг оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн 2103 0027 30339 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Ц.........ход Эрүүгийн хуульд заасан эрх хасах ял хэрэглэсэнтэй холбогдуулан тэрээр жолоочийн 836853 дугаарын B, C, СЕ ангиллын үнэмлэх (хавтаст хэргийн 145), мэргэшсэн жолоочийн 56367 дугаарын B, C, D, E ангиллын  үнэмлэх (хавтаст хэргийн 147) ашиглаж байсан болохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овогт П.......вийн Ц.........хыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Ц.........хыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч П.Ц.........ход Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц.........х нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц.........хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдсан CD нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч П.Ц.........х нь жолоодох эрхийн 836853 дугаарын B, C, СЕ ангиллын үнэмлэх, мэргэшсэн жолоочийн 56367 дугаарын B, C, D, E ангиллын үнэмлэх ашиглаж байсан болохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

7. Энэ хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тэмдэглэж, хохирогч нь өөрт учирсан хүндэвтэр гэмтэлтэй холбоотой цаашид гарах хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.МӨНХЗУЛ