| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2017/03188/и |
| Дугаар | 2645 |
| Огноо | 2017-11-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2645
| 2017 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2017/02609 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: өөрийн байранд байрлах СББХХК-ийн Сутайн хишигХХК болон түүний захирал Я.Сүглэгмааг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч В.Арслан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч СББХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлтийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СББХХК-иас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Сутайн хишигХХК болон тус компанийн хувьцаа эзэмшигч Я.Сүглэгмаа нараас бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 29.987.951 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Шүүх нь нэхэмжлэлд дурдсан хаягаар хариуцагчид мэдэгдэх хуудас хүргүүлэх ажиллагааг хийсэн боловч тус хаягт бүртгэлгүй талаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга тодорхойлолт ирүүлсэн байх тул 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Сутайн хишигХХК нь зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 29.987.951 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлөх үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Сутайн хишигХХК нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 5 дугаар байрны 25 тоот хаягт бүртгэлтэй байсан болно. Гэвч одоо тус хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул Сутайн хишигХХК болон түүний захирал Я.Сүглэгмааг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч СББ ХХК нь Сутайн хишигХХК болон түүний захирал Я.Сүглэгмааг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх ба шүүх дээрх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь Сутайн хишигХХК болон захирал Я.Сүглэгмаа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тэдний хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Сутайн хишигХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргаж байсан хүсэлт зэргээр нотлогдож байна.
Сутайн хишигХХК болон захирал Я.Сүглэгмаагийн оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШЗ2017/01616 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2017/05521 дүгээр шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сутайн хишигХХК болон захирал Я.Сүглэгмааг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлт гаргагч СББХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сутайн хишигХХК болон захирал Я.Сүглэгмааг эрэн сурвалжилсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сутайн хишигХХК болон захирал Я.Сүглэгмааг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
4. Сутайн хишигХХК болон захирал Я.Сүглэгмаа нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 5 дугаар байрны 25 тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР