| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | /188/2017/0116/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/95 |
| Огноо | 2017-03-18 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Г.Золзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/95
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Г.Золзаяа,
хохирогч Ц.А,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ариунзул,
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Д.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626012835 дугаар хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн. 1980 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Зээлийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянхошууны ** дүгээр гудамж, ** тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, С овогт Д-йн Г /РД:***/.
Шүүгдэгч Д.Г нь 2016 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн** дугаар хороо, Баянхошууны ** дүгээр гудамж, ** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ц.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа 4-5 удаа цохиж, бие махбодид нь “тархи доргилт, эрүү ясны далд хугарал, дух, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөг, эрүү, зүүн сарвууны цус хуралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, язарсан шарх” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Хохирогч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж өөрийн гэр бүлийн хүн болох Д.Гийн эсрэг мэдүүлэг өгөхгүй. Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардлыг Д.Г бүрэн төлсөн. Улсын яллагчаас өгч байгаа хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
201626012835 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Ц.Аийн: “Гэртээ ороод гэрлээ унтраагаад ороо засаад унтаж байсан чинь нөхөр бэлгийн харьцаанд орьё гээд миний дотуур өмдийг тайлах гээд татаад, би тайлахгүй гээд татсаар дотуур өмд урагдчихсан. Би ингэж болохгүй, айлын том болсон охин хүүхдийн хажууд яахав гэж хэлсэн. Тэгээд би дургүйцээд боль гээд гарыг нь холдуулаад түлхсэн. Би намайг цохиж магадгүй гээд дөрвөн хөллөөд нүүрээ дараад элгээрээ доошоо хараад хэвтсэн чинь Г миний дээрээс толгойн тус газар руу орон дотроо байхад гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон. Сүүлийн нэг цохилт нь миний эрүүний баруун тус газар цохихоор нь би биеэ хамгаалаад “яая чи зүгээр байгаачээ” гээд орилсон. Тэгсэн Г цохихоо болисон. Тэгээд би миний эрүү сонин болчихлоо гээд Гийг гэрлээ асаагаадах гээд хэлсэн чинь Г босоод гэрлээ асаасан. Тэгээд би гэрлээ асаагаад толинд өөрийгөө хартал миний эрүүний баруун талд хавдаад ярих гэсэн чинь эвгүй болоод байсан” гэх мэдүүлэг /хх-18-19/,
Гэрч Б.Ц: “2016 оны 3 дугаар сарын 03-ны шөнө 02 цагийн үед А эгч над руу утсаар залгаад Г намайг зодоод эрүү мулталчихлаа, Гэмтэл рүү явах хэрэгтэй байна чи хүрээд ирээд хамт явъя гэсэн. Тэгээд ээж Б-гийг дагуулаад Аэгчийн гэрт нь очоод юу болсон яасан юм гэсэн чинь А эгч “Г архи уучихаад согтуу намайг зодоод эрүү мулталчихлаа” гэсэн. А эгч ярьж чадахгүй муухан л ярьж байсан. Эрүү нь дөнгөж хавдаж эхэлж байсан” гэх мэдүүлэг /хх-26-27/,
Насанд хүрээгүй гэрч Б.У-ын: “...А эгч Г ах хоёр ор засаад унтсан юм. Тэгээд би орондоо унтаж байх үед нойрмог байсан. А эгч, Г ах хоёр хоорондоо маргаж байгаа юм шиг ярилцаад байгаа сонсогдсон. Тэр хоёр руу цонхны сүүдрээр харахад Г ах А эгчийн гарыг нь барьчихсан байхаар нь Г ахаа та болиочээ гэж хэлсэн. ...Тэр хоёрын нэг нь л гэрлээ асаасан байх, гэрлээ асаагаад харсан чинь А эгч эгчийнх нь эрүү эвгүй болчихлоо гээд байхаар нь харсан чинь А эгч сонин ам нь зуулттай яриад байсан” гэх мэдүүлэг /хх-28-29/,
Гэрч С.Т-ын: “...2016 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Э.Мөнхбаярын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. ...Дуудлагын дагуу очоод яасан юу болсон гэж асуухад А гэх эмэгтэй “манай нөхөр архи ууж орж ирээд надтай бэлгийн харьцаанд орьё гэхээр нь би хүүхдүүдийн хажууд яах гээд байгаа юм гэсэн чинь надтай хүчээр орох гээд байсан. Би зөвшөөрөөгүй юм. Тэгсэн манай нөхөр уурандаа миний эрүү нь тус газарт гараараа цохиод эвгүй болгочихлоо гээд шүдээ зуулттай яриад байсан” гэх мэдүүлэг /хх-21-22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.12.06-ны өдрийн 16392 дугаар дүгнэлтэд: “1. Ц.А-н биед тархи доргилт, эрүү ясны далд хугарал, дух, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөг, эрүү, зүүн сарвууны цус хуралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ...2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-33/,
Д.Гийн яллагдагчаар өгсөн: “...Тэгээд ...эхнэрийн хамт харихаар болсон. Тэдний гэрээс гарч яваад эхнэртэйгээ лав хамт явж байсан. Харин яаж гэртээ очсон талаараа сайн санахгүй байгаа юм. Нэг мэдсэн гэртээ ирчихсэн байсан. Манай гэрт ахын хүүхэд болох Удвал манай хоёр хүүхдийг хараад байж байсан. Тэгсэн юунаас болж эхнэртэйгээ маргасан талаараа сайн мэдэхгүй байна. Манай дүү Удвал цагдаа дуудлаа шүү гэж хэлж байсан. Тэгээд би гэнэт юу билээ гэж бодоод эхнэрээ харсан чинь эхнэрээ зодчихсон, эхнэрийн эрүү нь сонин болоод байна гээд юм яриад байсан. Тэгээд би гэрээсээ гарч яваад хадам дүүгийн гэрт очоод хоночихсон. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Архинаас болж ийм үйлдэл гаргаж эхнэрээ зодсон нь миний буруу. Үнэхээр харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-45-46/,
гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6/, гэрч Э.Мөнхбаярын мэдүүлэг /хх-23/, Д.О-ын мэдүүлэг /хх-24/, Д.Батцэцэгийн мэдүүлэг /хх-30,/, шинжээч эмч Н.Энхцолмонгийн мэдүүлэг /хх-36/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-54-56/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-57/ зэргийг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.Г нь согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 39 дүгээр гудамж, 15 тоот гэртээ эхнэр Ц.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа 4-5 удаа цохиж, бие махбодид нь “тархи доргилт, эрүү ясны далд хугарал, дух, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөг, эрүү, зүүн сарвууны цус хуралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, язарсан шарх” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Гийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.А нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Эмчилгээний зардлыг Д.Г бүрэн төлж барагдуулсан” гэж шүүх хуралдаанд мэдүүлж байх тул шүүгдэгч Д.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Г бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Дгийн Гийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Д.Гийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Гт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Г урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Д.Гт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Гт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР