Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч Л.Цэндсүрэн,

шүүгдэгч Д.Уртнасан, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг,

хохирогч Э.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тухай тогтоол баталж ирүүлсэн Халзан овогт Дэмбэрэлсүрэнгийн Уртнасанд холбогдох эрүүгийн 201626030840 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 26 настай, эрэгтэй, 25 настай, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Азена” ресторанд тогооч хийдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити М-8-2-6 тоотод оршин суудаг улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Халзан овогт Дэмбэрэлсүрэнгийн Уртнасан, /РД:УШ91051059/,

 

Холбогдсон хэргийн талаар   

 

Шүүгдэгч Д.Уртнасан нь 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вива сити” хороололын М-8-2-6 тоотод эхнэр Э.Амаржаргалыг хардалтын улмаас нүүрэн тус газарт нь алгадаж бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Э.Амаржаргалын “...2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өглөө 06:00 цагийн үед нөхөр Д.Уртнасан гэрт орж ирээд надаас уучлалт гуйгаад хоёулаа эвлэрье гэж хэлсэн бөгөөд би хариу огт дугараагүй юм. Гэтэл гэрийн эд хогшил сүйтгэж, эвдсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж “болиоч” гэж хэлтэл над руу дайрч эхэлсэн юм. Би тэр үед утсаар эгч рүү залгах гэтэл утсыг маань булааж аваад шал руу шидэж, хугалж эвдсэн, бөгөөд миний нүүрэн тус газар 2 удаа хүчтэй цохьсон. Мөн алгадсан бөгөөд түүнээс болж миний хамар хоёр талдаа хугарч гэмтсэн. Түүний дараа миний урдаас багалзуурдаж боосон. Тухайн үе ухаан алдахаас өмнө тавьчихаад байсан. Намайг 3-4 удаа боосон юм. Мөн миний гарыг мушгиж өчөөд байсан юм. Тэгээд хэсэг хугацаанд тайвширчихсан байсан бөгөөд тухайн үед миний хамраас нэлээн их цус гарч байхаар нь цусаа угаачихаад хувцасаа  солиод гараад иртэл орон дээр унтчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Б.Эрдэнийн “...2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эхнэр Амаржаргалыг зодсон асуудлаар цагдаагийн газарт байгаа талаар надад утсаар мэдэгдсэн бөгөөд ирж батлан дааж авсан юм. Болсон асуудлын талаар сайн хэлж мэдэхгүй байна, Уртнасангаас сонсоход Амаржаргалтай маргалдахад Амаржаргал нь Д.Уртнасанг олон удаа цохиж, аяга хүртэл шидэж толгойг нь хагалсан учир тэвчээр нь алдагдаад мөргөсөн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Э.Ганзоригийн “...2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 23:00 цагийн үед Д.Уртнасан нь ажлаасаа хоол хийгээд авч ирсэн. Тэгээд орж ирээд айлд хоол бэлдчихээд тэндээ хонох талаар хэлээд гарсан юм. Түүний дараа Э.Амаржаргал 03:00 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд хоолоо идээд байж байтал 1 цаг гаруй хугацааны дараа Д.Уртнасан нь гаднаас орж ирсэн бөгөөд нэлээн архи үнэртүүлсэн байсан юм. Тэгээд Э.Амаржаргалд хандаж “чи яагаад надтай юм ярихгүй байгаа юм бэ” гэтэл Э.Амаржаргал нь “би чамтай юм ярих шаардлага байхгүй” гэж хэлсэн. Тэр хоёрын дунд жаахан маргаан байсан бөгөөд тэр маргаан нь 1 сарын өмнө Д.Уртнасанг өөр хүнтэй явалдсан асуудлаас болсон болохоор түүнтэй огт юм дугарахгүй байсан. Удалгүй тэр хоёрын дунд маргаан үүссэн юм. Тэр үед Д.Уртнасан уурлаж хаалга эвдэж, гартаа байсан 2 гар утсыг эвдсэн. Тэгээд хүүхэд нь уйлахаар нь би хүүхдийг нь аваад “та хоёр хоорондоо асуудлаа шийд” гэж хэлсэн. Тэгээд нэг мэдсэн чинь Амаржаргалын хамраас их хэмжээний цус гарчихсан байсан бөгөөд би нөгөө өрөө рүү гүйж очтол Д.Уртнасан ширээ түшээд зогсчихсон “эмнэлэг дууд, дүү чинь үхлээ” гэж надад хэлсэн. Тэр үед Э.Амаржаргалыг боогоод ор луу унагасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №8217 дугаартай актанд

  1. Э.Амаржаргалын биед хамар ясны хугарал, хүзүү сарвуунд цус хуралт үүсчээ.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө. гэсэн дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/

 

 Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

 

Шүүгдэгч Д.Уртнасангийн: “... Би Амаржаргалтай хамтран амьдраад 6 жил гаруй хугацаа болж байна. Хамтран амьдрах хугацаандаа 1 хүүхэдтэй болсон юм. Анх 2006 онд Улаанбаатар хотод танилцаж байгаад дотно болж удалгүй нэг гэрт орцгоосон юм. ...2016 оны 6 дугаар сарын 11-ний шөнө 00:00 цагийн үед ажил дээрээ хийсэн хоолоо гэртээ авчирчихаад найз нартайгаа уулзах гээд гарсан юм. Тэр үед эхнэр маань байгаагүй бөгөөд би найз нар болох Мөнхтөр, Эрболд нартай хамт Анхбаатарын гэрт пиво уусан. Тэгээд өглөө 3:00 цагийн үед гэрт ирэхэд эхнэр ирчихсэн миний авч ирсэн хоолыг идэж байсан бөгөөд би тэр үед эхнэрээсээ уучлалт гуйтал намайг түлхээд байсан. Тэгээд миний уур хүрээд хаалга цохиж автал эхнэр араас босож ирээд намайг цохьсон бөгөөд бид хоёрын дунд маргаан болсон юм. Тэгээд би түүний хамар луу мөргөж гэмтээсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Уртнасангаас: “Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Амаржаргалаас: “...Тухайн өдөр би найзуудтайгаа уулзаад гэртээ ирсэн. Гэтэл Уртнасан гаднаас архи уучихсан орж ирсэн. Бид хоёр өмнө нь маргалдсан байсан тул би Уртнасантай юм яриагүй. Бид хоёр маргалдсан өдрөөс хойш тусдаа өрөөнд унтдаг болсон. Гэтэл Уртнасан намайг өнөөдөр надтай хамт унтаарай гэхээр нь би үгүй гэхэд гэрийнхээ эд зүйлийг эвдээд намайг зодсон. Тухайн үед намайг яаж зодсон гэдгийг санахгүй байна. Дараа нь миний хамар хугарсан байсан. Тиймээс гомдолтой байна. Би Уртнасангаас 4.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч  заавал авах шаардлагагүй. Уртнасан хүү бид хоёрт хайр халамж тавьдаггүй, мөнгө төгрөг өгдөггүй болохоор Уртнасанг ухаан суугаасай гэж бодож мөнгө нэхэмжилсэн. Бид хоёр цаашид хамт амьдрахгүй...” гэв.

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/,

-Мэргэжлийн боловсролын үнэмлэхний хуулбар /хх-ийн 42 дугаар хуудас

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Д.Уртнасан нь 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вива сити” хороололын М-8-2-6 тоотод эхнэр Э.Амаржаргалыг хардалтын улмаас нүүрэн тус газарт нь алгадаж бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Амаржаргалын мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Б.Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,гэрч Э.Ганзоригийн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №8217 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Уртнасанг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Уртнасанд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Уртнасангаас эмчилгээний зардал  473.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Амаржаргалд олгож /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/ нэхэмжлэлээс 4.260.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Э.Амаржаргал нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.   

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Уртнасан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.