Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 204

 

 

“Мөнхногоон цэцэрлэг холбоо” ТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2016/00944 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Мөнхногоон цэцэрлэг холбоо” ТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Цэлмэг-Ази” ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт тус тус холбогдох

 

Гэм хорын хохиролд 43 640 923 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч “Цэлмэг-Ази” ХХК-ийн өмгөөлөгч Э.Түмэнбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид,

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэнжаргал,

Хариуцагч “Цэлмэг-Ази” ХХК-ийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Мөнхногоон цэцэрлэг холбоо” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөнхногоон цэцэрлэг холбоо” ТББ нь 2008 оноос хойш Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ гол, далан хоёрын хооронд орших 6 га газарт үргэлжилсэн ахуйн болон барилгын хог хаягдлыг цэвэрлэж голын хөндийн хөрсийг үржил шимт хөрсөөр нөхөн сэргээж мод үржүүлгийн газар, хамгаалалтын зурвас байгуулан уг талбайд төрөл бүрийн мод, бут, сөөг, 19 овгийн 39 төрлийн 60 зүйл ургамал ургуулж байгалийн унаган төрхөнд оруулж нийслэлийн ногоон байгууламж, бичил цэцэрлэг бий болгосон. Энэ хугацаандаа бид хууль ёсны дагуу Нийслэлийн байгаль хамгаалах газар, УБ хотын захирагчийн ажлын алба, Байгаль орчны яам, ШУА-ын Ботаникийн хүрээлэн, МУИС зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж 35 эмийн ба ашигт ургамал, хадлаг бэлчээр, тэжээл, хөрс хамгаалах ач холбогдол бүхий ургамлууд ургуулж байгалийн төрхөнд нь оруулсан байсан. Гэтэл бидний 10 гаран жилийн ажлын үр дүнг “Цэлмэг-Ази” ХХК нь 2015 оны 10 дугаар сард Нийслэлийн гэр хорооллын барилгажилтын газартай байгуулсан гэрээний дагуу давуу эрхээрээ НӨХГ-ын захиалгатай, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажил болох Сэлбэ голын дагуух бохир усны 38 дугаар коллекторын 4.8 км шугамын трассын ажил хийх явцдаа дур мэдэн сүйтгэн, тарьж ургуулсан мод, бут, сөөг, ургамал, хашаа, хамгаалалтын зурвас эд хөрөнгөд ихээхэн хохирол учруулсан. Манай байгууллагын зүгээс төр захиргааны холбогдох бүхий л байгууллагууд, төслийг хэрэгжүүлэгч “Цэлмэг-Ази” ХХК-д удаа дараа хандаж хохирлоо барагдуулах гэсэн боловч арга хэмжээ авалгүй 2015 оныг дуусгасан. Байгууллагын ногоон байгууламж, цэцэрлэгийн талбайд учирсан хохирлын актыг үйлдэж баримтжуулан, учирсан хохирлын үнэлгээг “Итгэлт Бээс” ХХК-иар хийлгэхэд 280 метр газарт торон хашаа барихад гарах зардалд 2 606 000 төгрөг, НБОНХГ-ын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/1373 тоотын хавсралтад заасан Хот, нийтийн эд аж ахуй, ногоон байгууламжид учирсан хохирлын нөхөн төлбөрийн үнэлгээгээр бүх төрлийн навчит мод, бут сөөгийг нөхөн сэргээх зардалд 21 254 188 төгрөг, Ногоон байгууламжийн талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардалд 22 386 735 төгрөг, нийт 46 246 923 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоолгон дүгнэлт гаргуулж баталгаажуулсан. Шүүхээр хэргийг хянан шийдвэрлэгдэж байх явцад “Цэлмэг-Ази” ХХК дахин хашаа барьсан учир хашаа барихад гарсан зардал 2 606 000 төгрөгийн хэмжээнд учирсан хохирол төлөгдсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс татгалзаж 43 640 923 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь “Цэлмэг-Ази” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний захиалагчийн эрх үүргийг хэрэгжүүлж байсан боловч ажлын гүйцэтгэлд тавих хяналтаа бүрэн хэрэгжүүлээгүй гэм буруутай байх тул Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасны дагуу ногоон байгууламжийг устгаснаас бий болсон хохирлыг манай байгууллагад төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Хариуцагч нар хэн аль нь гэм буруутай тул үүргийг хамтран хариуцах ёстой. Иймд “Цэлмэг-Ази” ХХК-ийн буруугай үйл ажиллагаа, НӨХГ нь нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавиагүйгаас манай байгууллагад учирсан дээрх хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч “Цэлмэг-Ази” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон холбогдох акт, дүгнэлтүүд нь зөвхөн “Мөнхногоон цэцэрлэг холбоо” ТББ-ын өөрийнх нь гаргасан тоо, мэдээлэлд үндэслэсэн бодит бус үнэлгээ гэж үзэж байна. Учир нь тухайн үед ногоон байгууламж руу барилгын ажлын явцад гарсан ус шавар орсонтой холбогдуулан учирсан хохирлыг хэмжээг эрх бүхий нэг ч байгууллагаас тогтоогоогүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгч “Мөнхногоон цэцэрлэг” ТББ-ын гүйцэтгэх захирал, гишүүд ногоон байгууламжийн талбайн мод сөөгөнд учирсан хохирлын актыг үйлдэж, 106 ширхэг навчит модыг гэмтээж үрэгдүүлсэн, 1350 м.кв зүлэгт хөрсийг гэмтээсэн, 280 метр урттай 8-10 эгнээ торыг таслаж хаясан, 87 ширхэг хашааны шонг сүйтгэсэн болохыг тогтоов гэжээ. Өөрөөр хэлбэл яг хэдэн мод, ямар хэмжээний зүлэгт хөрс, хашааны тор, шон гэмтсэн болох нь тодорхойгүй байхад Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, “Итгэлт бээс” ХХК тус тус дүгнэлт гарган хохирлын хэмжээг тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Тухайн хохирол хэний буруутай үйл ажиллагаанаас учирсан болох нь тогтоогдоогүй байхад хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчаар “Цэлмэг-Ази” ХХК-ийг татсан боловч уг ажлын төсөл хэрэгжүүлэгчээр “Цэлмэг-Ази” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр Түншлэлийн гэрээний дагуу “Сан” ХХК тус талбайд ажил гүйцэтгэж байсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу хохирлыг “Цэлмэг-Ази” ХХК-иас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Дамбадаржаа орчмын дэд бүтцийн барилга байгууламж шугам сүлжээний зураг төсвийн түлхүүр гардуулах нөхцөлтэй ДБИШС-05/2013-1 дугаартай ажлын гэрээг 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэгч “Цэлмэг-Ази” ХХК-тай байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэгч нь дээрх ажлыг хийж гүйцэтгэж байгаа ба Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 350 дугаар зүйлийн 350.1.7-д заасны дагуу хариуцаж барагдуулах ёстой. Гэсэн хэдий ч шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид хашааг сэргээж барьж өгсөн. Нэхэмжлэгч тал нийт 122 мод устгагдсан гэсэн зүйл ярьдаг бөгөөд тийм их хэмжээний мод байгаагүй, зөөлөн ус шавар орж ирэхэд мод ч тэгтлээ гэмтэхгүй бөгөөд бага зэрэг тахийж нугарсан. Түүнээс гадна бид гэмтсэн гэх газрын талбайн хэмжээ болон хашааны урт дээр өөр байр суурьтай байдаг. Нэхэмжлэгчийн дурдаж байгаа шиг хэмжээний газар, хашаа гэмтээгүй. Цөөн тооны буюу 7-8 мод л гэмтсэн байх. Трассын шугам болон эдний хашааны хооронд 5 метрийн зайтай байсан. Бид ажлаа эхлэх талаар “Мөнхногоон цэцэрлэг холбоо” ТББ-д мэдэгдээгүй. Нэхэмжлэлд дурдсан шалтгаан нөхцлийн тухай “Цэлмэг-Ази” ХХК болон “Мөнхногоон цэцэрлэг холбоо” ТББ-д 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2/2965, 2016 оны 12 дугаар сарын 02-ны 2/3311 тоот албан бичгүүдийг хүргүүлж байсан. Иймд “Мөнхногоон цэцэрлэг холбоо” ТББ-ын нэхэмжлэлийн манай газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу хариуцагч “Цэлмэг-Ази” ХХК-иас 21 254 188 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мөнхногоон цэцэрлэг холбоо” ТББ-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 22 386 735 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389 185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Цэлмэг-Ази” ХХК-иас 264 221 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мөнхногоон цэцэрлэг холбоо” ТББ-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Цэлмэг-Ази” ХХК-ийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Э.Түмэнбаяр миний бие Их засаг олон улсын их сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн батлагдсан хуваарийн дагуу хичээл заах байсан тул хүндэтгэх шалтгааны улмаас оролцох боломжгүй гэдгээ илэрхийлж хичээл заах нь үнэн тодорхойлолтыг хавсарган шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ гаргасан ба хариуцагчийн төлөөлөгч Б.Батпүрэв өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож, өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх тухай мөн шүүх бүрэлдэхүүнд гомдол гаргасан байдаг. Гэтэл анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь шүүх нэхэмжлэлд дурдагдсан гэм хор хэний гэм буруутай үйл ажиллагаанаас болсон, хариуцагчийн гэм буруутай үйлдлээс ямар хэмжээтэй хохирол учирсаныг тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл хариуцагч 106 ширхэг навчит мод, 1350 м.кв зүлэгт хөрсийг гэмтээсэн, 280 метр урттай 8-10 эгнээ торыг тасалж хаясан, 87 ширхэг хашааны шонг сүйтгэсэн нь тогтоогдоогүй байхад уг хохирлыг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр юм. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ..."гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй" гэсэн байхад гэм хор учруулсан этгээдэд бус гэм хор учруулсан этгээдийн захиалагчид хандан хохирол төлүүлэхээр шийдвэр гаргажээ. Шүүх Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдох шаардлагыг захиалагч гүйцэтгэгчийн учруулсан гэм хорыг хариуцахгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон байна. Гэтэл “Сан” ХХК болон “Цэлмэг-Ази” ХХК-ийн хооронд байгуулсан Ус хангамж, ариутгах татуургын шугамын ажлыг хамтран гүйцэтгэх гэрээг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэхдээ “Цэлмэг-Ази” ХХК нь туслан гүйцэтгэгч “Сан” ХХК-ийн хувьд захиалагч болно хэмээн дүгнэсэн атлаа дээрх 2 тохиолдлыг зөрүүтэйгээр шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр гаргажээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлага хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Мөнхногоон цэцэрлэг холбоо” ТББ нь хариуцагч “Цэлмэг-Ази” ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 46 246 923 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох хашааг сэргээн засуулахад гарах зардал 2 606 000 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзсан байна.

 

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1059 тоот захирамж гарсан бөгөөд уг захирамжид гэр хорооллын дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлыг зохион байгуулахаар болсон ба батлагдсан зураг төсөл арга хэмжээг гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулж хэрэгжүүлэхийг Гэр хорооллын хөгжлийн газарт даалгажээ.

                                                                                                        /хэргийн 204-205 дугаар тал/

 

Гэр хорооллын хөгжлийн газар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үйл ажиллагаа”-нд ирүүлсэн “Цэлмэг-Ази” ХХК-ийн материалыг шалгаруулалтад оруулж эхний шатанд тус компанийг шалгаруулсан тул Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг дарга “Цэлмэг-Ази” ХХК-д Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлаар тогтоосон байршлын ГХДТ-2013/5 багцад төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан тул “Батламж” олгосон байна.

                                                                                                          /хх-202-203, 208 дугаар тал/

 

Хэргийн 127-130 дугаар талд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дамбадаржаа” /13 га/ орчмын дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажил зураг төсвийн түлхүүр гардуулах нөхцөлтэй 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ДБИШС/-05/2013 тоот ажлын гэрээ авагдсан бөгөөд уг гэрээнээс үзвэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Цэлмэг-Ази” ХХК нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дамбадаржаа” /13 га/ орчмын дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажил зураг төсвийн ажлыг 13 040 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр талууд тохиролцсон тухай үйл баримт тогтоогджээ.

             

Дээрх гэрээгээр тохирсон ажлыг хариуцагч “Цэлмэг-Ази” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Сан” ХХК-тай Ус хангамж ариутгах татуургын шугамын ажлыг хамтран гүйцэтгэх гэрээ байгуулж, уг ажлыг гүйцэтгүүлсэн болох нь хэргийн 133-135 дугаар талд авагдсан гэрээ болон талуудын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчдын хэн аль нь маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч “Мөнхногоон цэцэрлэг холбоо” ТББ нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Сэлбэ голын дагуу Мод үржүүлгийн газрын зориулалтаар 40 000 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 219 тоот шийдвэрийн үндсэн дээр 5 жилийн хугацаатай эзэмшиж байгаа болох нь Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0293129 тоот гэрчилгээ, 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын байршлын кадастрын зураг болон талуудын тайлбараар тогтоогджээ.                                     /хэргийн 9-12 дугаар тал/

 

Уг газарт нэхэмжлэгч байгууллага “Сэлбэ төгөл” төслийг хэрэгжүүлж мод үржүүлгийн газар, цэцэрлэгийг бий болгох зорилгоор 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргатай Байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулж, энэхүү гэрээнд ойн хамгаалалтын зурвас байгуулах, мод бут тарих,  тухайн газрын хуримтлагдсан хогийг цэвэрлэх, газрын хөрсийг эрүүлжүүлэн сэргээх, хайс хашлага барихаар талууд тохиролцжээ.

 

Хэрэгт нэхэмжлэгч “Мөнхногоон цэцэрлэг холбоо” ТББ нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын сав дагуух 6.0 га талбай газарт хашаа барьж голын эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэн уг талбайд 12 төрлийн 2,810 ширхэг мод сөөг тарьж ургуулсан тухай Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль хамгаалах газрын 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1/91 тоот албан бичиг, МУИС-ийн Биологи Биотехнологийн сургуулийн 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сэлбэ голын хөндийд мод сөөг тарьж хамгаалсан байдалд өгсөн дүгнэлт, ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн Ботаник цэцэрлэгээс Сэлбэ голын эрэгт тарьсан мод сөөгний ургалтын байдал цаашид авах арга хэмжээнд өгсөн санал дүгнэлт, ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, биологийн ухааны доктор ургамал судлаач Зоёогийн Сэлбэ голын эрэг дэх хамгаалсан талбайн ургамлын аймгийн судалгааны тайлан зэрэг нотлох баримтууд авагджээ.                  /хэргийн 17-30 дугаар тал/

 

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа Сэлбэ коллектор ариутгах татуургын төв шугмын ажлын барилга угсралтын ажлын трасс нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцаагүй болох нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 06/4248 тоот албан бичгээр нотлогдож байна.                                     /хэргийн 38 дугаар тал/

 

Хариуцагч “Цэлмэг-Ази” ХХК нь хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай хийсэн гэрээний дагуу Сэлбэ коллектор ариутгах татуургын төв шугамын бохирын шугам татах ажил гүйцэтгэхдээ “Мөнхногоон цэцэрлэг холбоо” ТТБ-ын ногоон байгууламжид хохирол учруулсан болох нь хэргийн 31-34 дүгээр тал дахь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот нэхэмжлэгч “Мөнхногоон цэцэрлэг холбоо” ТТБайгууллагаас өөрийн төлөөлөлийг оролцуулан тогтоосон актаар 106 ширхэг навчит мод, 1 350 м.кв талбайн зүлэгт хөрсийг гэмтээсэн, 208 метр урттай 8-10 эгнээ тор тасалж хаясан, 87 ширхэг хашааны шонг сүйтгэсэн гэх нөхцөл байдлыг тогтоосон бөгөөд хариуцагч “Цэлмэг-Ази” ХХК энэ талаар няцаасан баримт шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хариуцагч “Цэлмэг-Ази” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон акт дүгнэлтүүд нэхэмжлэгчийн өөрийнх гаргасан тоо мэдээлэлд үндэслэсэн, ногоон байгууламж руу ажлын явцад ус шавар орсонтой холбоотой хохирлын хэмжээг эрх бүхий байгууллага тогтоогоогүй тул Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, “Итгэлт бээс” ХХК тус тус дүгнэлт гарган хохирол тодорхойлсон нь үндэслэлгүй гэж маргасан боловч татгалзлынхаа үндэслэл болсон баримтыг шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу гаргаагүй болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг талын баримтыг нөгөө тал няцаасан өөрөөр баримт гаргах боломжгүй бол Ирэгний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой байжээ. Хариуцагч “Цэлмэг-Ази” ХХК нь Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын гаргасан дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа болон шинжээч томилуулах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй нөхцөлд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэрэг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Хэргийн 35-41 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл “Цэлмэг-Ази” ХХК нь бохирын шугам татах ажлыг хийж гүйцэтгэхдээ нэхэмжлэгч “Мөнхногоон цэцэрлэг холбоо” ТТБ-ын эзэмшлийн газар дах мод бут сөөг, газрын хөрсийг эвдэж сүйтгэсэнийг арилгах талаар удаа дараа хариуцагчид Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга албан бичиг шаардлага хүргүүлж байжээ.

 

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар  “Цэлмэг-Ази” ХХК нь Сэлбэ коллектор ариутгах татуургын төв шугмын бохирын шугам татах ажил гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгчээр “Цэлмэг-Ази” ХХК-ийг ажиллуулсан нь бусдын өмнө хүлээх үүргээ зөрчих уг үүргээ бусдад шилжүүлэх үндэслэл болохгүй.

 

Ийнхүү шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд “Цэлмэг-Ази” ХХК-ийг “Мөнхногоон цэцэрлэг холбоо” ТТБ-ын эзэмшлийн газарт тарьж ургуулсан 106 ширхэг мод бут сөөгийг гэмтээж сүйтгэсэн гэм буруутай гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу 106 ширхэг мод бут сөөг болон тэдгээрийг нөхөн сэргээх ажлын зардалд 21 254 188 төгрөг гаргуулж үлдэх хэсэг 22 386 735 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Цэлмэг-Ази” ХХК Сэлбэ коллектор ариутгах татуургын төв шугамын бохирын шугам татах ажил гүйцэтгэхдээ уг барилгын ажлын трасст ороогүй давхцалгүй бусдын эзэмшлийн газрын ногоон байгууламжид халдаж эвдэж сүйтгэсэнд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв, шүүх хууль хэрэглэхдээ хүчингүй болсон Барилгын тухай хуулийн заалтыг хэрэглэсэн гэх Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын тайлбар үндэслэлгүй болно. Учир нь тухайн ажлыг хийж гүйцэтгэх үед Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.4-т зааснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан мэтгэлцэх зарчмын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр шүүх хуралдааныг Их засаг олон улсын их сургуулийн Их Засаг хууль зүйн сургуулийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09-17 цаг хүртэлх хичээлийн лекцийн цагтай шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд төлөөлөх эрх бүхий өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо үйлчлүүлэгчийнхээ эрх, ашгийг хамгаалах, өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэх нь өмгөөлөгчийн үндсэн үүрэг тул хичээлийн лекцийн цаг давхцах нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан биш, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хуульч, өмгөөлөгч нь эрдэм шинжилгээний ажил эрхлэх, багшлах боломж нь өмгөөлөгчийн үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд болон шүүн таслах ажиллагааг явуулахад саад болох үндэслэл байх учиргүй болно. Иймээс хариуцагчийн өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх хариуцагч “Цэлмэг-Ази” ХХК-д 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн бөгөөд хариуцагч өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах боломжит хугацааг шүүхээс олгосон байх тул хариуцагчийн өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаярт 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн материал танилцуулсан, харин хариуцагч “Цэлмэг-Ази” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батпүрэв нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэн болохгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч “Цэлмэг-Ази” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2016/00944 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Цэлмэг-Ази” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “Цэлмэг-Ази” ХХК-ийн өмгөөлөгч Э.Түмэнбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Т.ТУЯА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ