| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2017/0179/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/119 |
| Огноо | 2017-03-29 |
| Зүйл хэсэг | 096.2.11, |
| Улсын яллагч | У.Солонго |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2017/ШЦТ/119
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч И.Ганбат, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
иргэдийн төлөөлөгч Д.Бодрой,
улсын яллагч У.Солонго,
хохирогч Г.Ч,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэгт Н.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626012859 дүгээр эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн ** дугаар гудамж, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, О овогт Н-н Б /РД:**/.
Яллагдагч Н.Б нь 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн орчим согтуугаар Сонгинохайрхан дүүргий*** дүгээр хороо, ** тоот хашаанд оршин суух иргэн Г.Чг гэртээ байхад нь дуудан гаргаж улмаар архи авч өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан зүүн шанаан тус газар нь гараараа цохиж ар дагзаар нь газар унагасны улмаас дагз ясны зүүн хэсэг, зүүн зулай ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, гавлын хөндийд хий хуралдалт бүхий хүнд гэмтлийг тунхайн сэдэлтээр санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 12 цаг 35 минутад хохирогч Г.Ч, Б бид нар уулзсан. Тухайн үед Ч ажлаасаа бууж ирлээ гээд нэг шил архитай ирсэн. Тэгээд Чгийн авч ирсэн нэг шил архийг хувааж уучихаад бид нар дахин нэг шил архи авч хувааж уусан. Тэгээд би Чд авсан мөнгөө хэзээ зохицуулж өгөх юм, миний 3 настай хүүхэд хоол нэхээд байна. Манай эхнэр ганцаараа ажил хийж байна. Миний амьдралыг ойлгож байгаа биз дээ гэж хэлсэн. Гэтэл Ч за гэж хэлчихээд манай гэрээс хөрөө аваад явсан. Тэгээд хөрөө авчихаад явах гэж байхдаа надад 5000 төгрөг байна, архи аваад ирье гэсэн. Би хэрэггүй наад мөнгөөрөө хөрөөгөө ав гэж хэлсэн. Намайг очиж хөрөөгөө авахад Ч хадам ахтайгаа хамт хогоо ачуулах гээд уутанд хийгээд байж байсан. Тэгээд Ч намайг маргааш орой хүрээд ир, манайд нэг үхрийн гэдэс байгаа эхнэртэйгээ ярьж байгаад үнэ мөнгийг нь тохироод чамд өгье гэж хэлсэн. Хэрэг болох үед Чгийн гэрт очиход урьд өдөр нь уусан архи гараагүй байсан. Чгийн гэрт очоод гараад уулзъя гэж хэлсэн. Тэгээд Ч надаас түрүүлээд миний урд гараад явсан. Тэгээд гэрээсээ гараад шууд намайг хоёр удаа цохиод унагасан. Тухайн үед миний хиймэл шүд унахаар нь авах гээд тонгойж байхад Чгийн хадам ах нь гэрч ирээд намайг тэврээд авсан. Харин Чгийн эхнэр нь шүүр барьсан гарч ирээд шууд намайг цохиод авсан. Тэгэхээр нь би Чг түлхсэн нь үнэн. Харин миний түлхэлтээс болж Ч унасан эсэхийг хараагүй. Тухайн үед бүгд над руу дайраад байсан. Гэтэл эхнэр нь Ч уначихлаа гэсэн. Ч нь өөрөө унадаг байсан. Тэгээд цагдаа дууд гэж хэлсэн. Би цагдаа дуудаа, газар дээр нь шалгуулая гэхэд намайг гуйлгачин минь гарч зайл гээд цохиж хөөсөн. Тэгээд хэрэг болсны маргааш нь 16 цагийн үед хоёр цагдаа надтай уулзахаар орж ирсэн. Хохирогчид би муу санасан зүйл байхгүй. Энэ бүх зүйлийн талаар үнэн мэдүүлгээ өгч байна” гэв.
Хохирогч Г.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг болсон цаг хугацааг сайн мэдэхгүй байна. Би 5 дахь өдөр ажлаасаа буугаад ...Бгийн гэрт нэг шил архи авч очсон. Тэгээд Бгээс хөрөөг нь авсан. Тэгээд хагас сайн өдөр ирж Б надаас хөрөөгөө авсан. Тэгээд хөрөөгөө аваад явсан. Хөрөө авч явсан өдрөө манай гэрт буцаж ирсэн. Тухайн үед би гэртээ байсан. Манай гэрт хадам ах, хадам ээж нар байсан. Тэгээд Б манай гэрт ирээд намайг гаръя гэж хэлсэн. Гараад ирсэн чинь ганц шил архи ууя гэсэн. Би мөнгө байхгүй байна гэсэн. Тэгээд намайг цохисныг мэдэхгүй байна. Харин намайг цохиод унагаж байхыг нь хадам ах цонхоор харсан байсан. Хадам ах, эхнэр хоёр намайг авсан байсан. Бд намайг цохих шалтгаан байхгүй байсан гэж бодож байна. Би Бг цохисон зүйл байхгүй. Тэрнээс хойш болсон зүйлийг санахгүй байна. Б намайг цохисон гэдгийг мэдэхгүй байна. Гэмтлийн эмнэлэг дээр очоод харахад миний зүүн эрүү хэсэгт хавдсан байсан. Одоо миний биеийн эрүүл мэндийн байдал зүгээр, гомдол саналгүй. Эмчилгээний зардалд нэхэмжилж байсан үлдэх төлбөрөө нэхэмжлэхгүй” гэв.
201626012859 дүгээр эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Г.Чгийн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн орчим хашаандаа мод хөрөөдөх гээд Бгээс хөрөөг нь гуйж авчихаад модоо хөрөөдсөн. Үдээс хойхно Б ирээд хөрөөгөө аваад явсан. 17 цагийн үед эхнэр Сэ, хадам ах Б, хадам ээж С нарын хамт гэртээ хоол ундаа хийх гээд байж байтал Б манайд согтуу орж ирээд “Хөгшөөн хоёулаа гараад уулзаадхая” гэсэн. Би дагаад гарсан чинь Б “Чи надад нэг шил юм аваад өг” гэхээр нь би “Чадахгүй ээ, чи согтуу байгаа юм чинь гэр орондоо харь, яв” гэсэн чинь үгийн зөрөөгүй миний зүүн шанаан тус газар гараараа нэг удаа цохисон. Би цохиулаад хойшоо гэдэргээ саваад газар унахдаа ар дагзаараа хөлдүү газар унасан. Тэгээд нэг сэрэхэд гэртээ хэвтэж байсан, толгой тархи хөндүүрлэж өвдөөд бие нэг л тавгүй байсан. Маргааш нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр эхнэрийн хамт Гэмтлийн эмнэлэг рүү явж толгойныхоо зураг авахуулахад “Яаралтай хэвтэж эмчлүүл” гэхээр нь хэвтээд 12 сарын 16-ны өдөр гарсан. Цохиулснаас болж зүүн шанааны ар хэсэгт хөхөрсөн, одоо ч гэсэн арилаагүй байна. Би Бг цохисон асуудал байхгүй. ...Б надаас одоо хүртэл уучлал гуйгаагүй. Надад 200000 төгрөг өгсөн, 354200 төгрөг дутуу байгаа. Би Бтэй огт архи хувааж уугаагүй. Уух шалтгаан ч байхгүй. Тэр өдөр гэртээ байсныг эхнэр гэрчилнэ.
...Би Бгээс 1 жилийн өмнө 100000 төгрөг зээлж аваагүй, худлаа байна. Энэ жилийн 7 сард наадмын үеэр Бгийн хонь авах гэж байсан мөнгөөр нь архи хуваагаад уучихсан юм” гэх мэдүүлэг /хх-29-33/,
Гэрч Л.Б-гийн: “...Б гэж залуу бага зэргийн халамцуу орж ирээд Чг уулзая гээд аваад гарсан. Би тухайн үед том өрөөний цонхон дээр хараад байж байтал Ч Б хоёр байшингийн үүдэнд маргалдаад байгаа юм шиг Ч Бг яв гээд нөгөөдөх нь явахгүй гээд байгаа бололтой харагдсан. Тэгсэн чинь Ч Бг яв гээд гараараа гарыг нь холдуулаад түлхэх маягтай цаашлуулахад нөгөө Б Чгийн 2 гарыг яраад зүүн шанаан тус газар нь гараараа цохитол Ч ямар ч хөдөлгөөнгүй арагшаа гэдэргээ саваад ар дагзаараа газар унасан. Тэгэхээр нь би “Өө нөгөө Б чинь Чимэдээг цохиод унагаачихлаа” гээд эхнэрт нь хэлээд гэрээс гарахад Ч дээшээ хараад ямар ч ухаангүй хэвтэж байсан. Манай дүү С Бг “Чи хүн алчихлаа шдээ, согтуу толгой минь яаж байгаа юм” гэх зэргээр хэлэхэд Б гэх залуу өөдөөс нь “Та нар хэлдэг газартаа хэлэхгүй юу, тэр цагдаагаа дууд” гэх зэргээр нилээн омогтой байдлаар хэлсэн. С Бг хашаанаас хөөгөөд гаргасан. ...С гэр лүүгээ ороод спирт авч гарч ирээд хамарт нь үнэртүүлж бага зэргийн ухаан оруулаад тэгээд өргөөд ороод орон дээр хэвтүүлсэн. Түргэн дуудаж үзүүлье гэтэл Ч “Өнөөдөртөө яах юм бэ, гайгүй болчих байх” гээд түргэн дуудаж үзүүлээгүй. Маргааш өглөө нь Чимэдээгийн толгой нь өвдөөд задрах гээд байна гэхээр нь Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэр өдөртөө эмнэлэгт хэвтсэн. ...Б манай хүргэний зүүн шанаан тус газар нь гараараа нэг удаа цохиход гэдэргээ ар дагзаараа газар унасан. Би тэр үйл явцыг сайн харсан. Ч Бд огт гар хүрээгүй, бие рүү нь түлхээгүй.
...Ч тэр өдөр гэр орноосоо гараагүй. Харин гэртээ нүүрс түлээгээ зөөж оруулаад галаа түлээд гэрийнхээ ажлыг хийсэн. Чимэдээ тэр өдөр архи уугаагүй, эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-38-39/,
Гэрч Л.С-вын: “...Б согтуу орж ирээд нөхрийг уулзъя гээд гэрээс аваад гарсан. Тэр хоёрыг гарсны дараахан Б ах “Өө нөгөө түрүүний хүн чинь Чг цохиод унагаачихлаа” гэж хэлэхээр нь “Яачихваа” гээд Б ахтай хамт гэрээс гараад харсан чинь Ч байшингийн таамбарын хажуу талд ухаан алдсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Хажууд нь Б зогсож байсан. Би Бг “Хөөе чи яаж байгаа юм бэ, нөхөр маань ухаан алдаад уначихсан байна шдээ” гэсэн чинь Б “Наадах чинь баашилж байгаа юмаа, та нар цагдаа сэргийлэхээ дуудахгүй юу” гээд надтай хэрэлдээд хашаанаас гараад явсан. Ч ухаан алдчихсан байсан тул юун тэр Бтэй хэрүүл маргаан хийх, гэр лүү орж спирттэй хөвөн авч үнэртүүлж ухаан оруулаад ахтай хамт сугадаад гэртээ оруулаад хэвтүүлсэн. Маргааш өглөө нь Чгийн бие муудаад байхаар нь Гэмтлийн эмнэлэгт очиж толгойны зураг авахуултал яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Тэр өдрөө эмнэлэгт хэвтсэн. Миний мэдэхийн тэр хоёр хэрэлдэж маргалдаж байсан удаа байхгүй. ...Ч тэр өдөр архи, пиво уугаагүй. Түлээ нүүрсээ хагалж, гэрийн ажил төрлийг хийгээд гэртээ байсан” гэх мэдүүлэг /хх-34-37/,
Гэрч Ч.М-ийн: “...Аавтайгаа уулзаад болсон асуудлын ьалаар асуухад Баяраа ах чинь гэрт согтуу орж ирээд гэрээс авч гараад архи, дарс аваад өг гээд байхаар нь чи гэртээ хариа, мөнгө төгрөг байхгүй гэтэл цохиод газар унагаасан гэж хэлсэн. Өөр зүйл мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-40/,
Гэрч Л.Т-ын: “...2016 оны 12 сарын 04-ний өдөр 17 цаг болж байхад 50 гаран насны ах орж ирээд шүдээ авахуулах гэсэн юм, миний шүд хөдөлчихсөн, хоол унд идэхэд санжигнаад өвдөөд байна аваад өгөөч гэхээр нь би авч өгсөн. Соёо нь хорхой идээгүй, бага зэргийн санжигнаад хөдөлчихсөн байсан. Хүнд зодуулчихсан юм гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-41-42/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2016.12.09-ний өдрийн 16444 дүгээр дүгнэлтэд: “1. Чгийн биед дагз ясны зүүн хэсэг, зүүн зулай ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, гавлын хөндийд хий хуралдалт, тархины эдийн доторх цусан хураа, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хүзүүний зүүн хэсгээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна” гэжээ /хх-51/,
Шинжээч Д.Мөнхбатын: “...Г.Чгийн биед учирсан гавал тархины гэмтэл нь гараараа цохиход үүсэх боломжгүй. Харин цохиулснаас болж газар унах, хатуу зүйлд хавсаргагдан цохигдох үед үүснэ. Чгийн зүүн шанаа, хүзүүний зүүн хэсгээр цус хуралт гэмтэл нь гараараа цохиход үүсэх боломжтой. Дүгнэлт хэсэгт дурдагдсан гэмтлүүд нь бүгд шинэ. Чгийн биед урьд өмнө учирсан гэмтэл нь сэдрээгүй. Шинэ гэмтэлтэй ямар ч холбоогүй. Ар дагз хэсгээрээ газар унахад дүгнэлтэнд тусгагдсан гавал тархины гэмтэл нь үүсэх боломжтой, үүснэ” гэх мэдүүлэг /хх-55, 56/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2017.01.19-ний өдрийн 58 дугаар дүгнэлтэд: “Н.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Б нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна. Н.Б нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлах чадвартай байсан байна” гэжээ /хх-61-62/,
Н.Бгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Ч надаас урьд буюу одоогоос нэг жилийн өмнө 100000 төгрөг зээлж авсан. Зээлсэн мөнгөнийхөө оронд дараа нь хонь өгнө гэсэн юм. Тэгээд би 12 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн орчим Чгийнд мөнгөө авах гээд ороход Ч, түүний эхнэр Сэнгэжав, хадам ах, ээж нар нь байсан. Ч намайг хоёулаа гараад уулзъя гэхээр нь гэрээс хамт дагаад гарахад Чимэдээ гэрийнхээ үүдэнд гарангуутаа миний нүүр лүү 2 удаа цохиод авахад миний хиймэл шүд газар унахаар нь газраас аваад босоод уур хүрсэн байсан болохоор Чимэдээг түлхэхэд тэрээр хойшоо газар саваад унасан. Тэгсэн чинь гэрээс нь эхнэр, ах хоёр нь гарч ирээд “Чи манай нөхрийг зодчихлоо” гээд намайг хөөж туугаад зайл гэх зэргээр хэлээд байхаар нь би гараад шууд гэртээ харьсан. ...Би Чимэдээгийн цээж рүү гараараа түлхэхэд тэнцвэрээ алдаад хойшоо саваад газар унасан. Чд цохиулснаас болж тухайн үед миний хиймэл шүд унасан. Зүүн хацар бага зэрэг улайсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Зүгээр авагддаг хиймэл шүд байсан. Үүн дээрээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Миний авахуулсан шүд ургаа шүд байсан бөгөөд хатуу ааруул эвгүй хазаад бага зэрэг хөдөлчихсөн, өвдөөд байхаар нь авахуулчихсан юм.
...Тухайн үед би эрүүл байсан. Харин урд өдөр нь Ч бид хоёр 1 шил архи хувааж уусан байсан болохоор үнэр нь гараагүй байж болох юм” гэх мэдүүлэг /хх-68-69, 70, 72-73/,
хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-9/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12, 13-16, 17-20/, шүдний эмнэлгийн бүртгэлийн дэвтэрт хийсэн тэмдэглэл /хх-21-22/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24-26/, гэрч Д.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг /хх-44/, гэрч Б.Цогтгэрэлийн мэдүүлэг /хх-47/, Ш.Буянгийн мэдүүлэг /хх-48/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-77/, ял шалгах хуудас /хх-78/, хохирогчтой холбоотой баримтууд /хх-101-131/ зэргийг уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар буюу бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч, хохирогч нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн буюу тухайлбал өр авлагын асуудалтай байсан, өөр хоорондоо маргалдаж хохирогч Г.Чг шүүгдэгч Н.Б түлхэж унаган гэмтээсэн болох нь хохирогч Г.Чгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр Н.Б архи нэхээгүй, ганц юм уумаар байна аваад өгчих гэсэн” гэх, мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б хонь авна, хамт яваад өгөөч гэхээр бид хоёр Эмээлт рүү явах замдаа хонь авах гэж байсан мөнгөөр нь хамт архи уучихсан юм. Тэр мөнгөнийхөө оронд надаас Б мах авна гээд ярьж байхаар нь би өвөл идэш ирэхээр өгье гэж хэлсэн. Тэрэнд юм бодсон байж магадгүй” гэх,
Гэрч Л.Б-йн “...Ч, Б хоёр байшингийн үүдэнд маргалдаад байгаа юм шиг буюу Ч Бг яв гээд нөгөөдөх нь явахгүй гээд байгаа бололтой харагдсан. Тэгсэн чинь Ч Бг яв гээд гараараа гарыг нь холдуулаад түлхэх маягтай цаашлуулахад Б Чгийн 2 гарыг яраад зүүн шанаан тус газар гараар цохисон” гэх,
Н.Бгийн “...Хонь авах гэж байсан мөнгөө Чд өгч архи уусан. Тэр мөнгөө Чгээс авах гэж гэрт нь орсон. ...Гэрээс нь гарахад Ч намайг шууд нүүр рүү цохиод авсан. Би уур хүрсэн байсан учраас түүнийг түлхээд газар унагасан” гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б нь 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамж, 345 тоот хашаанд иргэн Г.Чтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний зүүн шанаан тус газарт гараараа цохиж унаган дагз ясны зүүн хэсэг, зүүн зулай ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, гавлын хөндийд хий хуралдалт, тархины эдийн доторх цусан хураа, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хүзүүний зүүн хэсгээр цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон хохирогч Г.Чгийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Бг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Г.Ч шүүхийн хэлэлцүүлэгт “хохиролд 200000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Н.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг мөн үндэслэлээр хөнгөрүүлэн шийдвэрлэв.
Улсын яллагч Н.Бг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар хэрэг гарсан өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг хангалттай тогтоож чадаагүй байх тул согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэгт Н.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч О овогт Н Бг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Н.Бг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн зүйлийн 52.5-д зааснаар Н.Бд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Бд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР
ШҮҮГЧИД И.ГАНБАТ
Г.МӨНХЗУЛ