Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/07

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,

Улсын яллагч А.Амарсанаа,

Шүүгдэгч Ё.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ё.Л-д холбогдох 2026001800252  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэг, 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан, ******* овогт Ё.Л

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ё.Л 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 5 дугаар багт байрлах БОЭТ-ийн гадна байрлах саравчин дотроос “Самсунг А-51” загварын гар утсыг иргэн Д.М-н гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     Шүүгдэгч Ё.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

     Хохирогч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүлээн авах дээр нөхөр Ж-г үзүүлээд мэдрэлийн эмчийг хүлээн эмнэлгийн баруун талын саравчинд сууж байсан. Тэгээд О эмчийг ирэхээр нь яараад босож очоод үзүүлсэн. Тэгээд үзүүлчихээд нөхрийгөө эмнэлэгт хэвтүүлэхээр болоод утсаа алга болсныг мэдсэн. Би бодохдоо тэр саравчин дотор утсаа бариад сууж байсан. Тэнд үлдээчихэн байх гэж бодоод байгаа юм. Миний утас цэнэгтэй байсан. Дээлтэй 2,3 хүн сууж байсан. Би утас руугаа залгаж үзэхэд холбогдохгүй байсан. Хүүхдээрээ Фэйсбүүк дээр А-51 маркын гар утас эмнэлгийн орчим гээгдүүлсэн тул олсон хүнд шагналтай гээд Өвөрхангай зар гэсэн групп дээр зар тавьж үзсэн. Аваад удаагүй цэвэрхэн, хар бараандуу солонгорсон өнгөтэй гадна талаараа тунгалаг өнгийн цагаан гэртэй, ар талд нь сарнайн зурагтай жижиг цаас хавчуулсан байсан. Миний гар утас зураасан кодтой байсан. 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гар утсаа хаясан гээд өргөдөл өгсөн чинь өнгөрсөн 11 дүгээр сард өдрийг нь санахгүй байна хөл хорионы үеэр миний гар утсыг олчихлоо гээд над руу Цагдаагаас хүн яриад би цагдаа дээр ирсэн. Би гар утсаа 2019 оны 06 дугаар сарын үед Өвөрхангай аймгийн Мобикомын салбараас 950.000 төгрөгөөр зээлээр авч байсан. Би гар утсаа буцааж авсан учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12, 52-53 дугаар хуудас/,

            Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ний 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 07/44 дугаартай “Самсунг А-51” маркийн гар утас 1 ширхэг 650.00 төгрөгөөр үнэлэв ” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 26-30 хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл  /хх-ийн 13-18 дугаар хуудас/,

Үүрэн холбооны мобиком корпорацийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18/7314 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ё.Л-н хувийн байдлыг тодорхойлсон Засаг даргын 328 дугаартай тодорхойлолт /хх-84/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-83/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-81 дүгээр хуудас /,

Шүүгдэгч Ё.Л-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-86 дугаар хуудас/,

Хохирогч Д.М-н шүүхэд ирүүлсэн “шүүгдэгч Ё.Л нь миний хохирлыг бүрэн барагдуулсан. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч Ё.Л нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 5 дугаар багт байрлах БОЭТ-ийн гадна байрлах саравчин дотроос “Самсунг А-51” загварын гар утсыг иргэн Д.М-н гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Ё.Л нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:  

Хохирогч Д.М-н“...2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүлээн авах дээр нөхөр Б.Жамъянсүрэнг үзүүлээд мэдрэлийн эмч О-г хүлээн наркологийн эмнэлгийн баруун талын саравчинд сууж байсан. Тэгээд О эмчийг ирэхээр нь яараад босож очоод үзүүлсэн. Тэгээд нөхрийгөө эмнэлэгт хэвтүүлэхээр болоод утсаа алга болсныг мэдсэн. Би бодохдоо тэр саравчин дотор эмч хүлээж сууж байхдаа утсаа хажуудаа бариад байж байсан тэгээд тэнд үлдээгээд явчихсан гэж бодоод байгаа юм...Аваад удаагүй цэвэрхэн, хар бараандуу солонгорсон өнгөтэй, гадна талаараа тунгалаг өнгийн цагаан гэртэй, ар талд нь сарнайн зурагтай жижиг цаас хавчуулсан. ...Би гар утсаа буцаагаад авчихсан утасны ажиллагаа хэвийн байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 11-12, 52-53-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ны 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 07/44 дугаартай үнэлгээний тайлан /хх-н 26-30-р хуудас/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 13-18-р хуудас/, Үүрэн холбооны Мобиком корпорацийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18/7314 дугаартай албан бичиг, хавсралт /хх-н 50-51 дүгээр хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Ё.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Мөнх-Ундрахын мэдүүлгээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч Ё.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ё.Л-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ё.Л-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн  гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Ё.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ё.Л-д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ё.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4,  36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт Ё.Л-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Ё.Л-г /таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Л-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

            4. Шүүгдэгч Ё.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.