| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2020/00125/э |
| Дугаар | 2021/ШЦТ/018 |
| Огноо | 2021-02-08 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/018
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Иргэдийн төлөөлөгч: Б.Цэвэлням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор,
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэргэн шовгор овгийн Б.Б.Н-д холбогдох 1926002480125 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1/21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Мэргэн шовгор овгийн Б.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Т.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх шимэгдэж буй ялтаслаг цусан хураа, их бага тархины аалзан хальсны идээт үрэвсэл, зулай ясны хальсны цус хуралт, баруун атгаал ясны хуучин хугарал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, баруун хөмсөгний гадна хэсгийн цус хуралт, зулгаралт, зүүн чамархайн хуйхны зулгаралт, баруун хөмсөгний гадна хэсгийн цус хуралт, зулгаралт, зүүн чамархайн хуйхны зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн шилбэний цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Талийгаачид гар хүрдэг байсан. Бид хоёр хоорондоо их муудалцдаг байсан. Энэ бүхэн миний буруу. 2020 оны 05 сард миний биеийн тал хэсэг таталт өгөөд хүнд юм тайлбарлаж өгөхдөө маш муу, мартамхай болсон. Миний гурван хүүхэд өнчин хоцорсон, харж хандах хүнгүй байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулах ялыг хөнгөлж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай бэр дүү О над руу залгаад Т.Д-г орондоо нас барсан байна гэж хэлсэн. Миний дүү Т.Д над руу нас барахынхаа өмнөх өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагийн үед залгаад "Би талоны хүнсээ авах гээд явж байна” гэж ярьж байсан. Талийгаач Т.Д нь архаг хууч өвчингүй, нэг ч удаа өвдлөө гэж хэлж байгаагүй. Би 2018 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймагт байх дүү Т.Ш-д очсон. Манай дүү Т.Ш болон Т.Д нарын гэр нь ойролцоо байдаг юм. Тэгээд би Т.Д-н гэрт очиж дүүтэйгээ уулзахад манай дүү баруун гарынхаа тохойн дээд хэсгийн ясыг хугалчихсан байсан. Би гар чинь яачихсан юм гэж асуухад нөхөр согтуу үед гэртээ оруулах гэж байгаад унаад ийм болгочихсон юм гэж хэлж байсан. Манай дүү Т.Д 2 жилийн өмнөөс архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг болсон. Би бодохдоо ар гэрийн амьдрал, нөхрөөсөө шалтгаалаад архи уудаг байх гэж боддог. Архи уусан үедээ элдэв ааш зан гаргадаггүй байхаа. Архи уусан байхыг нь би харж байгаагүй. Миний хажууд уудаггүй болохоор яг ямар ааш зан гаргадгийг нь сайн мэдэхгүй байна. Миний дүү Т.Д 2004 онд Б.Н гэх хүнтэй айл гэр болсон. 3 хүүхэд төрүүлсэн. Т.Д нь элдэв ааш араншин байхгүй, даруухан дөлгөөн, надтай байнга утсаар холбогддог, хүнд тусархуу, ах дүүстэйгээ элэгсэг харьцдаг. Нөхөр нь архи согтууруулах ундаа их уудаг. Нөхөртөө уруу татагдаж архи согтууруулах ундаа хэрэглэдэг болсон гэж бодож байна. Би ах болон дүү нараасаа Т.Д-г нөхөр нь зодсон талаар олон удаа сонсож байсан. Т.Д манай бэр эгч болон ах руу залгаад нөхөр зодсон гэх талаараа ярьдаг байсан. Надад тэр талаар хэлж байгаагүй. Яагаад гэхээр би архи уучихсан залгахаар нь загначихдаг байсан юм. Миний дүүгийн нас барсан хэрэг хуулийн дагуу шийдэгдэх байх гэж бодож байна. Талийгаачийн 3 хүүхэд нь надтай хамт байдаг. Миний дүү хүнд зодуулсаар байгаад нас барсанд би харамсаж байна. Дүүгээ нас барсны дараа Б.Н-г хүүхдүүдээ харж хандаад ээжийнх нь оронд ээж болоорой гэж их хэлсэн. Одоо гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү.“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36, 37-38 хуудас/
Насанд хүрээгүй гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр буюу ээжийг нас барсан өдрийн өглөө би талийгаач ээжийнхээ хамт гэрээсээ хүнсний талон авах гээд гарч ирээд “О” дээр ирэхэд талон гараагүй байна гэхээр нь би тэндээсээ сургуульдаа явсан. Харин талийгаач ээж маань гэр рүүгээ явна гэж хэлээд надаас салаад явсан. Өмнөх орой нь манай ээж архи уучихсан дотор нь муухайраад байна гээд идсэн хоолоороо бөөлжөөд байсан. Би сургуульдаа ирээд хичээл ороод 16 цаг 30 минутанд хичээл завсарлаад гарч ирсэн чинь над руу манай хорооны эгч залгаад манай ээжийг гэртээ нас барсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гэр рүүгээ иртэл манай гэрт цагдаа нар ирчихсэн, намайг гэр рүү оруулахгүй байсан. Ээж тэр өдөр толгой өвдөөд байна гэж хэлж байсан. Мөн бөөлжөөд, дотор нь муухайрч, амьсгаа давчдаад байна гэж хэлж байсан. Намайг харахад урд өмнөхөөсөө өөр, царай нь их баргар болчихсон харагдаж байсан. Өмнөх өдөр нь хэн гэж хүнтэй хаана архи уусан талаар нь мэдээгүй. Намайг орой хичээлээсээ ирэхэд аав, ээж хоёр хоёулаа архи уучихсан согтуу, хоорондоо маргалдаад байж байсан. Би ирээд “та хоёр одоо болиоч ээ, дандаа ингэж байх юм” гээд уурласан чинь хойд гэрт орж унтана гээд гараад явсан. Маргааш өдөр нь ээжтэй хамт явж байхад өчигдөр орой аав ээжийг зодсон талаар хэлж байсан. Яг яаж хэрхэн зодсон талаар ээж хэлээгүй зодоод л гэж хэлж байсан. Ер нь байнга шахуу л аав, ээж хоёр ийм байдалтай байдаг байсан. Манай аав зах дээр ачаа ачиж буулгадаг грушик хийдэг, ээж гэртээ ажил хийдэггүй байсан юм. Ер нь байнга шахуу согтуу байдаг ба түүнээс болоод хоорондоо хэрэлдэж маргалддаг байсан. Аав согтуу, ээж согтуу байдаг. Аав ээжийг архи уулаа гээд зоддог байсан. Энэ үед би хоёр дүүгээ аваад гараад явчихдаг байсан. Ээж гэмтэл бэртэл авч байсан. Гэхдээ үүнээсээ болж эмнэлэгт хэвтэж байгаагүй. Аавд зодуулснаасаа болж тархи толгой нь 2-3 удаа хагарч байсан удаатай. Мөн 2018 онд байсан санагдаж байна, аав, ээж хоёр нэг баяр гээд гарсан. Ирэхдээ ээж согтуу, гараа хугалчихсан байсан. Аавыг зодсоны улмаас зүүн талын гар нь хугарсан гэж хэлж байсан. Тэр үедээ хамаатны ах, эгч нарт хоёулаа архи ууж явж байгаад унаад ийм болгосон гэж хэлж байсан. Үнэндээ аав ээжийг зодсоноос болж гар нь хугарсан гэж ээж хэлсэн. Гэхдээ би зодож гарыг нь хугалж байхыг хараагүй. Ээж тэгж хэлж байсан. Нас барсан өдрөө ээж ааваас өөр хүнд зодуулсан талаар хэлээгүй. 7 хоногт 1-2 удаа архи ууж аав ээжийг зоддог байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/
Гэрч Ц.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхрийг Т.Ш гэдэг. Талийгаач Т.Д-н төрсөн ах нь байгаа юм. Биеийн байдал нь тааруу хэвтэрт байдаг болохоор би 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн орчимд байх эм асуух санаатай талийгаачийн гэр рүү нь орсон. Намайг ороход талийгаач гэрийнхээ зүүн талын орон дээр дээшээ харчихсан, амаа хагас ангайсан байдалтай хэвтэж байхаар нь дуудсан. Тэгтэл ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Би очоод цамцнаас нь татаж үзтэл хариу үйлдэл хийхгүй байхаар нь түргэн дуудсан. Мөн ухаан алдсан юм болов уу гэж бодоод үнэртэй ус үнэрлүүлсэн боловч ухаан ороогүй. Удалгүй түргэн ирээд нас барсан байна гэж хэлсэн. Талийгаач залуу хүн учраас ямар нэг архаг хууч өвчингүй байсан гэж бодож байна. Талийгаач хааяа архи уучихсан байдаг. Биед нь ил харагдах гэмтэл бэртэл ажиглагдаагүй. Намайг анх гэрт нь ороход талийгаачийн 5 настай хүүхэд нь хамт байсан. Талийгаач нөхөр Б.Н, 3 хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан талаар би мэдэхгүй байна. Заримдаа нөхөр нь цагдаа дээр согтуу оччихсон байна гэдэг байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/
Гэрч С.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2013 оноос талийгаач Т.Д-г мэднэ. Манай эрүүл мэндийн төвөөс зорилтот бүлгийн хүрээнд Т.Д-н гэрээр нь очиж үзлэг хийж жирэмсэлтээс хамгаалах тариа хийж байсан. Талийгаач согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Нэг удаа гэрт нь очиход согтуу байсан. Нөхөр нь бас согтуу байсан. Бөөр, нуруу өвдлөө гэж ганц нэг удаа үзүүлж байсан. Өөрөөр архаг хууч өвчин байхгүй. Жирэмсэн байхдаа миний хяналтанд байж байгаад төрсөн. Өөрөө зодуулсан гэж хэлж байгаагүй. Гэрт нь очоод үзлэг хийхэд шанаа, нүд хэсэг нь хөхрөлттэй байдаг байсан. 2-3 жилийн өмнө нэг таарахад гараа сойсон байсан. Өөрөө нөхөртөө зодуулсан гэж хэлдэггүй байсан. Ойр хавийн хүмүүс нь Т.Д архи ууж байгаад нөхөртөө зодуулсан гэдэг байсан. ” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 47-48 хуудас/
Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Талийгаач Т.Д, түүний нөхөр Б.Н нар архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэдэг байсан. 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрт нь очиход талийгаач Т.Д-н баруун талын шанаа хэсэгтээ хөхөрсөн байхаар нь “яасан юм” гэж асуухад хаалга мөргөчихсөн юм. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөөгүй гэж хэлсэн. Гэрээр нь ороход гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байж болзошгүй байдаг тул кэйс нээгээд тэмдэглэл хөтөлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 хуудас/
Гэрч Т.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би Улаанбаатар хотоос Өвөрхангай аймагт ирсэн. Манай төрсөн ах Т.Ш гэж хүний биеийн байдал маш хүнд байгаа ба өнөө маргаашгүй болчихсон хүн байдаг. Тэгээд би 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу буцсан юм. Тэгтэл 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгаас хүмүүс холбогдоод талийгаачийг нас барсан талаар нь хэлсэн. Ингээд би Өвөрхангай аймагт ирсэн. Бид нар бүгд л тусдаа амьдардаг, ихэнх нь Улаанбаатар хотод ажил хөдөлмөр хийдэг. Өвөрхангай аймагт ирээд байх нь ховор. Миний хувьд ойрын хэдэн жилдээ Өвөрхангай аймагт ирээгүй байж байгаад саяхан ирээд буцсан болохоор талийгаачийн талаар сайн мэдэхгүй байна. Талийгаачийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан талаар мэдэхгүй байсан. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос ирэхдээ талийгаачтай уулзсан. Тухайн үед бие нь муудсан гэмээр тийм байдал ажиглагдаагүй. Бид бүгд тусдаа амьдардаг болохоор талийгаач 2 жилийн өмнө гараа хугалж байсан, нөхөртөө зодуулж байсан талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/
Гэрч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Улаанбаатар хотод амьдардаг. Талийгаачийн ах буюу миний төрсөн дүү Т.Ш-н бие нь тааруу байгаа болохоор хотоос ирсэн байсан. Тэгээд өнөөдөр хот руу буцах гээд зах дээр явж байтал орой 16 цагийн орчимд манай бэр О залгаад талийгаачийг нас барчихсан байна гэж хэлсэн. Ингээд намайг гэрт нь ирэхэд эмнэлэг ирээд явчихсан байсан. Би гэрт ороод талийгаачийн гадуур хувцасыг нь тайлаад даавуугаар бүтээсэн. Яагаад гэхээр бие нь хөшчих байх гэж бодсон юм. Талийгаачтай би ойрын хэдэн жил ойр дотно байгаагүй болохоор архаг хууч өвчний талаар сайн мэдэхгүй байна. Өвөрхангай аймагт талийгаач болон хэвтэрт бие нь муу байдаг Т.Ш гэх хүмүүс л байдаг. Талийгаачийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан талаар би сайн мэдэхгүй байна. Талийгаачтай 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр уулзсан. Өнөөдөр талийгаач гадуур хүүхэдтэйгээ талоноор хүнсээ авах гэж гарсан байсан. Яг хаагуур явсан талаар нь мэдэхгүй байна. Гэр бүлийн харилцаа ямар байдаг байсан талаар сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/
Гэрч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Н нь зан байдлын хувьд гайгүй, мөрийн л хүн шиг санагддаг. Архи уудаг, архи уусан үедээ ч гэсэн элдэв зан гаргаж байхыг нь би хараагүй. Б.Н-н гэр бүлийн хүний талаар мэддэг. Эхнэр нь ч гэсэн архи уудаг байсан. Архи уусан үедээ гэр бүлийн асуудлаасаа болж маргаж байх үед нь таарч байсан. Эхнэр нь архи уудаг, орон гэртээ ирэхгүй явчихдаг хүн байсан. Түүнээсээ болоод хэрүүл маргаан болдог байсан байх. Гэрт нь нэг удаа очиход Б.Н эхнэрийгээ өчигдөр гэртээ ирж хоноогүй, сая л гэртээ орж ирлээ гээд хоорондоо муудалцаж байсан. Тэр асуудал 2018 оны үед болж байсан санагдаж байна. Ер нь гэр бүлийн хүрээндээ таарамж муутай байдаг байсан. Намайг гэрт нь байхад зодоон хийгээд байсан зүйл байгаагүй. Хэрүүл хийгээд байхаар нь би гэрээс нь гараад явсан. Биед нь ил харагдах ямар нэг гэмтэл бэртэл харагдаагүй. Зодоон хийсэн байхаар шинж байгаагүй, хэрүүл маргаан болоод л сууж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/
Гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Б.Н зан байдлын хувьд гайгүй дөлгөөхөн, даруухан хүн байгаа юм. Ахуй амьдралын хувьд тааруу, тогтсон ажил байхгүй, зах дээр ачигч хийдэг, өөр ажил байхгүй, ам бүл 5-уулаа амьдардаг. Эхнэр нь нас барснаас хойш хүүхдүүд нь эхнэрийнх нь эгч дээр байгаа дуулдаж байсан. Гэр бүлийн хүрээнд заримдаа хэрүүл маргаан болдог байсан байх. Талийгаач эхнэр нь архи уудаг хүн байсан. Б.Н гэсэн архи ууна. Түүнээс болоод гэр бүлийн хүрээндээ маргаан болоод байдаг байсан байх. Хэрүүл маргаан эхнэрээс нь болж гардаг байсан байх.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаач Т.Д-н цогцост задлан шинжилгээ хийхэд тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доор тархмал цус хуралт, мөн аалзан хальсан дахь шимэгдэж буй цус харвалт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавал тархины гэмтэлийн улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 10-аас дээш хоногийн өмнө үүсгэгдсэн байж болох хуучин гэмтэл бөгөөд дээрх гэмтлийн үүссэн хугацааг хатуу хальсан доорх цус хуралтын шимэгдэлтийн байдал, өнгө, мөн аалзан хальсан дахь цус харвалт шимэгдэлт, хуйхан доор толгойн зулайн дунд хэсэгт үүссэн цус хуралт зэргээр тогтоогдож байгаа. Тухайн цус хуралт, цус харвалтын шимэгдэх байдал үрэвсэл үүсэх хугацаа цаашлаад үхэлд хүргэх шалтгаан нь тухайн хүний биеийн онцлог физилиогоос шалтгаалж харилцан адилгүй байдаг. Яг тодорхой хугацааг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь унах, цохигдох, мөргөх үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлийн үед гэмтэл авсан хүний толгой өвдөх, толгой эргэх, дотор муухай оргих, огих, бөөлжих, биеийн ерөнхий тэнцвэр алдах, хоолонд муу болох зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Гэмтлийн байдлаасаа шалтгаалаад гэмтэл авсан даруйдаа ухаан алдаж болно. Гэмтэл авсан тэр даруйдаа эмнэлгийн байгууллагад хандаж тусламж үйлчилгээ авсан тохиолдолд амь насыг аврах боломжтой. Учир нь талийгаач нь гэмтэл авсан даруйдаа нас бараагүй бөгөөд хатуу хальсан дахь цус хуралт, аалзан хальсан дахь цус харвалт хүнд гэмтлийн улмаас идээт үрэвсэл үүсч хүнд гэмтлийн хүндрэлийн улмаас нас барсан. Тухайн гэмтлийг авсан даруйдаа үзүүлсэн бол идээт үрэвсэл үүсэхгүй байх боломжтой байсан. Тухайн хүн нь толгой эргээд, дотор муухайраад гэсэн яриа өгүүлэлтэй байсан байгаа. Энэ үедээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол амьд байх боломжтой байсан байхыг үгүйсгэхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 хуудас/,
Шинжээч эмч Б.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаач Т.Д-н үхлийн шалтгаан нь гавал тархины гэмтлээс үүссэн хүндрэл юм. Т.Д-н биед гавал тархины гэмтэл, тухайлбал тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл учирсан байна. Уг гэмтэл нь их бага тархины аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас барсан байна. Тиймээс гавал тархины гэмтэл үхэлтэй шууд хамааралтай байна. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82 хуудас/,
Шүүгдэгч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 93-94 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №65 дугаартай цогцост шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн:
1.Талийгаач Т.Д-н цогцост хийсэн Шүүх Эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, хатуу хальсан доорхи цус харвалт, их бага тархины аалзан хальсны идээт үрэвсэл, зүүн гарын атгаал ясны хуучин хугарал, зүүн нүдний алимны салст, баруун хөмсөг, дух, зүүн чамархай, баруун гарын бугалга, баруун гарын шуу, зүүн хөлийн шилбэ хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
З.Тархины хатуу хальсан доорхи цус хуралт гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах тул Шүүх Эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн гарын атгаал ясны далд хугарал гэмтэл нь Шүүх Эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн атгаал ясны хугарал гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тсгтоох боломжгүй. Зүүн нүдний алимны салст, баруун хөмсөг, дух, зүүн чамархай, баруун гарын бугалга, баруун гарын шуу, зүүн хөлийн шилбэ хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл нь 2-5 хоногийн дотор үүссэн байх боломжтой ба Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Талийгаач Т.Д-н цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр аалзан хальсны идээт үрэвсэл тогтоогдлоо.
5.Нас барсан хугацаа 6-12 цаг болсон байх боломжтой.
6.Талийгаач Т.Д нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины аалзан хальсны идээт үрэвсэл өвчний улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлт /хх-ийн 61-65 хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №616 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн:
1.Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №65 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хариултад хүнд гэмтлийн шалгуурыг эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэснээс бусад хариултууд үндэслэлтэй байна.
2.Т.Д-н цогцост гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх шимэгдэж буй ялтаслаг цусан хураа, их, бага тархины аалзан хальсны идээт үрэвсэл, зулай ясны хальсны цус хуралт, зүүн атгаал ясны хуучин хугарал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, баруун хөмсөгний гадна хэсгийн цус хуралт, зулгаралт, зүүн чамархайн хуйхны зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд учирчээ.
З.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.5.Т.Д-н цогцост учирсан зүүн атгаал ясны хуучин хугарлаас бусад гэмтлүүд нь фото зургаас харахад 5-7 хоног болон түүнээс дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна.
6.Т.Д учирсан гавал тархины битүү гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 75-76 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1926002480125 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-89-90 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /хх- 165хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-8 хуудас/,
Мөрдөгчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21 хуудас/,
Мөрдөгчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хувцас болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-30 хуудас/,
Т.Дийн №252/000405 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 117 хуудас/,
Хүүхэд хамгааллын үйлчилгээнд хүүхэд хүлээн авах бүртгэлийн маягт, кейс №2 /хх-ийн 151-160/
Шүүгдэгч Б.Н-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний хуулбар /хх-138/, Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 101/, 252/001296 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 112/, 252/001297 дугаартай ургийн овог, эцэг /эх/-ийн нэр өөрчилсөн тухай лавлагаа /хх-ийн 113/, 252/000401 дугаартай охин Д-н А /хх-ийн 114/, 252/000402 дугаартай хүү Б.Н-н Т /хх-ийн 115/, 252/000403 дугаартай охин Д.О /хх-ийн 116/ нарын төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-129/, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-132-133/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б.Нд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б.Н, талийгаач Т.Д нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц /хх-ийн 34-36, 37-38 хуудас/, насанд хүрээгүй гэрч Д.А /хх-ийн 41-42 хуудас/, Ц.Отгонсүрэн /хх-ийн 46 хуудас/, С.Д /хх-ийн 47-48 хуудас/, Б.О /хх-ийн 49-50 хуудас/, Т.О /хх-ийн 43-44 хуудас/, Т.Н /хх-ийн 45 хуудас/ нарын мэдүүлэг, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 112/, 252/001297 дугаартай ургийн овог, эцэг /эх/-ийн нэр өөрчилсөн тухай лавлагаа /хх-ийн 113/, 252/000401 дугаартай охин Д.А /хх-ийн 114/, 252/000402 дугаартай хүү Б.Н-н Т /хх-ийн 115/, 252/000403 дугаартай охин Д.О /хх-ийн 116/ нарын төрсний бүртгэлийн лавлагаа болон хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Т.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх шимэгдэж буй ялтаслаг цусан хураа, их бага тархины аалзан хальсны идээт үрэвсэл, зулай ясны хальсны цус хуралт, баруун атгаал ясны хуучин хугарал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, баруун хөмсөгний гадна хэсгийн цус хуралт, зулгаралт, зүүн чамархайн хуйхны зулгаралт, баруун хөмсөгний гадна хэсгийн цус хуралт, зулгаралт, зүүн чамархайн хуйхны зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн шилбэний цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Н нь хэрэг хариуцах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт /хх-95/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-111/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Т.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх шимэгдэж буй ялтаслаг цусан хураа, их бага тархины аалзан хальсны идээт үрэвсэл, зулай ясны хальсны цус хуралт, баруун атгаал ясны хуучин хугарал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, баруун хөмсөгний гадна хэсгийн цус хуралт, зулгаралт, зүүн чамархайн хуйхны зулгаралт, баруун хөмсөгний гадна хэсгийн цус хуралт, зулгаралт, зүүн чамархайн хуйхны зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн шилбэний цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан
Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц /хх-ийн 34-36, 37-38 хуудас/, насанд хүрээгүй гэрч Д.А /хх-ийн 41-42 хуудас/, Ц.О /хх-ийн 46 хуудас/, С.Д /хх-ийн 47-48 хуудас/, Б.О /хх-ийн 49-50 хуудас/, Т.О /хх-ийн 43-44 хуудас/, Т.Н /хх-ийн 45 хуудас/ нарын мэдүүлэг, Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “...Талийгаач Т.Д-н цогцост задлан шинжилгээ хийхэд тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доор тархмал цус хуралт, мөн аалзан хальсан дахь шимэгдэж буй цус харвалт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавал тархины гэмтэлийн улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 10-аас дээш хоногийн өмнө үүсгэгдсэн байж болох хуучин гэмтэл бөгөөд дээрх гэмтлийн үүссэн хугацааг хатуу хальсан доорх цус хуралтын шимэгдэлтийн байдал, өнгө, мөн аалзан хальсан дахь цус харвалт шимэгдэлт, хуйхан доор толгойн зулайн дунд хэсэгт үүссэн цус хуралт зэргээр тогтоогдож байгаа. Тухайн цус хуралт, цус харвалтын шимэгдэх байдал үрэвсэл үүсэх хугацаа цаашлаад үхэлд хүргэх шалтгаан нь тухайн хүний биеийн онцлог физилиогоос шалтгаалж харилцан адилгүй байдаг. Яг тодорхой хугацааг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь унах, цохигдох, мөргөх үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлийн үед гэмтэл авсан хүний толгой өвдөх, толгой эргэх, дотор муухай оргих, огих, бөөлжих, биеийн ерөнхий тэнцвэр алдах, хоолонд муу болох зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. ...гэмтэл авсан тэр даруйдаа эмнэлгийн байгууллагад хандаж тусламж үйлчилгээ авсан тохиолдолд амь насыг аврах боломжтой. Учир нь талийгаач нь гэмтэл авсан даруйдаа нас бараагүй бөгөөд хатуу хальсан дахь цус хуралт, аалзан хальсан дахь цус харвалт хүнд гэмтлийн улмаас идээт үрэвсэл үүсч хүнд гэмтлийн хүндрэлийн улмаас нас барсан. Тухайн гэмтлийг авсан даруйдаа үзүүлсэн бол идээт үрэвсэл үүсэхгүй байх боломжтой байсан. Тухайн хүн нь толгой эргээд, дотор муухайраад гэсэн яриа өгүүлэлтэй байсан байгаа. Энэ үедээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол амьд байх боломжтой байсан байхыг үгүйсгэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 хуудас/, Шинжээч эмч Б.Ундармаагийн “...Талийгаач Т.Д-н үхлийн шалтгаан нь гавал тархины гэмтлээс үүссэн хүндрэл юм. Т.Д-н биед гавал тархины гэмтэл, тухайлбал тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл учирсан байна. Уг гэмтэл нь их бага тархины аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас барсан байна. Тиймээс гавал тархины гэмтэл үхэлтэй шууд хамааралтай байна. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82 хуудас/, Шүүгдэгч Б.Б.Нн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 93-94 хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №65 дугаартай цогцост шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн шижээчийн дүгнэлт /хх-ийн 61-65 хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №616 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-76 хуудас/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1926002480125 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-89-90 хуудас/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /хх- хуудас/, Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-8 хуудас/, Мөрдөгчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21 хуудас/, Мөрдөгчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хувцас болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-30 хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б.Н-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар таван жил гурван сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан таван жил гурван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 03-наас 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх нийт 157 хоног цагдан хоригдсон болох нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Шийтгэх тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 2020/ДШМ/39 дугаартай Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 2021/ШЗ/58 дугаар шүүгчийн захирамж зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Н-н цагдан хоригдсон 157 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “гомдолгүй” гэсэн мэдүүлэг өгсөн боловч шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ “гомдолтой”, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйл асран хамгаалалтад байх хүн, 63.1-д “Дараах хүнийг асран хамгаалана”, 63 дугаар зүйлийн 63.1.3-т “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаална” гэж, 66 дугаар зүйлийн 66.1-д “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Н нь ам бүл 4, нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Нн 2004 оны 12 дугаар сарын 21-нд төрсөн охин төрсөн хүү төрсөн охин нарт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг,
Мөн шүүгдэгч Б.Н нь хорих ял шийтгүүлсэн тул түүний эзэнгүй үлдсэн эд хөрөнгө болох тавилгатай 4 ханатай гэрийг хамгаалах арга хэмжээ авахыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргад тус тус даалгах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мэргэн шовгор овгийн Б.Н-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Мэргэн шовгор овгийн Б.Н-г таван жил гурван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан таван жил гурван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-н цагдан хоригдсон хоногийг 157 түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Б.Н .....нарт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг, түүний эзэнгүй үлдсэн эд хөрөнгө болох тавилгатай 4 ханатай гэрийг хамгаалах арга хэмжээ авахыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргад тус тус даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.