| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2017/0274/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/299 |
| Огноо | 2017-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж
Нарийн бичгийн дарга Х.Дашням,
Улсын яллагч Жаргалсайханы Энх-Амгалан,
Шүүгдэгч П.Н, түүний өмгөөлөгч Борисын Отгонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-ийн Н-ид холбогдох 201726010609 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Б овогт П-ийн Н /РД:.../
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.Н нь 2017 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 10 дугаар гудамжны 29 тоотод байрлах хашаанд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, шалтгаангүйгээр алхыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч Б.Лийг цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “...2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр найз Д, Л хоёрыг гэртээ дуудсан. Бас Ө хүүхэдтэйгээ манай гэрт ирсэн. Би гэртээ эхнэр хоёр хүүхэдтэй цуг байсан. Бид хоол унд идээд тэд нарын авчирсан архийг нь уугаад, тоглосон. Тоглоод 23 цагийн үед Л унтаад өгсөн. Л манайд ирэхдээ халамцуу байсан. Тэгээд тоглож байгаад тэд оройтлоо гээд явахаар болсон. Тэд нарыг дуудсан шалтгаан нь Д над руу утсаар яриад “манай нөхөр чи бид хоёрыг хардаад байна, чи хэлж ойлгуулаач” гэж надад хэлсэн. Д, Л хоёр манай гэрт хонохоор ирсэн. Би Лид “Д бид хоёр багийн найзууд ямар нэг асуудал байхгүй” гэж хэлэхэд Л “чи эр янхан” гээд намайг түлхэж унагаасан. Би Лийн араас нь алх барьж гараад айлгая гэсэн бодолтой алхаа далайхад эрчиндээ Лийг цохисон” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
1 ширхэг төмөр алхыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-10 х/
Хохирогч П.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Миний санаж байгаагаар 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр найз Н над руу утсаар залгаад “маргааш манайд хүрээд ирээч 18-ны өдрийг тоглож наадаад цуг өнгөрөөе” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би за тэгье, маргааш би танайд яваад очъё” гэж хэлээд зөвшөөрсөн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр оройн 19 цаг өнгөрч байхад найз охин Дг дагуулаад Нийн гэрт очсон. Тухайн үед замдаа хүнсний дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн архи, том савалгаатай 2 литрийн пиво 1 ширхэгийг аваад тэдний гэрт очсон. Тэр өдөр Н гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт байж байсан. Тэр үед бид хэд хоол цай идэж уучихаад сууж байтал гаднаас тэдний гэрт найз нь гэх нэг эмэгтэй хүүхдээ дагуулаад орж ирсэн. Тэгээд бүгдээрээ тойрч суугаад хөзөр тоглосон. Тэр хооронд би авчирсан 1 шил архи болон пивоо задалсан. Тухайн үед задалсан архиа Н бид хоёр хувааж уусан. Харин пивыг нь манай найз Д болон Нийн эхнэр Ч хоёр түлхүү ууж байсан. Харин сүүлд орж ирсэн Ө гэх эмэгтэй огт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Учир нь тэр эмэгтэй машин барьж байсан юм. Тэгтэл миний нойр хүрээд байхаар нь би орон дээр нь хэсэг зуур хэвтсэн. Намайг хэвтсэнээс хойш юу болсныг би мэдэхгүй. Тэгсэн чинь 00 цаг өнгөрч байхад манай найз охин Д намайг сэрээгээд явъя гэртээ харъя гэсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд Нийн гэрээс найз охиныхоо хамтаар гараад Өийн машин ороод суусан. Тэгтэл бид нарын араас Н гарч ирээд Ө гэх эмэгтэйтэй юм ярьж байснаа гэнэт машины ард талын хаалгыг онгойлгоод ямар ч шалтгаангүйгээр миний ам болон уруулын хэсэгт барьж байсан төмөр алхаар 1 удаа цохисон. Тэгэхээр нь би Нийн гарыг нь барьж байгаад хойш нь түлхэн машинаас буусан. Тэгтэл миний амнаас цус гараад нэг шүд уначихсан. Тэр үед би Нийг барьж байгаад газар унагаан “чи миний шүдийг цохичихлоо ш дээ” гэж хэлээд уурласан. Тэгсэн чинь манай найз охин машинаас бууж ирээд Н бид хоёрын дундуур ороод, салгаад намайг машинд суулгасан. Тэгээд гэртээ харихаар Ө гэх эмэгтэйн машинтай явсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 х/
Гэрч Г.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал манай 10 жилийн ангийн хүүхэд болох Н над руу 14 цагийн үед залгаад манай гэрт хүрээд ирээч, ойрд уулзсангүй, бас манай хоёр найз ирж байгаа, бүгдээрэй хөзөр тоглоод юм ярьж сууя гэсэн утгатай зүйл хэлээд надтай утсаар ярьсан. Тэгэхээр нь би 20 цагийн үед хүүгээ дагуулаад Нийн гэрт очсон. Намайг очих үед Нийн яриад байсан хоёр найз нь тэдний гэрт ирчихсэн сууж байсан. Тэгээд бид нар хоол унд хийж идээд юм яриад хөзөр тоглосон. Энэ үед Нийн найз гэх Л гэдэг залуу 1 шил архи, 1 ширхэг том савтай пиво гаргаж ирээд уухаар задалсан. Тэр үед архийг нь Л, Н хоёр хувааж уусан. Харин пивыг нь Нийн эхнэр Ч, Лийн эхнэр Д нар ууж байсан. Тухайн үед би машин барьж явсан учраас архи, пиво огт хэрэглээгүй. Тэгээд бид нар нилээн сууж хөзөр тоглож байтал Л гэх залуу орон дээр унтчихсан. Тэр үед Д бид хоёр Нийн гэрээс гарах гээд Лийг сэрээгээд гурвуулаа тэдний гэрээс гараад миний унаж явсан машинд суусан. Тэгээд машинд суугаад явах гэж байтал Н гэрээсээ гарч ирээд надтай юм ярьчихаад арын суудал дээр сууж байсан Лтэй гэнэт муудалцаад эхэлсэн. Тэгтэл Л гэх залуу “намайг алхаар цохьчихлоо ш дээ” гэж орилж байсан. Үүний дараа Н, Л хоёр хоорондоо ноцолдож эхэлсэн. Тэгтэл Д, Ч хоёр дундуур нь ороод салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 х/
Гэрч М.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Н бид хоёр хүүхдүүдтэйгээ хамт гэртээ байж байсан. Тэгтэл орой 19 цагийн үед манай нөхрийн найз Л гэх залуу эхнэр Дгийн хамтаар манайд ирсэн. Тэгээд манай гэрт хөзөр тоглоод хоол унд идээд сууж байтал манай нөхрийн найз болох Ө гэх эмэгтэй бага насны хүүхдээ дагуулаад бас манайд ирсэн. Тэгээд бид нар бүгдээрээ нийлээд хөзөр тоглоод хоол унд идсэн. Энэ үед Лийн авчирсан 1 шил архийг манай нөхөр Н хоёр хувааж уусан. Харин том савтай 1 пивыг Лийн эхнэр Д бид хоёр уугаад хөзөр тоглосон. Харин Ө машин барьж явсан учраас огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд байж байтал Л манай орон дээр хэвтчихсэн. Харин бусад нь хоорондоо юм яриад хөзрөө тоглож байгаад Ө, Д, Л нар гэртээ харихаар болоод Лийг сэрээгээд манай гэрээс явахаар гарсан. Тэгтэл тэд нарын араас Н алх барьж гараад машин дотор сууж байсан Лийг цохисон байсан. Гэхдээ намайг гэрээс гараад Н руу очиход машины дэргэд Л тэр хоёр машинаасаа буучихсан ноцолдоод байж байсан. Тэр үед Лийн ам болон шүднээс нь цус гарчихсан харагдаж байсан. Харин Н гартаа төмөр алх барьчихсан байсан. Тэгэхээр нь би алхыг нь булааж аваад гэртээ оруулж тавьсан. Үүний дараа Лийн эхнэр Д гэх эмэгтэй Лийг машинд суулгаад гэртээ харихаар манай хашааны гаднаас хөдөлсөн... ...Хэрэг гарах ямар ч шалтгаан байгаагүй. Архины халуунд ийм хэрэг гарчихсан гэж бодож байгаа. Энэ хоёрын хооронд урьдын таарамжгүй харилцаа байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 х/
Гэрч М.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Л ажлын газрын хүмүүстэйгээ амралтанд явж байгаад өдөр 16 цагийн үед халамцуу байдалтай гэртээ ирсэн. Тэгээд байж байтал Лийн найз болох Н утсаар олон хоног хүрээд ир гэж дуудсан байсан учраас тэр өдөр 19 цагийн үед Л бид хоёр Нийнх руу очихоор болсон. Тэгээд бид хоёр замдаа хүнсний дэлгүүр ороод 1 шил 0.75 литрийн хар Чингис нэртэй архи, том савалгаатай Нийслэл нэртэй пиво болон хүүхдүүд нь чихэр, жимс аваад Нийнд очсон. Тэгээд Нийн гэрт очтол тэд нар хоол унд хийчихсэн байсан учраас хоол цай идэж уугаад хэсэг зуур суусан. Тэгтэл Нийн найз гэх нэг эмэгтэй, бага насны хүүхдээ дагуулаад тэднийд орж ирсэн. Тэр үед Л бид хоёр авчирсан архи, пивоо гаргаад задалсан. Тухайн үед Л, Н хоёр задалсан архийг бараг хувааж уусан. Харин пивыг нь Ч бид хоёр хувааж уусан. Тэр үед Нийн найз гэх эмэгтэй огт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Учир нь машин барьж явсан. Тэгтэл Л орон дээр нь унтчихсан. Энэ хооронд бид нар хөзөр тоглоод байж байсан. Тэгээд нилээн удаан тоглож, юм ярьж сууж байгаад 00 цаг өнгөрч байхад Нийн найз гэх эмэгтэй гэртээ харихаар болсон. Тэгэхээр нь Л бид хоёр машинд нь дайгдах санаатай би Лийг сэрээгээд Нийн гэрээс гарсан. Тэгээд Л бид хоёр нөгөө эгчийн машины хойд талд сууж байтал Н гартаа юм барьчихсан хашаанаасаа гараад ирсэн. Тэгтэл машины жолооч эмэгтэйтэй юм яриад зогсож байснаа гэнэт машины хойд талын хаалгыг онгойлгоод Лийг буугаад ир гэж хэлээд машинаас буух үед гартаа барьж байсан зүйлээрээ амны хэсэгт нь нэг удаа цохичихсон. Тэгтэл Л гарыг нь барьж аваад давхралдаад газар уначихсан. Тэр үед би Нийн гараас алхыг нь булааж аваад Л болон Н хоёрыг болилдоо гэж хэлээд дундуур нь орсон. Үүний дараа Лийг машинд суулгаад гэртээ харихаар явсан. ...Нийн гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, муудалцсан зүйл огт гараагүй. Яагаад ийм хэрэг болсныг би ойлгоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4042 дугаартай дүгнэлтэд:
а/ Б.Лийн биед тархи доргилт, баруун дээд 3 дугаар шүдний хугарал, шүдний сулрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
г/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 25 х/
Шүүгдэгч П.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эхнэр, хүүхдүүдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны ... тоотод байрлах гэртээ байж байсан. Тухайн үед би найз Л, түүний эхнэр Д нарыг урьд өдөр нь утсаар дуудсан байсан учраас орой 21 цагийн үед тэр хоёр манайд хүрч ирсэн. Тухайн үед Л бага зэрэг халамцуу байдалтай 1 шил 0.75 литрийн архи, 2 литрийн савлагаатай пиво авчирсан. Тэгээд бид нар хоорондоо юм яриад хоол унд идээд сууж байтал гаднаас миний найз болох Ө бага насны нэг хүүхдээ дагуулаад манайд орж ирсэн. Тэр үед бид нар Лийн авчирсан архи, пивыг задлаад хөзөр тоглосон. Тэгээд задалсан архиа Л бид хоёр хувааж уугаад бараг дуусгасан. Гэхдээ бага зэрэг ёроолдоо үлдсэн байсан. Харин манай эхнэр Ч, Лийн эхнэр Д нар 2 литрийн савлагаатай пивыг ууж байсан. Энэ үед Ө хөзөр тоглоод, цай ууж байсан, архи пивоноос огт уугаагүй. Ингээд байж байтал Л нилээн муудаад хэсэг зуур манай орон дээр унтсан. Энэ хооронд Ч, Д, Ө бид дөрөв хөзөр тоглоод сууцгаасан. Тэгээд байж байтал Л, Д хоёр Өийн машинд дайгдаад гэртээ харихаар манай гэрээс гарсан. Тэгэхээр нь би Л, Д нарын ардаас үүдний таамбарт байсан төмөр алхыг аваад яваад очтол тэр хоёр Өийн машины ард талын суудал дээр суучихсан харагдсан. Тэр үед би машины хойд талын хаалгыг онгойлгоод Лид хандаж “чи манай гэрт хононо гэсэн биз дээ, явах байсан юм бол эртхэн хэлэхгүй яасан юм бэ” гэж хэлээд гартаа барьж явсан төмөр алхыг далайгаад Лийн амны хэсэгт нэг удаа алхаараа цохичихсон. Тэгсэн чинь Л машинаас бууж ирээд “чи яаж байна аа” гээд над руу дайраад, намайг нэг тонгорч унагаасан. Тэр үед Д, Ч хоёр дундуур орж салгаж холдуулсан. Үүний дараа би гэртээ орсон. Харин Л, Д нар Өийн машинд суугаад гэртээ харихаар явсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй. ...Л бид хоёрын дунд ямар ч таарамжгүй харилцаа байгаагүй. Бид хоёр сайхан найзууд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33, 34-35 х/
Шүүгдэгч П.Нийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 х/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48 х/
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 61 х/
Бакалаврын дипломны хуулбар /хх-ийн 62 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч П.Н нь 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны ... дугаар гудамжны ... тоотод байрлах хашаан дотор ямар нэгэн шалтгаангүйгээр алхаар хохирогч Б.Лийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч П.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр оройн 19 цаг өнгөрч байхад найз охин Дг дагуулаад Нийн гэрт очсон. Би авчирсан 1 шил архи болон пивоо задалж архиа Н бид хоёр хувааж уусан. Тэгтэл миний нойр хүрээд байхаар нь би орон дээр нь хэсэг зуур хэвтсэн. Тэгсэн чинь 00 цаг өнгөрч байхад манай найз охин Д намайг сэрээгээд явъя гэртээ харъя гэсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд Нийн гэрээс найз охиныхоо хамтаар гараад Өийн машин ороод суусан. Тэгтэл бид нарын араас Н гарч ирээд Ө гэх эмэгтэйтэй юм ярьж байснаа гэнэт машины ард талын хаалгыг онгойлгоод ямар ч шалтгаангүйгээр миний ам болон уруулын хэсэгт барьж байсан төмөр алхаар 1 удаа цохисон. Миний амнаас цус гараад нэг шүд уначихсан. Тэр үед би Нийг барьж байгаад газар унагаан “чи миний шүдийг цохичихлоо ш дээ” гэж хэлээд уурласан. Тэгсэн чинь манай найз охин машинаас бууж ирээд Н бид хоёрын дундуур ороод, салгаад намайг машинд суулгасан...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4042 дугаартай дүгнэлтэд:
а/ Б.Лийн биед тархи доргилт, баруун дээд 3 дугаар шүдний хугарал, шүдний сулрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
г/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 25 х/
Гэрч Г.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар нилээн сууж хөзөр тоглож байтал Л гэх залуу орон дээр унтчихсан. Тэр үед Д бид хоёр Нийн гэрээс гарах гээд Лийг сэрээгээд гурвуулаа тэдний гэрээс гараад миний унаж явсан машинд суусан. Тэгээд машинд суугаад явах гэж байтал Н гэрээсээ гарч ирээд надтай юм ярьчихаад арын суудал дээр сууж байсан Лтэй гэнэт муудалцаад эхэлсэн. Тэгтэл Л гэх залуу “намайг алхаар цохьчихлоо ш дээ” гэж орилж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 х/
Гэрч М.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Лийн авчирсан 1 шил архийг манай нөхөр Н хоёр хувааж уусан. Тэгээд байж байтал Л манай орон дээр хэвтчихсэн. Харин бусад нь хоорондоо юм яриад хөзрөө тоглож байгаад Ө, Д, Л нар гэртээ харихаар болоод Лийг сэрээгээд манай гэрээс явахаар гарсан. Тэгтэл тэд нарын араас Н алх барьж гараад машин дотор сууж байсан Лийг цохисон байсан. Тэр үед Лийн ам болон шүднээс нь цус гарчихсан харагдаж байсан. Харин Н гартаа төмөр алх барьчихсан байсан...Хэрэг гарах ямар ч шалтгаан байгаагүй. Архины халуунд ийм хэрэг гарчихсан гэж бодож байгаа. Энэ хоёрын хооронд урьдын таарамжгүй харилцаа байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 х/
Гэрч М.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л бид хоёр машинд нь дайгдах санаатай би Лийг сэрээгээд Нийн гэрээс гарсан. Тэгээд Л бид хоёр нөгөө эгчийн машины хойд талд сууж байтал Н гартаа юм барьчихсан хашаанаасаа гараад ирсэн. Тэгтэл машины жолооч эмэгтэйтэй юм яриад зогсож байснаа гэнэт машины хойд талын хаалгыг онгойлгоод Лийг буугаад ир гэж хэлээд машинаас буух үед гартаа барьж байсан зүйлээрээ амны хэсэгт нь нэг удаа цохичихсон. Тэгтэл Л гарыг нь барьж аваад давхралдаад газар уначихсан. Тэр үед би Нийн гараас алхыг нь булааж аваад Л болон Н хоёрыг болилдоо гэж хэлээд дундуур нь орсон. Яагаад ийм хэрэг болсныг би ойлгоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 х/
Төмөр алх 1 ширхэг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-10 х/
Шүүгдэгч П.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л, Д хоёр Өийн машинд дайгдаад гэртээ харихаар манай гэрээс гарсан. Тэгэхээр нь би Л, Д нарын ардаас үүдний таамбарт байсан төмөр алхыг аваад яваад очтол тэр хоёр Өийн машины ард талын суудал дээр суучихсан харагдсан. Тэр үед би машины хойд талын хаалгыг онгойлгоод Лид хандаж “чи манай гэрт хононо гэсэн биз дээ, явах байсан юм бол эртхэн хэлэхгүй яасан юм бэ” гэж хэлээд гартаа барьж явсан төмөр алхыг далайгаад Лийн амны хэсэгт нэг удаа алхаараа цохичихсон... Тэд нарыг дуудсан шалтгаан нь Д над руу утсаар яриад “манай нөхөр чи бид хоёрыг хардаад байна, чи хэлж ойлгуулаач” гэж надад хэлсэн. Д, Л хоёр манай гэрт хонохоор ирсэн. Би Лид “Д бид хоёр багийн найзууд ямар нэг асуудал байхгүй” гэж хэлэхэд Л “чи эр янхан” гээд намайг түлхэж унагаасан. Би Лийн араас нь алх барьж гараад айлгая гэсэн бодолтой алхаа далайхад эрчиндээ Лийг цохисон” ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33, 34-35 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хуульзүйн дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын “П.Н нь алхаар хохирогчийн нүүрэн тус газар цохиж хөнгөн хохирол учруулсан” талаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгч П.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд харин тухайн хэрэг гарах болсон шалтгаан, сэдэлтийн талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нар нь өөр байдлаар мэдүүлсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго нь тухайн хэргийн зүйлчлэл, шийдвэрлэлтэд нөлөөлөхөөргүй байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэх боломжтой юм.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Нид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,
Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт “...танхайрах гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.
2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч П.Нид 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул энэ хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, танхайрах гэмт хэргийн хувьд гэмт хэргийг үйлдсэн субъектын тооноос хамааран зүйлчлэгдэх болсон нь шүүгдэгч П.Нийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул шүүгдэгч П.Нид холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Н, түүний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй ба харин шүүгдэгчид торгох ял оногдуулах талаар санал гаргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авч хангах боломжгүй гэж үзлээ. Үүнд: шүүгдэгч П.Н нь ам бүл дөрөв, эхнэр болон 8 настай 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөрөө хувиараа ажил хөдөлмөр эрэлдэг, өрхийн сарын орлого нь 300.000-400.000 төгрөг байдаг талаар мэдүүлж байгаа ч орлогын эх үүсвэрийг нотолсон ямар нэгэн баримтгүй тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.
2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ” гэж заасан байх тул П.Нид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй байна.
Шүүгдэгч П.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан П.Нид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 55 х/-аар тогтоогдож байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Н нь хохирогч Б.Лид шүд хийлгүүлсэн, зардал нь 70.000 төгрөг болсон талаар мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ ба хохирогч Б.Л нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 12-13 х, гэж мэдүүлсэн тул шүүгдэгч П.Нийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.Нид буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдав.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шинэчилэн найруулсан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Бадарч овогт П.Нид холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Бадарч овогт П.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Нийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу шүүгдэгч П.Нид оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан П.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд уг ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч П.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан П.Нид буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан П.Нид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ