Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2018/00479

 

 

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2018/00479

Улаанбаатар хот

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: В ХХК-д холбогдох  140.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С, түүний өмгөөлөгч Д, хариуцагчийн төлөөлөгч Ж, Г, түүний өмгөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Э.Цолмон нар оролцов.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие М  2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр В ХХК- иас 143.994.000 төгрөгний үнэ бүхий Discovery 4 маркийн автомашиныг Санхүүгийн түрээсийн гэрээгээр 2013.01.15-ны өдөр 14.400.000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлж авсан. Зээлийн гэрээний дагуу нийт 127.400.000 төгрөгийг төлсөн болно.

 

 Зээлийн гэрээний хугацаандаа төлбөрөө төлөөгүй гээд Вагнер ази лизинг ХХК-нь намайг шүүхэд өгсөн бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 8180 дугаартай шүүгчийн захирамж гарч үлдэгдэл 64.000.000 төгрөгийг эвлэрлийн гэрээний дагуу төлөхөөр шийдвэрлэсэн.

 

Ингээд Эвлэрлийн гэрээний дагуу 3, 4 дүгээр сарын төлбөр 10.000.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн.

 

Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгаас гараад Архангай аймгийн Хотонт сумын нутагт 20 цагийн орчим засмал зам дээр миний унаж явсан Discovery 4  маркийн автомашины “айрбэг” гэнэт буудаж, машины урд салхины шил хагарсан бөгөөд өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй байсан.

 

Ингээд машинаа даатгуулсан Миг даатгал болон машин худалдан авсан В ХХК-д утсаар мэдэгдэж дуудлага өгсөн. Даатгалын байгууллага нь манай ажилтан хөдөө аймагт дуудлагаар явсан учир газар дээр нь очих боломжгүй гэдгээ хэлсэн. Машинаа хөдөлгөлгүйгээр машины эргэн тойрон болон 4 талаас нь зургийг нь авсан, мөн машинаа зам дээр зогсож байхад нь айрбэг буудсан байдлын зургийг авсан тэр шөнөдөө Улаанбаатар хотод ирж маргааш нь Миг даатгал дээр очиж машинаа үзүүлэхэд осол аваар болоогүй, жолоочийн хариуцлага алдаагүй байх тул манай байгууллага хариуцах асуудал биш байна, харин автомашин худалдан авсан газраа буюу үйлдвэрлэсэн газраа хандах шаардлагатай байна гэсэн зөвлөгөө өгсөн. Ингээд Вагнер ази ХХК болон В ХХК-д хандсан.

 

2016 оны 5 дугаар сарын 16-ы өдөр өөрийн машинаа тус компанид хүлээлгэн өгсөн. В ХХК-нь уг автомашины айрбэг осол аваар болоогүй тохиолдолд юунаас болж буудсан болох, энэ нь ашиглалтын бус, үйлдвэрийн буюу тохиолдлын гэмтлийн аль нь болох талаар дүгнэлт гаргуулахаар материалыг чинь Английн Land rover компанируу явуулсан байгаа гэсэн.

 

Ингээд хариу ирэхийг хүлээж байтал 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хариу ирлээ гэж хэлэхээр нь очиж уулзахад ослын дүгнэлт гэдгийг өгсөн . Уг дүгнэлттэй танилцахад өөрсдийн үйлдвэр болон компаниа хамгаалсан бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт гарсан болохыг мэдлээ.

 

 Дүгнэлтийн RСМ илэрсэн машины урд хэсгээс нэг цохилт өгсөн нь хадгалагджээ гэжээ уг цохилт гэх зүйл нь машины гадна, дотор алин болох нь тодорхойгүй бөгөөд цохилтын цэгээ тогтоогоогүй зэрэг нь ойлгомжгүй.

 

Цохилт болсон тохиолдол нь “хурдан цохилт” гэж ангилагдсан байна. Энэ нь автомашины хурд 8км/ц болон түүнээс дээш байсан байна гэжээ энэ нь гадны биетээр цохисон юм уу, юугаар цохигдсон болох мөн хурдан цохилт гэдэг нь машины хурднаас болдог эсэх талаар дүгнэлт гаргаагүй байна. Илэрсэн урд талын цохилт ноцтой гэж тодорхойлогдсоны дагуу шаардлагатай богино хугацаанд аюулгүйн систем хангалттай бүрэн ажилласан байна гэжээ. Хаана ямар цохилт үүссэн гэдгээ тогтоогоогүй атлаа түүнийг ноцтой гэснийг нь болон Ослын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Мөн Land rover үйлдвэрлэгч байгууллагаас ирүүлсэн гэх Ослын дүгнэлт нь үйлдвэрлэгч байгууллагын тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажаагүй, харин ВХХК-ний засвар үйлчилгээний тамга дарагдсан орчуулгын баримт байна. ВХХК нь автомашины айрбэг юунаас болж буудсан гэх оношлогооны дүгнэлт гаргуулна гэж 3 сар хүлээлгэсний дараа Оношлогооны биш Ослын гэх дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ ослын дүгнэлтийг Мөнхзулд өгөөгөөгүй, энэ автомашиныг ВХХК оруулж ирсэн.

 

Иймд миний бие нь энэ машиныг худалдан авснаар дараахь хохирол учраад байна.

 

1.Автомашин худалдан авахад төлсөн 127.400.000 төгрөг,

 

2.Машиныг 2016 оны 5 дугаар сарын 16нд хүлээлгэж өгснөөс хойш миний бие хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод албан болон хувийн хэрэгцээнд унаж ашиглахаар жолооч Ц.Одсүрэн, Б.Болд нартай автомашины түрээсийн гэрээ хийсэн. Архангай аймагт УИХ-д нэр дэвшсэн байсан бөгөөд машин эвдэрсэн учир 2016 оны 05 сарын 20-ноос 2016 оны 07 сарын 20 хүртэл 9.000.000 төгрөгөөр машин түрээсэлсэн.

 

3.Улаанбаатар хотод автомашин түрээсэлсний зардалд 2016 оны 05 сарын 16-наас өнөөдрийг хүртэл 3.600.000 төгрөгийн зардал гарсан.

 

Шүүгчийн захирамжийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдсэн байсан учир шийдвэр гүйцэтгэлийн газраас миний дансыг хааснаас маш их хохирол учирсан. Мөн тус компани өөрийн машинаа 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан атлаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоолгоогүй нь өнөөдрийг хүртэл намайг хохироож байна.

 

Миний буруугаас буюу ашиглалтын буруугаас машины “айрбэг” буудаагүй, В ХХК-нь Вагнер Ази Лизинг ХХК-д үйлдвэрлэлийн доголдолтой автомашин худалдсан тул надад хохирол учраад байна.

 

Иймд худалдах худалдан авах гэрээний улмаас учирсан хохиролд  140.000.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа:

 

Нэхэмжлэгч М нь 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр  ВХХК-тай 143.994.000 төгрөгийн үнэ бүхий Discovery 4 маркын автомашиныг Санхүүгийн түрээсийн гэрээгээр урьдчилгаа төлбөр төлж авсан байна.

 

            М нь 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Түрээслүүлэгч буюу Вагнер Ази Лизинг ХХК-тай СТГ/13-288 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан байдаг ба харин манай компанитай гэрээ байгуулаагүй.

 

Тиймээс В ХХК-тай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

 

          Тухайн автомашиныг ВХХК нь ВЛ ХХК-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан бөгөөд тус гэрээнд заасны дагуу автомашинд 3 жилийн баталгаат хугацааг олгосон. Уг баталгаат хугацааны талаар Санхүүгийн түрээсийн гэрээнд мөн тусгагдсан. Тус автомашинд олгосон 3 жилийн баталгаат хугацаа 2016 оны 1 сарын 15-ны өдөр дууссан болно.

 

          М нь 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хамгаалалтын дэр буудсан (дэлгэгдсэн) хэмээн нэхэмжлэл гаргасан боловч энэ үед автомашинд олгосон үйлдвэрийн баталгаат хугацаа дууссан байсан. Мөн тус гэмтэл нь үйлдвэрлэлийн доголдлын улмаас үүссэн гэдэг нь тогтоогддоггүй.

 

          М нь Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан ба энэхүү гэрээгээр ВЛ ХХК нь автомашиныг түүний эзэмшил ашиглалтад шилжүүлэх, М нь автомашины төлбөрийг ВЛ ХХК-д гэрээнд заасан хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, төлбөрийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх үүрэг тус тус хүлээсэн.

 

М нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 127 400 000 төгрөгийг ВЛ ХХК-д төлсөн байдаг ба ВЛ ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 127 400 000 төгрөгийг өөрт учирсан хохирол хэмээн манай компаниас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Вагнер Ази Лизинг ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөрийг хохирол хэмээн нэхэмжилж буй үйлдэл нь Санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээс зайлсхийх оролдлого гэж үзэж байна.

 

М нь автомашины төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас ВЛ ХХК шүүхэд хандаж 2016 оны 3 дугаар сард тэдний эвлэрлийг баталсан  шүүгчийн захирамж гарсан ба одоо төлбөр гаргуулах талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа одоо явагдаж байна.

 

Уг ажлын хүрээнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Мын автомашиныг хуульд заасан журмын дагуу хураан авах ажиллагаа хийгдсэн ба манай компаниас ямар нэг байдлаар автомашиныг хурааж авсан зүйлгүй.

 

Ийм дээрх үндэслэлүүдийг харгалзан Мын нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

                                                                                       ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч М нь хариуцагч В ХХК-д холбогдуулан Худалдах худалдан авах гэрээний улмаас учирсан хохиролд 140.000.000 төгрөг            гаргуулах тухай нэхэмжлэлийг  гаргажээ.

 

Хариуцагч ВХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

НЭГ.Нэхэмжлэгч М нь 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр  Вагнер Ази Лизинг ХХК-тай СТГ/13-288 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан түрээслэгч М нь урьдчилгаа 14.400.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 129.594.000 төгрөгийг 18 сарын хугацаанд төлөхөөр тохирч 2012 онд үйлдвэрлэгдсэн SALLAAAD D4CA605762 арлын дугаартай Discovery 4  маркийн автомашиныг түрээслэн авчээ./хх-ийн 9-15-р хуудас/

 

ВЛ ХХК, М нарын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний хувьд  гуравдагч этгээд нь ВХХК юм.

 

Гуравдагч этгээд нь ВХХК нь дээрх Санхүүгийн түрээсийн гэрээний хувьд тус гэрээний 2.4.-т заасан үүргийг хүлээжээ.

 

Санхүүгийн түрээсийн гэрээний 2.4.-т “Гуравдагч этгээд нь түрээсийн зүйлийг доорхи нөхцөл, баталгаат засварын хугацаатайгаар түрээслэгчид нийлүүлнэ. Үүнд:

 

2.4.1.-т “3 жил эсвэл эхний 100.000 км-ийн явалт доторхи үйлдвэрийн дутагдал, гэмтэлд 100% үйлдвэрийн баталгаа өгч, зөвхөн үйлдвэрийн баталгаанд хамрагдах эвдрэл гэмтэл гарсан үед засварын ажил, сэлбэг захиалгыг өөрийн зардлаар хариуцан хийнэ” гэжээ.

 

Түрээслэгч М нь түрээсийн гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй байсны улмаас түрээслүүлэгч ВЛ ХХК эвлэрүүлэн зуучлагчид хандаж, тэдний хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээг  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 8180 дугаартай шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулсан байна./хх-ийн 22-24-р хуудас/

 

Санхүүгийн түрээсийн гэрээний хувьд түрээслэгч М, түрээслүүлэгч ВЛ ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргийг дүгнэж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж  уг автомашиныг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр битүүмжилж, хураасан тогтоол гарсан талаар талууд маргаагүй болно.

 

ХОЁР:Хариуцагч ВХХК нь ВЛ ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулан 2012 онд үйлдвэрлэгдсэн SALLAAAD D4CA605762 арлын дугаартай Discovery 4  маркийн автомашиныг худалдсан байна. /хх-ийн 58-63-р хуудас/

 

 ВХХК нь ВЛ ХХК-тай 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулан 2012 онд үйлдвэрлэгдсэн SALLAAAD D4CA605762 арлын дугаартай Discovery 4  маркын автомашиныг худалдахдаа хүлээлгэн өгөх үеийн үзлэг хийж хүлээлгэн өгөхөд ямар ч доголдолгүй гэжээ./хх-ийн 58-63-р хуудас/

 

Дээрх Худалдах худалдан авах гэрээний 1.6.1-д “Автомашиныг нийлүүлснээс хойш 3 жил эсвэл эхний 100.000 км-ийн явалт доторхи үйлдвэрийн дутагдал, гэмтэлд 100% үйлдвэрийн баталгаа өгч, зөвхөн үйлдвэрийн баталгаанд хамрагдах эвдрэл гэмтэл гарсан үед засварын ажил, сэлбэг захиалгыг өөрийн зардлаар хариуцан хийнэ” гэжээ.

 

Гэрээнд заасан баталгааны хугацаа  2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байх бөгөөд энэ хугацааны хооронд үйлдвэрийн баталгаанд хамрагдах эвдрэл гэмтэл илэрсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Мөн худалдагч ВХХК нь ВЛ ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Мын өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй,            эрхийн           зөрчилгүй барааг бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл худалдагч ВЛ  ХХК нь 2012 онд үйлдвэрлэгдсэн SALLAAAD D4CA605762 арлын дугаартай Discovery 4  маркын автомашиныг нийлүүлж, худалдан авагч ВХХК нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

 

SALLAAAD D4CA605762 арлын дугаартай Discovery 4  маркын автомашины урд хэсгийн аюулгүйн дэр гадны нөлөөгүйгээр дэлгэгдсэн гэх шалтгааныг тодруулсан  үйлдвэрлэгч компаний дүгнэлтэд:

 

1.Машины урд хэсэгт нэг цохилт ирснийг аюулгүйн системийн удирдлагын модуль илрүүлж санах ойдоо хадгалсан байна.

 

2.Илэрсэн цохилтын талаар бүрэн цохилтын телеграмм болон цохилтын бичлэг хадгалагдсан байна.

 

3. Цохилтын тохиолдол болох үед АСУМ-ийн системийн цаг 22.23 цаг 18 секундыг зааж байсан байна.

 

4. Цохилтын тохиолдол болохоос өмнө болон цохилт болох үед алдаа заасан код байгаагүй, аюулгүйн дэрний анхааруулах гэрэл асаагүй /OFF/ байсан.

 

5. Цохилтын тохиолдолд болохоос өмнө холбогдох бүх мэдрэгчүүд тэг алдаа зааж байсан

 

6.Цохилтын тохиолдол нь хурдан цохилтын төрөлд ангилагдсан байна.Энэ ангилал нь 8 км.цагаас дээш хурдтай явж байсныг илэрхийлнэ.

 

7.Дотоод алдааны код хадгалагдаагүй мөн алдааны код санах ойд  ажиллагааны доголдол илэрсэн шинж тэмдэг байхгүй байна.

 

8.Цохилтын тохиолдол илрэх үед аккумляторын хүчдэл 13.10 вольт байсан. Цэнэг хураагуур 27,45 вольт байсан.

 

9. Жолоочийн бүсний түгжээ бүс зүүгээгүй төлөвт байсан.

 

10.Зорчигчийн бүсний түгжээ бүс зүүсэн төлөвт байсан.

 

11.М0, М1 дотоод мэдрэгчүүдээс илгээсэн хурдатгалын өгөгдөлүүд нийлбэрийн үр дүнд урд хэсгийн аюулгүйн системийг идэвхижүүлсэн дохио өгөгдсөн байна.

 

12.Урд хэсэгт цохилт ирснийг илрүүлснээс хойш зорчигчийн бүсний автомат татагч болон урд талын хоёр аюулгүйн дэрний 1-р шатны идэвхижилт нь 3 мл сек, урд талын 2 аюулгүйн дэрний 2-р шатны идэвхижилт 8 мл секунтэд ажилласан байна.

 

13. Бүсний түгжээ бүс зүүгээгүй төлөвт байсны улмаас жолоочийн бүсний автомат татагч ажиллаагүй

 

14.Аюулгүйн системийн удирдлагын модулийн М0,М1 дотоод хурд мэдрэгчүүдийн дохиогоор урд хэсгийн аюулгүйн систем ажилласан байна

 

15.Илэрсэн цохилтын тохиолдлын аюулын төлөв байдал нь шаардлагатай аюулгүйн системийг зориулалтын дагуу идэвхижүүлэхүйц хүчтэй байсан байна.

 

16.EEPROM өгөгдөлд ажиллагаа доголдсон шинж тэмдэг байхгүй гэжээ. /хх-ийн 121-142-р хуудас/

 

Мөн ВХХК-ийн хашаанд байгаа SALLAAAD D4CA605762 арлын дугаартай Discovery 4 маркийн автомашинд шүүх үзлэг хийхэд уг автомашины урд талын доод хэсэгт хар өнгийн хуванцар эд анги нь хүний нүдэнд харагдахуйцаар цуурсан байдалтай байсан болно. /хх-ийн 111-117, 95-100-р хуудас

 

Энэ бүхнээс дүгнэхэд уг автомашины Airbag нь зориулалтын дагуу ажилласан байна гэж үзэхээр байна.

 

В ХХК нь ВЛ ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Худалдах худалдан авах гэрээний улмаас нэхэмжлэгч Мд Автомашин худалдан авахад төлсөн 127.400.000 төгрөг, жолооч Ц.Одсүрэн, Б.Болд нартай автомашины түрээсийн гэрээ хийж 2016 оны 05 сарын 20-ноос 2016 оны 07 сарын 20 хүртэл 9.000.000 төгрөгөөр машин түрээслэсэн, Улаанбаатар хотод автомашин түрээсэлсний зардалд 2016 оны 05 сарын 16-наас өнөөдрийг хүртэл 3.600.000 төгрөгийн зардал гарч нийт 140.000.000  төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М-д хариуцагч В ХХК-ийг ВЛ ХХК-д үйлдвэрлэлийн доголдолтой автомашин худалдсанаас 140.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Иймд Худалдах худалдан авах гэрээний улмаас учирсан хохиролд 140.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй үндэстэй.

 

Нэхэмжлэгч М нь хариуцагч ВХХК-ийг ВЛ  ХХК-д үйлдвэрлэлийн доголдолтой автомашин худалдсанаас 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт засмал зам дээр унаж явсан Discovery 4  маркын автомашины айрбэг буудаж урд салхины шил хагарч өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй тул айрбэг нь ямар нэгэн осол болоогүй байхад гэнэт буудаж байгаад үйлдвэрлэлийн алдаа байгаа эсэхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль, Механик тээврийн сургуулийн багш И.Базаррагчаа, Ж.Мягмаржав, Н.Мөнхзул нарыг, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Авто тээврийн үндэсний төвийн Техник хяналтын үндэсний төвийг тус тус томилсон.

 

Шүүх дээрх шинжээч нарыг томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу ... эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар,шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсаны үндсэн дээр томилсон.

 

 Тодруулбал: Шүүх дээрх шинжээчдийг томилохдоо Монгол улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас Discovery 4  маркийн автомашины аюулгүйн дэр задрах агшин дах датчикны мэдээллийг унших төхөөрөмжтэй байж болох байгууллагыг сонгож томилсон болно.

 

Гэтэл Шинжлэх ухаан технологийн их сургууль, Механик тээврийн сургууль 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 2/480 дугаартай албан бичгээр “Уг автомашины Airbag системийн электрон удирдлагын блокт бичигдсэн дэр задрах агшин дах датчикны мэдээллийг унших зориулалтын тоног төхөөрөмж байхгүй, Airbag системийн Front impact датчикт ямар хэмжээний доргилт үүссэн зэргийг тогтоох бололцоогүй тул дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг,

 

Нийслэлийн Баянгол Техникийн хяналтын үзлэгийн төв 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 122 дугаартай албан бичгээр “Уг автомашины хувьд аюулгүйн дэрний электрон удирдлагын блокт бичигдсэн дэр задрах үе дэх мэдрэгчийн мэдээллийг унших зориулалтын төхөөрөмж байхгүй тул автомашин нь юунаас болж эвдэрсэн, эвдрэл гэмтэл нь хаана яаж үүссэн болох, үйлдвэрлэгчийн буруугаас үүссэн эсэхийг тогтоож дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг тус тус ирүүлжээ./хх-ийн 80,87-р хуудас/

 

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3.  заасны дагуу ... шүүх өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн болно.

 

Нэхэмжлэгч нь “... автомашины Airbag нь засмал зам дээр бага хурдтай явж байхад гэнэт буудаж урд салхины шил хагалсан, автомашин үйлдвэрлэлийн доголдолтой гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч В-ХХК-иас 140.000.000 төгрөг гаргуулах тухай М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 857950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг  дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.з

 

 

 

                                         

 

                                     

 

ДАРГАЛАГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО