Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/290

 

 

 

 

 

 

   2022         04           18                                      2022/ШЦТ/290

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч О.Доржмаа,  хохирогч Д.Б-, хохирогч Ч.М-, түүний өмгөөлөгч О.Одхүү, шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Т.Баярбат, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш овогт С-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106029750023 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ш овогт С-ийн М /РД: /.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.М нь Д.Б-аас бусдад худалдан борлуулж өгөхөөр тохиролцож, итгэмжлэн хариуцаж 2021 оны 04 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Да хүрээ автомашины захаас очиж авсан Тоёота Приус-20 маркийн автомашин,

2021 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 2 дугаар байрны гаднаас очиж авсан Тоёота Приус-41 маркийн автомашиныг тус тус бусдад худалдан борлуулсан боловч мөнгийг хувьдаа завшиж хохирогч Д.Б-т 36,000,000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Мөн Ч.М-ийн эзэмшлийн Тоёота Лексус-450 маркийн 41-70 УНЦ улсын дугаартай автомашиныг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 20,000,000 төгрөгийн урьдчилгаа өгөх байдлаар итгэл төрүүлж, “автомашиныг бусдад худалдах итгэмжлэл хийж өгвөл үлдэгдэл 30,000,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас гаргуулж авах боломж байна” гэж Ч.М-ийг хуурч, уг автомашиныг Т.Т-д 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байсан бодит байдлыг нууж, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нотариатчаар Ч.М-ийн эзэмшлийн Лексус-450 маркийн 41-70 УНЦ улсын дугаартай автомашиныг худалдах, арилжих, зээлийн барьцаанд бариулах, барьцааны болон фидуцийн гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд төлөөлөх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэл хийлгэж эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч хохирогч Ч.М-т 50,000,000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Хохирогч Ч.М: “...С.М-ийн талаар манай ах надад хэлсэн. 2021 оны 8 дугаар сард С.М ирээд таны машиныг худалдаж авмаар байна, хятадуудтай хамт самарт явах гэж байгаа, таны машин тоноглолтой болохоор энэ машинаар самарт явж болох юм байна гээд миний машиныг 55.000.000 төгрөгөөр зарна, танаас 50.000.000 төгрөгөөр худалдаж аваад 5 сая төгрөг унагаах гэж байгаа юм гэж гуйсаар байгаад авсан. Тухайн үед би Гранд мед эмнэлэгт нурууны хагалгаанд орох гэж байсан, одоо л авчихмаар байна, 20.000.000 төгрөгийн урьдчилгаа өгье, 30.000.000 төгрөгийг банк бусад тавиад өгнө, тэр болтол машиныг тань унаад явъя гэж хэлсэн. Миний машин Алтан нохой ломбардад 12,000,000 төгрөгийн барьцаанд байсан. Ломбардаас чөлөөлж аваад банканд 4 хүний ард байна, одоо 30,000,000 төгрөг шилжүүллээ гэсэн. Дараа нь С.М яг үнэнээ хэлье, би машиныг өөрөө хэрэглэх гэж байснаа болиод Хятадуудад 55,000,000 төгрөгөөр зарсан, 5,000,000 төгрөг унагах гэж байгаад хугацаа алдчихлаа, одоо 31,000,000 төгрөгийг өгье, өнөөдөр хүлээж байгаарай, маргааш хүлээж байгаарай гээд алга болсон. Би ээжтэй нь болон хамт амьдардаг эмэгтэйтэй нь очиж уулзсан, би өөрөө хүнд өртэй байсан. Тэр өрөө өгч чадахгүй бараг өөрөө цагдаад дуудагдах хэмжээнд орсон. Араас нь 2-3 сар хөөцөлдөж байж, Баянзүрх дүүргийн цагдаа дээр өөрөө дагуулж очиж барьж очсон. Сүүлдээ ээжтэйгээ нийлж доромжлоод, чаддаг юм бол аваарай, би шорондоо орчихно, чам шиг балиар хүүхэн байхгүй гэж есөн шидээр доромжилсон. 55,000,000 төгрөгөөр зарах гэж байсан машинаа 50,000,000 төгрөгөөр зарах болсон. Үүнээс 8 сарын 06-ны өдөр 17,000,000 төгрөг, 8 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 10 дугаар сарын 21-ээс 11 сарын 17-ыг хүртэл нийт 6,299,000 төгрөгийг нэхэж байж өдөрт 100,000 төгрөг, 200,000 төгрөгийг авсан. Нийт 26,499,000 төгрөгийг С.Мэс авсан. Одоо 23,501,000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Д.Б-: “...С.М нь манай хажуу талын хүмүүсийн машин зардаг байсан. Би орж ирсэн гаальтай машин зах дээр зардаг тул танилцаад урд нь 2-3 машин заруулж байсан. Би 3 дугаар сард ходоодны хагалгаанд орж, өөрөө гарч чадахгүй болохоор С.Мд итгэж машинаа заруулахад миний итгэлийг далимдуулан тэр чигтээ хоёр машиныг маань зараад хувьдаа завшаад алга болсон. Миний хувьд химийн эмчилгээ хийлгээд гарч чадаагүй. 2022 оны 1 сард дахин хагалгаанд орсон. Араас нь явж чадахгүй, гэрт очиход ээж, аавтайгаа нийлж худал хэлнэ, мөн утсаар байнга худал хэлнэ. Тийм маягаар хэлсээр байгаад өдий хүрлээ, он гараад харьяаллын дагуу цагдаагийн хэлтэст өргөдөл бичиж өгсөн, өдий хүртэл хохирсоор байна. Эхлээд Тоёота Приус 20 маркийн гаальтай автомашиныг 14.000.000 төгрөгөөр зарна гэж авч явсан, дараа нь гэрийн гаднаас Тоёота Приус 41 маркийн автомашиныг 22,000,000 төгрөгөөр зарна гээд авч явсан. Шүүгдэгч С.Мэс нийт 36,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Шүүгдэгч С.М: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Ч.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн эзэмшлийн Лексус 450 загварын тээврийн хэрэгслээ зарж борлуулах гэж байхад миний төрсөн ах Ч.Батжаргал надад өмнө нь машин авч байсан ченж байгаа тэр хүнд хэлээд өгөх үү гэсэн. ...Тэгээд С.М гэх хүнтэй уулзахад С.М би машины урьдчилгаа 20,000,000 төгрөгийг танд өгөөд үлдсэн 30,000,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгнө, тэр болтол тээврийн хэрэгслийг чинь унаад явж байя гэж хэлсэн. 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан нохой гэх нэртэй авто ломбардад С.М бид хоёр уулзаад С.М надад 17,000,000 төгрөг өгөөд тээврийн хэрэгслийг аваад явсан. 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр С.М 3,000,000 төгрөгийг дансаар өгсөн. С.М эгчээ би үлдсэн 30,000,000 төгрөгийг өгөх гэсэн чинь итгэмжлэл хэрэгтэй байна, би итгэмжлэлээр банк бусаас мөнгө гаргаж авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би Хан-Уул дүүрэгт явж байхдаа С.Мд итгэмжлэл гаргаж өгсөн. Түүнээс хойш С.Мэс үлдсэн 30,000,000 төгрөгийг авах гэсэн боловч банк бус нь Япон улсын хөрөнгө оруулалттай болохоор мөнгө нь орохгүй байна гэж хэлсэн. Ингээд 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл С.М надад худал ярьж миний тээврийн хэрэгслийг залилан мэхэлж байна. Би тээврийн хэрэгслийн бүртгэлийг шалгуулахад Түвшинбаяр гэх хүний нэр дээр 78-14 УНХ гэх дугаар авсан байсан. ...Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нотариат дээр итгэмжлэл хийж өгсөн...” /1 дэх хавтас хэргийн 20-21, 24 дэх тал/ гэсэн,

 

Хохирогч Д.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 4 дүгээр сарын эхээр буцаад Да хүрээ зах руу гараад Мөнх-Эрдэнэ гэх залуутай таарч машин зараад өгөөч, авах хүн байна уу гэж ярилцаад улмаар Мөнх-Эрдэнэ нь би тухайн машиныг чинь зараад өгье гэж хэлээд миний Приус 20 загварын машины түлхүүрийг авч үлдсэн, ингээд Мөнх-Эрдэнэ Приус 20 загварын автомашиныг чинь зарчихлаа, банк бусаас мөнгө нь орж ирэхгүй байна гэх мэт зүйл ярьж байсан. Харин 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Амар гэх машин оруулж ирдэг залуугаас 19,000,000 төгрөгөөр худалдан авч, улмаар мөнгийг нь Амарын 5063528088 дугаарын данс руу мөнгийг шилжүүлсэн. Ингээд би машиныг өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 2 дугаар байрны гадна талын зогсоолд байрлуулсан. Мөнх-Эрдэнэ дээрх байдлаар машиныг чинь зараад өгье гэж хэлээд гэрийн гаднаас аваад явсан. Машиныг минь аваад зарчхаад надад мөнгийг өгөөгүй, би түүний араас 1 сар орчим явсан бөгөөд олдохгүй, зугтаагаад худлаа хэлээд яваад байсан...” /1 дэх хавтас хэргийн 190-192 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Т.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...41-70 УНЦ улсын дугаартай Лексус 450 загварын тээврийн хэрэгслийг авахаар 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Алтан нохой гэх нэртэй Нарантуул худалдааны төвийн хойд талд байдаг ломбардад С.М бид хоёр очсон. С.М Алтан нохой ломбардны банканд төлөх ёстой мөнгийг чөлөөлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт оръё гэж хэлэхэд Мөнх-Эрдэнэ намайг байж бай гэж хэлээд өөрөө ороод дээрх байгууллагын ХААН банкны дансны дугаар авч ирэхээр нь би 12,629,000 төгрөгийг Алтан нохой ломбардны данс руу шилжүүлсэн. Би 41-70 УНЦ улсын дугаартай Лексус 450 загварын тээврийн хэрэгслийг худалдан авахаар Баяраа гэх хүнтэй уулзаж гэрчилгээг солиулахад ямар нэгэн асуудалгүй биз гэж асуухад манай эхнэр хагалгаанд орсон байгаа, ирэх 1 дэх өдөр асуудалгүй шилжүүлнэ гэж хэлсэн. Ингээд тухайн өдөр 41-70 УНЦ улсын дугаартай Лексус 450 загварын тээврийн хэрэгслийг аваад явсан. Тэгээд би дээрх тээврийн хэрэгслийг 2021 оны 8 дугаар сарын дундуур хадмын хашаанд байхад одоо тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгэхэд С.М удахгүй тээврийн хэрэгслийн эзэмшигч нар ирнэ гэж хэлээд аваад ирнэ ээ гээд явсан. Удалгүй С.М буцаж хадмын хашаанд ирээд тээврийн хэрэгслийн 41-70 УНЦ улсын дугаарыг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, миний цахим үнэмлэхийн хамтаар аваад явсан. Удалгүй С.М 41-70 УНЦ улсын дугаар болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж авчирч өгсөн. С.М үлдэгдэл мөнгөө хийгээрэй гэж хэлэхээр нь би С.М-ийн данс руу 29,999,000 төгрөг хийсэн. ...Тээврийн хэрэгслийг аваад шилийн богд явахад эвдрээд байсан учир ...Сүхболдод 34,000,000 төгрөгөөр зарсан. ...Тухайн үед 41-70 УНЦ улсын дугаартай байсан, тухайн тээврийн хэрэгслийг худалдан аваад хүмүүсээс 41-70 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаар асууж тодруулахад эзэн нь тогтдоггүй, зарагдаад солигдоод байдаг гэхээр нь би тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 78-14 УНХ болгож өөрчилсөн. ...Мөнх-Эрдэнэ нь тухайн үед надад тээврийн хэрэгсэл зарахдаа надад хоёр хүн өртэй байгаа юм, өрнийхөө оронд тухайн тээврийн хэрэгслийг надад өгөөд байгаа юм, энэ тээврийн хэрэгсэл зарагдах уу гэж асуугаад байсан...” /1 дэх хавтас хэргийн 31-32, 34-35 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ө.Сүхболд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр машин зарна гэсэн зар хараад Төрбатын Түвшинтөр гэх хүнтэй холбоо бариад тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 34,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 78-14 УНХ гэсэн улсын дугаартай байсан, Түвшинтөр гэх хүнд мөнгөө өгч дуусгаад нэрээ шилжүүлсний дараа улсын дугаарыг 40-60 УНО болгож өөрчилсөн...” /1 дэх хавтас хэргийн 37 дахь тал/ гэсэн,

 

Гэрч А.Баяраа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн тээврийн хэрэгслийг ломбарднаас аваад шууд нэрийг шилжүүлээгүй ба Батчимэгийг эмнэлгээс гарсны дараа Мөнх-Эрдэнэ нь ирж уулзаад Батчимэг нь Мөнх-Эрдэнэд итгэмжлэл бичиж өгч байсан. Тухайн үед би хажууд нь байсан ба Мөнх-Эрдэнэ нь өнөөдөртөө 30,000,000 төгрөгийг чинь өгөх болно гэсэн боловч мөнгийг нь өгөөгүй...” /1 дэх хавтас хэргийн 39-40 дэх тал/ гэсэн,

 

Гэрч А.Дэлгэрсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ авто худалдааны зах дээр ажлаа хийгээд байж байхад зүс таних С.М гэх залуу гаалийн бичигтэй Приус 41 загварын тээврийн хэрэгслийг 19,800,000 төгрөгт та авах уу гэж ирэхээр нь би үзэж хараад авъя гэж тохиролцсон. Харин итгэмжлэлийг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн ойролцоо байх нотариатын газарт би өөр дээрээ итгэмжлэл хийж аваад тэр даруй уг нотариатын газрын гадна талд 19,800,000 төгрөгийг С.М-ийн ХААН банкны 5561091947 данс руу интернэт банкаар 11 цаг 41 минутад шилжүүлсэн юм. Ингээд тухайн машиныг худалдаж аваад цаашаа 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Б.Пүрэвсүрэн гэх хүнд худалдан борлуулсан...” /1 дэх  хавтас хэргийн 219 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Т.Ариунбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би 2021 оны 4 дүгээр сарын эхээр Да хүрээ зах дээр зогсдог Тувааны Энхсайхан гэх залуу ахаа ийм хоёр тээврийн хэрэгсэл зарах хүн байна, Приус 20, Приус 41 загварын тээврийн хэрэгсэл юмаа, та авчих, жаахан юм унана гэхээр нь би Энхсайханаар дамжуулаад тухайн автомашиныг нийлүүлээд 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Би тухайн машиныг Энхсайханаар дамжуулан Мөнх-Эрдэнээс худалдаж авсан...” /1 дэх хавтас хэргийн 229 дэх тал/ гэсэн,

 

Гэрч А.Буяндалай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр Д.Б- нь Да хүрээ зах дээр оруулж ирсэн машин зардаг байсан. Харин 2020 оны 11 дүгээр сард гаалиар орж ирсэн Приус 20 загварын тээврийн хэрэгслийг 13,000,000 төгрөгөөр худалдан авсан, мөн 2021 оны 5 дугаар сард Приус 41 загварын тээврийн хэрэгслийг 19,000,000 төгрөгөөр тус тус зарж борлуулахаар гааль дээрээс шинээр худалдан авсан. Ингээд 2021 оны 4 болон 5 дугаар сард Мөнх-Эрдэнэ гэх манай нөхрийн танил залуу зарж өгнө гэж хэлээд нэг машиныг захаас, нөгөө машиныг гэрийн гаднаас аваад явсан юм...” /1 дэх хавтас хэргийн 239 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч С.М мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 онд наадмын өмнө Ч.М- машин зараад өгөөч гэхээр нь ...Ч.М-тэй уулзахад Алтан нохой ББСБ-н барьцаанд тавьсан байгаа, 45,000,000 төгрөгөөр зараад өгөөч гэхээр нь тухайн газарт очиход 12,700,000 төгрөгийн барьцаалсан байсан. ...Барьцааны мөнгийг төлөөд Ч.М-т 7,000,000 төгрөг дансанд нь шилжүүлээд итгэмжлэх хийлгэж аваад үлдэгдэл мөнгийг нь удахгүй төлнө гэж хэлсэн. ...Тэр машиныг Түвшинбаярт 30,000,000 төгрөгөөр зарахаар тохирсон байсан бөгөөд хэдэн төгрөгөөр зарж байгаагаа хэлээгүй. ...Тэр үед надад мөнгөний хэрэг гарсан байсан учраас хоёр хүнийг год худлаа яриад 10,000,000 төгрөгийг өөрөө авч хэрэглэсэн. ...2021 оны 4 дүгээр сард Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг Да хүрээ захын зогсоол дээр байхад намайг зараад өг гэсэн, ...4 дүгээр сард Тоёота Приус 41 загварын тээврийн хэрэгслийг мөн авч яваад бусдад худалдаалсан. ...Тухайн машины мөнгийг хувьдаа зарцуулаад дууссан учраас буцааж Батбаатар гэх хүнд өгч чадаагүй...” /1 дэх хавтас хэргийн 167-168, 2 дахь хавтас хэргийн 7-10, 53-54 дэх тал/ мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /1 дэх хавтас хэргийн 6, 185-186 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дэх хавтас хэргийн 43-49, 242-243 дахь тал/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 51-53 дахь тал/,

- Ч.М-ийн Хаан банкны дансны хуулга /1 дэх хавтас хэргийн 65-68 дахь тал/,

- 0454 дугаартай итгэмжлэлийн хуулбар /1 дэх  хавтас хэргийн 70 дахь тал/,

- Т.Т-, Ө.Сүхболд нарын хаан банкны дансны хуулга /1 дэх хавтас хэргийн 100-135 дахь тал/,

- Шүүгдэгч С.М-ийн Хаан банкны дансны хуулга /1 дэх хавтас хэргийн 153-158 дахь тал/,

- Мөрдөн байцаалтын хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1 дэх хавтас хэргийн 250 дахь тал/,

- Шүүгдэгч С.М-ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 146 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 137 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 дахь хавтас хэргийн 11 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч С.М нь Д.Б-аас бусдад худалдан борлуулж өгөхөөр тохиролцож, итгэмжлэн хариуцаж 2021 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Да хүрээ автомашины захаас очиж авсан Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгсэл, 2021 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 2 дугаар байрны гаднаас очиж авсан Тоёота Приус 41 загварын тээврийн хэрэгслийг тус тус бусдад худалдан борлуулсан боловч мөнгийг Д.Б-т өгөлгүйгээр хувьдаа завшсаны улмаас хохирогч Д.Б-т 36,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Ч.М-ийн эзэмшлийн Тоёота Лексус 450 загварын 41-70 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 20,000,000 төгрөгийн урьдчилгаа өгөх байдлаар итгэл төрүүлж, “автомашиныг бусдад худалдах итгэмжлэл хийж өгвөл үлдэгдэл 30,000,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас гаргуулж авах боломж байна” гэж Ч.М-ийг хуурч, уг автомашиныг Т.Т-д 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байсан бодит байдлыг нууж, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нотариатчаар Ч.М-ийн эзэмшлийн Лексус 450 загварын 41-70 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, арилжих, зээлийн барьцаанд бариулах, барьцааны болон фидуцийн гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд төлөөлөх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэл хийлгэж эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч хохирогч Ч.М-т 50,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Ч.М-ийн “...Би өөрийн эзэмшлийн Лексус 450 тээврийн хэрэгслээ зарж борлуулах гэж байхад миний төрсөн ах Ч.Батжаргал надад өмнө нь машин авч байсан ченж байгаа, тэр хүнд хэлээд өгөх үү гэсэн. ...Тэгээд С.М гэх хүнтэй уулзахад С.М би машины урьдчилгаа 20,000,000 төгрөгийг танд өгөөд үлдсэн 30,000,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгнө. Тэр болтол тээврийн хэрэгслийг чинь унаад явж байя гэж хэлсэн. ...2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр С.М 3,000,000 төгрөгийг дансаар өгсөн. С.М “эгчээ би үлдсэн 30,000,000 төгрөгийг өгөх гэсэн чинь итгэмжлэл хэрэгтэй байна, би итгэмжлэлээр банк бусаас мөнгө гаргаж авах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би Хан-Уул дүүрэгт явж байхдаа С.Мд итгэмжлэл гаргаж өгсөн. Түүнээс хойш С.Мэс үлдсэн 30,000,000 төгрөгийг авах гэсэн боловч банк бус нь Япон улсын хөрөнгө оруулалттай болохоор мөнгө нь орохгүй байна гэж хэлсэн. Тээврийн хэрэгслийн бүртгэлийг шалгуулахад Түвшинбаяр гэх хүний нэр дээр 78-14 УНХ гэх дугаар авсан байсан...” /1 дэх хавтас хэргийн 20-21, 24 дэх тал/ гэсэн, хохирогч Д.Б-ын “...2021 оны 4 дүгээр сарын эхээр Да хүрээ зах дээр Мөнх-Эрдэнэ гэх залуутай таарч машин зараад өгөөч, авах хүн байна уу гэж ярилцаад улмаар Мөнх-Эрдэнэ нь би тухайн машиныг чинь зараад өгье гэж хэлээд миний Приус 20 загварын тээврийн хэрэгслийн түлхүүрийг авч үлдсэн. Ингээд Мөнх-Эрдэнэ миний тээврийн хэрэгслийг зарчихлаа, банк бусаас мөнгө нь орж ирэхгүй байна гэх мэтээр ярьж хэлж байсан. 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр машин оруулж ирээд зардаг Амар гэх залуугаас 19,000,000 төгрөгөөр Приус 41 загварын тээврийн хэрэгслийг худалдан авч, улмаар мөнгийг нь Амарын 5063528088 дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд би машиныг өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол 2 дугаар байрны гадна талын зогсоолд байрлуулсан. Мөнх-Эрдэнэ дээрх байдлаар машиныг чинь зараад өгье гэж хэлээд гэрийн гаднаас аваад явсан...” /1 дэх хавтас хэргийн 190-192 дахь тал/ гэсэн, гэрч Т.Т-ийн “...41-70 УНЦ улсын дугаартай Лексус 450 загварын тээврийн хэрэгслийг авахаар 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Алтан нохой гэх нэртэй Нарантуул худалдааны төвийн хойд талд байдаг ломбардад С.М бид хоёр очсон. Мөнх-Эрдэнэ намайг байж бай гэж хэлээд өөрөө ороод дээрх байгууллагын ХААН банкны дансны дугаар авч ирэхээр нь би 12,629,000 төгрөгийг ломбардны данс руу шилжүүлсэн. Би 41-70 УНЦ улсын дугаартай Лексус 450 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахаар Баяраа гэх хүнтэй уулзаж гэрчилгээг солиулахад ямар нэгэн асуудалгүй биз гэж асуухад манай эхнэр хагалгаанд орсон байгаа, ирэх 1 дэх өдөр асуудалгүй шилжүүлнэ гэж хэлсэн. ...Удалгүй С.М 41-70 УНЦ улсын дугаар болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж авчирч өгсөн. С.Мөнх- Эрдэнэ үлдэгдэл мөнгөө хийгээрэй гэж хэлэхээр нь би С.М-ийн данс руу 29,999,000 төгрөг хийсэн...” /1 дэх хавтас хэргийн 31-32, 34-35 дахь тал/ гэсэн, гэрч А.Баяраагийн “...Тухайн тээврийн хэрэгслийг ломбарднаас аваад шууд нэрийг шилжүүлээгүй ба Батчимэгийг эмнэлгээс гарсны дараа Мөнх-Эрдэнэ нь ирж уулзаад Батчимэг нь Мөнх-Эрдэнэд итгэмжлэл бичиж өгч байсан. Тухайн үед би хажууд нь байсан, Мөнх-Эрдэнэ өнөөдөртөө 30,000,000 төгрөгийг чинь өгөх болно гэсэн боловч мөнгийг нь өгөөгүй...” /1 дэх хавтас хэргийн 39-40 дэх тал/ гэсэн, гэрч А.Дэлгэрсайханы “...би 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ авто худалдааны зах дээр ажлаа хийгээд байж байхад зүс таних С.М гэх залуу гаалийн бичигтэй Приус 41 загварын тээврийн хэрэгслийг 19,800,000 төгрөгт та авах уу гэж ирэхээр нь би үзэж хараад авъя гэж тохиролцсон. Харин итгэмжлэлийг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн ойролцоо байх нотариатын газарт би өөр дээрээ итгэмжлэл хийж аваад тэр даруй уг нотариатын газрын гадна талд 19,800,000 төгрөгийг С.М-ийн ХААН банкны 5561091947 данс руу интернэт банкаар 11 цаг 41 минутад шилжүүлсэн юм...” /1 дэх  хавтас хэргийн 219 дэх тал/ гэсэн, шүүгдэгч С.М-ийн “...2021 онд наадмын өмнө Ч.М- машин зараад өгөөч гэхээр нь ...Ч.М-тэй уулзахад Алтан нохой ББСБ-н барьцаанд тавьсан байгаа 45,000,000 төгрөгөөр зарна гэхээр нь тухайн газарт очиход 12,700,000 төгрөгийн барьцаалсан байсан. ...Барьцааны мөнгийг төлөөд Ч.М-т 7,000,000 төгрөг дансанд нь шилжүүлээд итгэмжлэх хийлгэж аваад үлдэгдэл мөнгийг нь удахгүй төлнө гэж хэлсэн. ...Тэр машиныг Түвшинбаярт 30,000,000 төгрөгөөр зарахаар тохирсон бөгөөд хэдэн төгрөгөөр зарж байгаагаа Ч.М-т хэлээгүй. ...Тэр үед надад мөнгөний хэрэг гарсан байсан учраас хоёр хүнд худлаа яриад 10,000,000 төгрөгийг өөрөө авч хэрэглэсэн. ...2021 оны 4 дүгээр сард Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг Да хүрээ захын зогсоол дээр байхад намайг зараад өг гэсэн, ...4 дүгээр сард Тоёота Приус 40 маркийн машиныг мөн авч яваад бусдад худалдаалсан. ...Тухайн машины мөнгийг хувьдаа зарцуулаад дууссан учраас буцааж Батбаатар гэх хүнд өгч чадаагүй...” /1 дэх хавтас хэргийн 167-168, 2 дахь хавтас хэргийн 7-10, 53-54 дэх тал/ мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дэх хавтас хэргийн 242-243 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 51-53 дахь тал/, Ч.М-ийн Хаан банкны дансны хуулга /1 дэх хавтас хэргийн 65-68 дахь тал/, 0454 дугаартай итгэмжлэлийн хуулбар /1 дэх  хавтас хэргийн 70 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-д “...их хэмжээний хохирол учруулсан бол...” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “...их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” гэж,

5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна...” гэж заасан буюу гэмт хэргийн улмаас 50,000,000 төгрөгийн болон түүнээс дээш хохирол учруулсан бол их хэмжээний хохирол учруулсан гэж үзэхээр хуульчилсан байна. Иймд шүүгдэгч С.М-ийн хохирогч Ч.М-ийн эзэмшлийн Лексус 450 загварын тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр худалдан борлуулж өгөхөөр тохиролцож, итгэмжлэлээр өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад худалдаж мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулан залилсны улмаас 50,000,000 төгрөгийн хохирол учруулсныг их хэмжээний хохирол учруулж залилсан гэж үзэх үндэслэлтэй.

Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэгт өмчлөгч өөрөө эд хөрөнгөө түр хугацаагаар шилжүүлж өгсөн эд хөрөнгийг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч С.М нь нь хохирогч Д.Б-ын худалдан борлуулаад өгөөч гэж өгсөн Тоёота Приус 20, Тоёота Приус 41 загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулж мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулж 36,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгч С.М-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хохирол бүрэн  төлөгдөөгүй нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ...гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжихээр хуульчилсан байна.

Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “...Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан ...хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч С.М-ийн үйлдсэн хөрөнгө завших гэмт хэрэг нь 2021 оны 4 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сарын хооронд үйлдэгдсэн буюу Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, оршин суух бүртгэлтэй хаяг бол Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ийн шүүхийн шатанд буюу 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 06 /зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүнд оногдуулсан хорих ялын эдлэх хугацаанд оруулан тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

3. Гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.М-ийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн улмаас хохирогч Ч.М-ийн эд хөрөнгөд 50,000,000 төгрөгийн хохирол, хөрөнгө завших гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-ын эд хөрөнгөд 36,000,000 төгрөгийн хохирол учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч С.М нь хохирогч Ч.М-т 26,499,000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Б-т 1,000,000 төгрөгийн хохирол тус тус төлсөн, үлдэх хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээд болох С.Мэс 58,501,000 төгрөг гаргуулж хохирогч Ч.М-т 23,501,000 төгрөг, хохирогч Д.Б-т 35,000,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.

Хохирогчийн өмгөөлөгч О.Одхүү шүүх хуралдаанд: “...Хохирогч Д.Б-аас мөн адил залилан мэхлэх аргаар авсан байна гэж үзэж байна. Энэ хоёрын хооронд итгэмжлэн хариуцуулсан гэрээ хэлцэл байхгүй. Мөн л Ч.М-ийг залилдаг аргаараа залилсан, үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэж заасан, Д.Б-ыг залилсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг зүйл ангиар зүйлчлэгдэх ёстой, ял завшаад байна. Зүйлчлэл дээр анхаарах хэрэгтэй...” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярбатаас шүүх хуралдаанд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зүйлчлэлд санал нийлэхгүй байгаа ...яллагдагчаар татагдсан тогтоолд хэдийгээр гэмт хэргийн үнэлгээ 36.307.257 төгрөгөөр гарсан боловч энэ хоёрын хооронд аман гэрээ хийж 50,000,000 төгрөгөөр тохирсон байна гэж хийгдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар их хэмжээгээр гэсэн үндэслэлээр оруулж ирсэн. ...Хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслэж, хуульд заасан үндэслэлээр гэм бурууг тодорхойлох ёстой. Шинжээчийн дүгнэлт тусгай мэдлэг шаардсан хүн гаргадаг. Хуульчид өөрсдөө тухайн автомашиныг үнэлэх боломжгүй, уг тээврийн хэрэгсэлд тусгай мэдлэг шаардсан үед шинжээч томилдог. ...Хохирогч Ч.М-ийн УНЦ 40-60 улсын дугаартай Лексус 450 загварын тээврийн хэрэгсэл нь 1997 онд үйлдвэрлэгдсэн. Дамно ХХК-аар үнэлгээ тогтоолгохоор шинжээчид эрх үүргийг нь танилцуулж, шинжээч дүгнэлт гаргасан. Уг шинжээчийн дүгнэлтийг хохирогч, яллагдагчид танилцуулсан гарын үсэг зурсан баримт байна. Хуулийн дагуу уг машин 46,307,257 төгрөгөөр үнэлэгдсэн нь хавтаст хэрэгт учир хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэж тус тус мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь хохирогч Д.Б-  нь Тоёота Приус 20, 41 загварын тээврийн хэрэгслүүдийг зарж борлуулаад өг гэж машины түлхүүр, бусад бичиг баримтыг өөрөө шилжүүлэн өгсөн, шүүгдэгч тухайн машинуудыг зарж борлуулсан боловч мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсныг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Харин бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хохирол нь хохирогч, шүүгдэгч нарын аман хэлцлээр тохиролцсон дүнгээр тодорхойлогдох бөгөөд хохирогч Ч.М- цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, удаа дараагийн мэдүүлгээр шүүгдэгч хохирогч нар нь 50,000,000 төгрөгөөр тухайн тээврийн хэрэгслийг худалдахаар тохиролцсон гэж тогтвортой мэдүүлдэг тул 1 дэх хавтас хэргийн 43-45 дахь талд авагдсан Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 46,307,257 төгрөгөөр үнэлсэн дүнгээр биш 50,000,000 төгрөгөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн 2106029750023 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.М-ийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Ш овогт С-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Шүүгдэгч Ш овогт С-ийн М-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 04 /дөрөв/  жилийн хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Санжидмаагийн Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулсан 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн эдлүүлэхээр тогтоосугай.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан 04 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ийн цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүний албан ёсны гэрийн хаяг болох Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М /РД:, 58,501,000 /тавин найман сая, таван зуун нэг мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Б- /РД:, оршин суух хаягтай, Утас: /-т 35,000,000 /гучин таван сая/ төгрөг, Ч.М- /РД:, тоотод оршин суух хаягтай, Утас: /-т 23,501,00 /хорин гурван сая, таван зуун нэг мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

11. Эрүүгийн 2110001030013 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.М-ийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

14. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР