Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2020/0443

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 29 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0443

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч: “Э” ХХК

           Хариуцагч: АМГТГКХД

         Нэхэмжлэлийн шаардлага: “Э ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-009-7- тоот тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг кадастрын бүртгэлийн санд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны  өдөр бүртгэсэн бүртгэлийг  хүчингүй болгож, манай гаргасан ашиглалтын тухай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг холбогдох материалын хамт хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэхийг АМГТГКХт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц, түүний өмгөөлөгч Н.Б, Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нэмэлт тайлбар байна. 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Кадастрын даргын 539 дүгээр шийдвэр гарсан хуульд заасан 3 жилээр бол 2020 оны 07 дугаар сарын 27-нд дуусна. Тус компани нь нэхэмжлэлийн шаардлагаа 2019 онд гаргасан тийм учраас энэ асуудал дээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй. Өөрөөр бол энэ эхний шаардлага гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байгаа гэж үзэж байгаа. Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг өгөөгүй гэдэг асуудал яригдаж байна. Э ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргасан. Энэ өргөдлийн дагуу Кадастрын хэлтсээс 4 дүгээр сарын 05-ны өдөр танай хугацаа дууссан. Тийм учир хугацаа дууссан үндэслэлээр танай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон. Ийм учраас танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэсэн. Энэ нь Э ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн гэдэг нь үүгээр нотлогдож байгаа. Түүнчлэн бүртгэлд бүртгэсэн бүртгэл үндэслэлгүй гэдэг асуудал яригдаж байна. Нэгэнт Кадастрын хэлтэс хуулийн дагуу хугацаагаа сэргээгээд хуулийн дагуу тоологдох огноонуудаа зөв зүйтэй хэрэглээд ямар нэгэн эргэлзээ байхгүйгээр журмуудыг хэрэгжүүлсэн бол энэ асуудал ярьж болох байсан. Гэтэл тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хугацаа сэргээсэн, бүртгэсэн хугацаа нь өөрөө эргэлзээтэй байдал үүсгэсэн байгаа, тусгай зөвшөөрөл эзэмшигчид 3 жилийн хугацаагаар нь бүтэн эзэмших эрхийг нь сэргээгээгүй байгаа учраас дуусгавар болгосон  бүртгэлийг хүчингүй болгох бүрэн боломжтой гэж үзэж байна. 

Хоёр. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь АМГТГКХээс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 539 тоот шийдвэрээр “Э” ХХК-ийн эзэмшлийн ХҮ009- тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг  2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгасан. Манай гаргаж байгаа гол гомдлын шаардлага нь 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Э” ХХК-ийн эзэмшлийг сэргээхдээ 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн сэргээсэн өөрөөр хэлбэл 2016 оны  4 дүгээр сарын 05-ны өдөр огноо зааж сэргээсэн мөртлөө энэхүү сэргээсэн шийдвэрээ 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан энэ хооронд 113 хоногийн хугацаа алдаад байгаа. Өөрөөр бол энэ 113 хоногийн хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч эзэмших эрхээ алдаж байгаа юм. Тиймээс энэхүү эрхийг олгож өгнө үү гэх үндсэн шаардлага. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 “...хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно”, уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 “...Тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгаж болно”. Энэхүү тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь ямар эрхтэй гэхээр анх олгосон хугацаанаас нь 3 жилээр сунгах ёстой 3 жилээр эзэмших эрх нь сэргээгдэх ёстой. Гэтэл ийнхүү 3 жилийн хугацаагаар сэргээхдээ 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр сэргээгээд 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нь 3 жилийн хугацаагаар сэргээсэн биш энэ Кадастрын газрын даргын шийдвэр нь гарсан өдрөөсөө хойш 3 жилийн хугацаагаар сунгагдах ёстой гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл 56.8 Шүүхийн шийдвэрээр сэргээгдсэн тусгай зөвшөөрлийн хугацааг тухайн хүчингүй болсон тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан огноогоор сэргээх ёстой гэж заасан байна. Гэтэл энэ хуулиар өмнө сэргээсэн шүүхийн огноогоор сэргээх ёстой байсан. Гэвч  яг энэ хугацаандаа сэргээгүй учраас Ашигт малтмалын тухай хуульд заасан 56.8-ыг хэрэглэх боломжгүй болсон. Манай компани тусгай зөвшөөрлийг сэргээхдээ 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гарсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 3 жилийн хугацаагаар эзэмших эрхийг бүрэн хангаж чадахгүй байна.   Иймд манай компани тусгай зөвшөөрлийг гарсан өдрөөс нь буюу 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 3 жилийн хугацаатай сунгагдах ёстой гэж үзэж байна гэв.

Гурав. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аж ахуй нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өмгөөлөгч Батбаатарын хэлснээр анх тусгай зөвшөөрөл олгохдоо 3 жилээр олгосон Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар “... хугацаа сунгахдаа анх олгосон хугацаанаас баггүй хугацаагаар сунгах ёстой гэж заасан байдаг. Энэ нь хамгийн багадаа 3 жилээр сунгах ёстой гэж байгаа  гэдгийг нэмж хэлмээр байна. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 “..Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан баримт , 48.6.1-т заасан техник эдийн засгийн үндэслэл эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан ,техник эдийн засгийн үндэслэлийн анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана гээд байж байгаа. Хамгийн гол нь А лиценз авах хүсэлт гаргахад энэ бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой энэ тайлангаа гаргасан байх ёстой хамгийн гол нь хэргийн материалд байгаагийн дагуу “Э” ХХК нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэжлийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан түүний дагуу  мэргэжлийн шинжээч нь 30 хоногт багтаан томилсон боловч 90 хоногтоо багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргасан тийм зүйл байхгүй. Тэгэхээр энэ хугацаа бол бид нараас огт хамаарахгүй хойшилсон нөхцөл байдал харагдаад байгаа. Төрийн байгууллагын үйл ажиллагаанаас болж хугацаа нь хэтэрсэн 5 хоногийн асуудал дээр мөн дээрээс нь бас эргэлзээтэй огнооны асуудлаас болоод энэ хугацааг харж үзэх нь зүйтэй байна. Ийм учраас Э ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэв.

Дөрөв. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 04 дүгээр сарын 05-аас 2019 оны 04 дүгээр сарын 05-ыг хүртэл гэж 3 жилээр сунгасан гэж ярьж байна тусгай зөвшөөрөл эзэмшигчийнх нь өөрсдийнх нь тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлөө бүрдүүлж өгсөн материал нь ирсний дараа сунгалт хийсэн байгаа энэ дээр тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө 2016 оны 4 дүгээр сарын 05-нд материалаа авч ирээд өгчихсөн бол 4 дүгээр сарын 05-аас нь эхлээд сунгачих байсан. Шийдвэр нь гарахгүй байсан хугацааны хувьд ийм байна. 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрийг өнөөдөр шүүхээр хянуулах боломжгүй яагаад гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд байгаа хөөн хэлэлцэх хугацааны талаар мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд “...хэрэв эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл 30 хоногийн дотор гомдлоо гаргах эрхтэй” гэх заалтын дагуу дээд шатны байгууллага болон шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан гэвч 2016 оны 7 дугаар сарын 27-ноос хойш өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаа өнгөртчихөөд байхад 3 жилийн хугацаагаар сунгасан асуудлын шийдвэрийн талаар ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй энэ асуудал дээр хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрчихсөн. Нэхэмжлэгч тухайн үедээ энэ 4 дүгээр сарын 05-ны өдрөөр шийдвэр гарчихлаа бид 7 дугаар арын 27-ны өдрөөс эхлээд 3 жилийн хугацаагаа тооцуулъя гэж хүсэлт, гомдол гаргаж байсан бол энэ асуудлыг ярих боломжтой энэ талаар яригдаагүй 3 жил өнгөрчихжээ энэ бол боломжгүй зүйл. Ийм учраас бүртгэлийг гаргаж байгууллагад гомдол гаргаж басан бол энэ асуудлыг ярих боломжтой 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон бүртгэл өөрөө хууль зүйн үндэслэлтэй байна. Дуусгавар болгосон өргөдлийг хүчингүй болгуулах боломжгүй яагаад гэвэл “ашиглалтын өргөдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэсэн байдаг өнөөдрийг хүртэл Э ХХК нь төрийн захиргааны байгууллагад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан зүйл байхгүй. Өргөдөл гаргаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад байхгүй байгаа. Зөвхөн эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр бид тайлангаа хэлэлцүүлэх гэж байсан юм гэсэн хяналтын хуудсыг авч ирж өгсөн. Энэ хяналтын хуудас бол Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тайлангаа хэлэлцүүлэхээр шинжээч болон бусад мэргэжлийн хүмүүсээр гарын үсэг зуруулдаг. Харин өргөдөл гэдэгт бол Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд өргөдөлд ямар баримт хавсаргасан байх вэ? гэдгийг хуульчилж өгсөн. Энд заасан баримт бичгийг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй учир ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг нь хүлээж авах боломж байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Э ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-009-7- тоот тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг кадастрын бүртгэлийн санд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны  өдөр бүртгэсэн бүртгэлийг  хүчингүй болгож, манай гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг холбогдох материалын хамт хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэхийг АМГТГКХт даалгуулах” гэж өөрчлөн нэмэгдүүлжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь Т аймгийн Б сумын нутагт орших “И” нэртэй 78,52 гектар талбай бүхий 9177Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга /хуучин нэрээр/-ын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1140 дүгээр шийдвэрээр “А” ХХК-иас  шилжүүлэн авсан байх ба уг тусгай зөвшөөрлийн 11 дахь жилийн хугацаа 2019 оны 04 дугаар сарын 5-ны өдөр дуусгавар болсныг мөн сарын 17-ны өдөр Кадастрын мэдээллийн системд бүртгэжээ. 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “...Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан хугацааны дотор хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан бөгөөд шинжээч томилох, дүгнэлт гаргах, нөөц бүртгэх зэрэг захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудлын шийдвэрлэлт нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэл зоригоос үл хамаарахаар байхад хариуцагч захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн, мөн захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр сэргээхдээ гурван жилийн хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл тооцсон нь хууль бус” гэж, хариуцагчаас “...917-X дугаартай тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй” гэж маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж заасан байх тул хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 48.4-т заасан ... энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Үүний дагуу нэхэмжлэгч “-” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1803/08 дугаартай шинжээч томилуулах хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шинжээч томилох тухай ХХ-2018/040 тоот шийдвэр гаргажээ.

Хариуцагчаас 2020 оны 02 дугаар  арын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн 8/764 дугаартай албан бичгийн нэг дэх хэсэгт “Э ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 917-Х дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Кадастрын хэлтэст ирүүлж байгаагүй” гэж, харин 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэгчид хүргүүлсэн 1/5151 дугаартай албан бичигт “Э” ХХК НЬ 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1904/10 тоот албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт гаргахад...” гэсэн хоёр өөр утга бүхий тайлбар гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үзвэл “Э” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр АМГТГКХт “...2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хайгуулын үр дүнгийн тайланд дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулсан. 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр тойрох хуудсаа авч ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр авах үйлчилгээний хөлс нэг сая төгрөгийг тушаасан...тул өргөдлийг хүлээн авч холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү” гэсэн утга бүхий 1904/16 дугаартай албан бичгийг Төв аймгийн Баян сумын нутаг дахь “Элгэнбулаг” нэртэй перлитын ордын XV-009-7- тоот тусгай зөвшөөрлийн талбайд 1975 онд хийж, гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн нэмэлт тодотголын тайлан, түүний нөөцийн тооцоонд хийсэн шинжээчийн дүгнэлт /огноогүй/, хянагдаагүй хяналтын хуудас, нэг сая төгрөгийн хураамж төлсөн баримт зэргийг хавсарган хүргүүлсэн байна.

 Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй, 24.2-т .Энэ хуулийн 24.1-д зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо энэ хуулийн 18 дугаар зүйл, 20.1-д заасан журмыг нэгэн адил баримтална гэсэн нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсвэл тухайн талбай дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах давуу эрхтэй гэж ойлгох ба энэ тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх шаардлага тавьсан байна.

Нэхэмжлэгч компани нь  XV-009-7- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2011 онд шилжүүлэн авснаас хойш тус талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулсан байх ба 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1904/10 дугаартай албан бичгээр ... хайгуулын ажлын тайланг хянуулан, дүгнэлт гаргуулж, тойрохоо хүлээн авсан талаарх” тодорхойлолтыг хариуцагч захиргааны байгууллагад уламжилсан байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь XV-009-7- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө АМГТГКХт шинжээч томилох, тайлан хэлэлцүүлэх талаарх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хийгдэж байгаа тухай мэдэгдсэн байх тул ашигт малтмалын хайгуулын XV-009-7- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгохгүй байх боломжтой байжээ.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь “Э” ХХК-ийн дээрх нөхцөл байдлыг харгалзалгүйгээр XV-009-7- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцүүлэх, нөөц бүртгүүлэх, улмаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхийг хязгаарласан шийдвэр болжээ.

Өөрөөр хэлбэл “Э” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн бүртгэл хүчин төгөлдөр байснаараа Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаас нөөц тогтоогдсон шийдвэр гарсан тохиолдолд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай дахь нөөцийг бүртгүүлэх, улмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч хүсэлт гаргах эрх хэрэгжихээргүй байна.

 Нөгөөтэйгүүр  “Э” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-009-7- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр дуусгавар болж, 2019 оны 4 дүгээр сарын 17ы өдөр “Уул уурхайн кадастрын компьютержсон систем”-д бүртгэснийг тусгай зөвшөөрөл эзэмшигч эс зөвшөөрч, “...тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг шүүхийн шийдвэрийг биелүүлж захиргааны байгууллагаас гаргасан хугацаагаар буюу 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс тооцно” гэж, харин хариуцагч нь “...тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээсэн захиргааны байгууллагын шийдвэрт заасан огноогоор тооцно...” гэж  маргасан.

 “Э” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-009-7- дугаартай тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгахыг даалгасан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 852 дугаар шийдвэрээр тус тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээж, үүнийг үндэслэн үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07дүгээр сарын 27-ны өдрийн 539 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 04 дугаар сарын 5-ны өдрөөс 2019 оны 04 дугаар сарын 5-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгджээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 852 дугаар шийдвэр гарснаас хойш Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 27ы өдрийн 539 дүгээр шийдвэр гарах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхээ бодитой хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулах боломжгүй нь тодорхой бөгөөд хариуцагч захиргааны байгууллага 2016 оны 07 дугаар сарын 27ы өдөр гаргасан шийдвэртээ хугацааг “2016 оны 04 дүгээр сарын 5-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 05...” гэж заасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ...тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар ...сунгуулах” гэж заасантай нийцээгүй байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан 2016 оны 07 дугаар сарын 27ы өдрийн 539 дүгээр шийдвэр гарснаар тусгай зөвшөөрлөө бодитой эзэмшиж эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй тул 2019 оны 07 дугаар сарын 27ы өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаар байхад 2015 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хууль бусаар дуусгавар болгон бүртгэсний улмаас нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх 3 жилээс 3 сар 22 хоногоор дутуу эзэмшсэн тул энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөө дутуу эзэмшсэн хугацаагаар эрх нь сэргэхээр байна гэж үзлээ.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг боловсруулж, дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгч, 48 дугаар зүйлийн 48.4-д төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 48.3-д заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн  зөвлөлөөс шинжээч дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргахаар заасан байна.

Нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан журмын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргах, эрх бүхий захиргааны байгууллага мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-д  заасан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 26 дугаар зүйлийн 26.3-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргах эрхтэй байх тул шүүхээс “Э” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-009-7- дугаартай  тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг  холбогдох материалын хамт хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах хууль зүйн боломжгүй гэж үзлээ

Харин Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс XV-009-7- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хийгдсэн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэж шийдвэрлэсний дараа уг тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгох эсэхийг АМГТГКХээс шийдвэрлэхэд шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон                                                                       ТОГТООХ нь

1. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсэг болох “Э ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-009-7- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг кадастрын бүртгэлийн санд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны  өдөр бүртгэсэн бүртгэлийг  хүчингүй болгож”, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Э ХХК-ийн гаргасан  ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг холбогдох материалын хамт хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэхийг АМГТГКХт даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс илүү төлсөн 140,400 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                  ШҮҮГЧ                 Д.ЧАНЦАЛНЯМ