Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2016/0027

 

2015 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 27

Улаанбаатар хот

 

Б.А-н нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар шийдвэртэй, Б.А-н нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б/31 дугаар захирамжаар ажлаас халагдсанаар захиргааны хэргийн шүүхээр явах ажил эхэлсэн. Ингээд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр намайг ажилд эгүүлэн томилох шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан. Ер нь бол шүүхийг үл хүндэтгэсэн арга юм болов уу гэж ойлгож байгаа. Нөгөө утгаар нь хариуцагчийн эрх байдаг. 2014 оны 12 дугаар сараас хойш 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээр дамжаад хамгийн сүүлийн шийдвэр гарсны дараа намайг буцааж ажилд аваагүй. Тэгээд Тосонцэнгэл сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаны үндсэн дээр 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажилдаа томилогдсон. Энэ өдрөөс хойш 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр буцаагаад ажлаас халах шийдвэр гаргасан. Энэ бол 21 хоногийн хугацаатай байгаа. 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажил хүлээлцээгүй. Тэгээд 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ажлаа хүлээж авсан. Үүнийг ажил хүлээлцсэн Д.Н-н гарын үсэгтэй тэмдэглэл нотолж байгаа.

Ингээд ажлаа хүлээж аваад байж байтал Нийтийн талбайн хог цэвэрлэгээний хуваарь батлах тухай захирамж 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гарсан байсан. Намайг ажилд орохоос долоо хоногийн өмнө шахуу гарчихсан байна лээ. Энэ захирамжийн 3 дахь хэсэгт Хог цэвэрлэгээний ажлыг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл чанарын өндөр түвшинд зохион байгуулж ажиллахыг албан газрын дарга, эрхлэгч, албан хаагчдад үүрэг болгосугай гэсэн байгаа. Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавин үр дүнг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Засаг даргын орлогч Д.Эрдэнэ-Очирт даалгасугай гэсэн захирамж гарсан байгаа. Намайг ажилд ороход сум орон нутаг үнэхээр хогондоо дарагдсан, цас ханзарсан байдалтай хог цэвэрлэгээний ажлыг явуулах зайлшгүй шаардлагатай байсан.

Үүний дагуу сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хурал хийсэн. Энэ хурал дээр хог цэвэрлэгээний ажлыг энэ долоо хоногт багтаан хийх тухай ярилцсан. Тэгээд нийтийн талбайн хог цэвэрлэгээний ажлыг 2015 оны 05 дугаар сарын 17-ний өдөр, байгууллагуудын хог цэвэрлэгээний ажлыг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар болсон. Манай сумын хувьд хөдөөтэй байдаг болохоор амралтын өдрөөр хүмүүс ямаагаа самнах ажлаар хөдөө явдаг. Хог цэвэрлэгээний хувьд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Б.А гэдэг хүн Тамгын газрын дарга болохоос биш хог цэвэрлэгээ хариуцсан дарга биш юм. Зөвхөн хог цэвэрлээгүй байна гэдэг үндэслэлээр ажлаас халчихдаг зүйл биш байх. Намайг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажилд томилоод, 05 дугаар сарын 22-ны өдөр арга хэмжээ авсан байгаа. Арга хэмжээ авахдаа юу гэж авсан бэ гэхээр нийтийн талбайн хогийг муу цэвэрлүүллээ гэсэн байна лээ. Энэ тухай Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргаж амжаагүй байхад 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажлаас халсан. Ажлаас халсан захирамжид ямар нэгэн алдаа дутагдал дурдаагүй. Нэг ёсондоо шүүхийн шийдвэрийг биелүүлсэн юм шиг харагдаад байгаа боловч эргүүлэн ажлаас халж байгаа юм. Иймээс хог цэвэрлэгээг муу хийлгэлээ гэж Тамгын газрын даргыг ажлаас халж байгаа асуудал биш юм. Тэгээд 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албаны салбар зөвлөлд өргөдлөө гаргасан. Тэгэхэд таны өргөдлийн дагуу шийдвэр гаргах боломжгүй тул хууль хяналтын байгууллагад хандана уу гэсэн байгаа. Үүний дагуу захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргасан” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.А-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй урьд нь Б.А нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлын байранд архидан согтуурсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж байсан. Ажлын хариуцлага алдсан талаарх нотлох баримтууд нь олдохгүй байснаас шүүхэд гаргаж өгч чадалгүй шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарч байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авсны дараагаар уг нотлох баримтууд гарч ирж өөрөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.А-ийг 2015 оны 05 дугаар сарын 11-нд захирамж гарган ажилд нь буцаан томилсон. Ажлын шаардлагаар үүрэг даалгавар өгсөн боловч хугацаандаа биелүүлээгүй, алдаа дутагдлыг удаа дараалан гаргасан учраас ажлаас нь чөлөөлсөн. Цаашид Б.А-тай хамтран ажиллах боломжгүй” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засаг даргын Тамгын газрын дарга бол тамгын газрын бүх албан хаагчдыг зангидаж ажилладаг. Хэрвээ үнэхээр хогоо сайн цэвэрлэсэн бол 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зурган дээр яагаад хогтой байдаг юм бэ? Тэгээд Б.А нь хурал дээр хог муу цэвэрлэсэн гэдгийг ямар учраас хүлээн зөвшөөрсөн юм бэ? Хэрвээ хүлээн зөвшөөрөхгүй байсан бол би хог сайн цэвэрлүүлсэн гээд яагаад хэлж чадаагүй юм бэ? Б.А нь хог муу цэвэрлүүлсэн гэдгээ зөвшөөрсөн атлаа би энэ ажлыг хийлгэх учиргүй гэж хэллээ. Тамгын газрын дарга гэдэг хүн үр дүнгийн гэрээгээр дүгнүүлэхээс гадна бусад хүмүүсийг ажлаа сайн хийж байгаа эсэхийг шалгаж байх учиртай. Яг үнэн бодит байдал нь 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зурган дээр байгаа. Би Тамгын газрын дарга хийж байхдаа хамт л хогоо цэвэрлээд явдаг байсан. Хог цэвэрлэх хуваарь гаргасан гэж ярилаа. Тэгвэл хуваарийн дагуу хүмүүсийн ажлыг яагаад шалгадаггүй юм бэ? Тийм учраас хуваарь дээр байгаа хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч өгөөч гэж хүсэлт гаргасан юм. Б.А нь өөрөө сануулах арга хэмжээ авагдсан юм чинь тухайн хүмүүст арга хэмжээ яагаад авч болдоггүй юм бэ? Хог муу цэвэрлэсэн гээд арга хэмжээ авах эрх мэдэл өөрт нь байгаа. Тийм учраас хог муу цэвэрлэсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж бодож байна. Хог цэвэрлэх захирамж 05 дугаар сарын 04-ний өдөр гарсан нь үнэн. Тухайн үед цас бороо ороод сайн гэсэж өгөхгүй байсан юм. Манай сум ноднин жил 146 нохой устгаад булж байсан. Тэгээд цас нь хайлаагүй байсан учраас нэг мөсөн байж байгаад цэвэрлэгээ хийе гэдэг байдлаар хүлээсэн. Б.А хогоо үнэхээр сайн цэвэрлүүлсэн бол 05 дугаар сарын 28-ны зурган дээр тодорхой харагдах байсан байх” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б.А нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан нь үнэн болно. Иймд ямар нэгэн тайлбар байхгүй болно” гэжээ.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг тус тус баримтлан Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Ажлаас халах тухай Б/52 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.А-ийг Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 3.705.900 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган бичилт хийж олгохыг хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 27 тоот шийдвэрийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаагаа илэрхийлье.

Нэхэмжлэгч Б.А-ийг анх ажлаас халсан, дараагаар нь бүх шатны шүүхийн шийдвэр гартал шүүхээр явж асуудлаа шийдвэрлүүллээ. Анхан шатны шүүх хурал хариуцагч миний талд гарсан боловч бусад давж заалдах шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгч Б.А-н талд гарсан болно. Б.А-ийг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж тухайн ажил албан тушаалд эгүүлэн томилон хамтран ажиллах хугацаанд хугацаатай үүрэг даалгавар удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй, улс төржиж ажиллаж байсан учир шат дараалсан арга хэмжээ авч, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Хариуцагч миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэгт өмгөөлөгч авч оролцох эрхийг анхан шатны шүүх хориглож, эрхийг нь ноцтой зөрсөн, нөгөөтээгүүр нэхэмжлэгч Б.А-н хэрэгт гэрчүүдийг асууж, нотлох баримт цуглуулаагүй шүүх хурал болсон гэж үзэж байна. Иймд, уг хэрэгт холбогдуулан дахин анхан шатнаас нь хэргийн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгийг тусган өгч шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолтой холбогдуулан ирүүлсэн тайлбартаа: “Миний бие А нь 2009 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 33 тоот Нөмрөг сумын Засаг даргын захирамжаар ЗДТГ-ын даргаар ажиллаж байгаад 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/31 дүгээр захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

Улмаар Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/А шийдвэрээр сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/31 тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн томилох шийдвэр гаргасан.

Хариуцагч Ж.Н шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан боловч шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэнээр 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 40 тоот захирамжаар үүрэгт ажилдаа томилогдсон боловч 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 тоот “Арга хэмжээ авах тухай”, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Ажлаас халах тухай” Б/52 захирамжаар үүрэгт ажлаасаа халагдсан.

Нэхэмжлэгч миний бие хуулийн дагуу Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргасны дагуу зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 77 тоот зөвлөмжийг ирүүлсэн, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 27 тоот шийдвэр гараад байна.

Тангараг өргөсөн төрийн албан хаагчийн хувьд 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 29-ний хооронд гаргасан ажлын алдаа дутагдал байгаагүй гэдгийг тайлбарлаж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.

            Нэхэмжлэгч Б.А Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргад холбогдуулан “Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг дарга Ж.Н-н 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/52 дугаар “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гэрч асуулгах, өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 114 дүгээр захирамжаар түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

            Тодруулбал, шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд буюу зөвхөн хэргийн оролцогч хүсэлт гаргах эрхтэй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн оролцогч биш гэж үзэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.

            Хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, шүүх хуралдаанд оролцох, сөрөг нэхэмжлэл гаргах, тайлбар гаргах, нотлох баримт цуглуулах, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг хариуцагчийн эрх үүргийг эдэлж оролцуулахаар итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлд заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож, эрхээ хамгаалуулах, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулахаар гэрч асуулгах хүсэлт гаргах бүрэн эрхтэй байна.

            Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэх талаар талууд маргаж байгаа, үүнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх дээрх байдлаар хууль зөрчиж, гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн нь буруу бөгөөд шүүх шаардлагатай гэж үзвэл энэ талаар Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудаас гэрчийн мэдүүлэг авах нь зүйтэй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:                                  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ