| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2021/0033/э |
| Дугаар | 2021/ШЦТ/37 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/37
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* овогтой Б.У холбогдох 202600218003 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, ******* овогтой Б.У
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* овогтой Б.У нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний иргэн П.Б-н монгол гэрийн зүүн хойд талын унинд хавчуулсан байсан Н.Ш-н эзэмшлийн дунд гарын даваа толгойтой, алтан нуухтай, мөнгөн халбагатай, гартааман манан хөөрөг хөөрөг 1 ширхэгийг зүү ороож урласан даалингийн хамт нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1,600.000/нэг сая зургаан зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.У шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй... ”гэв.
Хохирогч Н.Ш-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 02-ны орой би Улаанбаатар хотоос ******* сум руу бэр хүргэж өгөх ажлаар гараад 2020 оны 10 дугаар сарын 03-ны өглөө ******* сумын 4 дүгээр баг Тагнийн эхэн гэх газар найр хийж байгаа айлд ирсэн.Тэгээд тэндээ идэж ууж хажуу талын айл болох Б-н гэрт нь хоночихоод маргааш өглөө нь тэнд байсан хүмүүстэй хөөрөглөж байсан чинь хурим хийсэн айлын хүн М орж ирээд манайх руу орж хоол цай идэцгээ гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрээс гарахдаа хөөргөө Бын гэрийн унинд хавчуулчихаад М-д орж хоол идсэн. Тэнд байсан үлдсэн хүмүүс сум руу явах гэж байна гээд тэд нарыг гаргаж өгч байсан. Тухайн үед Б-н унинд хөөргөө хавчуулах үед орон дээр нэг эмэгтэй хэвтээд байсан. Тэр эмэгтэй сумын төв рүү явах хүмүүстэй хамт суугаад явсан.Тэгээд тэр хүмүүс явсны маргааш бид хэд хот руугаа буцах гээд хөөргөө унинд хавчуулснаа санаад авах гэтэл хөөрөг байхгүй байсан. Тэгээд би хөөргөө эхнэрээс асуусан чинь манай охин С ээждээ “орон дээр хэвтэж байсан эгч аваад салтаандаа хавчуулчихсан, тэгээд намайг хараад гар дүү нараа хар” гээд байсан гэж хэлсэн. Тэгээд бид хэд тэндээсээ сумын төв дээр тэр эмэгтэйн гэрт таньдаг эгчийг нь аваад очсон. Тэгээд “өөрийг чинь хөөрөг авч байгааг манай охин харсан байсан та гаргаад өгчих бид нар хот руу явах гээд байна” гэсэн чинь “би аваагүй, юу яриад байгаа юм, эмэгтэй хүн битгий гүтгээд бай хүн гүтгэх хуультай байдаг юм шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь “цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь “тэг дууд би ч гэсэн нэр төрөө сэргээлгэж авна” гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн чинь сумын цагдаа ирсэн. Тэгээд гэрийнх нь зүүн хойд талын авдарнаас гараад ирсэн. Би хөөрөг ногоон өнгийн даалингийн хамт алдсан. Өөр юм алдаагүй. Тухайн үед гэрт 4-5 хүн байсан санагдаж байна манай охин Соёл- Эрдэнэ бас Бын охин байсан. Манай охин С тэр хөөрөг авсан эмэгтэй тэр хэд үлдсэн. Миний хөөрөг бол шинэ цагийн алтаар бүрсэн нуухтай хув толгойтой цагаан манан хөөрөг содон шинж тэмдэг нь хажуу талдаа хоёр мэнгэтэй.2020 оны 09 дүгээр сарын 20-доор 1.000.000 төгрөгөөр хувь хүнээс худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Т.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2020.10.03-ны өдөр би аав, ээжтэйгээ хамт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн ******* суманд нагац ахын найранд ирсэн. 2020.10.04-ны өглөө хөдөө найр болсон айлын хажуу айл Б ахынд байсан, аав мөн өөр хүмүүс байсан, тэгсэн ээж орж ирээд тэнд байсан хүмүүсийг найр болсон айлд орж хоол ид гээд би дүү нараа аваад Бахынд үлдсэн. Айлд орохоосоо өмнө аав Ш даалинтай хөөргөө Б-н гэрийн унинд нь хавчуулчихаад орсон. Би гэрт дүү нартайгаа бас Мөнгөн аниа аяга тавга угаагаад, гэр цэвэрлээд үлдсэн. Тэгтэл Мөнгөн эгч унинд хавчуулчихсан байсан аавын даалинтай хөөргийг аваад, салтаандаа хавчуулаад дараад суугаад байсан, намайг “дүү нартайгаа гарч тогло” гэхээр нь би гарсан. Тухайн үед ээждээ хэлэх гэтэл гадаа тоглоод мартчихсан. Орой аав унтаж сэрээд надаас асуухаар би Мөнгөн эгчийг авсан талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Т.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 03-ны өглөө манай төрсөн ах хуримаа хийгээд Улаанбаатар хотоос бэр гуйгаад Өвөрхангай аймгийн ******* суманд нөхөртэйгээ хамт ирсэн. ...2020 оны 10 дугаар сарын 04-ны өглөө ...Б ахынд байсан хүмүүсийг орж ирж хоол ид гээд дуудсан. Б ахынд манай нөхөр, хүүхэд, ах дүү нар байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс найрлаж байгаад манай хүн хэсэг унтаад өгсөн. Оройхон 20 цагийн орчимд сэрсэн, сэрээд надаас хөөргөө сурсан. Тэгсэн манай охин С аавын хөөргийг Б ахынд унинд хавчуулчихсан байсаныг Мөнгөн аниа авчихсан гэж байсан. Тэр хүн өдөр найр болсон айлд хүмүүс орж ирж хоол идэхэд хажуу айл Б ахынд үлдсэн байсан. Тэгээд дараахан нь 12 цагийн орчимд сумаас ирсэн хүмүүсийг дагаад явчихсан. ...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нөгеө хүнийг олоод сумын төв дээр ирж уулзсан чинь “би аваагүй” гээд гүрийгээд байсан. Бас өөрөө согтуу юм уучихсан байсан. Ерөөсөө өөртөө бардам аваагүй гээд гүрийгээд байхаар нь аргаа бараад цагдаад хандаж гомдоп гаргаж байсан. Манай нөхөр Ш хотоос хөөрөгтэйгээ ирсэн, найран дээр хүмүүст хөөрөглөж тамхилж байсан. Саяхан авсан ногоон даалинтай дунд гарын гартаам манан хөөрөг байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
Гэрч П.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Өвөрхангай аймгийн ******* сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Тагнын эхэн ус” гэх газарт байдаг юм. ...2020.10.04-ны үдээс хойш манайд хүмүүс байж байгаад бүгд найр болсон айлд хоол унд идэх гээд орцгоосон. Тэгсэн оройхон Ш танай гэрийн зүүн хойд талын унинд байсан хөөрөг алга болчихсон байна гээд эрж хайгаад хүн амьтнаас сураглсан олоогүй. Тэгсэн хүүхдүүдээс асуутал манай унинд хавчуулчихсан байсаныг Мөнгөө аниа авсаныг хараад хэлсэн. Тухайн тэр хүүхэн нь сум руу явчихсан байхгүй байсан. ...Би урьд нь Б гэж нэртэй байж байгаад нэр таарахгүй нэрээ сольж байсан одоо Баттогтох гэсэн нэрээр явдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
Гэрч Б.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай эгч У нь зан байдлын хувьд төлөв даруу зантай элдэв янзын аашгүй хүн байгаа юм. ...У эгч урд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж ял шийтгэл эдэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
Гэрч Ш.Чимгээгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай охин У нь эхээс4-үүл айлын хоёр дахь хүүхэд. ...Манай охин У нь зан байдлын хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй хүнд тусархуу ажилч хичээнгүй, элдэв янзын гаж муу зангүй мөрөөрөөрөө хүүхэд байгаа юм. ...Манай охин У урд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж ял шийтгэл эдэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №10/04 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 29-33 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Хэрэгт ач холбогдол бүхий баримтууд /хх-ийн 56-58, 91-119 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.У-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 22 дугаартай тодорхойлолт /хх-ийн 98/, шүүгдэгчийн Б.Уийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 92 хуудас/, Б.Уийн өвчний түүх, эмчилгээний карт /хх-ийн 101-119/ Б.Уийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.У-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.У-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг, /хх-ийн 67-68 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.У нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 4 дүгээр багийн нутаг “Тагнийн эхэн ус” гэх газар нутагладаг иргэн П.Баттогтохын монгол гэрийн зүүн хойд талын унинд хавчуулсан байсан Н.Ш-н эзэмшлийн дунд гарын даваа толгойтой, алтан нуухтай, мөнгөн халбагатай, гартааман манан хөөрөг хөөрөг 1 ширхэгийг зүү ороож урласан даалингийн хамт нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1,600.000 /нэг сая зургаан зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Ш-н “...Найр болсон айлд ороод хоол унд, архи айраг уугаад унтаад өгсөн. Оройхон 20 цагийн үед сэрсэн. Сэрээд хөөрөг даалингаа санаад эхнэрээсээ асуутал мэдэхгүй гэсэн. Охин С асуухад таны хөөргийг Б ахын унинд байсныг нэг эгч шүүрч аваад салтаандаа хавчуулчихсан, “намайг гар дүү нараа хар” гээд байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Т.С-н “... М эгч унинд хавчуулчихсан байсан аавын даалинтай хөөргийг аваад салтаандаа хавчуулчихаад дараад суугаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/, гэрч Т.Б-н “...Оройхон 20 цагийн үед манай нөхөр сэрээд надаас хөөргөө сурсан. Тэгсэн манай охин С аавын хөөргийг Б ахын унинд хавчуулчихсан байсныг М аниа авчихсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/, гэрч П.Б “...Би урд нь Б гэж нэртэй байж байгаад таарахгүй гээд нэрээ солж Б гэдэг нэртэй болсон. 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манайх үсний найр хийгээд хажуу айл хуримаа хийсэн. ...Оройхон Ш танай гэрийн зүүн хойд талын унинд байсан хөөрөг алга болчихсон байна гээд эрж хайгаад хүн амьтнаас сурагласан ч олоогүй. Тэгсэн хүүхдүүдээс асуутал манай унинд хавчуулчихсан байсаныг М аниа авсаныг хараад хэлсэн. Тухайн тэр хүүхэн нь сум руу явчихсан байхгүй байсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10/04 дугаартай “...дунд гарын даваа толгойтой, алтан нуухтай, мөнгөн халбагатай, гартааман манан хөөрөг, зүү ороож урласан хөөрөгний даалинг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/-н төгрөг гэж тооцлоо” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 29-33-р хуудас/, яллагдагч Б.У-н шүүхийн хэлэлцүүлэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/, эд зүйлийг түр хураан авсан, хүлээлгэн өгсөн, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогт Б.У-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* овогтой Б.У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Б.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.У оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.У-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Б.У нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдаж байна.
Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,, хохирогч Н.Ш нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* овогт Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Ут оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.У-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.