| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2021/0044/э |
| Дугаар | 2021/ШЦТ/40 |
| Огноо | 2021-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Баатарсүрэн |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/40
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,
Улсын яллагч Ц.Баатарсүрэн,
Шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Х.О-д холбогдох 2126000000041 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, суух хаягтай ял шийтгэлгүй, ******* овогт Х.О, Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.О нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б.Б-н нүүрэн хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөж тархи доргилт, баруун хөмсөг хэсэгт шарх, дух, баруун чамархай, баруун хацрын төвгөр, баруун нүдний дээд, доод зовхи хэсэгт зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2021 оны 01-р сарын 14-ний өдөр М-г гэрээс нь авч гараад хонь руу хамт очсон. ...Д гэх айлаар ороод 2.5 литрийн хэмжээтэй нэг ширхэг пивоны талын уучихаад Х-н гэрт нь М-н хамт тал пивоо аваад орсон. Гэрт нь ороод Х байхаар нь би ууж байгаа юу гэж асуутал Х би уухгүй байгаа гэж байсан. Х-н гэрт нь би гэрийн зүүн талд нь газар сууж байгаад О-н ээжид нь М нэг аяганд пиво хийж өгтөл уухгүй, би уудаггүй юм гээд байсан. Тэгээд М бид хоёр авч орсон тал пивоо өөрсдөө уучихаад би О-д ахыгаа хүргээд өг гэж хэлсэн. О тэр үед чимээгүй байж байгаад баруун нүдний тэр хавьд хоёр удаа өшиглөсөн. Тэгээд би өөрийн эхнэр болох М руу залгаад намайг ирж ав гэж хэлээд эхнэрээрээ авхуулаад гэр лүүгээ явсан. ...О-н гэрт нь ороход Х байж байгаад нүүр лүүгээ өшиглүүлэх үед байхгүй байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болон ирж буцсаныхаа зардлыг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Б.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрт Баттогтоол 2,5 л 1 пиво аваад ирсэн. Тэгээд тэрийг уучихаад Д ахынд очсон чинь эхнэр нь Н эгч байсан тэгээд бид хоёрт нэг пиво өгсөн тэрийг нь хувааж уугаад сууж байхад би тасарчихсан байсан. Нэг сэргэсэн чинь Х-д сууж байсан. Х-н хүүхэд О-г нь муудчихсан байна ахыгаа хүргээд өгөөрэй гэсэн чинь за гээд байсан. Тэгээд нэг мэдсэн чинь Б.О хөлөөрөө өшиглөөд байхаар нь яагаад согтуу хүн зодож байгаа юм бэ гэсэн чинь больчихсон юм. ...Нүүрнээс нь цус гоожоод байсан яг аль хэсэгтээ ямар гэмтэл гарсныг нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан харанхуй болчихсон байсан. Би хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна эхнэр Мөнхтуяа нь ирж Б-г авсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Н.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 14-ны 15 цагийн үед Б, М нар нь нэг мотоцикль дээр сундлаад суучихсан, архи уучихсан байдалтай Д гэрт нь хүрч ирсэн. Манай нөхөр Х-г малаа хашаад явж байхад Б хэрүүл өдөөд хажууд нь алхаад байсан. Шар нь бас манай дунд хүүхдийг бүсэн дээрээс нь барьж аваад зууралдаад байсан гэсэн. ...О-г дүүтэйгээ зурагт үзээд сууж байтал Б О-н нуруу хэсэгт араас нь хоёр удаа цохиж аваад “чи ямар овоо чацга вэ, гаръя” гээд чирээд байсан. Тэгээд О уурлаад Б-г цохитол баруун талын орны доод хэсэгт цэнхэр өнгийн 100 литрийн хэмжээтэй цэнхэр савны ирмэг хэсэгт мөргөөд уначихсан. Б, Ш гэх хүн, би, Д-н эхнэр, манай 3 хүүхэд байсан. Манай гэр Б-, Ш хоёртой зайтай байдаг. манай хүүхэд хонинд явахдаа тэр хоёртой таараад байнга хөөдөг гэж байсан. Доороо хоёр дүүтэй, айлын том хүүхэд, урд өмнө хүнтэй зодоон хийж байгаагүй. Төлөв даруу хүүхэд....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч Т.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...15 цагийн үед Б, ш хоёр манай урд айлд ирсэн. 16 цагийн үед намайг гэрийн гадаа дуудаад нохой хорьж өгсөн. Б, Ш хоёр удалгүй манай гэрээс намайг дагуулж гараад урд талын айл болох Дөрвөдийнд ороод надаар пиво аягалуулж ууж байгаад Б, шар хоёр надаас хэрүүл гуйгаад байхаар нь би Д-с гараад малаа хаших гээд байж байтал мал хашуулахгүй хэрүүл гуйгаад яваад байсан. Тэгээд надад чи бид хоёрт пиво аваад өг гээд байсан. Тэгэхээр нь би тэр хоёроос нуугдаж бутны ард байж байгаад Д гэх айлд ороод суучихсан. Нуугдаад харж байхад Б О-с хэрүүл гуйгаад яваад байсан, Шар нь намайг хайгаад гэрт ороод яваад байсан гэсэн. О нь МСҮТ-д сурч байгаад одоо амарчихсан ээж аавдаа тус болоод хөдөө байдаг. Архи, тамхи хэрэглэдэггүй, үгнээс гардаггүй, хийх юм аа хийчихдэг, урд өмнө зодоон хийж байгаагүй. Тухайн үед Баттогтоол нь ээж, аав хоёрыг нь муу хэлээд хараагаад, өөрийг нь бас нуруу хэсэгт 2 удаа цохиод зодолдъё гээд чирээд байхад нь уур нь хүрээд цохичихсон юм шиг байсан. ...Манайх отроор явж байгаад эдний гэртээ ойролцоо буучихсан. О-г малд явж байхад нь таарах юм бол байнга хараагаад зүхчихдэг гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №58 дугаартай шинжээчийн “...1. Үзүүлэгч Б.Б-н биед тархи доргилт, баруун хөмсөг хэсэгт шарх дух, баруун чамархай, баруун хацрын төвгөр, баруун нүдний дээд, доод зовхи хэсэгт зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 3-5-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Х.О-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дугаартай тодорхойлолт /хх-ийн 50 хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 51/,
Шүүгдэгч Х.О-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.О-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч “Шүүгдэгч Х.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Х.О нь өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.О-н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Х.О нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Гарьдын гүүр” гэх газарт Б.Баттогтоолын нүүрэн хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөж тархи доргилт, баруун хөмсөг хэсэгт шарх, дух, баруун чамархай, баруун хацрын төвгөр, баруун нүдний дээд, доод зовхи хэсэгт зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан: Хохирогч Б.Б-н “...2021 оны 01-р сарын 14-ний өдөр Мягмарсүрэнг гэрээс нь авч гараад хонь руу хамт очсон. ...Х-н гэрт нь би гэрийн зүүн талд нь газар сууж байгаад О-н ээжид нь М нэг аяганд пиво хийж өгтөл уухгүй, би уудаггүй юм гээд байсан. Тэгээд Мягмарсүрэн бид хоёр авч орсон тал пивоо өөрсдөө уучихаад би О-д ахыгаа хүргээд өг гэж хэлсэн. Одсүрэн тэр үед чимээгүй байж байгаад баруун нүдний тэр хавьд хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 27-28-р хуудас/, гэрч Б.М-н “...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрт Б 2,5 л 1 пиво аваад ирсэн. ...Тэгээд нэг мэдсэн чинь Б.О хөлөөрөө өшиглөөд байхаар нь яагаад согтуу хүн зодож байгаа юм бэ гэсэн чинь больчихсон юм. ...Нүүрнээс нь цус гоожоод байсан яг аль хэсэгтээ ямар гэмтэл гарсныг нь би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 29-30-р хуудас/, гэрч Н.О-н “...Манай нөхөр Х-г малаа хашаад явж байхад Б хэрүүл өдөөд хажууд нь алхаад байсан. Шар нь бас манай дунд хүүхдийг бүсэн дээрээс нь барьж аваад зууралдаад байсан гэсэн. ...О-г дүүтэйгээ зурагт үзээд сууж байтал Б О-н нуруу хэсэгт араас нь хоёр удаа цохиж аваад “чи ямар овоо чацга вэ, гаръя” гээд чирээд байсан. Тэгээд О уурлаад Б-г цохитол баруун талын орны доод хэсэгт цэнхэр өнгийн 100 литрийн хэмжээтэй цэнхэр савны ирмэг хэсэгт мөргөөд уначихсан” гэх мэдүүлэг /хх-н 34-35-р хуудас/, гэрч Т.Х-н “...15 цагийн үед Б, ш хоёр манай урд айлд ирсэн. ...Б, Ш хоёр надаас хэрүүл гуйгаад байхаар нь би Д-с гараад малаа хаших гээд байж байтал мал хашуулахгүй хэрүүл гуйгаад яваад байсан. ...Нуугдаад харж байхад Б О-с хэрүүл гуйгаад яваад байсан, ...Тухайн үед Б нь ээж, аав хоёрыг нь муу хэлээд хараагаад, өөрийг нь бас нуруу хэсэгт 2 удаа цохиод зодолдъё гээд чирээд байхад нь уур нь хүрээд цохичихсон юм шиг байсан. ...Манайх отроор явж байгаад эдний гэртээ ойролцоо буучихсан. О-г малд явж байхад нь таарах юм бол байнга хараагаад зүхчихдэг гэж байсан..." гэх мэдүүлэг, /хх-н 36-37-р хуудас/, Хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгзэний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №58 дугаартг шинжээчийн дүгнэлт /хх-н 3-5-р хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, шүүгдэгч Х.О-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч Х.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Х.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.О нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, Хохирогч Б.Б нь гэм хорын хохиролд 2.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирлын талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ “хохирогч нь баримтаа бүрдүүлж хохирлоо нэхэмжлэнэ гэсэн тул хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн зэргийг харгалзан үзэж хохирогчийн 2.000.000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.
Улсын яллагч “Шүүгдэгч Х.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж “Улсын яллагчийн торгох ял оногдуулах саналд хэлэх зүйл байхгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Х.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Х.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Х.О-д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Х.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Х.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Х.О-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шүүгдэгч Х.О нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Баттогтоолын нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлгүй хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.