Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 175

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 25 өдөр

     Дугаар 182/ШШ2018/00175

       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

            Нэхэмжлэгч: Ж.Т

Хариуцагч: Ч.Х

            750.000 төгрөг нэхэмжилсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Нэхэмжлэгч Ж.Тнэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ж.Тминий бие Ч.Хд 2017 оны 05 сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, мобайл банкаар 2017 оны 05 сарын 24-ний 100.000 төгрөгийг 5016127208 гэсэн Хаан банкны данс руу, 2017 оны 06 сарын 05-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 08 сарын 20-ны өдөр 150.000 төгрөгийг тус тус бэлнээр өөрийн гарт нь өгсөн. Энэ мөнгийг хүүхдийг маань Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд оруулж өгнө гэж хэлэн тус сургуулийн багш Д.Тийн нэрийг ашиглан авсныг би мэдсэн. Д.Т багшийн утсыг өгөөч гэхээр ярихгүй гээд байна гээд утсыг нь өгдөггүй байсан. 5016127208 гэх Зулын эзэмшлийн данс гэсэн нь өөрийнх нь данс байсан. Манай хүүхдийг сургуульд нь анх 500.000 төгрөгөөр 2017 оны 09 сарын 01 гэхэд оруулчихна гэж байсан боловч оруулаагүй. Улмаар надад 2017 оны 11 сарын үед мөнгөний хэрэгцээ бий болоод хүүхдээ оруулахаа больлоо, оронд нь хамаатныхаа адилхан 2 дугаар ангид орох хүүхдийг оруулахаар боллоо гэхэд тэгвэл мөнгө чинь нэмэгдэнэ 750.000 төгрөг болно гэж хэлсэн. 1 дүгээр улирал дуусахаар, 2 дугаар улирал эхлэхээр гэх мэт оруулж өгөхгүй яваад л байсан бөгөөд тухайн үедээ тэр багш нь олдохгүй байна гэж хэлдэг байсан. Д.Т багш 5 дугаар сургуульд ажилладаг ба миний бие 2017 оны 12 сарын 13-ны өдөр очиж уулзахад ямар ч Х гэдэг хүнээс мөнгө аваагүй, тэр хүнтэйгээ нүүрэлдүүл гэсэн ба баримт болгож Д.Т багшийн яриаг утсан дээрээ бичиж авсан. Одоо Ч.Хгаас мөнгөө нэхэхээр элдэв янзаар доромжилдог. Иймд Ч.Хгаас 750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.Ттай сургуульд оруулж өгнө гэж огт яриагүй бөгөөд Ж.Тнь 5 дугаар сургуульд хүүхдээ оруулах гэж байгаа гээд Золоо гэдэг хүнд миний нэрийг хэлж 750.000 төгрөг авсан байдаг. Ж.Тнад дээр ирэхдээ Золоо гэх хүний пасспорт, нөхрийнх нь пасспорт, хүүхдийн төрсний гэрчилгээ 3 ширхэг бичиг баримттай ирж өгсөн. Ж.Тнадад хэлэхдээ нэг хүнтэй очно, тэр хүнд Д.Т багш олдохгүй байна, би өөрөө бараг 750.000 төгрөгийг төлөх юм шиг байна гээд хэлээд өгөөч гэсэн. 2017 оны 11 сарын 19-ний өдөр Золоо гэх хүн 2 удаа манайд Ж.Тын хамт орж ирсэн бөгөөд тэр хүн нь намайг мөнгө авсан, хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гэж бодсон юм шиг байсан. Улмаар Ж.Таас юу болоод байгааг асууж, Золоотой уулзуул гэхэд утас байхгүй, нөхөр нь ирэхээр утастай болно гээд яриулахгүй, гэрт нь очиж уулзъя гэхэд уулзуулахгүй байсан. Ингээд бид хоёрын дунд маргаан үүсч, Ж.Тнамайг хэл амаар доромжилж, нөхөр лүү маань ярьж намайг 1.000.000 төгрөг авсан гэж худал хэлж айл гэр үймүүлж байна. 2017 оны 05 сарын 27-ны өдөр Хаан банкны дансаар 100.000 төгрөг авсан нь үнэн, тэр мөнгө бол зээлж авсан мөнгө бөгөөд буцаагаад төлсөн. Харин Т гэх багшийг би танихгүй, сургуульд оруулж өгнө гэж огт яриагүй гэв.

 

Гэрч С.А шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би Ж.Ттай хамт 3 жил ажиллаж байна. Ч.Хг Ж.Тын найз гэдгээр мэднэ. Ж.Тын хүүхдийг 5 дугаар сургуульд оруулж өгнө гэж мөнгө авч байсныг нь 2 удаа харсан. 5 билүү 6 сард ирж бас мөнгө авсан. Эхний удаа мөнгөө дугтуйнд хийж өгч байсан. Сүүлд мөнгө тоолж өгч байсан, хэдэн төгрөг өгснийг нь Ж.Таас асуухад 300.000 төгрөг гэж хэлж байсан гэв.

 

Гэрч Б.З шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Миний бие 2017 оны 05 сарын 17-ны өдөр амаржсан. Эрт мөнгийг нь өгчихвөл хүүхдээ 5 дугаар сургуульд оруулахад амар гэнэ гээд хүнд 500.000 төгрөг өгчихлөө гэж Ж.Тхэлж байсан. Тэгснээ хүүхдээ оруулахаа болилоо, танайх хүүхдээ оруулбал оруул гэхээр нь тэгье гэж хөөцөлдүүлсэн. Удаад байсан, урьд өөр хүүхдийн бичиг баримт өгсөн, одоо сольж буй болохоор явдалтай байна гэнээ гэхээр нь би Ж.Тд хэдэн төгрөг тэгвэл нэмээд өгчих гэсэн. Үүний дараа 150.000 төгрөг өгчихлөө гэж хэлж байсан бөгөөд нийт 650.000 төгрөг өгсөн гэж ойлгож байна. Би мөнгөө Ж.Тд өгөөгүй байсан боловч өгсөн гэдгээр уулзаад үзье гээд Ж.Ттай хамт 2 ч удаа Ч.Хтай уулзаж байсан. Тэгэхэд Т гэж багш бий, давхар хүнд дамжуулж байгаа болохоор хэцүү байна гэж байсан. Мөнгөө буцаан авах талаар ярихад яаж олж өгөхөө мэдэхгүй байна, дараа жилээс өгнө, гутлын лангуун дээр зогсож төлнө гэх мэтээр ярьж байсан гэв.

 

            Шүүх нэхэмжлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрчүүдийг мэдүүлэг зэрэг баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ж.Тнь хариуцагч Ч.Хд холбогдуулж 750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Ч.Х, Ж.Тнар нь хамт жолооны дамжаанд суралцаж найз болцгоосон байх ба Ч.Х нь Ж.Тын ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангид орох хүүхдийг 5 дугаар сургуульд оруулж өгнө гэж амлан Ж.Таас мөнгө авсан байдал тогтоогдож байна.

 

Ж.ТЧ.Хг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр бэлнээр 200.000 төгрөг, 27-ны өдөр дансаар 100.000 төгрөг, хүүхдийн баярын дараа 06 дугаар сарын 5-ны өдөр 300.000 төгрөг, 08 дугаар сарын 20-ны өдөр 150.000 төгрөг өгсөн, хүүхдийг сургуульд оруулаагүй тул энэ 750.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэжээ.

 

Хариуцагч ийм яриа болоогүй, мөнгө аваагүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх боловч Ж.ТЧ.Хгийн дансаар 100.000 төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаар тогтоогдож байна. Ч.Х энэ мөнгийг зээлсэн, буцаан төлсөн гэх боловч ямар нэг баримтаар нотлогдоогүй болно. 

 

Мөн түүнчлэн гэрч С.А. Б.З нар Ч.Х нь хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гэж Ж.Тын ажил дээр ирж удаа дараа мөнгө авсан, эхлээд Ж.Төөрийн хүүхдээ оруулах гэж 500.000 төгрөг өгсөн байсан дээрээ өөр хүүхэд оруулах гэснээс болж 150.000 төгрөг нэмж өгсөн зэргийг ярьж мэдүүлж байх тул Ч.Х хүүхэд 5 дугаар сургуульд оруулж өгнө гэж Ж.Таас 650.000 төгрөгийг авсан нь тогтоогдож байна гэж үзнэ. Харин нэхэмжлэгч хамгийн эхний удаа мөнгө өгөхөд мөнгө муутай байсан, 100.000 төгрөг өгсөн юм байна гэж шүүх хуралдаан дээр шинэчлэн тайлбарласан болно.

 

Хариуцагч Ч.Х мөнгийг авсан боловч хүүхдийг 5 дугаар сургуульд оруулаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн хариуцагч Ч.Хгаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн 650.000 төгрөгийн шаардлагыг хангаж, 100.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааны товыг мэдэж мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1-ийг баримтлан Ч.Хгаас 650.000 төгрөгийг гаргуулж Ж.Тд олгож, нэхэмжлэгчийн 100.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 22.550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 20.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД