Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/427

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х м овогт Д-ийн Ч-ад холбогдох 1808001550458 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Г ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 6-12 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х м овгийн Д-ийн Ч /.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Д.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 17-ний орой Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны урд талд байрлах караокед хохирогч Н.Гыг “Солонгос улсад байхдаа ах Ганзоригийн гэрийг ухсан" гэж хэлсэн шалтгаанаар маргалдан, түүний хэвлийн тус газар хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн өнгөц шархнуудтай гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд:

Хохирогч Н.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр намайг гэртээ байхад Ч над руу залгасан. Тэгээд намайг 5 шард хүрээд ир уулзъя гэж дуудсан. Би дүү Мгаар машинаа бариулаад 22 цагийн үед 5 шар дээр ирсэн. Тэгээд Ч-тай /Чеки/ уулзаад 5 шарын 6 дугаар байрны урд байдаг караокед орсон. Бид 2 караоке ороод 0,5 литрийн архи хувааж уусан. Архи ууж дуусаагүй байхад Ч-ыг /Чекиг/ хүний газарт нэгнийхээ гэрийг ухлаа гэж хэлсэн. Тэгсэн хаанаас юм мэдэхгүй хутга гаргаж ирээд хэвлий руу хутгалсан. Би хутгалуулаад шууд караокеноос гараад зугтаагаад гадаа машинтай байсан дүүгийнхээ машинд суугаад гэртээ ирсэн. ...Намайг 3 удаа гэдэс рүү хатгасан. Би гараараа хутганаас бариад зүссэн. ...Ч манай ах Ганзоригтой найз байгаа юм. Тэгсэн чинь БНСУ-д байхдаа манай ах Ганзоригийн гэрийг ухсан байсан. Би тэр өдөр архи ууж сууж байгаад тэр талаар нь хэлсэн чинь уурлаад хутгалсан. Би Чыг цохиж зодоогүй ...Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10х/

Хохирогч Н.Г, хэрэг учрал болсон гэх газар зэргийн гэрэл зураг /хх-ийн 22, 46-48х/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 27х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №701 дүгнэлтэд: “...Н.Гын биед хэвлийд өнгөц шархнуудтай гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 19х/

Шүүгдэгч Д.Чын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ ганцаараа байсан ба 0,33 литрийн архи ганцаараа уусан. Тэр үед фейсбүүкээр Жаргалсайхан гэдэг хүнтэй чааталж байгаад Гын талаар асууж утасны дугаарыг авч 18 цагийн үед холбогдсон юм. Тэгээд би Гтой манай гэрийн гадаа буюу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 6 дугаар байрны гадаа уулзахаар болсон. Тэгээд Г манай байрны гадаа ирээд бид 2 нэрийг нь мэдэхгүй паабад орсон. Би тухайн үед архи уучихсан халамцуу байсан ба Г бид хоёр 0,75 литрийн Экс нэртэй архи авч хувааж ууж дуусаад гарахын явцад Г 2008 онд Солонгос улсад байхдаа манай ахын гэрээс чи юм хулгайлсан юм уу гэхээр нь үгүй гэсэн. Г манай ах чамайг гэрээс нь юм хулгайлсан гэсэн гээд байсан. Үүнээс болж Г бид 2 маргалдаж хэрэлдэж байсан. Би үүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, энэ гэмтлийг би учруулсан. Би тухайн үед түлхүүрэндээ түлхүүрийн оосор болгож жижиг хутган хэлбэртэй оосор зүүдэг байсан. 1-2 удаа гэдэс хэсэгт нь зүссэн. ...Би нилээн согтуу байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 35х, шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч Д.Чын хувийн байдлын талаар:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37х/

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 38х/

“Г” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 39х/

Эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 40х/ зэрэг болно.

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 17-нд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны урд талд байрлах караокед хохирогч Н.Гтой маргалдаж, түүний хэвлийн тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь:

Хохирогч Н.Гын: “...2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр намайг гэртээ байхад Ч над руу залгаад 5 шард хүрээд ир уулзъя гэж дуудсан. Би 22 цагийн үед 5 шар дээр ирээд Чтай /Чеки/ уулзаад 5 шарын 6 дугаар байрны урд байдаг караокед орж  0,5 литрийн архи хувааж уусан. Архи ууж дуусаагүй байхад Чыг /Чекиг/ хүний газарт нэгнийхээ гэрийг ухлаа гэж хэлсэн чинь Ч нь хаанаас юм мэдэхгүй хутга гаргаж ирээд миний хэвлий руу хутгалсан. Би хутгалуулаад шууд караокеноос гараад зугтаагаад гадаа машинтай байсан дүүгийнхээ машинд суугаад гэртээ ирсэн. ...Миний гэдэс рүү 3 удаа хатгасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10х/

Хохирогч Н.Г, хэрэг учрал болсон гэх газар зэргийн гэрэл зураг /хх-ийн 22, 46-48х/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 27х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №701 дүгнэлтэд: “...Н.Гын биед хэвлийд өнгөц шархнуудтай гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 19х/

Шүүгдэгч Д.Чын өгсөн: “...Г бид 2 маргалдаж хэрэлдэж байсан. Би үүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, энэ гэмтлийг би учруулсан. Би тухайн үед түлхүүрэндээ түлхүүрийн оосор болгож жижиг хутган хэлбэртэй оосор зүүдэг байсан. 1-2 удаа гэдэс хэсэгт нь зүссэн. ...Би нилээн согтуу байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 35х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

Дээрх байдлаас үзвэл, Д.Ч нь согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсний улмаас иргэн Н.Гтой маргалдаж улмаар түүний хэвлий хэсэг рүү хутгаар хатгаж Н.Гын биед хөнгөн гэмтэл учирсан үйл баримт нь дээрх шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн өөрийнхөн үйлдлийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, шүүгдэгч Д.Чын уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг тус зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэл болно. 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Н.Г нь шүүгдэгч Д.Чаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 13, 80х/

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Ч нь прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон гэх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ч нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргаж ирүүлсэн бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан “Г” ХХК-ийн тодорхойлолт, түүний эд хөрөнгийн лавлагаа зэргээр тогтоогдох тул түүнд 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Чын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х м овогт Д-ийн Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чыг 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чад оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ