| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2021/0043/э |
| Дугаар | 2021/ШЦТ/41 |
| Огноо | 2021-03-22 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/41
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Мөнхнасан,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.П,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,
Шүүгдэгч Р.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Р. А-д холбогдох 2026001940222 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт Р. А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч “...******* овогтой Р. А нь Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/ ажил олгогч шууд хариуцна.”, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн ерөнхий шаардлагын БНБД12-03-04-ийн 1 дэх, мөн дүрмийн 6.2.9 дэх, 6.2.2 дахь, 6.2.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2020 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын Марзат 6 дугаар багийн Хайрхан хорооллын 1 дүгээр гудамжны ар талын инженерийн шугам сүлжээний ухсан нүхэнд П.Б унаж элэгний эдийн урагдаж няцарсан шарх, зүүн гарын тохой, баруун хөлийн өвдөг, баруун гарын тохой хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтэл үүсэж элэгний эдийн няцралын улмаас хэвлийн хөндийд хурц цус алдаж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Р.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай компани нь Өвөрхангай аймгийн ******* суманд цэвэр, бохир, дулааны шугам сүлжээний ажлыг хийж байх явцад дулааны шугамын сувагт хүний амь нас хохирсон явдалд маш их харамсаж байна. Би тухайн үед******* аймгийн******* суманд 15 дугаар багийн 1-45 тоот буюу ажил дээрээ байхад манай инженер надад 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр надад мэдэгдэхэд нь би Өвөрхангай аймгийн ******* суманд ирсэн. Ирэхэд хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны ажилтан ажиллаж байсан. Өдрийн цагаар тэмдэг, ногоон туг гэх мэтчилэн аюулгүй ажиллагааны тэмдэглэгээ байршуулж буюу хийж гүйцэтгэж байсан. ******* суманд хийж байгаа инженерийн шугам сүлжээний ажил нь газар шорооны ажил ихэвчлэн хийж явдаг. Харин барилга, угсралтын ажил нь хөдөлгөөнгүй хийдэг учраас хашаа, хайс гэх мэтчилэн хатуу хамгаалалт хийж ажилладаг. Манай инженерийн шугам сүлжээний ажил нь өдөр 200-300 метр газар ухаж явдаг болохоор тэр болгон хатуу хашаа хийж явах боломжгүй байдаггүй. Гэхдээ тухайн үед манай ажилчид ногоон торыг төмөр шонд бэхэлж буюу аюулгүй ажиллагаагаа хангаж байсан. Хэрэг гарах үед шөнийн цаг байсан болохоор манай ажилчид амарч байсан. Гэхдээ би ажилчдыг амарчихсан байсан гээд хэргээс мултрах буюу хариуцлагаас зайлах гэж байгаа асуудал биш гэж үзэж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нүх рүү ойчсон гэж тухайн өдөр анх сонссон. ...Энэ хүн тухайн үед байхгүй байсан юм байна. Тухайн үеийн зургийг нь надад үзүүлсэн. Хамгаалалт сайтай байсан бол ийм зүйл болохгүй байсан байх. Одоо надад хэлэхэд ганц удаа яаж байна гэж ирж уулзаж, утгаас яриагүйд нь жоохон тиймхэн байна. Оршуулгын зардал гэж 10.000.000 төгрөг өгсөн нь үнэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүнд оногдуулах ялыг тэнсэж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Пгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Талийгаач П.Б бол миний төрсөн хүү байгаа юм. Манай хүү ******* сумын Нарийний бригадад О гэх айлд нилээн хэдэн жилийн өмнө очсон. Тэдний гэрт л байдаг байсан. 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай багийн дарга Д над руу залгаад танай хүү Б шуудуунд унаад нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би сумын төвд очтол манай хүү инженерийн ухсан нүхэн дотор унаад нас барчихсан байсан. Талийгаач өмнө нь эхнэртэй байж байгаад салаад нилээн хэдэн жил болж байна. 4 хүүхэдтэй. Хүүхдүүдтэйгээ уулзаад байдаггүй. Хүүхдүүд нь ээж дээрээ байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. 2020 оны цагаан сарын баяраар над дээр ирж золгосон. Тэр үеэс хойш би уулзаагүй. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал байхгүй. Тухайн шуудуу, нүх нь хамгаалалт сайтай байсан бол тойроод л явах байсан. байхдаа л гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч П.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн үед ...талийгаач хөдөө манай гэрт манай бэр Э-тай үлдсэн юм. Би шөнө 23 цагийн үед гэртээ ирэхэд талийгаач байхгүй байхаар нь бэр эгч Э-с талийгаачийг хаачсан талаар нь асуусан чинь доод клонк ороод бинзен аваад ирье гээд явсан гэж хэлсэн. Тэгээд ирж хоноогүй тэгэхээр нь доод клонкт түгээгч хийдэг М гэх эмэгтэйн дугаар луу залгаад манай Б үзэгдэнэ үү гээд асуусан чинь өчигдөр клонк дээр архи уугаад цагдаад баригдаад явсан гэж хэлсэн. 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед багийн дарга М гэж хүн над руу залгаад Б ах энд нүхэнд унаад нас барсан юм шиг байна, та хурдан ир гэсэн. Суманд ирээд талийгаачийн нас барсан гэх газар яваад очтол цагдаа нар хамгаалалт авчихсан оруулахгүй байсан. Талийгаач согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Талийгаач өнгөрсөн өвөл нэг хүнд ханиад хүрсэн юм, тамхи их татдаг байсан. Тамхи татахаараа ханиалгаад байдаг юм. Өөр бусдаар бол бие өвдөөд энэ тэр гээд байдаг байсан юм бол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч Б.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай Хайрханы хороолол 02-13 тоотод байрлах гэрт талийгаач 2019 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө 23 цагийн үед халамцуу бололтой орж ирсэн. ...”доод клонкоос бензин авах гээд ирсэн чинь цагдаа нар согтуу байна гээд өглөө ирж мотоциколоо аваарай” гэсэн. “Хүргэж өгье таньдаг айл байна уу гэхээр танайхыг зааж өгөөд танай гадаа хүргүүлчихлээ” гэж ярьж байсан. Тэгээд манайд 10 гаран минут сууж байснаа манай аав Б-д орж унтъя чи оруулаад өг гээд байхаар нь би аавынд оруулж өгөөд гудас дэвсэж өгчихөөд та эндээ унтаарай гэж хэлчихээд гараад ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд байж байсан чинь 30 минут орчмын дараа хашааны хаалга дуугараад нохой хуцаад байхаар нь харсан чинь талийгаач гараад явж байгаа харагдсан. Талийгаач гарч явж байхад шөнийн 00 цаг болж байх шиг байсан. Талийгаач согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч А.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 11 цагийн үед ирсэн хүмүүсээ гаргаж өгөх гээд хашаанаас гараад ирсэн байсан чинь цаахна талд нь шугам сүлжээний ажил хийж байсан хүмүүс “хүүе наана чинь хүн унасан байна шүү дээ эмч дуудаач” гэхээр нь би худаг дээр явж очоод эмч дуудаад өгөөч гэж хэлсэн чинь худаг дээр суудаг Ч гэх хүн эмч, цагдааг дуудсан. Тэгсэн удалгүй эмч Б болон сумын цагдаа нар ирсэн байсан. Талийгаач тэнд унасан байгаа нь хүнд нээх харагдахааргүй газар байна лээ, тонгойж харсан хүмүүс юм уу эвсэл баруун талаас ирсэн хүн л харахаар газар байна лээ. ...Барилгын хүмүүс хашааны хаалганы гадна шороо овоолоод хүн явах боломжгүй болгоод хаасан байхлаар нь бид нар ядаж наад шороогоо холдуулаад өгчихөө худгаас усаа авахад холдоод байна гэж хэлээд шороог холдуулуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Гэрч А.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би ******* ХХК-д барилгын инженер ажилтай. Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар баг сумын төвд инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэж байгаа. 2020 оны 08 дугаар сарын сүүлчээр бэлтгэл ажил хангах гэж ирсэн. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж газар шорооны ажлаа эхлүүлсэн байгаа. Өдөр бүр бид нар ажил буухын өмнөхөн ухсан талбайгаа явж шалгаж үздэг байгаа. Тэр хэрэг болсон газрын наад ирмэгээр тууз татсан байсан, мөн тэр хэсэг рүү нэвтрэх хэсгийг ногоон тор татаж хаасан байсан. Бид нар ажил эхлэхдээ сумын цагдаад манай компани энд барилгын ажил эхлүүлж байгаа. Манайх аюулгүй байдал талаас нь тор, тууз татаж, самбар байршуулсан байгаа. Та нар сумын ард иргэдэд тэр газраар явахдаа аюулгүй байдлаа хангаж ойр хэсгээр явахгүй байх талаас нь анхааруулаад өгөөрэй давхар гэж хэлж байсан. Мөн нүхний ойролцоох айлуудад энүүгээр барилгын ажил хийгдэж байгаа, тиймээс та нар өөрсдөө болон хүүхдүүдээ хараа хяналттай байлгаж энэ хэсгээр явуулахгүй байх тал дээр анхаараарай гэж хэлсэн байгаа. Ямар нэгэн гадны нөлөөнөөс болж бид нарын татсан ногоон тор шонгоосоо мултрах асуудал гардаг. Манайх хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженертэй Мөнхсүрэн гэж хүн байдаг тэр хүн ар гэрийн гачигдлаар Улаанбаатар хот руу чөлөө аваад явсныг нь мэдээгүй байсан. Манай ерөнхий инженертэй муудалцаад байсан юм. Тэгээд харагдахгүй болохоор нь ажлаасаа гараад явсан юм байх гэж бодож байсан юм. Ер нь талбайн ойролцоо аюултай орчин гэсэн бичиглэлтэй пастортой самбар байршуулсан байгаа. Гэрэлтүүлэг байгаа эсэхийг би сайн мэдэхгүй байна. 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед манай ажилтан Мөнхнасан гэж хүн над руу залгаад талбай дээр хүрээд ирээч гэхээр очсон чинь манай нүхэнд хүн унасан байна гэж хэлсэн. Тэгсэн талийгаачийн унасан нүхний урд талын айлын эмэгтэй гарч ирээд мөн ийм асуудал болсон байна гэж хэлсэн тэгэхлээр би цагдаа дуудсан уу гэхэд цагдаад дуудлага өгсөн байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Д.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн үед манай ажилтан Батмагнай гэх залуу намайг хүрээд ир гээд дуудахаар нь гүйгээд очсон чинь хүн хэвтэж байсан. Тэгээд инженер Н луу залгаад “манай ухсан нүхэнд хүн унасан байна” гэж хэлсэн. Удалгүй Н ирсэн. Тэр үед нүхний ойролцоо урд талын айлын эмэгтэй байсан. Нэмэхбаяр “цагдаад дуудлага өгсөн үү” гэж асуусан чинь тэр эмэгтэй цагдаа руу залгасан утсаа авахгүй байна гэж хэлсэн. Би ******* суманд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны орой ирсэн намайг ирэхэд тийм хүн байгаагүй урд нь байсан эсэхийг бол мэдэхгүй байна. Хамгаалалтын ногоон тор татсан байсан, ажлын цагаар талбайн ойролцоогоор ажилчдаас бусад хүмүүсийг нэвтрүүлдэггүй тэр хавьд байдаг айлын хүмүүст анхааруулж хэлж ярьдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Гэрч Т.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Р. А-тай 1988 онд гэр бүл болсон 2 хүүхэдтэй. Том охин Б-г одоо 31 настай, бага хүү Н одоо 27 настай. ...Манай нөхөр ааш зангийн хувьд шударга, зөөлөн, хөдөлмөрч зантай хүн. Архи согтууруулах ундааны зүйл бол огт хэрэглэхгүй тамхи бол татдаг. Урьд нь ямар нэг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй одоо л анх удаагаа шалгагдаж байна. Ажлаа л хийдэг өөр элдэв янзын сонирхож дурладаггүй. Сүүлийн үед хааяа даралт нь ихэсдэг болсон өөр өвдөж зовуурилдаг зүйл байхгүй. Одоо ******* ХХК-ны захирлаар ажилладаг. Өвөрхангай аймгийн ******* суманд явагдаж байсан барилгын шугам руу хүн унаж нас барсан тэр хэрэгт шалгагдаж байгаа л гэж надад хэлсэн би яг ямар хэрэг гарсан талаар сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 84 дугаартай "...
1. Талийгаач П.Б-н цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр элэгний эдийн урагдаж няцарсан шарх, зүүн гарын тохой, баруун хөлийн өвдөг, баруун гарын тохой хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь өндрөөс унах үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.5 Талийгаач П.Б-н цусанд 3.7 промилл спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
6. Шүүх эмнэгийг задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.
6. Нас барсан хугацаа 15-20 цаг болсон байх боломжтой.
7. Талийгаач П.Б нь элэгний эдийн няцралын улмаас хэвлийн хөндийд хурц цус алдаж нас баржээ.”гэх цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлт /хх-ийн 39-41дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.З-н 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай “...
1. “Ц”ХХК тус инженерийн шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэхдээ хаалт хамгаалалт хийгээгүй, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулаагүй, тор тууз татсан боловч түүнийг арчиж, хамгаалан талаар хяналт тавиагүй байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй байна.
2. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/ ажил олгогч шууд хариуцна.” гэж заасан байдаг” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 46-49 дүгээр хуудас/,
Хэргийн газарт, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 03-18 дугаар хуудас/,
Хэрэгт ач холбогдол бүхий баримтууд /хх-ийн 119-150 дугаар хуудас/,
Шүүгдэгч Р.А хувийн байдлыг тогтоосон******* аймгийн Дархан сумын 12 дугаар багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1477 тоот тодорхойлолт /хх-ийн 61/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66/,
Шүүгдэгч Р.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч нь “...Шүүгдэгч Р.А нь Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/ ажил олгогч шууд хариуцна.”, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн ерөнхий шаардлагын БНБД12-03-04-ийн 1 дэх, мөн дүрмийн 6.2.9 дэх, 6.2.2 дахь, 6.2.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2020 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын Марзат 6 дугаар багийн Хайрхан хорооллын 1 дүгээр гудамжны ар талын инженерийн шугам сүлжээний ухсан нүхэнд П.Б унаж элэгний эдийн урагдаж няцарсан шарх, зүүн гарын тохой, баруун хөлийн өвдөг, баруун гарын тохой хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтэл үүсэж элэгний эдийн няцралын улмаас хэвлийн хөндийд хурц цус алдаж нас барсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.П, гэрч П.О, Б.М, А.Ц, А.Н, Д.М, Т.Н нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 84 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналт улсын байцаагч Б.Загарзүсэмийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт ач холбогдол бүхий баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. ...Иймд шүүгдэгч Р.Аыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол болох 10.000.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нь: “Шүүгдэгч нь эрдэнэт хүний амь нас хохирсон асуудалд уучлалт хүсч, гэм буруугаа хүлээж байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө хэлсэн. Мөн шүүх хуралдаан эхлэхээс өмнө уучлалт хүсч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буяны арга хэмжээ болгож 10.000.000 төгрөг өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь шүүхийн шийдвэр гарахад дангаараа үндэслэл болохгүй. Улсын яллагчийн гол эх сурвалж нь улсын байцаагчийн актаар шүүгдэгчийн гэм буруутайн тогтоогдож байгаа гэж дүгнэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар байгууллагын эзэн бүрэн хариуцах ёстой гэдэг дээр маргах зүйл байхгүй. Харин шинжээчийн дүгнэлтэд сэтгэл дундуур байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлд байгууллагын захирлын үүргүүдийг нэг бүрчлэн зааж өгсөн байгаа. Шинжээчийн дүгнэлтэд энэ талаар нэг ч үг үсэг дурдаагүй. Зөвхөн барилгын журмын дагуу дүгнэлт гаргасан. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо энэ талаар анхаар ч үзэх байх гэж бодож байна. Энэ асуудлыг өнөөдөр яриагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Мөрдөн байцаалтын шатанд прокурорт танилцуулахад улсын яллагч хүлээж авах боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Өнөөдөр хүртэл прокурорын шийдвэрийг дагуу явж байгаа. Гэхдээ өнөөдөр эцсийн шийдвэр гарах гэж байгаа учраас нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэлж дүгнэх ёстой гэж үзэж байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь мэдүүлэгтээ хэлсэн. Нэг доор ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа бол нэг том хашаа бариад ажил үүргээ гүйцгэх байсан. Харин байнгын буюу өдөр болгон хөдөлгөөнтэй байдаг учраас тийм өндөр хашаа барьж боломж байхгүй. Гэхдээ хариуцлагаас бултах санаа бодол байхгүй гэдгээ хэлсэн. Энэ бүгдийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж дүгнэлт гаргах байх” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Р.Аы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Р.А нь Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/ ажил олгогч шууд хариуцна.”, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн ерөнхий шаардлагын БНБД12-03-04-ийн 1 дэх, мөн дүрмийн 6.2.9 дэх, 6.2.2 дахь, 6.2.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2020 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын Марзат 6 дугаар багийн Хайрхан хорооллын 1 дүгээр гудамжны ар талын инженерийн шугам сүлжээний ухсан нүхэнд П.Б унаж элэгний эдийн урагдаж няцарсан шарх, зүүн гарын тохой, баруун хөлийн өвдөг, баруун гарын тохой хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтэл үүсэж элэгний эдийн няцралын улмаас хэвлийн хөндийд хурц цус алдаж нас барсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан: Гэрч Б.М-н “...талийгаач 2019 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө 23 цагийн үед халамцуу бололтой орж ирсэн. ...”доод клонкоос бензин авах гээд ирсэн чинь цагдаа нар согтуу байна гээд өглөө ирж мотоциколоо аваарай” гэсэн. Тэгээд манайд 10 гаран минут сууж байснаа манай аав Батдоржынд орж унтъя чи оруулаад өг гээд байхаар нь би аавынд оруулж өгөөд гудас дэвсэж өгчихөөд та эндээ унтаарай гэж хэлчихээд гараад ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд байж байсан чинь 30 минут орчмын дараа хашааны хаалга дуугараад нохой хуцаад байхаар нь харсан чинь талийгаач гараад явж байгаа харагдсан. Талийгаач гарч явж байхад шөнийн 00 цаг болж байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх- ийн 27-р хуудас/, гэрч А.Ц-н "... 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 11 цагийн үед хүмүүс гаргаж өгөхөөр хашаанаасаа гарч ирээд байж байсан чинь цаад талд нь шугам сүлжээний ажил хийж байсан хүмүүс хүүе наана чинь хүн унасан байна , эмч дуудаач гэхээр Ч гэж хүн эмч, цагдаа дуудсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/, гэрч А.Н-н “...2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед манай ажилтан Мөнхнасан гэж хүн над руу залгаад талбай дээр хүрээд ир гэхээр очсон чинь манай ухсан нүхэнд хүн унасан байна гэж хэлсэн. Бид нар ажил буухын өмнө ухсан талбайгаа явж шалгаж үздэг байсан. Тэр хэрэг болсон газрын наад ирмэгээр тууз татсан байсан. Мөн тэр хэсэгт ногоон тор татаж хаасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, гэрч Д.М-н "... 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн үед манай ажилтан Б намайг хүрээд ир гээд дуудахаар очсон чинь ухсан нүхэнд хүн хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, гэрч Л.Н-н “... Шон зоож хамгаалалтын ногоон тор татаж хамгаалалтын тууз татсан байгаа. Татсан тор туузыг өглөө босоход аваад хаячихсан байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 84 дугаартай "... 1. Талийгаач П.Б нь элэгний эдийн няцралын улмаас хэвлийн хөндийд хурц цус алдаж нас баржээ” гэх цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлт /39-41-р хуудас/, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.З-н 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай “...1. “*******” ХХК тус инженерийн шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэхдээ хаалт хамгаалалт хийгээгүй, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулаагүй, тор тууз татсан боловч түүнийг арчиж, хамгаалан талаар хяналт тавиагүй байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй байна. 2. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/ ажил олгогч шууд хариуцна” гэж заасан байдаг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-49-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Р.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Р.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Р.А нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Р.Аыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.П-д 10.000.000 төгрөг төлсөн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.
Улсын яллагч “...шүүгдэгч Р.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Р.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Тухайн хэрэг нь хүний амь нас хохирсон, хохирол нөхөн сэргээгдэх боломжтой юу, боломжгүй юу гэдэг асуудал яригдана. Иймд тэнсэх боломжгүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь маш харамсалтай нөхцөл байдлаас болж гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчид хариуцлага хүлээлгэхдээ Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүний амь нас хохирсон. Шүүгдэгч нь өөрийн чин сэтгэлээсээ буяны ажилд нь зориулж 10.000.000 төгрөгийг өгсөн. Иймд ял шийтгэл оногдуулахдаа ялгамжтай хандаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Р.А-д оногдуулах 3 жилийн хугацаагаар ялыг тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. Мөнгөөр хүний гуниг зовлонг хөнгөлнө гэсэн зүйл байхгүй гэдгийг зөвшөөрч байна. Гэхдээ хүнийг олон жил хорьж гэм хорын асуудлыг арилгана гэсэн ойлголт биш Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өгөөмөр сэтгэлээр хандаж тэнсэж өгнө үү гэсэн. Ийм нөхцөл байхад тэнсэх хуулийн заалтыг хэрэглэж болохгүй гэсэн босго байхгүй гэж үзэж байгаа тул тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус хуульчилан заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь гэм буруугийн субъектив тал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоороо хүнийг алах гэмт хэргээс ялгагддаг.
Хүнийг алах гэмт хэрэг нь шууд санаатай буюу хохирогчийг үхэлд хүргэхийг хүссэн байдаг. Харин хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүйгээс гадна, амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч хайхрамжгүй хандаж, хөнгөмсөгөөр найдсан байдаг.
Шүүгдэгч Р.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, түүний насны байдал зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн “шүүгдэгч Р.Ад оногдуулах ялыг тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Р.Ад оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Р.А-г бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Р.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Р.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Р. А-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* овогт Р. А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Р.А-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Р.Аыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.
7. Шүүгдэгч Р.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10.000.000 төгрөг төлсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.