Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/49

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,

Улсын яллагч С.Баярчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор,

Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Л.Г-д холбогдох 2126000220060 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 826 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Л.Г,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л. Г нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 16-17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн 13 дугаар гудамжны 01 тоот хашааны гаднаас иргэн П.Мын өмчлөлийн улаан өнгийн Хэнсим загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр хүүхэд ээжийг аваад ир ээж танай гэрт хүнтэй хэрэлдээд байна гэж намайг явуулсан. Гэрт очиход хүн байхгүй байсан. Би буцаж ирээд хүүхдийг загнасан. Тэр үед хажуу айлд хүүхдүүд ирчихсэн тоглоод байсан. Би хажуугаар нь явсан чинь намайг шоолоод тэгээд би тэр хүүхдүүдийг загнасан. Тэр залуучууд намайг зодоод тэгээд би хашааны гадаа байсан мотоциклийг түрээд хашааны булан тойроод асаагаад унаад явсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж байна. Дахиж ийм явдал гаргахгүй. Мотоциклийг нь буцааж өгсөн” гэв.

Хохирогч П.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр багийн 121-13 тоотод байх гэрээсээ өөрийн өмчлөлийн улаан өнгийн Хэнсим маркийн, улаан өнгийн мотоциклыг унаад ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Б гэх найзындаа очсон. Тэднийд очиход цаг нилээн орой 16,17 цагийн хооронд байх гэж санаж байна. Тэднийд цай уучихаад гадаа хоёр хүүхэд юм оёод байж байхаар нь юм ярьж байгаад эргээд гараад иртэл миний унаж явсан мотоцикл алга болчихсон байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Би тус мотоциклыг 2020 оны намар 09 дүгээр сард 1.000.000 сая төгрөгөөр худалдаж авч байсан юм. Тус мотоцикл нь шинэвтэр мотоцикл байгаа юм. ...Би мотоциклоо олсон тул ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Д.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...М гэх манайд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16-17 цагийн хооронд улаан өнгийн Хэнсим гэсэн шинэвтэр мотоциклтой ирсэн. Гэрт орж ирээд аяга цай уугаад бид нар гадаа юм оёж байсан чинь хашааны гадна гараад миний мотоцикл байхгүй байна гэсэн. Тэгээд л цагдаад дуудсан. Улаан өнгийн Хэнсим маркийн шинэвтэр мотоцикл байсан бусад анзаараагүй. Ямар ч байсан хашааны гадна талд данхраадаад тавьчихсан байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Монгол санхүү бүртгэл ХХК-ны 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/26 дугаартай “1 ширхэг  2019 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хэнсим-150 маркийн, улсын дугааргүй мотоциклийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэн цэнэ 800.000 төгрөг гэж дүгнэж байна гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-29 дүгээр хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-38 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Г-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаартай тодорхойлолт /хх-ийн 67 хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68/,

Шүүгдэгч Л.Г-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Г-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/ зэрэг болно.

Улсын яллагч “...Шүүгдэгч Л.Г нь бусдын эд хөрөнгийн нууцаар хууль  бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор: “...Шүүгдэгч Л.Г нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Иймд прокуророор зүйлчилж байгаа хэргийн зүйлчлэлтэй маргаангүй. Шүүгдэгч Л.Г нь хохирогч П.М-д хулгайлсан эд зүйл болох мотоциклийг буцааж хүлээлгэн өгсөн” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Г-н холбогдсон хэрэгт Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Л. Г нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 16-17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн 13 дугаар гудамжны 01 тоот хашааны гаднаас иргэн П.М-н өмчлөлийн улаан өнгийн Хэнсим загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан:  Хохирогч П.М-н “...Би Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр багийн 121-13 тоотод байх гэрээсээ өөрийн өмчлөлийн улаан өнгийн Хэнсим маркийн, улаан өнгийн мотоциклыг унаад ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Б гэх найзындаа очсон. Тэднийд очиход цаг нилээн орой 16,17 цагийн хооронд байх гэж санаж байна. Тэднийд цай уучихаад гадаа хоёр хүүхэд юм оёод байж байхаар нь юм ярьж байгаад эргээд гараад иртэл миний унаж явсан мотоцикл алга болчихсон байсан. Тэгээд би цагдаа дуудсан. ...Би мотоциклоо олсон” гэх' мэдүүлэг, /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Д.О-н “...М манайд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16-17 цагийн хооронд улаан өнгийн Хэнсим гэсэн шинэвтэр мотоциклтой ирсэн. Гэрт орж ирээд аяга цай уугаад бид нар гадаа юм оёж байсан чинь хашааны гадна гараад миний мотоцикл байхгүй байна гэсэн. Тэгээд л цагдаад дуудсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-22 дугаар хуудас/, “Монгол санхүү бүртгэл” ХХК-ны 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/26 дугаартай “1 ширхэг 2019 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хэнсим 150 маркийн, улсын дугааргүй, мотоциклийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 800.000 төгрөг гэж дүгнэж байна” гэх хөрөнгө үнэлгээний тайлан, /хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 35-38 дугаар тал/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 39 дүгээр хуудас/, шүүгдэгч Л.Гын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон  хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Л.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Л. Г нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 16-17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн 13 дугаар гудамжны 01 тоот хашааны гаднаас иргэн П.Мын өмчлөлийн улаан өнгийн Хэнсим загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Л.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.М нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

Улсын яллагч: “...Шүүгдэгч Л.Г-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор нь: “...Шүүгдэгч Л.Г нь эрүүл мэндийн шалтгааны улмаас нийтэд тустай ажил хийх боломжгүй гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж 7.3 дугаар зүйлд зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэж” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч Л.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын  хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд шүүгдэгч Л.Г-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хамжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Г-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгаж,

Шүүгдэгч Л.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,

     Шүүгдэгч Л.Г-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх  нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Л.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* овогт Л. Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жил гурван сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Год оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Л.Г-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.          

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Год авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.