Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/440

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч овогт Б-ийн Б-өд холбогдох 1808012410414 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа автомашины засварын газар ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... ажилчдын байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Б-ийн Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, М хорооллын ... байрны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Р.Б-тэй “...хардлаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой, нүүр, хөл нь тус газрууд нь цохиж, бие махбодид нь “...эрүү, мөчдөд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 82, 86-87х/

Хохирогч Р.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны ...00:00 цагийн үед Бөд хандан том хүү Э чинь одоо 9 дүгээр анги төгслөө, чи архиа боль 5 жил архи уулаа, ухаарах болоогүй байна уу гээд үг хэлтэл чи битгий хуц, чи намайг ийм болгосон гээд надтай хэрүүл уруул хийж байгаад унтсан. Тэгээд өглөө босоод хэвтэж байхад Бийн гар утсанд мессеж ирэхээр нь утсыг аваад мессежийг нь уншихад хөл гар хавагнаад бие өвдөөд байхад хаашаагаа явчихдаг юм бэ гэсэн мессеж ирсэн байхаар нь чи өөр хүүхэнтэй  суугаад хүүхэдтэй болсон байна, танай эгч над руу залгаад Б хүүтэй болсон гээд байсан гэж хэлэхэд утсаа аваад надад тийм юм байхгүй гээд булзааруулж байсан. Б намайг түлхэж унагаагаад зүүн талын гуяны хавьцаа гараараа цохиод мангасдаж, түлхэж газар унагаасан. Тэгээд бид хоёр маргалдаж байхад ирээд А ирээд Бийг дагуулаад яваад явсан. Тэрнээс хойш 4 хоногийн дараа манай найз Ундрахбилэг гэрт ирээд миний бие дээрх хөхөрсөн шархыг хараад “яасан талаар асуухаар нь нөхөртэй зодуулсан” талаараа хэлэхэд цагдаагийн байгууллагад ханд гэж зөвлөгөө өгөхөөр нь цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19х/     

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3219 дүгнэлтэд: “...Бийн биед эрүү, мөчдөд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 39х/

Шинжээч О.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, уг гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44х/

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10:00 цагийн үед сэрээд хэвтэж байхад миний гар утсанд ирсэн мессежийг Б уншаад энэ чинь үнэн юм уу, юу болж байгаа юм бэ, чи өөр эхнэртэй болчихсон юм уу гээд над руу дайрч уурлаад намайг цохиод байхаар ор луу түлхэж унагасан. Маргалдаж байгаад хөл рүү нь гараараа цохьсон юм. Тэгээд маргалдаад байж байхад А орж ирэхээр нь би зөрөөд гараад явсан араас удалгүй А гарч ирээд бид хоёр явсан. Тэгээд би дахиж очоогүй...” гэсэн мэдүүлэг /51-55х, шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч Б.Бийн хувийн байдлын талаар:

Гэрч Ц.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 35-37х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63х/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 68х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56х/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 14 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн үйл баримтын талаар дүгнэсэн дүгнэлт, талуудын гаргасан санал, дүгнэлтэд хийсэн тайлбар:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, М хорооллын ... байрны ... тоотод эхнэр Р.Бийг цохиж зодсоноос болж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь:

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 82, 86-87х/

Хохирогч Р.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б намайг түлхэж унагаагаад зүүн талын гуяны хавьцаа гараараа цохиод мангасдаж, түлхэж газар унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19х/  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3219 дүгнэлтэд: “...Бийн биед эрүү, мөчдөд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 39х/

Шинжээч О.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, уг гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44х/

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бтэй маргалдаж байгаад хөл рүү нь гараараа цохьсон юм...” гэсэн мэдүүлэг /51-55х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

Хууль зүйн дүгнэлт: Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудад шүүгдэгч  Б.Б нь эхнэр Р.Б-тэйгээ “өөр эхнэртэй болсон” гэх шалтгаанаар маргалдаж, түүний эрүү, зүүн хөл орчим нь цохиж хохирогч Р.Бийн эрүүл мэндэд  хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон, хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо гэрлэлтийн баталгаатай, тэдгээр нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн тусдаа амьдардаг ч хоорондоо хүүхдүүд болон бусад асуудлаар харилцаа холбоотой байдаг талаар хэн аль нь мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Бийн хохирогч Р.Бт хүч хэрэглэж хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Б.Бийг тус хэргийг үйлдсэн субьект гэж үзэх үндэстэй бөгөөд энэ нь түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56х/-аар тогтоогдлоо.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Р.Б нь шүүгдэгч Б.Бөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан бөгөөд шүүгдэгчид гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 22х/

Шүүгдэгч Б.Бийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаарх  дүгнэлтээ явуулахдаа шүүгдэгч Б.Бөд 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа “... прокуророос санал болгосон 800 нэгж буюу 800.000 төгрөгийн торгох ялын хэмжээг бууруулж, тус зүйлд заасан торгох ялын доод хязгаараар буюу 450 нэгжээр оногдуулахыг хүссэн, шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “хувиараа авто засварын газар ажиллуулдаг, торгох ялыг биелүүлэх боломжтой, миний хувийн байдлыг харгалзан торгох ялын хэмжээг багасгаж оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Б нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний авто засварын газарт ажилладаг талаархи нэрийн хуудас, гэрэл зураг, “Хаан банк” ХХК-ийн дансны хуулга /шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 14 хуудас баримт/ зэргээр тогтоогдсон, шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бөд 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Б-ийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ