Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/56

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашдэмбэрэл,
Улсын яллагч С.Баярчимэг,
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
 
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б. Н холбогдох 2126000000052 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, ******* овогт Б. Н Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 12 дугаар 30-ны өдрүүдэд тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.Э-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоолны жижиг сав шидсэний улмаас биед нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлийг, гараараа цохисны улмаас тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын төвгөр, баруун шанаа, дээд уруулын дотор хэсэгт цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч А.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сараас хойш Б.Н гэх залуутай хамтран амьдарч эхэлсэн. 2020 оны 12 дугаар 26-ны өдөр миний төрсөн өдөр болоод Өвөрхангай аймгийн гэртээ хамтран амьдрагч Н бид хоёр 2,5 литрийн 3 сав Сэрүүн гэх пиво уучихаад манай ах дүү нарыг хэл амаар надад доромжлоод байхаар нь “манайхаас зайл”  гэж хэлсэн чинь над руу хоолны жижиг түмпэн шидсэн чинь миний зүүн нүдэн дээр оносон. Тэгээд өөр гар хүрээгүй байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахиж маргаад миний баруун нүд рүү гараараа 2 удаа цохисон. Б.Н цохиулснаас болоод миний баруун нүд хавдаж хөхөрсөн. Өөр намайг зодож цохисон зүйл байхгүй.Тухайн үед манай 2 хүүхэд байсан өөр хүн байгаагүй. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Н нүүрэн тус газраа цохиулахад Ц ах байсан. Миний толгой өвдөөд, баруун нүд нээж болохгүй хорсоод байна. Өөр зовиур байхгүй. Б.Н намайг хүнтэй хардаад 2 удаа зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/, 

Гэрч Ж.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн орчим А.Э-н том охин Э уйлчихсан ээж Б.Н ахтай зодоон хийгээд байна гээд манайд орж ирсэн. Би охинтой нь хамт А.Э-н гэрт нь орсон чинь гэр нь гэрт нь хүн байхгүй байсан. 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А.Э-н төрсөн өдөр болоод цай уу гэхээр нь гэрт нь орсон чинь Б.Н, А.Э-г хоёр ширээ засчихсан сууж байсан. Тэр үед А.Эийн нэг талын нүд нь хөхөрсөн байсан. Юу болсон талаар асуухад жорлон мөргөчихсөн гэсэн. Би Б.Н-г А.Э-г зодож байхыг өөрөө хараагүй. Эийн том охиноос 2 удаа зодсон талаар нь сонссон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, 

Гэрч Х.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр А.Э-н гэрт 10 цагийн орчимд ороод 14 цагийн орчимд А.Э-н гэрээс гарсан. Намайг Э-д байх хугацаанд А.Эг, Б.Н хоёр хоорондоо маргалдаж зодоон хийсэн талаар мэдээгүй. Би А.Э-д 2,5 литрийн пивотой орсон. Уг пивыг Б.Н, А.Э-г бид 3 хувааж уугаад би унтсан. Намайг унтсанаас хойш юу болсон талаар мэдэхгүй. Намайг А.Э-д ороход А.Э-н өрөөсөн нүд хөхөрчихсөн байхаар юу болсон талаар асуусан чинь хамтран амьдрагч Б.Н ийм болгочихсон гэж хэлсэн. Миний хажууд Б.Н А.Э-г зодож цохисон зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, 
 
Насанд хүрээгүй гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Н гэх хүн манай ээж А.Э-тэй хамт архи ууж байгаад хоорондоо маргалдаад Б.Н гэх хүн манай ээж А.Э рүү хоолны төмөр төмпөн шидсэн чинь уг төмөр түмпэн нь ээжийн нүдэн дээр оносон. Одоо бодоход аль нүдийг цохисныг нь санахгүй байна. Тэгээд би гэрээсээ гараад арын гудамжинд байдаг Ж.Н эгчид орж хэлээд. Ж.Н эгчийг дагуулаад ороод ирсэн чинь Б.Н гэх хүн ээжтэй хэрэлдээд сууж байсан. Тухайн үед түмпэнгээр  цохиулсан хэсгээс бага зэрэг цус гарчихсан байсан. Тэгээд маргааш өглөө нь ээжийн Б.Н гэх хүнд төмпөнгөөр цохиулсан нүд нь хөхөрч хавдсан байсан. Тэгээд 2020 оны 12 сарын 25-ны өдрөөс хойш 3-4 хоногийн дараа Б.Н гэх хүн ээж А.Э-тэй хамт архи ууж байгаад маргалдсан. Тэгтэл ээж А.Э надад хандан Ж.Н эгчийгээ дуудаад ир гэхээр нь гэрээс гараад гүйсэн чинь ээж чанга дуугаар орилохоор нь буцаад орсон чинь Б.Н гэх хүн манай ээжийг толгойгоор нь орон дээр 2,3 удаа савсан. Тухайн үед ээжийн нүүрнээс цус гарчихсан байсан. Тэгээд би буцаж гараад Н.Н эгчид Б.Н гэх хүн ээжийг зодоод байна гэж хэлсэн. Тэгээд Н.Н эгч цагдаад мэдэгдсэн байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, 

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №40 дугаартай  шинжээчийн “...1. Үзүүлэгч А.Э-н биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын төвгөр, баруун шанаа, дээд уруулын дотор хэсэгт цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын төвгөр, баруун шанаа, дээд уруулын дотор хэсэгт цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний цус харвалт гэмтэл нь  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Н-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 57 хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 56/,

Шүүгдэгч Б.Н-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Н-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/ зэрэг болно.

Улсын яллагч  “Шүүгдэгч Б.Н нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч  Б.Н нь өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Нын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Н 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 12 дугаар 30-ны өдрүүдэд тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.Э-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоолны жижиг сав шидсэний улмаас биед нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтлийг, гараараа цохисны улмаас тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын төвгөр, баруун шанаа, дээд уруулын дотор хэсэгт цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт гэмтэл бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.Н нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтуудаар тогтоогдож байна: Үүнд:  

Хохирогч А.Э-н “...2020 оны 07 дугаар сараас хойш Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харъяат Б.Н гэх залуутай хамтран амьдарч эхэлсэн. 2020 оны 12 дугаар 26-ны өдөр миний төрсөн өдөр болоод гэртээ хамтран амьдрагч Н бид хоёр 2,5 литрийн 3 сав Сэрүүн гэх пиво уучихаад манай ах дүү нарыг хэл амаар надад доромжлоод байхаар нь “манайхаас зайл” гэж хэлсэн чинь над руу хоолны жижиг түмпэн над руу шидсэн чинь миний зүүн нүдэн дээр оносон. ...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахиж маргаад миний баруун нүд рүү гараараа 2 удаа цохисон. Б.Н цохиулснаас болоод миний баруун нүд хавдаж хөхөрсөн. Өөр намайг зодож цохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-6-7/, гэрч Ж.Н-н 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн орчим намайг гэртээ байж байтал А.Э-н том охин Э уйлчихсан ээж Б.Н ахтай зодоон хийгээд байна гээд манайд орж ирсэн. 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А.Эийн төрсөн өдөр болоод цай уу гэхээр нь гэрт нь орсон чинь Н, Э 2 ширээ засчихсан сууж байсан. Тэр үед Эийн нэг талын нүд нь хөхөрсөн байсан. Юу болсон талаар асуухад жорлон мөргөчихсөн гэсэн. Би Ныг Эийг зодож байхыг өөрөө хараагүй. Э-н том охиноос 2 удаа зодсон талаар нь сонссон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Х.Ц-н “Намайг А.Э-д ороход А.Э-н өрөөсөн нүд хөхөрчихсөн байхаар юу болсон талаар асуусан чинь хамтран амьдрагч Н ийм болгочихсон гэж хэлсэн. Миний хажууд Н А.Э-г зодож цохисон зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,  насанд хүрээгүй гэрч Э.Э-н “...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Н гэх хүн манай ээж А.Э-гтэй хамт архи ууж байгаад хоорондоо маргалдаад Н гэх хүн манай ээж А.Э рүү хоолны төмөр төмпөн шидсэн чинь уг төмөр төмпөн нь ээжийн нүдэн дээр оносон. Тухайн үед түмпэнгээр  цохиулсан хэсгээс бага зэрэг цус гарчихсан байсан. Тэгээд маргааш өглөө нь ээжийн Н гэх хүнд түмпэнгээр цохиулсан нүд нь хөхөрч хавдсан байсан. Тэгээд 2020 оны 12 сарын 25-ны өдрөөс хойш 3-4 хоногийн дараа Н гэх хүн ээж А.Э-тэй хамт архи ууж байгаад маргалдсан. Тэгтэл ээж А.Э надад хандан Навчмаа эгчийгээ дуудаад ир гэхээр нь гэрээс гараад гүйсэн чинь ээж чанга дуугаар орилохоор нь буцаад орсон чинь Н гэх хүн манай ээжийг толгойгоор нь орон дээр 2,3 удаа савсан. Тухайн үед ээжийн нүүрнээс цус гарчихсан байсан. Тэгээд би буцаж гараад Навчмаа эгчид Н гэх хүн ээжийг зодоод байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, хохирогч А.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №40 дугаартай  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, шүүгдэгч Б.Нын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон  хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
 
Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно. 

Шүүгдэгч Б.Н нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан  байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч А.Эийн шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

Улсын яллагч нь “Шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг, 

Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж “Манай эхнэр солонгос улсад байдаг би 2 хүүхдээ хараад гэртээ байдаг. Хувиараа цахилгаан бараа засаж орлого олдог тул надад торгуулийн арга хэмжээ авч өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
 
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Б.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаа байдал, хувиараа цахилгаан бараа засаж орлого олдог гэх  шүүгдэгчийн хувийн байдал,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

  Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Н мэдэгдэх нь зүйтэй.
 
Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,, хохирогч А.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж, 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б. Н-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Б. Н-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол   шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

4. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд
шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.