| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2021/0021/э |
| Дугаар | 2021/ШЦТ/53 |
| Огноо | 2021-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/53
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашдэмбэрэл,
Улсын яллагч Д.Ганцэцэг ,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б. Б-д холбогдох 2126000000003 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт Б. Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч “...Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний 02 цагийн орчимд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчимд иргэн С.Э-г зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Бшүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч С.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 14-ны шөнийн 02 цаг өнгөрч байхад манай нөхөр Б.Б нь найз Ц-д байна ирж ав гэсэн. Тэгээд 2-р сургуулийн баруун хойд талын байранд байх Ц-н гэрт ороход ширээн дээр нь 2, 3 пивоны шил байх шиг байсан. Ц том өрөөнийхөө буйдан дээр унтаж байсан. Би Б.Б-г “гэртээ харъя. Архи, дарс уугаад” гээд уурласан. Тэгсэн чинь “чамайг манаад гэртээ суугаад байх юм уу би найзтайгаа уулзаж байна...” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь ширээн дээр байсан нэг шилийг гарынхаа араар буйдан руу шидсэн. Б уурлаж босч ирээд толгойтой үснээс үсдээд нуруу руу өшиглөсөн. Тэр үед Ц босч ирээд салгасан. Тэгээд би Ц-с гараад гэртээ ирсэн. Б тэнд хоносон байх. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 11 цагийн үед “Норжүн” ресторан дээрээ ирэхэд бармен С нь ард байсан архинаас дутаад байна гэхээр нь Б-г авчихсан гэж бодоод Б-г 9 дүгээр хороонд Г гэж найзындаа байхад нь очиж Б-г “архи хулгай хийж уулаа” гээд хэрэлдсэн чинь өөдөөс “машины түлхүүр өг” гэж хэлээд босож ирээд С-г гадаа гаргаж хаалгыг нь хаачихаад. Г-н байшингийн тамбурт миний хоолойноос боогоод байсан. Тэгэхээр нь “өгье” гэж хэлээд гараа тавихаар нь хаалгаар гараад зугтаасан. Б намайг хашааны гадаа барьж аваад гадуур хувцас тайлаад би цасан дээр уначихсан. ...Намайг түлхүүрээ хаана хийсэн хэл чи гээд ам руу хуруугаа хийгээд машин руу чирээд байсан. Машины хажууд очихоор нь “аллаа” гэж орилсон. Тэр үед намайг тавихаар нь би зугтаагаад гудамжны үзүүрийн дэлгүүрт ороод худалдагчийн утсаар нь миний нөхөр намайг зодоод байна гэж дуудлага өгсөн. ...Нөхөр бид хоёр эвлэрсэн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өглөө 10 цагийн үед “Норжүн” ресторан дээр очоод арын өрөөнд ороод тооллоготой архи байсныг тоолж үзтэл 2, 3 шил архи дутчихсан байсан. Захирал Э руу залгаад 2 шил архи дутчихсан байна гэсэн. Э өөрөө хүрээд ирье, хоёулаа хамт нэг тийшээ очоодохъё гэж байсан. Захирал бид хоёр 9 дүгээр хороонд нэг байшинтай айлын үүдэнд очсон. Машинаа унтраагаад түлхүүрийг нь надад өгөөд ...Байшинд ороход ширээн доор нь дутаад байсан 2 шил архины шил байсан. Тэгээд захирал Б ахад гэр лүүгээ явъя, архи уугаад байх юм гээд хоорондоо маргаад байсан. Б ах “машины түлхүүр өгөөдөх” гээд уурлаад байсан. Байшингийн гадаа гарсан, тэгтэл гэнэт Б ах хаалга аа хаагаад түгжчихсэн. Тэгээд тэр хоёр дотор хоорондоо нилээн маргасан, дотор нилээн бужигнаад байсан. Тэгээд удалгүй хаалгаа тайлаад Э гүйж гараад хашаанаас гарсан, Б араас нь дагаад гүйсэн машины түлхүүр аваад ир гээд байсан. Тэгээд Э эгчийг хашааны гадаа цасан дээр эхэлж унагаагаад куртикыг нь тайлаад халаасыг нь ухаж байгаад машин руу чирээд энийг онгойлго гээд байсан. Э эгч тэгэхэд намайг цаашаа байж бай гэж хэлээд байсан. Машины хажууд Б ах, Э эгчийг өргөөд машины хажууд очоод энийг онгойлго гэхэд Э эгч онгойлгохгүй, намайг цагдаа дууд гээд орилсон. Тэгэхэд би утасгүй явж байсан болохоор болиоч ээ гээд урд талд нь очоод зогссон. Тэгээд Б ах хашаа руу яваад орчихоор нь бид хоёр гудамжны үзүүр дээр байсан дэлгүүр лүү зугтаагаад дэлгүүрийн худалдагчийн утсаар залгаж цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нь 2020 оны 12 дугаар сарын 14-ны шөнө 21-22 цагийн хооронд манай гэр болох 9 дүгээр хороо ******* тоотод такси бариад ганцаараа ирсэн. Орж ирэхдээ 2 шил 0.75 литрийн хэмжээтэй “Еdеn” гэх архи, хоёр ширхэг жижиг ундаатай авч ирсэн. Орж ирэхдээ эхнэр болох Этай жоохон муудалцсан байдалтай, маргааш машинаа аваад хөдөө явна гэж хэлж орж ирсэн. Тэр шөнөдөө бид 2 авч ирсэн архийг уучихаад унтсан. 15-ны өглөө 12 цагийн үед эхнэр нь болох Э, нэг ажилтантайгаа хамт орж ирсэн. Намайг унтаад сэрэхэд ороод ирчихсэн Б-г эхнэр нь хэдэн шил архи авсан, бас пиво дутуу байна гэх мэтээр загнаад байж байсан. Тэгээд Б машины түлхүүр ээ авъя гээд сууж байгаад босоод Этай хамт гарсан. Тэгээд би өчигдөр шөнө нь уучихсан байсан болохоор босч чадахгүй хөнжилдөө хэвтэж байсан, гадаа яаг юу болсныг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дүгээр хуудас/,
Гэрч М.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тус өдөр 23 цаг өнгөрч байх үед Б манайд ирсэн. Манай гэрт 5,6 шил пиво байсныг бид 2 хувааж уусан. 02 цагийн үед Бы эхнэр Э манайд орж ирсэн. Тэгээд архи уулаа гээд Б-тай маргаад гэнэт Б Э-г газар унагаад дээрээс нь дарчихсан байсан. Би очиж салгасан. Би тэр хоёрыг барилцаж авахыг нь хараагүй. Би өшиглөж байхыг нь хараагүй. Зурагт үзээд хэвтэж байсан. Нэг хартал Б Э-гийн дээрээс дараад хэвтэж байсан. Би салгасан. Намайг салгах үед цохиж зодоогүй. Тухайн үед Б халамцуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай “...Үзүүлэгч С.Эгийн биед тархи доргилт, хүзүүнд зөөлөн эдийн гэмтэл, дээд буйл, доод уруулын салстад шарх, цээж, зүүн хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн шарх нь хатуу ирмэгтэй /хумс/ зүйлийн үйлчлэлээр бусад гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Б хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-42 дүгээр/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-46 дугаар/,
Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/,
Шүүгдэгч Б.Бы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч “Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б нь өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар 476-13 тоотод. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт тус тус иргэн С.Э-г зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч С.Э-гийн “...2020 оны 12 дугаар сарын 14-ны шөнийн 02 цаг өнгөрч байхад манай нөхөр болох Б нь найз Цынд байна ирж ав гэсэн. Тэгээд 2-р сургуулийн баруун хойд талын байранд байх Цын гэрт ороход ширээн дээр нь 2, 3 пивоны шил байх шиг байсан. Ц том өрөөнийхөө буйдан дээр унтаж байсан. Би Быг “гэртээ харъя. Архи, дарс уугаад” гээд уурласан. Тэгсэн чинь “чамайг манаад гэртээ суугаад байх юм уу би найзтайгаа уулзаж байна...” гэх мэтээр хэл амаар доромжилоод байхаар нь ширээн дээр байсан нэг шилийг гарынхаа араар буйдан руу шидсэн. Б уурлаж босч ирээд толгойтой үснээс үсдээд нуруу руу өшиглөсөн. Тэр үед Ц босч ирээд салгасан. Тэгээд би Цынхоос гараад гэртээ ирсэн. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 11 цагийн үед “Норжүн” ресторан дээрээ ирэхэд бармен Сандагдорж нь ард байсан архинаас дутаад байна гэхээр нь Быг авчихсан гэж бодоод Быг 9 дүгээр хороонд Гантулга гэж найзындаа байхад нь очиж Быг “архи хулгай хийж уулаа” гээд хэрэлдсэн чинь өөдөөс “машины түлхүүр өг” гэж хэлээд босож ирээд Сандагдоржийг гадаа гаргаж хаалгыг нь хаачихаад. Гантулгын байшингийн тамбурт миний хоолойноос боогоод байсан. Тэгэхээр нь “өгье” гэж хэлээд гараа тавиахаар нь хаалгаар гараад зугтаасан. Б намайг хашааны гадаа барьж аваад гадуур хувцас тайлаад би цасан дээр уначихсан. ...Намайг түлхүүрээ хаана хийсэн хэл чи гээд ам руу хуруугаа хийгээд машин руу чирээд байсан. Машины хажууд очихоор нь “аллаа” гэж орилсон. Тэр үед намайг тавихаар нь би зугтаагаад гудамжны үзүүрийн дэлгүүрт ороод худалдагчийн утсаар нь миний нөхөр намайг зодоод байна гэж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, гэрч Б.С-н “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өглөө ...Байшинд ороход ширээн доор нь дутаад байсан 2 шил архины шил байсан. Тэгээд захирал Б ахад гэр лүүгээ явъя, архи уугаад байх юм гээд хоорондоо маргаад байсан. Б ах “машины түлхүүр өгөөдөх” гээд уурлаад байсан. Байшингийн гадаа гарсан, тэгтэл гэнэт Б ах хаалга аа хаагаад түгжчихсэн. Тэгээд тэр хоёр дотор хоорондоо нилээн маргасан, дотор нилээн бужигнаад байсан. Тэгээд удалгүй хаалгаа тайлаад Э гүйж гараад хашаанаас гарсан, Б араас нь дагаад гүйсэн машины түлхүүр аваад ир гээд байсан. Тэгээд Э эгчийг хашааны гадаа цасан дээр эхэлж унагаагаад куртикыг нь тайлаад халаасыг нь ухаж байгаад машин руу чирээд энийг онгойлго гээд байсан. Э эгч тэгэхэд намайг цаашаа байж бай гэж хэлээд байсан. Машины хажууд Б ах, Э эгчийг өргөөд машины хажууд очоод энийг онгойлго гэхэд Э эгч онгойлгохгүй, намайг цагдаа дууд гээд орилсон. ...Тэгээд Б ах хашаа руу яваад орчихоор нь бид хоёр гудамжны үзүүр дээр байсан дэлгүүр лүү зугтаагаад дэлгүүрийн худалдагчийн утсаар залгаж цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Б.Г-н “...15-ны өглөө 12 цагийн үед эхнэр нь болох Э, нэг ажилтантайгаа хамт орж ирсэн. Намайг унтаад сэрэхэд ороод ирчихсэн Б-г эхнэр нь хэдэн шил архи авсан, бас пиво дутуу байна гэх мэтээр загнаад байж байсан. Тэгээд Б машины түлхүүр ээ авъя гээд сууж байгаад босоод Этай хамт гарсан. Гадаа яг юу болсныг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дүгээр хуудас/, гэрч М.Ц-н “Тус өдөр 23 цаг өнгөрч байх үед Б манайд ирсэн. Манай гэрт 5,6 шил пиво байсныг бид 2 хувааж уусан. 02 цагийн үед Бы эхнэр Э манайд орж ирсэн. Тэгээд архи уулаа гээд Бтай маргаад гэнэт Б Эг газар унагаад дээрээс нь дарчихсан байсан. Би очиж салгасан. Би тэр хоёрыг барилцаж авахыг нь хараагүй. Би өшиглөж байхыг нь хараагүй. Нэг хартал Б Эгийн дээрээс дараад хэвтэж байсан. Би салгасан. Намайг салгах үед цохиж зодоогүй. Тухайн үед Б халамцуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, хохирогч С.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч С.Эгийн шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Улсын яллагч “Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б нь өөрийгөө өмгөөлж “Улсын яллагчийн торгох ял оногдуулах саналд хэлэх зүйл байхгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б. Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Б. Быг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.