| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2021/0044/э |
| Дугаар | 2021/ШЦТ/54 |
| Огноо | 2021-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/54
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашдэмбэрэл,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох,
Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт О.Д-д холбогдох 2126000000023 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа, урьд
Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1-т зааснаар 100.000 төгрөгөөр торгох ялаар,
Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр Шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1/154 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/153 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2,700.000 төгрөгийн торгох ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргүүдэд тус тус гэм буруутайд тооцож 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, дотоод шалтгаант сэтгэц сарних эмгэг, таталт зан төрхийн ужиг өөрчлөлттэй, хэрэг хариуцах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, ******* овогт О.Д, регистрийн дугаар: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* овогт О.Д нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Т.М-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, баруун нүдний дээд доод зовхи, дээд уруул, баруун зүүн гарын шуу, баруун гарын алганы ар хэсэгт цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун гарын 4 дүгээр хурууны 2 дугаар үений зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 12 дугаар сарын 31-ны орой ажил дээр хүрээд ир гэхээр нь очсон. Тэгсэн чинь Э гэдэг хүүхэн архи өгсөн. Тэгэхэд Э гэдэг хүүхэн надад Мөөгий эгч манай нөхөртэй үнсэлцээд зогсож байсан гэж хэлэхээр нь уур хүрээд эхнэрээ алгадсан юм. Тэрнээс бол зодохгүй байх байсан. Тухайн үйл явдлын талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Т.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр ажил дээрээ байж байтал манай нөхөр О.Д 19 цагийн үед хүүхдээ дагуулаад ажил дээр ирсэн. Тэгээд гадуур гарч ойр зуурын юм авах гэсэн юм зах дээгүүр хүүхэд дагуулаад яваад байх хэцүү байх гээд хүүхдээ авчирч өгсөн. Манай охиныг М гэдэг 7 настай 2 дугаар ангид сурдаг. Тэгээд О.Д яваад өгсөн. Тухайн өдөр шинэ жилийн өдөр байсан болохоор би гадуур хоол хүргэлтийн ажил ихтэй байсан болохоор 21 цагийн үед ажлаасаа тараад хүүхдээ дагуулаад гэртээ иртэл гэрт О.Д ирээгүй байсан. Тэгээд гэрээ цэвэрлээд салат, ойр зуурын юм хийгээд байж байтал Д 23 цагийн үед гаднаас архи уучихсан орж ирсэн. Тэгээд чи баярын өдөр гэр орондоо юм хийсэнгүй, ажлынхаа цаг заваар ирээд хоол унд хийгээд өгчихгүй юм гээд уурлаад өмсөж байсан гутлаа тайлаад миний толгой руу цохиж зодоод байхаар нь би гараараа толгойгоо хамгаалтал гар дээрээс цохиод, бас үснээс зулгаагаад чирсэн, бөгс рүү өшиглөсөн. Би гараад зугтаах гэтэл хаалга хааж зогсоод гаргахгүй байсан. Тэгэхээр нь цагдаа дуудах гээд утсаа автал миний утсыг булааж авчихаад өгөхгүй зодоод байсан. Тэгээд байж байтал Д охиндоо аав нь 10 минут гарчхаад ирье гэж хэлээд гараад явсан. Тэр хойгуур нь би хүүхдээ дагуулаад гарч зугтаад 60 айлын хойд талын улаан тоосгон 5 давхар байрны 3 давхрын 15 тоотод байдаг ээжийн дүүгийн хүүхэд болох Азжаргалын гэрт очиж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр цагдаад мэдэгдсэн. Тэр үйл явдал болсноос хойш ажилдаа явалгүй гадуур ч гаралгүй тэр Азжаргалын гэрт хүүхэдтэйгээ хоёр хоносон. Толгойн тус газар өмсөж явсан богино түрүүтэй бор өнгийн гутлаараа хэд хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг сайн мэдэхгүй байна ямар ч гэсэн олон удаа цохисон. Би сүүлдээ гараагаа толгойгоо хамгаалтал миний гар руу цохиод байсан. Бас хойд өрөөний орон дээрээс урд өрөөний тагт хүртэл үсдэж чирсэн, мөн миний бөгс рүү хөлөөрөө өшиглөсөн. ...Эмчилгээний зардал гараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Т.М нь тус өдөр нөхөртөө зодуулсан гээд өөрийн биеэр ирж гомдол гаргасан. Би тус өдөр зөрчлийн хэрэг бүртгэгчээр томилгоот бүрэлдэхүүнд ажиллаж байсан юм. Тэр өдөр Т.Мын баруун зүүн нүд нь хөхөрчихсөн ирсэн. Өөр ил харагдах шарх харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.М манай байгууллагад үйлчлэгчийн ажил хийдэг. Тус өдөр манай ажилчид ажил дээрээ их цэвэрлэгээ хийж байхад Т.М-н нөхөр нь ажил дээр ирчихсэн байсан. Цэвэрлэгээ хийж байгаад нэг хартал Т.М нөхөртэйгөө яваад өгсөн байсан. Цохиж зодсон талаар нь би сайн мэдэхгүй байна. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Т.М надтай утсаар ярихдаа манай нөхөр миний дансанд байсан мөнгөөр архи авч уугаад намайг зодоод байна. Дансаа яаж хаалгах вэ гэж асуусан. Би банкны лавлах руу залга гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №44 дугаартай шинжээчийн “...1. Үзүүлэгч Т.М-н биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, баруун нүдний дээд доод зовхи, дээд уруул, баруун зүүн гарын шуу, баруун гарын алганы ар хэсэгт цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун гарын 4 дүгээр хурууны 2 дугаар үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 05-06 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Шүүгдэгч О.Д хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 108 дугаартай тодорхойлолт /хх-ийн 50 хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3/,
Шүүгдэгч О.Д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч “Шүүгдэгч О.Д нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч О.Д нь өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Ды холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* овогт О.Д нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчим өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Т.М-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, баруун нүдний дээд доод зовхи, дээд уруул, баруун зүүн гарын шуу, баруун гарын алганы ар хэсэгт цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун гарын 4 дүгээр хурууны 2 дугаар үений зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч О.Д нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Т.М-н “...2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр ...Д 23 цагийн үед гаднаас архи уучихсан орж ирсэн. Тэгээд чи баярын өдөр гэр орондоо юм хийсэнгүй, ажлынхаа цаг заваар ирээд хоол унд хийгээд өгчихгүй юм гээд уурлаад өмсөж байсан гутлаа тайлаад миний толгой руу цохиж зодоод байхаар нь би гараараа толгойгоо хамгаалтал гар дээрээс цохиод, бас үснээс зулгаагаад чирсэн, бөгс рүү өшиглөсөн. Би гараад зугтаах гэтэл хаалга хааж зогсоод гаргахгүй байсан. Тэгэхээр нь цагдаа дуудах гээд утсаа автал миний утсыг булааж авчихаад өгөхгүй зодоод байсан. Тэгээд байж байтал Д охиндоо аав нь 10 минут гарчхаад ирье гэж хэлээд гараад явсан. Тэр хойгуур нь би хүүхдээ дагуулаад гарч зугтаад 60 айлын хойд талын улаан тоосгон 5 давхар байрны 3 давхрын 15 тоотод байдаг ээжийн дүүгийн хүүхэд болох А-н гэрт очиж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр цагдаад мэдэгдсэн. Толгойн тус газар өмсөж явсан богино түрүүтэй бор өнгийн гутлаараа хэд хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг сайн мэдэхгүй байна ямар ч гэсэн олон удаа цохисон. Би сүүлдээ гараагаа толгойгоо хамгаалтал миний гар руу цохиод байсан. Бас хойд өрөөний орон дээрээс урд өрөөний тагт хүртэл үсдэж чирсэн, мөн миний бөгс рүү хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/, гэрч Э.Б-н “...Иргэн Т.М нь тус өдөр нөхөртөө зодуулсан гээд өөрийн биеэр ирж гомдол гаргасан. ...Т.М-н баруун зүүн нүд нь хөхөрчихсөн ирсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р хуудас/, гэрч Эгийн “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Т.М надтай утсаар ярихдаа манай нөхөр миний дансанд байсан мөнгөөр архи авч уугаад намайг зодоод байна. Дансаа яаж хаалгах вэ гэж асуусан. Би банкны лавлах руу залга гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, хохирогч Т.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирл учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 05-06-р хуудас/, шүүгдэгч О.Д яллагдагчаар өгсөн "... Би өөрийн гаргасан энэ үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/, шүүгдэгч О.Ды шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч О.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч О.Д нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Дыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.М нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Улсын яллагч “Шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Өвөрхангай аймаг дахь сум дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох” гэсэн дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох нь: “Шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч О.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч О.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Д нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг буюу энэ гэмт хэргийг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байна.
Шүүгдэгч О.Д нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж тус ялаас 4 /дөрвөн/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг биеэр эдэлж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ял болох 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 16 /арван зургаан/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 46 /дөчин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 46 /дөчин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3.4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт О.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт О.Д-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ял болох 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 16 /арван зургаан/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 46 /дөчин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 46 /дөчин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч О.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.