| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2017/03723/И |
| Дугаар | 181/ШШ2018/00531 |
| Огноо | 2018-03-06 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2018/00531
| 2018 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 181/ШШ2018/00531 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Я.Э /РД: /-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.А-д холбогдох
5.070.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Э,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Я.Э миний бие өөрийн төрсөн эгч Я.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.
Я.Байгал нь 2013 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Д.Атой визний барьцааны гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 453002161 тоот дансанд байршуулсан.
Гэрээнд заасны дагуу барьцааны 5.000.000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сард буцаан олгох ёстой боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Д.А нь гэрээнд заасны дагуу уг мөнгийг захиран зарцуулах эрхгүй юм. Мөнгөө удаа дараа нэхсэн боловч мөнгө байхгүй гээд өгөхгүй, оршин суугаа хаяг нь олдохгүй их чирэгдүүлж байна.
Бидний хооронд визний асуудал дээр маргаан байхгүй, А Я.Б-ийн охинд виз гаргаж өгөөд, охин нь визнийхээ хугацаанд суралцаад төгссөн. Барьцаанд авсан 5 сая төгрөгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэл гаргаж байгаа юм.
Өмнө нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж, 17 дугаар байрны 18 тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргахад Д.А-ыг уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн тул шүүх хариуцагч Д.А-ын хаяг тодорхойгүй байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Дараа нь нэхэмжлэгч Я.Б түүнийг эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг нь тогтоолгохоор шүүхэд хандаж түүнийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гарсан. Үүний дагуу Д.А-ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоолгоход Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Эмон хотхоны 13 дугаар байрны 51 тоотод оршин суудаг гэж хаягыг нь олж, тогтоож өгсөний дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан болно.
Я.Б , Д.А нарын хооронд хийсэн барьцааны гэрээний 3 дугаар зүйлд барьцаалагч Д.А нь барьцааны хөрөнгө болох 5.000.000 төгрөгийг ашиглах эрхгүй байхаар тохирч, Д.А-ын хэлсэн Худалдаа хөгжлийн банкны 453002161 тоот дансанд уг мөнгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг Я.Б-ийн зөвшөөрөлгүй зарж үрсэн тул 5.000.000 төгрөгийг, түүнийг эрэн сурвалжилах шийдвэр гаргуулахдаа төлсөн тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийн хамт гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ:
Миний бие Д.А иргэн Я.Э-гийн нэхэмжлэлийг хүлээн аваад миний албан ёсны бус хаягаар нэхэмжлэл гаргасныг олж мэдлээ.
Миний хаяг албан ёсны бүртгэлтэй хаяг нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж, 17 дугаар байрны 18 тоот тул энэ хаягаар шийдвэрлүүлэхийг хүсэж байна.
Хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүх рүү шилжүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаарлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч нь Д.А-оос 5.070.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Д.А нь нэхэмжлэгчийг хариуцагчийн албан ёсны бүртгэлтэй бус хаягаар нэхэмжлэл гаргасан гэж маргажээ.
Нью Линк Интернэшнл ХХК-ийг төлөөлж Г.Нямсүрэн нь иргэн Б.Лхагвадуламтай 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр БНСАУ-д суралцахад зуучлах гэрээ байгуулжээ./хх-ийн 12-14-р хуудас/
БНСАУ-д суралцахад зуучлах дээрх гэрээний талаар талууд маргаагүй болно.
Нью Линк Интернэшнл ХХК-ийн захирал Д.А болон Б.Лхагвадуламын ээж иргэн Я.Б нар нь 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж Худалдаа хөгжлийн банкны 453002161 дугаартай дансанд Я.Б нь 5.000.000 төгрөгийг байршуулжээ. /хх-ийн 9-11-р хуудас/
Барьцааны гэрээний 3-т “барьцааны 5.000.000 төгрөгийг барьцаалагч хадгална” гэж, 4-т “барьцаалагч барьцааны 5.000.000 төгрөгийг ашиглахгүй” гэж тус тус тохирчээ./хх-ийн 9-р хуудас/
Барьцааны гэрээ гэсэн нэртэй дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.-т заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэсэн хэлбэрийн шаардлагыг хангаж байгаа боловч барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа зэргийг уг гэрээгээр тохиролцоогүй байна.
Гэхдээ дээрх гэрээ нь талуудын хооронд үүрэг үүсгэсэн боловч хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.,492.1.1-т заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийн олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэжээ.
Иймд Л.Б нь Д.А-оос 5.000.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.
Хариуцагч Д.А нь нэхэмжлэгч Л.Б-д 5.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 6-11-р хуудас/
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5691 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Д.А нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж, 17 дугаар байрны 18 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Я.Э-гийн нэхэмжлэлтэй Д.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ./хх-ийн 15-16-р хуудас/
Я.Э нь хариуцагч Д.А-ын оршин суух хаягийг тогтоолгохоор Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжд 70.200 төгрөгийг төлж, түүнийг эрэн сурвалжлах тухай 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаартай шийдвэр гарчээ./хх-ийн 6-8-р хуудас/
Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс түүнийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг тогтоолгохдоо нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч Д.А гэжээ. /хх-ийн 1-р хуудас/
Хариуцагч Д.А-ыг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжилж түүний оршин сууж байгаа хаягыг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Эмон хотхоны 13 дугаар байрны 51 тоот гэж тогтоосон байна. /хх-ийн 6-8-р хуудас/
Цагдаагийн ерөнхий газрын Эрэн сурвалжлах хэлтсийн олж тогтоосон дээрх хаягаар Д.А-ыг шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд “уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй” гэсэн тус хорооны засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн тул шүүх түүнийг эрэн сурвалжилж тогтоосон хаягаас албадан ирүүлэх захирамжийг гаргаж түүнийг шүүхэд албадан ирүүлжээ./хх-ийн 18,19-р хуудас/
Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16251 дугаартай шүүгчийн захирамжаар Д.А-ыг албадан ирүүлж нэхэмжлэлийн хувийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаруулан өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хариу тайлбар ирүүлэх үүрэгтэй болохыг, мөн хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгчээ./хх-ийн 21,22-р хуудас/
Хариуцагч Д.А-д түүний эрх, үүргийг тайлбарлан өгсөөр байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлээгүй болно.
Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасны дагуу хариуцагч Д.А-ыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэжээ.
Хариуцагч Д.А-д 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 17.00 цагт болох шүүх хуралдааны товыг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр буюу түүнийг шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө мэдэгдэж шүүх хуралдааны тов дээр гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-тзаасныг баримтлан Д.А-оос 5.070.200 /таван сая далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Л.Б-д олгоугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96073 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй тал болох хариуцагчид шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО