Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/463

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Баттулга,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Н-ын Цт холбогдох 1808023690609 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Н-ын Ц /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Н.Ц нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн өглөө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ...-2 хорооллын ... дүгээр байрны гадаа хохирогч Р.Нийг “миний автомашины антиныг алдсан байна” гэх шалтгааны улмаас цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй, хохирогчид учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулснаа хүлээн зөвшөөрч байна, гэм буруу дээр маргахгүй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч Р.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 04-ний өглөө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ...-2 хорооллын ... дүгээр байрны гадна ажил үүргээ гүйцэтгэж манаачаар ажиллаж байтал тэр байранд амьдардаг залуу согтуу орж ирээд “машины антенна хаана байна, өгөөдөх” гээд зандарч гараад ир гэхээр нь очиход үгийн зөрүүгүй намайг элэгдэж, цээж, шанаа, толгой руу гараараа цохисон. Тэнд байсан хүмүүс болиоч ээ настай хүн зодоод гэж хэлсэн. ...Цагдаа ирээд тэр залууг авч явсан. Миний автомашины антенныг алдсан байна, чи хариуцахгүй бол хэн харах юм гэж хэлээд ....цохиж зодсон. Одоо миний бие зүгээр болсон. Ц гэх залуу эмнэлэгт үзүүлээд эмчилгээний зардал мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7х/

2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5787 дүгнэлтэд: “...Р.Нийн биед баруун шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 19х/

3. Н.Цын эрүүлжүүлэгдсэн тухай бүртгэл /хх-ийн 24-25х/

4. Шүүгдэгч Н.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 04-ний өглөө гэрээсээ гарч яваад үүдний харуултай тааралдаад өмнө намайг Булган яваад ирэхэд миний машины антенна алга болсон байсан. дараа нь Дархан яваад ирэхэд урд гупер мөргөчихсөн байсан. Тэр болсон зүйлүүдийг харуулд хэлтэл “би тэгчихсэн юм уу, согтуу чамтай юу ярьдаг юм, надад ямар хамаатай юм бэ” гээд маргалдсан. Тэгээд зууралдаад түлхсэн чинь л уначихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-20х/

5.  Шүүгдэгч Н.Цын хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28х/

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 29х/

“Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 33-42х/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 31х/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Ц нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн өглөө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ...-2 хорооллын ... дүгээр байрны гадаа хохирогч Р.Нийг “миний автомашины антинныг алдсан байна” гэх шалтгааны улмаас цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

Хохирогч Р.Нийн: “...2018 оны 05 дугаар сарын 04-ний өглөө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ...-2 хорооллын ... дүгээр байрны гадна ажил үүргээ гүйцэтгэж манаачаар ажиллаж байтал тэр байранд амьдардаг залуу согтуу орж ирээд “машины антенна хаана байна, өгөөдөх” гээд зандарч гараад ир гэхээр нь очиход үгийн зөрүүгүй намайг элэгдэж, цээж, шанаа, толгой руу гараараа цохисон. Миний автомашины антенныг алдсан байна, чи хариуцахгүй бол хэн харах юм гэж хэлээд ....цохиж зодсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5787 дүгнэлтэд: “...Р.Нийн биед баруун шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 19х/

Н.Цын эрүүлжүүлэгдсэн тухай бүртгэл /хх-ийн 24-25х/

Шүүгдэгч Н.Цын: “...2018 оны 05 дугаар сарын 04-ний өглөө гэрээсээ гарч яваад үүдний харуултай тааралдаад маргалдаж зууралцаад түлхсэн чинь л тэр уначихсан. Хохирогчид учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулснаа хүлээн зөвшөөрч байна, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-20х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

Дээрх байдлаас үзвэл, Н.Ц нь согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсний улмаас иргэн Р.Нтой маргалдаж улмаар түүний нүүр, толгой хэсэг рүү цохиж Р.Нийн биед хөнгөн гэмтэл учирсан үйл баримт нь дээрх шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн өөрийнхөө үйлдлийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, шүүгдэгч Н.Цын уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг тус зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэл болно. 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Н.Цын шүүхийн хэлэлцүүлэгт “...миний зүгээс хохирогчийг эмнэлгээр явж шинжилгээ, эмчилгээ хийлгэхэд нь зориулж 36000+270,000+469,600=775,600 төгрөгийг зарцуулж, бэлнээр 350.000 төгрөгийг,  нийт 1,125,600 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг нь  шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 3 хуудас баримт, хохирогчийн  мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 6-7х/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 48х/ зэргээр тогтоогдсон, цаашид “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Ц нь прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаврыг ойлгосон гэх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

II.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Ц нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргаж ирүүлсэн бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тогтоогдох тул түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Цын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлүийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Н-ын Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цт оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ