Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2020/0703

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 29 өдөр           Дугаар 128/ШШ2020/0703         Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Гомдол гаргагч: “МТВ” ХХК,

Хариуцагч: ОӨГХУБ О.А,

Гомдлын шаардлага: “ОӨГХУБ О.А-ын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн өмгөөлөгч Р.М,  хариуцагч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулав. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. гомдол гаргагчийн өмгөөлөгч Р.М нь шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэлдээ: “...2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ОӨГХУБ О.А нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.3-т заасан бүтээлийг нийтэд түгээх зохиогчийн онцгой эрхийг “МТВ” ХХК зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. “БН” уран сайхны киног М телевизээр гаргах хүсэлтийг ГБХЗХГ-ын ажилтан н.Э, н.М-У, н.Г-О нар М телевизийн захирал н.Мч рүү удаа дараа ярьж биечлэн очиж хүссэн байдаг. Уг хүсэлтийн дагуу “БН” уран сайхны киног олон нийтэд түгээсэн. Тодорхой хугацааны дараа “БН” уран сайхны киноны зохиогчийн эрхийг эзэмшдэг эрх бүхий байгууллага болох “ЦЗ” ХХК-ийн захирлаас гомдол гаргаж уг гомдлын дагуу ОӨГХУБ О.А зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. О.А нь хяналт шалгалт хийх явцдаа тодорхой нотлох баримтуудыг бүрдүүлсэн боловч бодит нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадаагүй байдаг. О.А нь ГБХЗХГ руу албан бичиг явуулаад тус  бичгийн хариу болгож тухайн байгууллагын дарга н.Э-А 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01/429 дугаартай албан бичгийг ирүүлж, уг албан бичигт үндэслэн шийтгэл ногдуулсан байдаг. Тухайн албан бичигт “уг киног олон нийтэд түгээх асуудлаар М телевизтэй хамтарч ажиллаагүй” гэсэн агуулгатай хариуг ирүүлсэн байдаг. “БН” уран сайхны киног “МТВ” ХХК-д хуулбарлаж өгөөгүй гэх боловч бодит байдал дээр тухайн байгууллагын ажилтнууд “МТВ” ХХК-ийн захиралд удаа дараа хүсэлт тавьж байгаад хард дискэнд хуулбарлаж аваачиж өгсөн гэдэг нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа. Мөн “ЦЗ” ХХК-ийн төлөөлөгч н.У гэх хүнийг холбогдогчоор асуусан байдаг. 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу нийтэд үнэ төлбөргүйгээр үзүүлэхээр “БН” уран сайхны киног хүргүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед ямар нэгэн гэрээ хийлгүйгээр амаар хэлцэл хийгээд өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд огт зохиогчийн зөвшөөрөлгүй биш зөвшөөрлөө өгөөд нийтэд түгээсэн гэдэг нь харагдаж байна. Хариуцагчаас М телевизээр анхны гаргасантай нь бид маргаагүй сүүлд гаргасан гэдэг дээр бид хариуцлага тооцож байгаа гэсэн тайлбар өгдөг. Энэ тохиолдолд зөрчлийн хэрэг биш харин гэрээний асуудал яригдана гэж үзэж байна. Нэг удаа гаргах зүйлийг хоёр удаа гаргасан гэдэг асуудал яригдах ёстой. ...Эфирээр цацах, хамтран ажиллаж, гэрээ байгуулахдаа зохиогч буюу “ЦЗ” ХХК нь ГБХЗХГтай хийх ёстой.  “ЦЗ” ХХК, ГБХЗХГ хоёр нь гэрээ байгуулахдаа хэн нь зохиогчийн эрхийг нь авах талаараа тохирсон байх ёстой. Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “захиалгаар бүтээл туурвисан бол бүтээлийг ашиглах онцгой эрхийг гэрээнд заасан этгээд эдэлнэ” гэж заасан байдаг. Улсын байгууллагаас тендер зарлаж бүтээл хийлгэсэн байхад тухайн бүтээлийн эзэн нь улс байх ёстой. Гэхдээ гэрээндээ өөрөөр заасан байж болно. Зохиогч болон төрийн байгууллагын хоорондын хамтын ажиллагааны үр дүнд тухайн бүтээлийг ашиг ололгүйгээр эфирээр цацсан байгууллага буруудах ёсгүй.  “БН” уран сайхны киноны веб сайтад кино М телевизээр гаргана гэдэг хуваарь тавигдсан байдаг. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 23 дугаар зүйлд бүтээл ашиглах онцгой эрхээ бусдад шилжүүлэх тухай заасан байдаг. Уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д гэрээний үндсэн дээр шилжүүлж болно гэж заасан бол 23 дугаар зүйлийн 23.2.2-т хугацаа, хамаарах нутаг дэвсгэрийн хүрээг заасан байдаг. Мөн маргаан гарвал маргааныг яаж шийдвэрлэх тухай энэ хуульд заасан байдаг. Гэтэл О.А нь асуудлыг сайн судлаагүй байж эрх бүхий байгууллагын хүсэлтээр эфирээр цацсан үйлдлийг шууд буруутгаж болохгүй. Гэрээ байгуулах үүрэг нь хуульд зааснаар зохиогчийн эрхийг эзэмшиж байгаа этгээдэд байдаг. “МТВ” ХХК-ийн захирал гэрээгээ авч ир гэдгийг нь сануулж байсан....” гэв.

            Хоёр. Хариуцагч О.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “МТВ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлд заасны дагуу 5.000.000 сая төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас ногдуулсан. Үндэслэл нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ерөнхий сайдын санаачилгаар хүүхдийн баяраар хүүхдүүдэд бэлэг барих зорилгоор улс орон даяар телевизүүдээр  нэг удаа үнэ төлбөргүй цацаг эрх олгосон. Тухайн үедээ зарим нэг газруудтай гэрээ хийсэн. Цаг нь тулсан байсан учир зарим телевизүүдтэй гэрээ хийлгүй амаар хэлцэл хийгээд тараасан байдаг. Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газрын зарим ажилчдын буруутай үйлдэл байсан гэдгийг үгүйсгэхгүй. Би ажлаа дутуу хийсэн гэвэл тухайн үед н.М-У дээр давхар арга хэмжээ авах ёстой байсан. Өөрөөр хэлбэл н.М-У “МТВ” ХХК-д “БН” уран сайхны киноны бичлэгийг аваачиж өгсөн гээд хариуцлага хүлээсэн ч “МТВ” ХХК нь хариуцлагаас мултрах үндэслэл болохгүй. Тухайн үед н.Э фэйсбүүкээр бичсэн чатад “МТВ” ХХК-ийн захирал н.М нь гэрээг заавал авч ирээрэй гэсэн байдаг. н.М оюуны өмчийн эрхтэй холбоотой гэдгийг  мэдэж байсан. Нэг удаа гарга гэж өгсөн бичлэгийг эфирээр хоёр дахь удаагаа  цацсан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. “МТВ” ХХК-ийн захирал зөрчлийн хэргийн мэдүүлэг өгөхдөө манай телевизээр энэ киног огт гаргаагүй гэсэн. н.Мч нь зөрчил гэдгийг мэдээд нууж байсан гэж ойлгосон. Аливаа бүтээлийг ашиглахдаа эзэмшигчээс нь зохиогчийн эрхийн зөвшөөрлийг авах ёстой байдаг. Тухайн үед гэрээ хийлгүйгээр нэг удаа эфирээр гарга гэдгийг нь хэлээд “БН” уран сайны киноны бичлэгийг тараасан гэдэг. Гэхдээ дахин эфирт цацахдаа мэдэгдэх ёстой байсан гэж үзэж байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэрээ байгуулаагүй гэсэн утгатай албан бичиг ирсэн, харин “БН” уран сайхны киноны бичлэгийг аваачиж өгөөгүй гэх албан бичиг ирээгүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч гомдлыг шаардлагаа “ОӨГХУБ О.А 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, гомдлын шаардлагыг дараах байдлаар дүгнэж шийдвэрлэв.

ОӨГХХХУБ О.А нь “МТВ” ХХК-ийг “БН” уран сайхны киног эрх эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан байж болзошгүй гэх зөрчилд холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсаар эрх “эзэмшигчийн зөвшөөрөлгүй “БН” уран сайхны киног нийтэд түгээсэн болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон” гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулжээ.

Гомдол гаргагчаас “БН” уран сайхны киног эрх бүхий байгууллагын хүсэлтээр анх эфирээр цацсан бөгөөд нэг удаа л гаргах ёстой гэж бидэнд мэдэгдээгүй гэж, хариуцагчаас өмнө нь эфирээр гаргасантай маргаагүй, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цаг 00 минутад тус киног эфирээр гаргахдаа өмчлөгчийн зөвшөөрөл аваагүй байсан гэж маргажээ.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ”, 12.2-т “Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараах үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна:”, 12.2.3-д “бүтээлийг нийтэд түгээх” гэж заажээ.

Дээрх хуулийн заалтын дагуу зохиогч нь өөрийн бүтээлийг ашиглах онцгой эрхийнхээ хүрээнд уг бүтээлээ нийтэд түгээх эрхтэй бөгөөд “БН” уран сайхны киног өмчлөгч нь “ЦЗ” ХХК болох нь хэрэгт авагдсан 10782 дугаар бүхий зохиогчийн эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Гомдол гаргагчаас “...“БН” уран сайхны киног М телевизээр гаргах хүсэлтийг ГБХЗХГ-ын ажилтан н.Э, н.М-У, н.Г-О нар М телевизийн захирал н.Мч рүү удаа дараа ярьж биечлэн очиж хүссэн байдаг. Уг хүсэлтийн дагуу “БН” уран сайхны киног олон нийтэд түгээсэн...” гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурджээ. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ГБХЗХГ-ын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01/429 дүгээр албан бичгээр гомдол гаргагчид “БН” уран сайхны киног олон нийтэд түгээх зөвшөөрөл өгөөгүй гэж тайлбарлах боловч тус газрын мэргэжилтэн Б.М-ын гэрчийн тайлбараар гомдол гаргагч “МТВ” ХХК-д уг киног хуулбарлан өгч, эфирээр цацах эрх олгосон гэж үзэх үндэслэлтэй байна.  

Тодруулбал, ГБХЗХГ-ын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01/429 дүгээр албан бичигт “...2018 онд хүүхэд, өсвөр үеийнхнийг соён гэгээрүүлэх, нийгмийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилготой уран сайхны кино бүтээх тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж, шалгарсан “ЦЗ” ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажилласан. Манай байгууллага нь “ЦЗ” ХХК-ийн бүтээсэн “БН” уран сайхны киног “МТВ” ХХК, М телевизэд хуулбарлан өгөөгүй бөгөөд 2019 оны 6 дугаар сард тус телевиз эфирээр цацах гэрээ байгуулж, хамтран ажиллаагүй...” гэсэн атлаа тус газрын олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.М-ын “...удирдлагын зүгээс 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүүхдийн  баярыг тохиолдуулан улс орон даяар “БН” уран сайхны киног телевизээр гаргах шийдвэр гарсан, ... “БН” киног хард дискэнд хуулан өөрийн биеэр “МТВ” ХХК-д аваачиж өгсөн...” гэснээс үзвэл “БН” уран сайхны киног эфирээр цацах гэрээ байгуулаагүй ч эфирээр гаргахаар тохиролцсон гэж үзэхээр байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж заажээ.

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2018 онд хүүхэд, өсвөр үеийнхнийг соён гэгээрүүлэх, нийгмийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилготой уран сайхны кино бүтээх тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж, шалгарсан “ЦЗ” ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажилласан гэх боловч энэ талаар баримт зөрчлийн хэрэгт авагдаагүй, тус бүтээлийн өмчлөгч “ЦЗ” ХХК болон ГБХЗХГ-ын хооронд ямар гэрээ байгуулагдсан болох, эфирээр гаргах зөвшөөрлийг “ЦЗ” ХХК эсхүл ГБХЗХГ-ын хэн нь өгөхөөр тохиролцсон талаар тодорхойгүй, ямар үндэслэлээр ГБХЗХГ-ын удирдлагын зүгээс 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүүхдийн баярыг тохиолдуулан улс орон даяар “БН” уран сайхны киног телевизээр гаргах шийдвэр гарсан эсэх, ийнхүү шийдвэрлэхдээ тус киног хэдэн удаа гаргахаа тохирсон эсэх талаар хариуцагч тодруулах ажиллагаа хийгээгүй, уг бүтээлийг дахин гаргахын тулд “ЦЗ” ХХК эсхүл ГБХЗХГ-ын аль нэгнээс зөвшөөрөл авах эсэх талаар баримтыг цуглуулалгүйгээр “МТВ” ХХК-д 5,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан байх тул хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад баримтуудыг шүүхээс нөхөн шалган тогтоох боломжгүй байх тул энэхүү ажиллагааг эрх бүхий байгууллага албан тушаалтнаар гүйцэтгүүлж, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол дээрх шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан ОӨГХУБ О.А 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон нэг сарын хугацаанд захиргааны байгууллага албан тушаалтнаас дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ