Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2014/0205

 

Д.Э-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, нэхэмжпэгчийн өмгөөлөгч Н.Н баяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Н.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 85 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Э-гийн нэхэмжпэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 345 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 752 дугаар захирамжийн С.Д-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эгаас тус дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай хүсэлт өгсөн өдөр нь иргэн С.Д-т дээрх газрын эзэмших эрх олгогдсон байна. Нэхэмжпэгч Д.Э-д 2012 оны А/135 захирамжаар газар эзэмшүүлсэн нь байршлын хувьд иргэн Б.Б-гийн, хаяг бүртгэлийн хувьд иргэн Г.Б-ын өмчилж байгаа газартай тус тус давхардуулан хууль зөрчиж газар олгосон байж болзошгүй байна. Иймд Д.Э-гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын иргэн С.Д-т газар өмчлүүлсэн 2011 оны 752 дугаар захирамж нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 345 тоот захирамжин дээр үндэслэж хууль ёсны дагуу гарсан гэжээ.

Гуравдагч этгээд С.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 10 гаруй жил амьдарсан хашаанаасаа зүүн урагш нүүсэн бөгөөд манай газрын зүүн талд Улаанаа гэж хэн амьдарч байсан. Манай хашаа Улаанаагийн хашаатай огт хамаагүй, Э гэж ямар хүн байдгийг мэдэхгүй, нэхэмжлэл гаргаж байгаа учрыг нь сайн ойлгохгүй байна. Би 2012 оны уг хашааны газраа Баясгалан гэж хүнд 40 сая төгрөгөөр зарсан. Би өөрөө хөөцөлдөж газраа олж авсан гэжээ.

Гуравдагч этгээд Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүхэд тайлбартаа: Нийслэлийн Засаг даргаас гарсан өмчлөх эрхийн гэрчилгээ нэгж талбарын дугаарт үндэслэж гарсан. 760 айлын хамтатгаж гарсан захирамж дээр иргэн Д.Э-гийн нэгж талбарын дугаар байхгүй байгаа тул эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Энэ эзэмших эрхийн гэрчилгээ нь он дарааллын хувьд алдаатай байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Э.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан тайлбартаа: Хамтран өмчлүүлэх шалтгаан нь С.Д нь 12 жил амьдарч байхад газрын албаны дарга Энхманлай нь тухайн айлд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох төрийн албаны үүргээ гүйцэтгээгүй тул хамтран өмчлөхөд нэрээ бичүүлсэн гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “Ц.Д миний бие Д.Э-гийн Нийслэлийн болон Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн иргэн С.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжпэлийн шаардлагатай газрын маргаанд ямар ч хамааралгүй, Учир нь маргаж буй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 20-547Б тоот газрыг эзэмших эрх надад үүсээгүй харин иргэн С.Д-д хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэн гэж ойлгож байна гэжээ.

Гуравдагч этгээд Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүхэд гаргасан биө даасан шаардлагадаа: Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Б-д тус дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 20-547А тоотод орших 288 м.кв талбайн газрыг, 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/135 дугаар захирамжаар иргэн Д.Э-д давхцуулан олгосон байх тул 8 сарын дараа давхцуулан гаргасан А/135 дугаар захирамжийн иргэн Д.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Д гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э-д газар эзэмших эрх олгогдсон 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А135 тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байгаа. Шинжээчийн дүгнэлтээр газрын мэдээллийн санд авагдсан зураг, иргэн Д.Э-гийн “П” ХХК-аар хийлгэсэн кадастрын зураг давхцалтай байна гэсэн тул бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 345 тоот захирамжаар иргэн Б.Б-д биш иргэн С.Д-д газар эзэмшүүлсэн. С.Д өөрийн эзэмшиж байсан газраа 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн "Хэлцэл"-ээр иргэн Ц.Г-д 10.000.000 төгрөгөөр зарж, үндэслэлгүйгээр тухайн үед иргэн Б.П-ын эзэмшиж байсан, иргэн Д.Э-гийн одоо эзэмшиж байгаа газартай давхцуулан зураг хийлгэж хууль бусаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 14 дүгээр хороо, Консулын 20-547а тоотод орших 288 м.кв газрыг эзэмших эрхийг олж авсан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 23- ны өдрийн А/135 тоот захирамжийн иргэн Д.Э надад холбогдох хэсгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 85 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 32.4, 32.5, М Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3, 21 дүгээр зүйлийн зүйлд заасныг баримтлан Д.Э-гийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 345, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 752 дугаар захирамжуудын С.Д /Ц.Д, Э.Ц нарын хамт/-т эзэмшүүлж, өмчлүүлсэн 507 м.кв газрын Д.Э-гийн эзэмшиж буй газартай давхцсан 187 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон гуравдагч этгээд Б.Б-гийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэн Б.Б нь иргэн С.Д-ын өмчлөлийн газрыг хуульд заасан арга хэлбэрт нийцүүлэн хүчин төгөлдөр "Худалдах, худалдан авах гэрээ"-нд үндэслэн худалдаж авсан атал энэ гэрээний худалдагч талыг гуравдагч этгээдээр оролцуулсанд манай тал удаа дараа эсэргүүцэл илэрхийлсэн боловч үл ойшоосноор үл барам гуравдагч этгээд Э.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О гэх эмэгтэй хэрэгт огт хамааралгүй, нотлох боломжгүй үйлийг зориудаар ярьж үүнийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь харамсалтай.

Худалдах, худалдан авах гэрээ бүрэн биелэгдснээр талуудын эрх үүрэг үүсч өмчлөх эрх бүрэн шилждэг атал шүүх хуралд худалдагч тал буюу эрх үүрэг нь дуусгавар болсон этгээдийг оролцуулах аргаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд буюу хууль ёсны өмчлөгч Б.Б-гийн эрхийг доордуулахад хэрэглэсэн нь нэн гомдолтой байна.

1. Нэхэмжлэгч Э нь иргэн Б.Д-ийн хүү Улаанаагаас 2012 энэ хашааг худалдан авсан байх бөгөөд гэж заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад энэхүү худалдах, худалдан авах харилцаа баримтаар нотлогддоггүй бөгөөд өмчийн алив эрх үүсээгүй байхад худалдан авсан гэж тайлбарлаж байгаа нь угтаа хүчин төгөлдөр бус хэлцлийг хэв шинжийг илтгэж, улмаар өмчлөх эрх бүхий өмч л худалдах худалдан авах гэрээний зүйл мөн болохыг тогтоосон иргэний эрх зүйн нийтлэг зарчмыг зөрчиж үндэслэсэн нь хууль зөрчсөн алхам болсон юм.

Шүүхээс Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2-т 32.5-д заасныг тус тус зөрчсөн байна гэжээ.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3,-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг гэж нэрлэн заасаар атал шүүх нэгдмэл буюу хувийн эрх ашгаар нийлсэн хэсэг бүлэг хүмүүсийн аман тайлбар гэрчлэлийг Газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан хууль ёсны шийдвэрээс илүүд үзэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж иргэн Д.Э байсныг гэрчүүд нотолж, газрын даамал шилжүүлэх явцдаа давхцуулсан хэмээн муйхраар тайлбарласан нь хууль зүйн бус дүгнэлт болсон төдийгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 ба 32.5-д заасан зөрчил үүссэн болох нь хангалттай ямар баримтаар нотлогдсныг дурьдалгүй байна.

Иргэн С.Д-т газар өмчлүүлэхдээ гэр бүлийн гишүүн бус Ц.Д, Э.Ц нарт хамтруулан өмчлүүлсэн нь М Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.

Иргэн С.Д амины хэрэгцээндээ эзэмшиж авсан газраа хуульд нийцүүлэн өмчилсөн атал дундаа хамтаар өмчлөх эрхийг үл ойшоож шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэх зөрчил гаргасан байна.

Өмчлөх эрхийн суурь болсон эзэмших эрхийн гэрчилгээнд иргэн Ц.Д, иргэн Э.Ц нарын нэр анхнаасаа байсан бөгөөд ийнхүү эрхээ хамгаалахыг өөрөө хүссэн гэж иргэн С.О шүүхэд мэдүүлдэг билээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчлөхөд гэр бүлийн гишүүдээс гадна өөр хэн нэгэнтэй хамтран өмчлөхийг хориглосон заалт үгүй атал гэр бүлийн гишүүн бус этгээд хамтран өмчилсөн нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь шүүх хуулийг дур мэдэн буруугаар тайлбарласан алдаа болоод байна.

Шүүх иргэн С.Д-ын хүсэлт болгоогүй бусдын ашиглаж байсан газартай давхцуулан газар эзэмшүүлж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. 32 дугаар зүйлийн 32.2.2, 32.5 -ыг зөрчсөн гэж үзжээ.

С.Д хүсээгүй байхад газар эзэмшүүлээд, өмчлүүлээд явсан дүгнэлтээр шүүх дүгнэсэн нь нотлох баримтыг илтэд буруу үнэлж, мушгин тайлбарласан үйлдэл болоод байна. Иргэн С.Д нь бичиг үсгийн чадваргүйн улмаас өөрийгөө төлөөлүүлэн ТББ-аар дамжуулж хүсэлтээ халамжилж өмчлөн авсан газраа иргэн Б.Б-д зарж үр шимийг нь хүртсэн нь үйл баримтаар тогтоогдсоор атал ийн дүгнэсэн нь илтэд үнэнийг гуйвуулан дүгнэсэн үйлдэл болоод байгааг шүүх анхааран үзнэ үү.

Мөн "бусдын ашиглаж байсан газартай" гэж юуг хэлэхийг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4. "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгоно гэжээ. Д.Э-гийн газартай давхацсан гэж хүчээр тайлбарлахдаа, шүүхийн шийдвэрт хуулийн нэр томъёог ийм хариуцлагагүй хэрэглэж нөхцөл байдлыг буруугаар үнэлсэнд нэн гомдолтой байна.

3. Нэхэмжлэгч Д.Э 2006 оноос хойш амьдарсан Б.Д-ээс шилжүүлэн аваад амьдарч байгаа хашааны газраа эзэмших хүсэлтийг БЗД-ийн Газрын албанд 2011 оны 08 дугаар сарын 17 ны өдөр гаргасныг Өргөдөл гомдлын шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн Ж.Э хүлээн авсан тухай тодорхойлолт өгсөн байх боловч зохих журмын дагуу бүртгэн авч шийдвэрлэлгүй..." гэсэн байна.

Нэхэмжпэгчийн зүгээс 2011 оны 8 дугаар сарын 17 ны өдөр газрын албанд хандсан гэх боловч хариуцагч байгууллагын зүгээс энэхүү баримт нь архивт байхгүй болохыг тодорхойлсоор атал шүүх иргэн Л.Э нь "2006 оноос хойш амьдарсан Б.Д-ээс шилжүүлэн аваад амьдарч байгаа хашааны газраа эзэмших хүсэлтийг БЗД-ийн Газрын албанд 2011 оны 08 дугаар сарын 17 ны өдөр гаргасан" гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлэн үзэх алдааг гаргасан байна. Тухайн үед гаргасан гэх энэ хүсэлт нь чухамдаа яг энэ маргаан бүхий газарт холбоотой эсэх нь хөдөлбөргүй тогтоогдоогүй байхад шүүх ийн дүгнэсэн нь харамсалтай. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18 ны өдрийн 85 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

1. Нэхэмжпэгч Д.Э нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 345 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 752 дугаар захирамжийн С.Д-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжпэл гаргажээ.

Дээрх захирамжуудаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 20 дугаар гудамж 5476 тоот хашааны 507 мкв газрыг С.Д-т эзэмшүүлж, улмаар өмчлүүлсэн шийдвэр гаргасан байна.

Б.Д-ийн хойд талд С.Д нар нь 2006 оноос хойш хөрш залгаа тус тусдаа 547а, 5476 тоотод амьдарч байсан бөгөөд хоорондоо газрын маргаангүй байсан нь гэрч Б.Д, гэрч хэсгийн ахлагч н.Д нарын мэдүүлэг, гуравдагч этгээд С.Д-ын тайлбараар тогтоогдож байна.

Харин С.Д-ын амьдарч байсан газар нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 342 дугаар захирамжаар эзэмшиж байсан Ц.Г-ын газартай давхцаж маргаан гарсны улмаас газрын байршлыг өөрчилж, зүүн урагшаа шилжин, шинээр байрласан газраа эзэмшихээр дүүргийн Газрын албанд хүсэлт гаргажээ.

Улмаар Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Газрын албанаас С.Д-ын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 32.5-д заасны дагуу хүсэлт болгож буй газар нь бусдын газартай давхцсан эсэх, газрын хэмжээ байршлыг харуулсан тойм зураг байгаа эсэхийг нягтлан шалгалгүйгээр, бүрдүүлбэр дутуу баримтыг үндэслэн бусдын амьдарч байсан газартай давхцуулан газар олгосон нь хууль бус болжээ.

Өөрөөр хэлбэл, С.Д нь газар эзэмших хүсэлт гаргахдаа эзэмших газрын байршлыг харуулсан тойм зургийг хавсаргаагүйн улмаас түүнд Дүүргийн Засаг даргын маргаан бүхий захирамжаар 507 мкв газрыг эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч Д.Э-гийн Б.Д-ээс шилжүүлэн авсан газартай 187 мкв газрыг давхцуулан олгосон болох нь шинжээчийн дүгнэлт, газрын мэдээллийн сангийн кадастрын зураг, маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 345 дугаар захирамжийн дагуу гарсан газар эзэмших эрхийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 752 дугаар захирамжаар С.Д, Ц.Д, Э.Ц нарт дээрх маргаан бүхий газрын өмчлүүлжээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 “гэр бүлийн гишүүн бүрийн ОВОГ, ЭЦЭГ /ЭХ/-ИЙН нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 20.2.” Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн бүр гарын үсэг зурсан байна”, 20.3.1 ”гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний хуулбар”, 20.3.2. гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт” -ыг хавсаргахаар заажээ.

Гэтэл С.Д-ын хамт маргаан бүхий газрыг өмчлөн авсан Ц.Д болон Э.Ц нар нь түүний гэр бүлийн гишүүн биш байхад газрыг хамтран өмчлүүлсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 345 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 752 дугаар захирамжаар С.Д-т өмчлүүлсэн газраас нэхэмжлэгч Д.Э-гийн газартай 187 мкв хэмжээгээр давхцсан хэсгийг хүчингүй болгож, давхцаагүй хэсгийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

1. Гуравдагч этгээд Б.Б-гаас Баянзүрх дүүргийн Засагдаргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/135 дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргажээ.

Д.Э тухайн газарт 2006 оноос хойш амьдарч байсан Б.Д-ийн газрыг шилжүүлэн авч, уг газраа эзэмших хүсэлтээ 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гаргаж, Дүүргийн Засаг даргын 2012 оны А/135 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 20 дугаар гудамж 547 тоот хашааны 282 мкв газрыг эзэмшсэн байна.

Харин Б.Б нь С.Д-ын өмчлөх эрх бүхий 507 мкв газрыг худалдаж авсны үндсэн дээрх өмчлөх эрхтэй болсон байх ба, Д.Э-гийн одоо амьдарч буй эзэмших эрх бүхий газарт 2006 оноос хойш Б.Д амьдарч байсан, С.Д-ын газартай давхцаагүй, тусдаа байсан болох нь дээр дурдсан баримтаар тогтоогдсон тул түүний бие даасан шаардлагын дагуу Д.Э-гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныгтус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 85 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧИД:                                                   Ц.ЦОГТ

                                                                        Э.ХАЛИУНБАЯР

                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ