Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0448

 

Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Баянмөнх, А.Амарбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амартөгс, хариуцагчийн өмгөөлөгч Б.Болдбаатар, гуравдагч этгээд С.Цэрэнбаяр нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 154 дүгээр зүйлийн 154.3.3, 157 дугаар зүйлийн 157.2.5, 157.9, 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Өмнөговь аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын хорооноос нэр дэвшүүлсэн С.Цэрэнбаярыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Номгон сумын 8 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн сонгуулийн хороо давж заалдах гомдолдоо: “Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг дор дурьдсан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1.  Аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар: Монгол ардын намаас нэр дэвшигчдийн баримт бичгийг нягтлан шалгасан. Монгол ардын намаас нэр дэвшүүлэхээр баримт бичиг ирүүлсэн С.Цэрэнбаяр нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ "Содномгон" ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг гэж тусгасан байсан. Гэвч тус компанийн албан татварын өрийн тодорхойлолтыг ирүүлээгүй байсан.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.3 дахь хэсэгт инэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмщдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй" гэсэн байх ба уг заалт нь заавал эрх бүхий байгууллагын албан тодорхойлолтоор нотлогддог заалт байх тул нэр дэвшигч энэ заалтыг хангаагүй мөн Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5 дахь хэсэгт заасан өр төлбөргүй болох тухай мэдүүлэгт 51 ба түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшдэг компаний нэрийг бичиж өртөй эсэх талаар дурьдаагүй нь сонгуулийн тухай хуулийг зөрчсөн байна.

Дээрх асуудлыг аймгийн Сонгуулийн хорооны хуралдаанаар авч хэлэлцээд С.Цэрэнбаяр нь "Содномгон" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг боловч тухайн компанийхаа албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй болохыг нотлох албан татварын тодорхойлолтыг ирүүлээгүй нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэж үзэж Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн Ерөнхий хорооноос ирүүлсэн 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 200 тоот зөвлөмжийг үндэслэн олонхийн саналаар С.Цэрэнбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тогтоол гаргасан ба дээрх үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.

2.   Хариуцагчийн зүгээс Өмнөговь аймгийн  Монгол Ардын намын хороог нэр дэвшүүлэх этгээд биш гэж огт маргаагүй. Гагцхүү Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, санал авах
өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй. гэж заасан бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д "нэхэмжлэл" гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус аюын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхэд иргэн, хуулийн этгээд оролцох эрхтэй” гэсэн хуулийн шаардлагыг нэхэмжпэл гаргасан Монгол Ардын намын Өмнөговь аймаг дахь салбар болох Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороо хангаж буй дээр маргасан болно.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Монгол Ардын намын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний бичилтэд намын даргаар Миеэгомбын Энхболдыг бүртгэсэн байх бөгөөд Монгол Алдын намын дүрмийн Аймаг, нийслэлийн намын хороо, түүний эрх, үүрэг гэсэн 14 дүгээр хэсэпг аймгийн намын хороонд шүүх, арбитрт нэхэмжлэл гаргах эрх олгосон зохицуулалт байхгүй байна.

Тиймээс хариуцагч болон түүнийн өмгөөлөгч нэгэнт намын дүрэмдээ шүүхэд нэхэмжлэл гаргах асуудлыг аймгийн Намын хороонд тусгайлан зааж эрх олгоогүй, Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороо нь Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар салбар гэсэн ухагдахуунд хамаарч байхын хувьд Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Салбар, төлөөлөпнийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна”, 29.6-д “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэсэн зохицуулалтыг үндэслэн Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороог захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд Монгол Ардын намын дарга Миеэгомбын Энхболдоос тусгайлан итгэмжпэл авах ёстой гэж маргасан юм. Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.3-д “нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй” гэж нэр дэвшигчид тавигдах тус хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна хангасан байх учиртай шаардлагыг, 157 дугаар зүйлийн 157.2-т “Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ” гэж нэр дэвшигчийн баримтыг сонгуулийн хороонд хүргүүлсэн байх хугацааны хязгаар, хэрхэн хүргүүлэх журмыг, 157.2.5-д “энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг” гэж нэр дэвшигчийн сонгуулийн хороонд хүргүүлэх баримтыг, 157.6-д “Шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна”, 157.7-д “Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгана” гэж нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотой сонгуулийн хорооны бүрэн эрхийг, 158 дугаар зүйлийн 158.1.3-д “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу...бол” гэж сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлийг тус тус зааж зохицуулжээ.  

Хуулийн дээрх зүйл, заалтуудаас үзвэл сонгуульд нэр дэвшигч нь бүртгүүлэхдээ хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна хэрэв аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх нотлох баримтыг бүрдүүлж өгөхийг шаардсан байна. Харин Сонгуулийн хороонд нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгахыг үүрэг болгосны зэрэгцээ шаардлагатай тохиолдолд нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах боломжтой байхаар зааснаас үзвэл хэрэв нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангаагүй нь баттай тогтоогдсон тохиолдолд сонгуулийн хороо түүнийг бүртгэхээс татгалзахаар байна.

Энэхүү маргааны тохиолдолд хэрэв нэр дэвшигч С.Цэрэнбаярын хувьцааг нь эзэмшдэг “Содномгон ХХК” албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй байсан болох нь тогтоогдсон тохиолдолд хариуцагч Өмнөговь аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.3-д заасныг үндэслэн түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах байжээ. 

Хавтаст хэрэгт авагдсан тус аймгийн Монгол Ардын намын хорооны 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгүүлэх тухай” 60 дугаар албан бичиг[1], Нэр дэвшигч С.Цэрэнбаярыг нэр дэвшүүлсэн тухай шийдвэр, нэр дэвшигчдийн жагсаалт, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл[2], нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг /сүүлийн бүтэн нэг жилийн/[3], өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг[4], нэр дэвшигчийн намтар[5] зэрэг баримт бичгүүдээс үзвэл тус аймгийн Монгол Ардын намын хороо нэр дэвшигч С.Цэрэнбаярыг нэр дэвшигчээр бүртгүүлэх баримтыг хуульд заасан хугацаанд тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн нэр дэвшигч С.Цэрэнбаяр нь өөрийн намтартаа “Содномгон” ХХК-ийн зөвлөхөөр ажилладаг болохоо дурдаж, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийн “компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт” гэх хэсэгт “Содномгон” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг болохоо мэдүүлсэн байна.

Харин Өмнөговь аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр “...”Содномгон ХХК” хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх талаар тодруулга хүсч” тус аймгийн Татварын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид хандсан, тус аймгийн Татварын газрын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/356 дугаар албан бичгээр “Содномгон” ХХК-ийг татварын өр төлбөргүй болох тухай тодорхойлолтыг тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, татвар төлөгчийн карт, татвар төлөгчийн бүртгэлийн өөрчлөлтийн байдлын лавлагааны хамт хүргүүлсэн байна.

Гэтэл хариуцагч аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.3 /нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй/-д заасныг үндэслэн “хуульд заасан шаардлага хангаагүй, баримт бичиг дутуу ирүүлсэн...” гэж үзэж нэр дэвшигч С.Цэрэнбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцээгүй, Сонгуулийн тухай хуулийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах “хууль дээдлэх шударга ёсыг сахих” үндсэн зарчимд нийцээгүй байна.  

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж тус тус заажээ.

Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороо нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг бүрдүүлэх орон нутгийн сонгуульд намыг төлөөлж оролцогчийн хувьд тус сонгуульд намаас нэр дэвшигч нь хасагдсан тохиолдолд тухайн тойрогт намаасаа нэр дэвшигчийг сонгуульд өрсөлдүүлэх боломжгүй болж, улмаар тухайн нэр дэвшигчээр дамжуулан орон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэлдэхүүнд сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж өөрийн намаас дэвшүүлсэн нэр дэвшигч С.Цэрэнбаярыг нэр дэвшигчийн бүртгэлээс хассан Сонгуулийн хорооны шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэгэнт намын дүрэмдээ шүүхэд нэхэмжлэл гаргах асуудлыг аймгийн намын хороонд тусгайлан зааж эрх олгоогүй, Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороог захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд Монгол Ардын намын дарга Миеэгомбын Энхболдоос тусгайлан итгэмжлэл авах ёстой” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ    

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ