Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-т холбогдох,

Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 2.844.525 төгрөг гаргуулах иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд  сумын ЗДТГ-тай 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 11.426.000 төгрөгийн гар утас, дугаарыг 10 сарын хугацаатай зээлээр худалдсан. Гэрээг Замын-Үүд сумын Засаг дарга Д.Д, ерөнхий нягтлан Б.Ч нар байгуулсан ба гэрээний дагуу төлөх төлбөрөөс 9.529.650 төгрөгийг төлж үлдэх 1.896.350 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-с тоот гэрээний үлдэгдэл төлбөр 1.896.350 төгрөгийг гэрээний 3.3-т заасан “... гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө”  гэж заасны дагуу алданги 948.175 төгрөг, нийт 2.844.525 төгрөгийг гаргуулж, хариуцагчийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас компанид учруулсан хохирлыг арилгаж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нь Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариу тайлбарыг гаргасан. Замын-Үүд сумын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Д нь Ж ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Уг гэрээний хувь хэсэг нь тамгын газрын архив болон санхүүгийн баримтад авагдаагүй байна. Гэрээ байгуулснаас хойш Самсунг А-3 гар утас 9 ширхэг, Самсунг Жи-5 гар утас 9 ширхэг, Хайсэнс Эл-6 маркийн гар утас 5 ширхэг гэх мэт гар утаснууд нь ЗДТГ-н өмчид огт тусгагдаж бүртгэгдээгүй болно. Улмаар ЗДТГ-с холбогдох данснаас Ж ХХК-нд ямар нэгэн зээлийн эргэн төлөлт хийгдэж байгаагүй бөгөөд уг гэрээтэй холбоотой асуудлыг цаашид Цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлтэй байна. ЗДТГ-н дарга нь Төрийн захиргааны албан тушаалтан бөгөөд байгууллагуудтай ЗДТГ-н нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулж, тухайн өмч нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн өмчийн эд хөрөнгийг төрийн өмчийн газарт бүртгэгдэх ёстой байсан. Гэтэл бүртгэгдээгүй байна. Гэрч нарын мэдүүлэг дээр зарим хүмүүс утас аваад төлбөрөө өгөөд дууссан байхад төлөөгүй гээд нэхээд байгаа нь ямар учиртай вэ? гэрч нарын мэдүүлгээр утасныхаа төлбөрийг төлсөн талаар баримтууд нь Ж ХХК-ийн ажилтанд хүртэл байхгүй. Манай байгууллага батлан даагчаар авсан байгаа.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.1 зүйлийн 2.1.2 дахь хэсэгт “Зээлээр худалдаж байгаа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг актаар хүлээлгэн өгөх”, 2.1.4 дэх хэсэгт “Бүтээгдэхүүнийг худалдан авагчид актаар хүлээлгэн өгсөн үеэс бүтээгдэхүүнийг хулгайд алдах, хадгалах, гадны халдлага, байгалийн үзэгдлээс болж үрэгдэх, ашиглалтын буруугаас үүссэн хохирлын хариуцлагыг хүлээхгүй” гэж заасан байна. Мөн МУ-ын Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно”, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заасан байна. “Ж” ХХК нь гэрээнд заасны дагуу зээлээр худалдаж буй бүтээгдэхүүнийг нөгөө тал сумын ЗДТГ-т актаар хүлээлгэн өгөөгүй, гэрээгээр хүлээсэн зохих үүргээ биелүүлээгүй нь шүүхэд мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, мөн Д.Д-ны үйлдэл нь хуулийн дагуу эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзлэлгүй нь байгуулсан гэрээгээ сумын ЗДТГ-ын албан хэрэг, архивын нэгжид хадгалаагүй, бүртгэлгүй, зээлээр худалдан авсан гар утаснууд нь байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд огт бүртгээгүйгээс харахад уг зээлийн гэрээ нь МУ-ын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасанчлан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-т холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 1896350 төгрөг, хугацаа хэтрүүлсэний алданги 948175 төгрөг 2.844.525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Ж ХХК, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-н хооронд гар утас, төхөөрөмж, цэнэглэгч карт, сунгалтын картыг зэргийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 09 сарын 15-ны өдөр байгуулсан болох нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ, зээлээр авсан бараа, материалын нэр, төрөл, тоо, үнийн жагсаалт, зээлээр авсан бараа, материалыг эргэн төлөх хуваарь,зээлээр авсан барааг хүлээлцсэн акт, зээл төлөх баталгаа, тооцоо нийлсэн баталгаа, гэрээний үлдэгдэл төлбөр зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М уг гар утас, тоног төхөөрөмжүүдийг манай багууллага худалдаж аваагүй, байгууллагын ажилчид авсан учир манай байгууллага гэрээний үүрэг 1896350 төгрөг, хугацаа хэтрүүлсэний алданги 948175 төгрөг, нийт 2844525 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа болно.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т “Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д “Худалдан авагч нь бүтээгдэхүүний үнийг хавсралт 2-т заасан хугацаанд хуваарийн дагуу худалдагчийн харилцагч банкны дансанд төлж байна. Хувиараас өмнө урьдчилан төлж болно”. 3.3-д ”худалдан авагч нь энэхүү гэрээнд заасан төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд  хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж харилцан тохиролцсон, талуудын хооронд 2017 оны 06 сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн баталгаагаар ЗДТГ нь гэрээний үлдэгдэл 2122750 төгрөгийг бэлнээр төлөхөө илэрхийлж гарын үсэг зурсан  зэрэг бичгийн нотлох баримтуудаар хариуцагч тал Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ нь энэ гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 1896350 төгрөг, хугацаа хэтрүүлсэний алданги 948175 төгрөг, нийт 2844525 төгрөгийг төлөх үндэслэлтэй байх бөгөөд энэ үүргээс чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч талаас анз буюу алдангийг гүйцэтгээгүй үүрэг болох 1896350 төгрөгөнд 50 хувиар тооцож 948175 төгрөг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч тал нь энэ гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 1896350 төгрөг, хугацаа хэтрүүлсэний алданги 948175 төгрөг, нийт 2844525 төгрөг буюу гэрээний үүргийг биелүүлсэний дараа гар утас, тоног төхөөрөмж авсан ЗДТГ-н ажилчдаас гэрээний төлбөрийг жич нэхэмжлэн авах эрхтэй байна.

 Зохигчдын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан хуулийн шаардлага хангасан, тухайн үед Замын-Үүд сумын ЗДТГ-н даргаар ажиллаж байсан Д.Д нь Замын-Үүд сумын ЗДТГ-г бүрэн төлөөлөн эрх эдэлж, үүрэг хүлээсэн, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн, гэрээний гол нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “тухайн үед Ж ХХК-тай зээлээр худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан Замын-Үүд сумын ЗДТГ-н даргаар ажиллаж байсан Д.Д-ны үйлдэл нь хуулийн дагуу эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзлэлгүй, байгуулсан гэрээгээ сумын ЗДТГ-ын албан хэрэг, архивын нэгжид хадгалаагүй, бүртгэлгүй, зээлээр худалдан авсан гар утаснууд нь байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд огт бүртгээгүйгээс харахад уг зээлийн гэрээ нь Монгол Улсын  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасанчлан “дүр үзүүлж хийсэн хэлцэл” гэж маргаж байгаа боловч энэ нь зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээний нөхцөлүүдээр няцаагдаж байгаа бөгөөд зохигчид нь гэрээг байгуулахдаа хоёр талын хүсэл, зоригоо бүрэн илэрхийлсэн, харилцан эрх эдэлж, үүрэг хүлээж, хуулийн шаардлага хангасан тул дүр үзүүлж хийсэн хэлцэл  гэж үзэх үндэслэлгүй байна.

ЗДТГ нь байгуулсан гэрээгээ албан хэрэг, архивын нэгжид хадгалах, бүртгүүлэх, худалдан авсан гар утаснуудыг байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх, эсэх нь байгууллагын өөрийн дотоод ажлын зохион байгуулалт, хариуцлага болохоос байгуулсан гэрээг дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлж хийсэн хэлцэл” гэдгийг тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хийсэн хэлцлийг ойлгодог бол зохигчдын хооронд байгуулагдсан зээлээр худалдах худалдан авах гэрээ нь тодорхой үр дүнд хүрсэн, өөрөөр хэлбэл зээлээр гар утас худалдан авах гэрээ байгуулан уг гэрээнд заасанчлан гар утсыг төлбөр төлөгч нь өөрийн өмчлөлдөө авсан байгаа нь уг хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд хариуцагч байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан тайлбаруудыг няцааж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийн 118.1-118.4-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-д зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-с гэрээний үүрэг 1896350 төгрөг, хугацаа хэтрүүлсэний алданги 948175 төгрөг, нийт 2.844.525 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  Ж ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 60462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-с 60462  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д  олгосугай.

3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх  журмаар албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Д.Ц