Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/466

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Баттулга,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт С-ын Мт холбогдох 1808020330566 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д төслийн менежер ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт С-ын М /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.М нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дугаар байрны ... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр Ц.Ныг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй, гэм буруутайгаа маргахгүй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч Ц.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхөр болох Мтай 2009 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 2011 онд дундаасаа 1 хүүхэдтэй болж, 2013 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд одоо манай хүүхэд 7 настай юм. ...Би “..” ХХК-д нягтлан бодогчийн ажил хийдэг бөгөөд манай ажил ерөнхийдөө үе, үе ажил их болох үеэр илүү цагаар сууж ажилладаг. ...Намайг оройтохоор манай нөхөр М нь уурлаж, харддаг юм. ...2018 оны 04 дүгээр сарын 17-ны орой ажлаа тараад хүүхдийнхээ хамтаар 20 цагийн орчим ...гэрт ирэхэд хүнгүй байсан. ...Би гэртээ ороод хувцсаа тайлаад сольж байтал хойноос манай нөхөр М нь согтуу архи уучихсан байдалтай орж ирсэн. ...М яахаараа байнга оройтдог юм бэ гээд хардаад хэл амаар доромжлоод ...хөлийн булчин руу өшиглөж, хана руу шахаж салаавчаа гаргаад долоо гээд байхаар нь би хүүхдийн хажууд битгий хүнтэй маргалдах гээд бай гэтэл хүүхдээ жижиг өрөөнд оруулаад буцаж ирээд надтай маргалдаад зодох гээд байхаар нь би шууд хаалгаа онгойлгож гэрээс зугтааж гартал яг гэрийн үүдэнд хойноос гарч ирээд ...миний зүүн нүдний орчим гараараа цохиод би тэр эрчиндээ толгойгоороо хана мөргөж миний зулай хэсэг хагарсан. ...М нь намайг ажлаасаа оройтож ирлээ гээд хардаад зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 х/

2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5079 дүгнэлтэд: “...Ц.Нын биед зулайд няцарсан шарх, тархи доргилт, зовхи, хамар, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэжээ. /хх-ийн 15 х/

3.Эвлэрлийн гэрээ /хх-ийн 71х/

4.Шүүгдэгч С.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 17-ны орой би гадуур явж байгаад найз Агийн хамтаар Их дэлгүүрийн ойролцоо байдаг пабад 1 шил виски хувааж уучихаад салаад 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... тоот гэртээ ирсэн бөгөөд тухайн үед намайг гэрт ороход манай эхнэр Н дөнгөж гаднаас орж ирж байгаа байдалтай гэрт ирчихсэн хувцасаа сольж байсан юм. Би гэртээ ороод гадуурх хувцсаа тайлаад эхнэр болох Нт хандаж “чи ажлаа хийж байна гээд байнга л оройтох юм, хаагуур юу хийгээд яваад байдаг юм бэ” гэж хэлээд бид 2 хоорондоо маргалдсан бөгөөд манай эхнэр Н нь гэрээс гарна гээд шууд өмсөж байсан хувцастайгаа гараад явахаар нь би хойноос нь гарч орцонд буюу гэрийнхээ хаалганы хажууд Ныг барьж аваад нүүр лүү нь алгадаж цохисон. Тэгтэл Н толгойгоороо хана мөргөчихсөн юм. ...Би тухайн үед Нын нүүр лүү нь нэг удаа цохиж, Н толгойгоороо хана мөргөж толгой нь хагарсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-38х/

5.Шүүгдэгч С.Мын хувийн байдлын талаар:

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны тодорхойлолт /хх-ийн 30х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36х/

“Милко” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 38х/

С.Мын цалингийн тодорхойлолт /хх-ийн 37х/

“Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 39-45х/ зэрэг болно.

Шүүхийн үйл баримтын талаарх дүгнэлт:

I.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.М нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дугаар байрны ... тоотод эхнэр Ц.Ныг хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

Хохирогч Ц.Нын: “...2018 оны 04 дүгээр сарын 17-ны орой ажлаа тараад хүүхдийнхээ хамтаар 20 цагийн орчим гэртээ ороод хувцсаа сольж байтал хойноос манай нөхөр М нь согтуу архи уучихсан байдалтай орж ирээд ...яахаараа байнга оройтдог юм бэ гээд хардаад хэл амаар доромжлоод ...хөлийн булчин руу өшиглөж, хана руу шахаж салаавчаа гаргаад долоо гээд байхаар нь би хүүхдийн хажууд битгий хүнтэй маргалдах гээд бай гэтэл хүүхдээ жижиг өрөөнд оруулаад буцаж ирээд надтай маргалдаад дайраад байхаар нь би шууд хаалгаа онгойлгож гэрээс зугтааж гартал яг гэрийн үүдэнд хойноос гарч ирээд ...миний зүүн нүдний орчим гараараа цохиод би тэр эрчиндээ толгойгоороо хана мөргөж миний зулай хэсэг хагарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5079 дүгнэлтэд: “...Ц.Нын биед зулайд няцарсан шарх, тархи доргилт, зовхи, хамар, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэжээ. /хх-ийн 15 х/

Шүүгдэгч С.Мын: “...намайг гэрт ороход манай эхнэр Н дөнгөж гаднаас орж ирж байгаа байдалтай гэрт ирчихсэн хувцасаа сольж байхаар нь эхнэр Нт хандаж “чи ажлаа хийж байна гээд байнга л оройтох юм, хаагуур юу хийгээд яваад байдаг юм бэ” гэж хэлээд бид 2 хоорондоо маргалдсан бөгөөд манай эхнэр Н нь гэрээс гарна гээд шууд өмсөж байсан хувцастайгаа гараад явахаар нь би хойноос нь гарч орцонд буюу гэрийнхээ хаалганы хажууд Ныг барьж аваад нүүр лүү нь алгадаж цохисон. Тэгтэл Н толгойгоороо хана мөргөчихсөн юм. ...Би тухайн үед Нын нүүр лүү нь нэг удаа цохиж, Н толгойгоороо хана мөргөж толгой нь хагарсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-38х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийвэл, хохирогч Ц.Н, шүүгдэгч С.М нар нь хоорондоо гэр бүлийн харилцаа холбоотой болох нь гэрлэлтийн баталгааны хуулбар /хх-ийн 19х/-аар тогтоогдсон, тус өдөр шүүгдэгч  С.М нь эхнэр Ц.Нтайгаа хардалтын улмаас маргалдан, эхнэрийнхээ нүүр хэсэг болон хөлөн тус газар цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэснээс үүдэн  Ц.Нын эрүүл мэндэд  хөнгөн гэмтэл учруулсан С.Мын үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг тус зүйл хэсгээр гэм буруутайд тооцох үндэслэл болж байна.

Иймд С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Шүүгдэгч С.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36х/-аар тогтоогдлоо.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ц.Н нь шүүгдэгч С.Маас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан бөгөөд шүүгдэгчид гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 71х/

Шүүгдэгч С.Мын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

II.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.М нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргаж ирүүлсэн бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Милко” ХХК-ийн цалингийн тодорхойлолт зэргээр тогтоогдсон байх тул шүүгдэгч С.Мт 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Мын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С-ын Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 800 /найман зуу/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мт оногдуулсан 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ