Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/291

 

 

 

 

 

 

 

    2022          4          18                                       2022/ШЦТ/291

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Ууганбаяр, шүүгдэгч Б.У, С.Г, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т овогт Б-ийн У, Х овогт Г-ийн Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000000232 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Увс аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Б-ийн У,

2. Монгол улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Скай кинг хамгаалалтын газарт жолооч ажилтай, ам бүл 2, ахын хамт тоотод оршин суух бүргэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 71Б-13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Г-ийн Г /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.У, Г.Г нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт нэртэй бааранд хохирогч Э.А-тай маргалдаж биед нь халдан зодож зүүн гуянд нэг удаа хутгалж, Э.А-ын биед зүүн гуяд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Б.У: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

          Шүүгдэгч Г.Г: “...Урьд цагдаад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, яллах дүгнэлтэд болсон асуудлын талаар үнэн зөв бичигдсэн, хийсэн хэргээ хүлээж байгаа...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Э.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ...Минт бааранд ороод ...300 грамм орчим согтууруулах ундаа хэрэглэсэн. ...Найз охин маань тус газар такси бариад ирсэн бөгөөд гарах гээд хувцасны өлгүүр дээр дугаарлаж зогссон. Хувцсаа авахаар зогсож байтал гурван залуу шууд урдуур дайрч орсон бөгөөд та нар дугаарлаад хувцсаа ав л даа гэхэд өөдөөс томроод байсан, тэгсэн нэг өндөр залуу намайг шилдэхээр нь би гарыг нь тавиулсан чинь бүдүүн залуу намайг өшиглөсөн. Ингээд манай найз болиулсан бөгөөд хувцсаа аваад гарах гээд шат руу очих үед бүдүүн залуу нь намайг цохисон, тэгээд би найз охин руу залгаад цагдаа дуудаарай, намайг хүн цохичихлоо гэж хэлсэн, найз охин орж ирээд шатан дээр цохисон хүн чинь аль нь юм гэхэд наад залуус чинь гэхэд манай найз охин зүгээр байсан хүн яаж байгаа юм гэхэд гичий минь гэхээр нь миний уур хүрээд тус бүдүүн залууг цохисон чинь өндөр залуу миний толгой дээрээс пивоны шилээр 2-3 удаа цохиж, толгой дээр шил хагарсан. Тэгээд дээш өндийхөд миний зүүн гуя руу цохих шиг болсон, би анзаараагүй бөгөөд цагдаа дуудаарай гэж хэлсэн. Миний толгой хагарсан, 2 оёдол тавиулсан бөгөөд толгой тойроод хавдсан байсан. Зүүн гуяны орчим хутгалсан байсан, мөн оёдол тавиулсан. Миний толгойг өндөр залуу пивоны шилээр цохиод хагалсан, гуя хэсэг рүү бүдүүн залуу хутгалсан...” /хавтас хэргийн 24-26 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ц.Батчулуун мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ...ариун цэврийн өрөөний үүдэнд Ууганзаяа ахтай нэг залуу мөргөлдсөн ...Шатаар бууж байхад тус залуу орж ирээд Ууганзаяа ахын дагз руу 2-3 удаа цохиод тэгээд Ганзориг бид хоёр ахыгаа өмөөрөөд зодолдсон. Ганзориг пивоны шилээр тус залуугийн толгой руу цохисон, би 2-3 удаа цохисон тэгээд зодоон салсан. Ууганзаяа ах цохисон үгүйг хараагүй. Хутга бол хараагүй, өглөө Ууганзаяа ахын биед хутга байсан, алга болсон байна гэж хэлсэн...” /хавтас хэргийн 41-42 дахь тал/ гэсэн,

 

Шинжээч Т.Чимэд-Очир мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Э.А-ын биед учирсан зүүн гуянд шарх, цус хуралт, нэг удаагийн хурц ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин дагзны хуйханд шарх бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 52-53 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ...баарнаас гарах гэж байхдаа нэг залуутай маргалдсан, гарах үед хойноос миний толгой руу цохисон. ...Би тэр залуугийн толгой руу гараараа цохиж байсан, миний гадуур хувцасны халаасанд 20см урттай хутга байсныг айлгах зорилгоор гаргаж ирсэн боловч маргалдаж байхад налаад ороод ирсэн. Тэр залуугийн гуя хэсэгт хатгах шиг болсон, тэгээд сандраад хоёр дүү намайг салгаад аваад явсан...” /хавтас хэргийн 58-60 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 02-ны орой ...Ууганаа ахын толгой руу цохиод зодоон эхэлсэн. ...Би болиулах гэхэд намайг өшиглөсөн, би толгой руу нь 2-3 удаа цохисон...” /хавтас хэргийн 63-65 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №2558 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Э.А-ын биед зүүн гуянд шарх, цус хуралт, дагзны хуйханд шарх зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүүн гуяны шарх, цус хуралт гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, дагзны хуйханд шарх зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” /хавтас хэргийн 44-46 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 9 дэх тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 11-14 дэх тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 15-18 дахь тал/,

- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 98-100 дахь тал/,

- Шүүгдэгч Б.У, Г.Г нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 72, 83 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 74 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 71,  82 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.У, Г.Г нар бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт бааранд хохирогч Э.А-тай маргалдаж биед нь халдан зодож, зүүн гуянд нэг удаа хутгалж Э.А-ын биед зүүн гуяд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.А-ын “...2022 оны 2 дугаар сарын 02-ны шөнө ...Минт баарнаас гарах гээд хувцсаа авахаар зогсож байтал 3 залуу шууд урдуур дайрч орсон бөгөөд та нар дугаарлаад хувцсаа ав гэхэд өөдөөс томроод байсан, тэгсэн нэг өндөр залуу намайг шилдэхээр нь би гарыг нь тавиулсан чинь бүдүүн залуу намайг өшиглөсөн. Ингээд манай найз болиулсан бөгөөд хувцсаа аваад гарах гээд шат руу очих үед бүдүүн залуу нь намайг цохисон, тэгээд би найз охин руу залгаад цагдаа дуудаарай, намайг хүн цохичихлоо гэж хэлсэн, найз охин орж ирээд шатан дээр цохисон хүн чинь аль нь юм гэхэд наад залуус чинь гэхэд манай найз охин зүгээр байсан хүн яаж байгаа юм гэхэд гичий минь гэхээр нь миний уур хүрээд тус бүдүүн залууг цохисон чинь өндөр залуу миний толгой дээрээс пивоны шилээр 2-3 удаа цохиж толгой дээр шил хагарсан. Тэгээд дээш өндийхөд миний зүүн гуя руу цохих шиг болсон, би анзаараагүй бөгөөд цагдаа дуудаарай гэж хэлсэн. Миний толгой хагарсан 2 оёдол тавиулсан, толгой тойроод хавдсан байсан. Зүүн гуяны орчим хутгалсан байсан, мөн оёдол тавиулсан. Миний толгойг өндөр залуу пивоны шилээр цохиод хагалсан, гуя хэсэг рүү бүдүүн залуу хутгалсан...” /хавтас хэргийн 24-26 дахь тал/ гэсэн, гэрч Ц.Батчулууны “...2022 оны 2 дугаар сарын 02-ны орой ...ариун цэврийн өрөөний үүдэнд Ууганзаяа ахтай нэг залуу мөргөлдсөн ...Шатаар бууж байхад тус залуу орж ирээд Ууганзаяа ахын дагз руу 2-3 удаа цохиод тэгээд Ганзориг бид хоёр ахыгаа өмөөрөөд зодолдсон Ганзориг пивоны шилээр тус залуугийн толгой руу цохисон, би 2-3 удаа цохисон тэгээд зодоон салсан. Ууганзаяа ах цохисон үгүйг хараагүй. Хутга бол би хараагүй өглөө Ууганзаяа ах хутга биед байсан алга болсон байна гэж хэлсэн...” /хавтас хэргийн 41-42 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Б.Угийн “...Баарнаас гарах гэж байхдаа нэг залуутай маргалдсан, гарах үед хойноос миний толгой руу цохисон. ...Би тэр залуугийн толгой руу гараараа цохиж байсан, миний гадуур хувцасны халаасанд 20см урттай хутга байсныг айлгах зорилгоор гаргаж ирсэн боловч маргалдаж байхад налаад ороод ирсэн. Тэр залуугийн гуя хэсэгт хатгах шиг болсон, тэгээд сандраад хоёр дүү намайг салгаад аваад явсан...” /хавтас хэргийн 58-60 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Г.Гийн “...Ууганаа ахын толгой руу цохиод зодоон эхэлсэн. ...Би болиулах гэхэд намайг өшиглөсөн, би толгой руу нь 2-3 удаа цохисон...” /хавтас хэргийн 63-65 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №2558 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Э.А-ын биед зүүн гуянд шарх, цус хуралт, дагзны хуйханд шарх зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн гуяны шарх, цус хуралт гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, дагзны хуйханд шарх зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 44-46 дахь тал/ гэсэн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 11-14 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 15-18 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Э.А-ын эрүүл мэндэд учирсан “...зүүн гуянд шарх, цус хуралт, дагзны хуйханд шарх зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.У, Г.Г нарын түүнийг цохисон, хутгалсан идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Б.У, Г.Г нар гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, хохирогч Э.А-ын эрүүл  мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.У, Г.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Б.У, Г.Г нар нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.У, Г.Г нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч нар өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Э.А-ын эрүүл мэндэд зүүн гуянд шарх, цус хуралт, дагзны хуйханд шарх зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.А-т 6,900,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн /хавтас хэргийн 30 дахь тал/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000000232 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.У, Г.Г нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.А- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Б-ийн У, Х овогт Г-ийн Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн У, Г-ийн Г нарыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.У, Г.Г нарт оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ т төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Г.Г нар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210000000232 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.У, Г.Г нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.А- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.У, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР