Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/323

 

 

 

 

 

 

   2022         4           28                                       2022/ШЦТ/323

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц,  хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав, Б.Цолмон-Эрдэнэ, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х овогт Ц-ы Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110022670157 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Монгол улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 46 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Сидарлакшури” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Тэнгэр рашаан гудамж, 79г байр, 22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Ц-ы Б /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь хууль, өмгөөлөгч биш атлаа Ц.Б-ын холбогдсон эрүүгийн хэргийг ашигтай байдлаар шийдвэрлэж өгөхөд мөнгө шаардлагатай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулснаар Н.Б 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам төвийн орчим 18,000,000 төгрөг бэлнээр, мөн сарын 25-ны өдөр 7,300,000 төгрөг, 7 дугаар сарын 29-ний өдөр 4,500,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт цахим гүйлгээгээр тус тус Ц.Бд шилжүүлсэн буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Н.Бд нийт 29,800,000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Хохирогч Н.Б: “...Эхлээд би шүүгдэгчид мөнгө зээлсэн зээлээгүй талаар яръя. Манай нөхрийн хэрэг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж байхад шүүгдэгч Ц.Б дүүтэйгээ тэр шүүхийн гадна байсан, надтай тааралдсан. Орой нь би манай нөхөр хоригдчихлоо гэж Ц.Бтэй холбогдоход надад чи буруу хүнд хандаад байна, надад хандаач гэж хэлсэн. Би манай нөхрийн өмгөөлөгч дутуу ажиллаж байна гэж бодоод “Том энд Томс” кофе шоп-т Болор-Эрдэнэтэй уулзаж надад туслаач гэж гуйсан. Тэгээд тэр оройдоо над руу залгаж 30,000,000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Тэр өдөр бид хоёр шөнийн 00:00 цагаас 01:00 цаг хүртэл мессеж бичсэн. Маргааш өглөө нь би 18,000,000 төгрөгийг Болор-Эрдэнэд өгсөн. Үлдсэн мөнгийг нөхрийнхөө 4 найзаас зээлж авч өгсөн. Болор-Эрдэнийг сайн өмгөөлөгч мэддэг гэдэг утгаар би гуйсан. Би Болор-Эрдэнэд өгсөн мөнгийг бүгдийг нь хүнээс зээлсэн. Нөхрийнхөө найзуудаас гуйхад надад миний данс руу мөнгийг шилжүүлж өгсөн, Ц.Бтэй олон удаа утсаар ярьсан. Нэг удаа манай өмгөөлөгч Төгсгэрэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид хандсан хүсэлтийг манай өмгөөлөгчөөр Ц.Б бичүүлж, тэр хүнд оруулж өгнө гээд энэ шүүх дээр ирээд шүүх рүү орж байсан. Манай нөхрийн хэрэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр таслагдсаны дараа Нийслэлийн шүүхэд очсон. Нийслэлийн шүүх дээр хурал нь болох гэж байхад Ц.Б танай нөхрийн шүүх хурал болох гэж байгаа юм байна ш дээ гээд над руу ярьж байсан. Дараа нь Ц.Б надад цахим гав руу оруулах гэж байна, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж гарах гэж байна гэж олон удаа хэлж байсан. Худал гэдгийг нь би өөрөө нөхөртэйгөө уулзаж мэдсэн. Худал ярьсан гэдгийг нь Болор-Эрдэнэд хэлсэн. Шүүх цагдаад хандахгүй байя гэж бодсон, сэтгэл санааны гомдолтой байна. Бид хоёр сайн найзууд байсан. Намайг нөхөр хоригдсон, энд тэнд өртэй хэцүү байгаа гэдгийг мэдэж байсан байж яагаад хохироосон юм бэ, яагаад цахим гавт оруулах гэж байна, батлан даалтад гарах гэж байна гэж санаатайгаар худал хэлсэн юм бэ, санаатайгаар нэг сараас эхлээд чи буруу хүндээ хандаж байна гэж хэлсэн гэж бодож байна. ...Бизнес гэж ярьж байна, 2019 оноос Болор-Эрдэнэ надтай уулзаж зээл гэж ярьж эхэлсэн. Хуульч авч надад нэг удаа тусалсан нь үнэн, түүнийг би хэзээ ч мартахгүй. Арбитрт орох гэж байсан хэргийг зогсоож өгсөн, би ч бас хохирсон явж байгаа. Бид хоёрын хооронд мөнгө орж гараад явж байдаг гэж хэлсэн. Олон удаа мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Бэлэг сэлт гээд дээд тал нь 1,000,000 төгрөгийн үнэтэй бэлэг авах гэж мөнгө шилжүүлсэн зүйл байгаа, түүнээс 20,000,000-30,000,000 төгрөгийн асуудал байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б: “...Би хохирогчтой 20 орчим жил найзалж байна. Анх бизнесийн харилцаатай байж байгаад сүүлд дотно найзууд болсон. Би Америкийн Нэгдсэн Улсад 3 жил сураад 2019 онд Монголд ирж Бүжидмаатай дахин уулзсан, Бүжидмаа уурхай худалдаж авах гэж байгаа, би мөнгийг нь төлөөгүй, зээлийн байдлаар авна гэж тохиролцсон боловч боломжгүй болчихлоо, арбитрт очиж маш том асуудалд орох гэж байна, туслаач гэж хэлсэн. Тэгээд анх компанийнхаа 20 хувийг надад өгнө гэж тохиролцсон. Би өмгөөлөгч Энх-Одоор Бүжидмаагийн арбитртай холбоотой хэлэлцээ хийлгэж 2 жил гэрээг нь сунгаж, Алт-2 төслийн баримт бичгийн бүрдлийг нь хангаж ажилласан. Тэр хугацаанд Бүжидмаа хүмүүс надаас чамайг хүлээж авах нь илүү, чи мэдлэг боловсролоороо илүү учраас чи байгууллага төлөөлөөд бичиг баримтаа аваад яв гэж хэлсэн. Алт-2 төслийн бүх зүйлийг би хийж явж байсан. Бүжидмаа надад 2020 онд нөхрөө асуудалд орсон, шүүх хурал нь болж байгаа, Чинзориг гэдэг өмгөөлөгчтэй гэж ярьж байсан. Тэр хооронд миний дүү бас асуудалтай байсан. Би тэр үед Бүжидмаагийн нэг өмгөөлөгчийг дүү дээрээ авч байсан. Би Бүжидмаатай ийм дотно хэмжээний найз байсан, Бүжидмаа амьдралд ганцаараа зүтгэж байсан учраас дэмжиж байсан. Бусад хүмүүс холдсон байсан ч би дэмжиж, би өөрсдийгөө ойлголцдог гэж бодож ирсэн. Бид хоёрын дунд хэрүүлийн чанартай зүйл хэд хэдэн удаа болж байсан. Ажлаа явуулж байтал Бүжидмаагийн банкны хар данс, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ байхгүй гэх мэт асуудлууд гарч байсан. Тэр болгоныг нэг нэгээр нь хэлдэг. Энэ бол миний цайлган сэтгэл гэж боддог, би түүнд гомддог. Бүжидмаа бүх зүйлээ хүнээс нуудаг, хүнд битгий хэл гэж хэлдэг. Нэг өдөр намайг Төрийн банкны доод талын “Том энд Томс” кофе шоп-т дуудсан. Намайг очиход нөхрийг нь хорьчихсон гээд уйлаад сууж байсан. Фейсбүүкийн хувьд би сэтгэл санаагаар дэмжиж ярилцсан. Бүжидмаа надад Чинзориг гэдэг өмгөөлөгч авсан,  шинээр Төгсгэрэл гэдэг өмгөөлөгч авсан, шүүгч байсан ч гэсэн муу ажиллаад байна гэж хэлж байсан. Би хоёр өмгөөлөгчтэй хүнд яах гэж өмгөөлөгч авч өгөх вэ. Би Бүжидмаагаас мөнгө авсан. Бид хоёрын хооронд зөндөө мөнгө авах тохиолдол гардаг. Бусад хүмүүсийг хоолонд оруулах, ажлын хөлс гэх мэт мөнгө авч өгч байсан. Бүжидмаа мөнгийг ар гэрийнхнээсээ, хадмуудаасаа нуудаг, манай нөхөр надад та хоёр байнга ийм зүйл ярих юм, Бүжидмаа байнга хууль бус зүйл ярих юм, чи хувийн амьдралдаа анхаарахгүй байна гэж дургүйцдэг байсан. Тиймээс Бүжидмаа надад нөхөртөө битгий бүх зүйлээ хэлж бай гэж хэлдэг байсан. Бид хоёрын хооронд хэд хэдэн удаа маргаан гарсан. ...Мессеж дээр байгаа хүсэлтээ явуул гэдэг бол банкны хүсэлт, Бүжидмаад болохгүй байна гэж шууд хэлээч гэхэд намайг барьж иднэ, би яах юм, чамайг уулзуулчихъя, чи тэгээд хэлчхээч гэдэг байсан.  Би өөрөө шүүгч, өмгөөлөгч биш, Бүжидмаа ч мэдэж байгаа, би эдийн засагч. Тийм байтал намайг хуулийн хүн биш байж Бүжидмаагийн хэргийг ашигтайгаар шийдвэрлэнэ гэж байна. Надад тийм боломж байхгүй, ...Бүжидмаагаас мөнгө зээлж авсан, би Европоос ирсэн барааг Бүжидмаад өгдөг байсан. Бие биедээ өгөх үедээ өгдөг, авах үедээ аваад явж байсан. 29,800,000 төгрөгийг би өгөөгүй удсан нь үнэн, Бүжидмаа надаас өөрөө нэхэхгүй байсан. Тэрийгээ хэлж чадахгүй байсан учраас Баатардоржид хэлж, тэр нь намайг өмгөөлөгч авна, залилсан юм шиг өргөдөл бичиж өгсөн гэж Бүжидмаа надад өөрийнхөө амаар ярьсан. ...Надад хадам ээж нь барьж идэх гээд байна гэж ярьсан. Тийм учраас би мөнгийг нь буцаан өгсөн. Түүнээс би өмгөөлөгч авч өгнө гэж хэлээгүй, ...би хоёр өмгөөлөгчтэй хүнд өмгөөлөгч яах гэж авч өгөх вэ, би тэр мөнгөний заримыг нь ажилдаа, заримыг нь хувийн хэрэгцээндээ үрсэн..” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 5 дугаар сард миний нөхөр Ц.Б- гэмт хэрэгт холбогдоод Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэгдсэн юм. Ингэж явж байгаад давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд дахин шүүхээр хэрэг шийдвэрлэх үед би нөхрөө ялгүй салгаж авахын тулд тухайн үед гэрээтэй байсан өмгөөлөгч нартаа жоохон итгэл алдарч, сайн найз Болор-Эрдэнэд яаж гаргаж авах вэ гэж энэ тухай ярьсан юм. Тэгтэл тэр орой нь Болор-Эрдэнэ над руу яриад маш хурдан асуудлыг шийдэх сайн өмгөөлөгч байна, ажлын хөлс нь 25,000,000 төгрөг өгөх шаардлагатай байна гэсэн. Би олж өгнө өө гээд хүнээс 18,000,000 төгрөг зээлээд маргааш нь буюу 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр түүний нөхөр Э.Бат-Очирын  дансанд шилжүүлсэн боловч удалгүй над руу өөрөө залгаад нөхөр уурлаад байна, наад мөнгөө бэлнээр авчраад өг гээд буцаагаад миний дансанд хийснийг би бэлнээр аваад “Наадам Центр” дотор гаражид уулзаад тухайн өдрөө би Болор-Эрдэнийн нөхөр Бат-Очирт өгсөн. Үлдсэн мөнгийг 2021 оны 5 дугаар сарын 21-ээс 23-ны өдрүүдэд хувааж Бат-Очирын Хаан банкны дансанд нь 7,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс 7 хоногийн дараа нөхрийг маань эрүүл мэндийн шалтгаанаар гаргачихна гэсэн ч байдал хэвээрээ л байсан. Энэ байдал хоёроос гурав удаа давтагдсан. Хурал 2021 оны 6 дугаар сарын 23-ны орчим болсон бөгөөд тэр болтол Болор-Эрдэнэ манай өмгөөлөгч нөгөө талын хүмүүстэй чинь тохиролцох гээд байна гэж л хэлдэг байсан. Тэгтэл шүүх хурал болж анхан шатны шүүхээр 2 жилийн хорих ялыг хэвээр нь баталсан, ингээд яасан бэ гэтэл Болор-Эрдэнэ давах дээр л ярьж үзнэ дээ, сая бол болсонгүй ээ гэсэн. Давж заалдах шатны хурал болоход хохирогч тал гомдолгүй гэсэн, одоо зүгээрээ гэсэн ч хурлаар анхан шатны шийдвэрийг хэвээр үйлдсэн. Тэгээд хэлсэн ярьсан зүйл чинь яасан бэ гэхэд Болор-Эрдэнэ одоо нөхрийг чинь цахим гавд оруулах боломж байна гээд цахим гавын очерт оруулахад мөнгө хэрэгтэй байна гээд 4,500,000 төгрөг надаас авсан. Тэр мөнгийг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр би өөрийнхөө Голомт банкны данснаас Болор-Эрдэнийн Голомт банкны дансанд нь 2 хуваан шилжүүлэн өгсөн. Би хүлээгээд л байсан, 2021 оны 10-аас 11 дүгээр сарын дунд хүртэл шүүх дээр цахим гавын хурал болсон, захирамж нь одоо гарах гэж байгаа гэсээр л байсан чинь тийм зүйл байдаггүй юм байна лээ. Тэгэхээр намайг Болор-Эрдэнэ хуураад байна гэж ойлгож байгаа. ...Надад анхнаасаа хэнд ч юу ч ярьж болохгүй, надад итгэж байгаа бол надаас юу ч битгий асуу гэсэн учир би тэр талаар ерөөсөө асууж байгаагүй, өмгөөлөгч авсан эсэхийг мэдэхгүй, манай хүмүүс ажлаа хийж байгаа, өмгөөлөгч ажлаа хийж байгаа хүн чинь удахгүй гаргана л гэдэг байсан. ...Би нөхрийнхөө хохирлын мөнгийг төлж чадахгүй шоронд оруулж байгаа хүн яаж түүнд мөнгө зээлэх юм бэ. Надад ялгүй, торгуулахгүй нөхрийг чинь гаргаад өгнө гэсэн болохоор л нэхсэн 29,500,000 төгрөгийг олж өгсөн. Болор-Эрдэнэ өөрийнх нь дүү бас л залилангийн хэрэгт холбогдоод хориотой байсныг нь батлан даалтад гаргачихсан байсан учраас би түүнийг ямар ч байсан хориулахгүй гаргаад өгч магадгүй гэж итгээд л энэ мөнгийг өгсөн юм. ...Би нөхөр Бямба-Очирт Төгсгэрэл, Чинзориг гэх хоёр өмгөөлөгч авсан, бүх шатны шүүхээр орж дуусах хүртэл зөвхөн тэр хоёр хүн л орж дуусгасан. Болор-Эрдэнийн явуулсан, хөлсөлсөн нэг ч өмгөөлөгч ирж бидэнтэй уулзаж байгаагүй. ...Эхний 18,000,000 төгрөгийг Наадам центрт Болор-Эрдэнийн нөхөр Бат-Очирт бэлнээр, дараа нь буюу 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Бат-Очирын дансанд 3,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1,500,000 төгрөг, 1,300,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2,500,000 төгрөгийг Болор-Эрдэнийн Голомт банкны дансанд тус тус интернэт банкаар гэрээсээ болон ажлаасаа, гудамжинд явж байхдаа шилжүүлж өгсөн...” /1 дэх хавтас хэргийн 21-24, 26-27, 30-31, 33 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Э.Бат-Очир мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны зун Болор-Эрдэнэ “Бүжидмаа надад мөнгө зээлж байгаа юм. Чи очоод аваад ир” гэсэн. Үүний дагуу Бүжидмаатай Наадам төвийн гаражид уулзан түүний өгсөн ууттай мөнгийг эхнэртээ аваачиж өгсөн. Хэдэн төгрөг байсныг мэдэхгүй...” /1 дэх хавтас хэргийн 40-41 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Д.Чинзориг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бүжидмаа, Бямба-Очир гэх хүмүүсийг танина. 2019 оны 02 дугаар сараас эхлэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгчөөр ажилласан. ...Анх Нямсүрэн, дараа нь Гүнтэвчимэг, Оролжмаа, сүүлд Төгсгэрэл гэх өмгөөлөгчтэй хамт ажиллаж, Төгсгэрэл өмгөөлөгч бид хоёр хэргийг дуусгасан. ...Миний явуулж байсан ажилд ямар ч байсан гадны хэн нэгний туслалцаа байгаагүй. ...Төгсгэрэл өмгөөлөгч бид хоёр хохирол төлөөрэй гэж шахаж байсан боловч хурал эхлэхэд үлдсэн хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй байсан...” /1 дэх хавтас хэргийн 44-45 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Д.Тамир мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бид  хоёр гадуур явж ажлыг нь эмхлүүлж өгсөн. Тэгсэн явахдаа Наадам центрт Бат-Очиртой уулзана гээд ороод зогсоол дээр зогссон. Удалгүй Болор-Эрдэнийн нөхөр Бат-Очир цайвар ногоон өнгийн Лексус маркийн машинтайгаа ирээд хажууд зогсоход Бүжидмаа эгч машинаас ууттай мөнгө бариад түүнд өгөхөөр буусан. ...Нөхөр нь шоронд ороод машин тэрэггүй болчхоод тэр өдөр намайг гуйсан юм. Миний бодлоор тухайн үед Бүжидмаа эгч санхүүгийн боломж үнэхээр муутай, хямарчихсан байсан. Хүнд мөнгө зээлэх манатай байсан...” /1 дэх хавтас хэргийн 47-48 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бүжидмаа надад Болор-Эрдэнээр дамжуулж сайн өмгөөлөгч авахаар болсон гэж хэлсэн. Тэр үед мөнгө өгчихсөн байсан болохоор чамд тус болж чадсангүй, мөнгөө буцааж авч чадаагүй гэхээр нь би цагдаад ханд гэж хэлсэн. ...Надад тайлбарлахдаа сайн өмгөөлөгч авчихвал намайг ял шийтгэлгүй гаргана гэж бодсон юм шиг байгаа юм. ...Би 52,000,000 төгрөгийн хохирлоо төлж чадахгүй байсаар шоронд орсон...” /1 дэх  хавтас хэргийн 52-53 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Бүжидмаатай бараг 20 жил найзалж байна, бид нар хоорондоо зөндөө л мөнгө төгрөг өгч авалцдаг, эцсийн байдлаар би түүнд 29,500,000 төгрөгийн өртэй байсан, тэрийгээ төлөөд дууссан. ...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 18,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 11,500,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийнхөө Голомт банкны 1609361362 тоот данснаас Бүжидмаагийн Голомт банкин дахь дансанд шилжүүлэн өгч төлж дуусгасан. ...Би энэ мөнгийг түүнээс зээлэх маягаар авсан, хувийн хэрэглээндээ зарцуулаад дууссан...” /1 дэх хавтас хэргийн 60-61 дэх тал/ мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /1 дэх хавтас хэргийн 7-14 дэх тал/,

- Хохирогч Н.Бгийн гаргаж өгсөн Ц.Бтэй харилцсан чатны хуулбар /1 дэх хавтас хэргийн 68-79, 174-211 дэх тал/,

- Монголын Өмгөөлөгчдийн холбооны 01/141, 2/727 дугаартай албан бичиг /1 дэх хавтас хэргийн 105, 107 дахь тал/,

- Ц.Б-т холбогдох хэргийн шүүхийн шийдвэрүүдийн хуулбар /1 дэх хавтас хэргийн 111-148 дахь тал/,

- Э.Бат-Очирын Хаан банкны дансны хуулга /1 дэх хавтас хэргийн 161-167 дахь тал/,

- Шүүгдэгч Ц.Бүжидмаагаас гаргаж өгсөн банкны дансны хуулга, Н.Бтай харилцсан чатны хуулбар /1 дэх хавтас хэргийн 214-242 дахь тал/,

- Шүүгдэгч Ц.Болор-Эрдэнийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 82 дахь тал/, эд хөрөнгийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 84-95 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 99 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ц.Б урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуульч, өмгөөлөгч биш атлаа Ц.Б-ын холбогдсон эрүүгийн хэргийг ашигтай байдлаар шийдвэрлэж өгөхөд мөнгө шаардлагатай гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулснаар Н.Бгаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам төвийн орчим 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 18,000,000 төгрөгийг бэлнээр, мөн сарын 25-ны өдөр 7,300,000 төгрөг, 7 дугаар сарын 29-ний өдөр 4,500,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт цахим гүйлгээгээр тус тус Ц.Б шилжүүлж авсан буюу Н.Бд 29,800,000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Н.Бгийн “...2021 оны 5 дугаар сард миний нөхөр Ц.Б- гэмт хэрэгт холбогдоод Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэгдсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд дахин шүүхээр хэрэг шийдвэрлэх үед би нөхрөө ялгүй салгаж авахын тулд тухайн үед гэрээтэй байсан өмгөөлөгч нартаа жоохон итгэл алдарч, сайн найз Болор-Эрдэнэд яаж гаргаж авах вэ гэж ярьсан. Тэгтэл тэр орой нь Болор-Эрдэнэ над руу яриад маш хурдан асуудлыг шийдэх сайн өмгөөлөгч байна, ажлын хөлс нь 25,000,000 төгрөг өгөх шаардлагатай гэсэн. Би хүнээс 18,000,000 төгрөг зээлээд маргааш нь буюу 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр түүний нөхөр Э.Бат-Очирт бэлнээр өгсөн. Үлдсэн мөнгийг 2021 оны 5 дугаар сарын 21-ээс 23-ны өдрүүдэд хувааж Бат-Очирын Хаан банкны дансанд нь 7,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс 7 хоногийн дараа нөхрийг маань эрүүл мэндийн шалтгаанаар гаргачихна гэсэн ч байдал хэвээрээ л байсан. Энэ байдал хоёроос гурав удаа давтагдсан. Хурал 2021 оны 6 дугаар сарын 23-ны орчим болсон, тэр болтол Болор-Эрдэнэ манай өмгөөлөгч нөгөө талын хүмүүстэй чинь тохиролцох гээд байна гэж хэлдэг байсан. Тэгтэл шүүх хурал болж анхан шатны шүүхээр 2 жилийн хорих ялыг хэвээр нь баталсан, ингээд яасан бэ гэтэл Болор-Эрдэнэ давах дээр л ярьж үзнэ дээ, сая бол болсонгүй ээ гэсэн. Давж заалдах шатны хурал болоход хохирогч тал гомдолгүй гэсэн, одоо зүгээрээ гэсэн ч хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үйлдсэн. Тэгээд хэлсэн ярьсан зүйл чинь яасан бэ гэхэд Болор-Эрдэнэ одоо нөхрийг чинь цахим гавд оруулах боломж байна гээд цахим гавын очерт оруулахад мөнгө хэрэгтэй гээд надаас 4,500,000 төгрөг авсан. Би хүлээгээд л байсан, 2021 оны 10 сараас 11 дүгээр сарын дунд хүртэл шүүх дээр цахим гавын хурал болсон захирамж нь одоо гарах гэж байгаа гэсээр л байсан чинь тийм зүйл байдаггүй юм байна лээ. Тэгэхээр намайг Болор-Эрдэнэ хуураад байна гэж ойлгож байгаа. ...Надад анхнаасаа хэнд ч юу ч ярьж болохгүй надад итгэж байгаа бол надаас юу ч битгий асуу гэсэн учир би тэр талаар ерөөсөө асууж байгаагүй, өмгөөлөгч авсан эсэхийг мэдэхгүй, манай хүмүүс ажлаа хийж байгаа, өмгөөлөгч ажлаа хийж байгаа хүн чинь удахгүй гаргана л гэдэг байсан. ...Би нөхрийнхөө хохирлын мөнгийг төлж чадахгүй шоронд оруулж байгаа хүн яаж түүнд мөнгө зээлэх вэ. Надад ялгүй, торгуулахгүй нөхрийг чинь гаргаад өгнө гэсэн болохоор л нэхсэн 29,500,000 төгрөгийг олж өгсөн. Болор-Эрдэнэ өөрийнх нь дүү бас л залилангийн хэрэгт холбогдоод хориотой байсныг нь батлан даалтад гаргачихсан байсан учраас би түүнийг ямар ч байсан хориулахгүй гаргаад өгч магадгүй гэж итгээд л энэ мөнгийг өгсөн юм...” /1 дэх хавтас хэргийн 21-24, 26-27, 30-31, 33 дахь тал/ гэсэн, гэрч Э.Бат-Очирын “...2021 оны зун Болор-Эрдэнэ Бүжидмаа надад мөнгө зээлж байгаа, чи очоод аваад ир гэсэн. Үүний дагуу Бүжидмаатай Наадам төвийн гаражид уулзан түүний өгсөн ууттай мөнгийг эхнэртээ аваачиж өгсөн. Хэдэн төгрөг байсныг мэдэхгүй. ....” /1 дэх хавтас хэргийн 40-41 дэх тал/ гэсэн, гэрч Д.Чинзоригийн “...Бүжидмаа, Бямба-Очир гэх хүмүүсийг танина. 2019 оны 02 дугаар сараас эхлэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгчөөр ажилласан. ...Анх Нямсүрэн, дараа нь Гүнтэвчимэг, Оролжмаа, сүүлд Төгсгэрэл гэх өмгөөлөгчтэй хамт ажиллаж, Төгсгэрэл өмгөөлөгч бид хоёр хэргийг дуусгасан. ...Миний явуулж байсан ажилд ямар ч байсан гаднаас хэн нэгний туслалцаа байгаагүй. ...Төгсгэрэл өмгөөлөгч бид хоёр хохирол төлөөрэй гэж шахаж байсан боловч хурал эхлэхэд үлдсэн хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй байсан...” /1 дэх хавтас хэргийн 44-45 дахь тал/ гэсэн, гэрч Д.Тамирын “...Бүжидмаа эгчийн нөхөр шоронд ороод машин тэрэггүй болчхоод тэр өдөр намайг гуйсан юм. Миний бодлоор тухайн үед Бүжидмаа эгч санхүүгийн боломж үнэхээр муутай, хямарчихсан байсан юм. Хүнд мөнгө зээлэх манатай байсан...” /1 дэх хавтас хэргийн 47-48 дахь тал/ гэсэн, гэрч Ц.Б-ын “...Бүжидмаа надад Болор-Эрдэнээр дамжуулж сайн өмгөөлөгч авахаар болсон гэж хэлсэн. Тэр үед мөнгө өгчихсөн байсан болохоор чамд тус болж чадсангүй, мөнгөө буцааж авч чадаагүй гэхээр нь би цагдаад ханд гэж хэлсэн. ...Надад тайлбарлахдаа сайн өмгөөлөгч авчихвал намайг ял шийтгэлгүй гаргана гэж бодсон юм шиг байгаа юм. ...Би 52,000,000 төгрөгийн хохирлоо төлж чадахгүй байсаар шоронд орсон...” /1 дэх  хавтас хэргийн 52-53 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Ц.Болор-Эрдэнийн “...Би Бүжидмаатай бараг 20 жил найзалж байна. ...би түүнд 29,500,000 төгрөгийн өртэй байсан. ...Би энэ мөнгийг ...хувийн хэрэглээндээ зарцуулаад дууссан...” /1 дэх хавтас хэргийн 60-61 дэх тал/ мэдүүлгүүд, хохирогч Н.Бгийн гаргаж өгсөн Ц.Бтэй харилцсан чатны хуулбар /1 дэх хавтас хэргийн 68-79, 174-211 дэх тал/, Монголын Өмгөөлөгчдийн холбооны 01/141, 2/727 дугаартай албан бичиг /1 дэх хавтас хэргийн 105, 107 дахь тал/,  Ц.Б-т холбогдох хэргийн шүүхийн шийдвэрүүдийн хуулбар /1 дэх хавтас хэргийн 111-148 дахь тал/, Э.Бат-Очирын Хаан банкны дансны хуулга /1 дэх хавтас хэргийн 161-167 дахь тал/, шүүгдэгч Ц.Бүжидмаагаас гаргаж өгсөн Н.Бтай харилцсан чатны хуулбар /1 дэх хавтас хэргийн 214-242 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Залилах гэмт хэрэгт нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгч Ц.Б нь хохирогч Н.Бтай найзалж нөхөрлөж ирсэн урьдын харилцаагаа ашиглаж Н.Бгийн нөхөр Ц.Б-ын холбогдсон эрүүгийн хэргийн Ц.Б-т ашигтайгаар шийдвэрлүүлж чадна, зохицуулж чадах өмгөөлөгч байна гэж төөрөгдөлд оруулж 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Бат-Очирт бэлнээр 18,000,000 төгрөг, түүний дансанд 3,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1,500,000 төгрөг, 1,300,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2,500,000 төгрөгийг Болор-Эрдэнийн Голомт банкны дансанд тус тус интернэт банкаар гэрээсээ болон ажлаасаа гудамжинд явж байхдаа шилжүүлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршгийн хэмжээ, гэмт хэргийн сэдэл, зорилго, үйлдэгдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Болор-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бгийн эд хөрөнгөд 29,800,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 29,800,000 төгрөгийг төлж барагдуулсан тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй, хохирогч Н.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэснийг дурдав.

 

Эрүүгийн 2110022670157 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “...29,800,000 төгрөгийг авсан нь үнэн, гэхдээ зээлж авсан, би хуульч, өмгөөлөгч биш эдийн засагч мэргэжилтэй, өмгөөлөгч авч өгнө гэж хэлээгүй...” гэж, мөн “...иргэд хоорондын зээлийн харилцаа учир Ц.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэж маргасан нь хохирогч Н.Бгийн “...Надад анхнаасаа хэнд ч юу ч ярьж болохгүй надад итгэж байгаа бол надаас юу ч битгий асуу гэсэн учир би тэр талаар ерөөсөө асууж байгаагүй, өмгөөлөгч авсан эсэхийг мэдэхгүй, манай хүмүүс ажлаа хийж байгаа, өмгөөлөгч ажлаа хийж байгаа хүн чинь удахгүй гаргана л гэдэг байсан. ...Би нөхрийнхөө хохирлын мөнгийг төлж чадахгүй шоронд оруулж байгаа хүн яаж түүнд мөнгө зээлэх юм бэ. Надад ялгүй, торгуулахгүй нөхрийг чинь гаргаад өгнө гэсэн болохоор л нэхсэн 29,500,000 төгрөгийг олж өгсөн...”, гэрч Д.Чинзоригийн “...Төгсжаргал өмгөөлөгч бид хоёр хохирол төлөөрэй гэж шахаж байсан боловч хурал эхлэхэд үлдсэн хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй байсан...” гэрч Д.Тамирын “...Миний бодлоор тухайн үед Бүжидмаа эгч санхүүгийн боломж үнэхээр муутай, хямарчихсан байсан юм. Хүнд мөнгө зээлэх манатай байсан...”, гэрч Ц.Б-ын “...Би 52,000,000 төгрөгийн хохирлоо төлж чадахгүй байсаар шоронд орсон...” гэх мэдүүлгүүдээр няцаагдах бөгөөд шүүгдэгч, хохирогч нарын хооронд иргэд хоорондын зээлийн харилцаа үүсээгүй, шүүгдэгч нь анхнаасаа хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон үйлдэл бөгөөд шүүгдэгч Ц.Болор-Эрдэнийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Х овогт Ц-ы Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ы Б-ийг 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 2110022670157 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР